Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 851

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00273 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э” ХХК,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр “Э” ХХК-аас 167 600 000 төгрөг гаргуулж, “И Эм Эл Ди” ХХК-д олгохоор шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Иргэн Д.Дуламцоо нь “И эм эл ди” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Иргэний хууль болон Компанийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж, өөрийн 100 хувийн эзэмшилд байсан “Э” ХХК-тай сонирхлын зөрчилтэй, их хэмжээний үнийн дүн бүхий хэлцлийг хийж өр авлага үүсгэж, улмаар өөрөө хувьцааг нь 100 хувь эзэмшиж байсан “Э” ХХК-ийн тодорхой тооны хувьцааг иргэн Ж.Батсайханд худалдахдаа дээрх өр төлбөрийг иргэн Д.Дуламцоо өөрөө бүрэн хариуцан төлөх үүрэг хүлээж гэрээ байгуулсан. Гэвч өр төлбөртэй холбоотой шүүх хуралдаанд Д.Дуламцоо нь “Э” ХХК-ийг төлөөлөн оролцохдоо дээрх өр төлбөр үүссэн нөхцөл байдлын талаар болон төлбөрийг холбогдох хууль болон гэрээгээр өөрөө хариуцан хүлээх үүрэг хүлээсэн талаар үнэн зөвөөр мэдүүлээгүй, өөрт байгаа холбогдох нотлох баримтыг санаатайгаар шүүхэд гаргаж өгөөгүйгээс Э ХХК түүний өмнөөс бусдад 167 600 000 төгрөгийн төлбөр төлөх шийдвэр гарсан.

Иргэн Д.Дуламцоогийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т заасан үндэслэлийн дагуу холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга П.Хадбаатар болон Шийдвэр гүйцэтгэх газрын дарга Улсын Ерөнхий гүйцэтгэгч С.Батбямба нар нь хуульд заасан тодорхой үндэслэл байсаар байхад тус компанид холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт, гомдлыг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар болон Шийдвэр гүйцэтгэх газрын дарга С.Батбямба нарын шийдвэрийг эс зөвшөөрч Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт гомдол гаргасан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдол хянагдаж дуусаагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, тус компани байнга ажил хэргээ явуулдаггүй, компанийн удирдах байгууллага огт байдаггүй Сэлэнгэ аймагт гүйцэтгэх баримт бичиг, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг шилжүүлж, тус компанид хамааралгүй “Дорнын өргөө” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Энэ мэтээр шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд хууль зөрчин, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж “Э” ХХК-ийн эрх хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой хохироож байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, “Э” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т заасанчлан иргэн Д.Дуламцоод холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн магадлалаар “Э” ХХК-аас 169 530 325 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “Э” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэн Д.Дуламцоо нь хууль зөрчин “И эм эл ди” ХХК-д их хэмжээний өр төлбөр үүсгэсэн үйлдлийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй. Мөн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Эй си д”и ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Эрхийн улсын бүртгэлийн Ү-1311000030 дугаарт бүртгэгдсэн нь тогтоогдсоны үндсэн дээр харьяаллын дагуу Сэлэнгэ аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж тухайн компанийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Төлбөр авагчийн гаргасан гомдлын дагуу дээд шатны байгууллагаас гүйцэтгэх баримт бичгийг хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгаад шат шатандаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд нийцсэн талаарх хариуг өгч байсан. Иймд Э ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх талаар гомдол хуульд заасны дагуу дээд шатны албан тушаалтанд гаргасан байх үед гүйцэтгэх баримт бичгийг хууль зөрчиж Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсэн. Улмаар гуравдагч этгээдийн эд хөрөнгийг битүүмжилсэн болох нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нотлогдож байхад “Дорнын өргөө” ХХК-ийн усалгааны системийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлын нэг үндэслэл болох гүйцэтгэх баримт бичиггүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан болох нь гэрч Г.Ариунболор, Б.Уртнасан нарын мэдүүлэг болон, шийдвэр гүйцэтгэлийн материал шилжүүлсэн албан тоотоор хангалттай нотлогдож байхад шүүх шийдвэр гүйцэтгэгч Г.Ариунболорын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд талуудтай уулзсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Энэ мэтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр товлон зарлагдсан талаар шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн оролцогчийн хувьд мэдэгдэх хуудсаар хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй. Тухайлбал, мэдэгдэх хуудсыг хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн байх нь шүүхэд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг хариуцах үндэслэл болох ёстой. Иймд хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх бололцоог хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь НШШГГ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 “Э” ХХК-аас 169 530 325 төгрөг гаргуулж “И Эм Эл Ди” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор хэвээр үлдээсэн байна. Тус шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр төлөгч нь “Э” ХХК байна. Иймд төлбөр төлөгч буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч биш этгээд буюу Д.Дуламцоод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.

Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай төлбөр төлөгч “Э” ХХК-ийн хүсэлтийг хангах үндэслэлгүй талаарх хариуг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгээр өгсөн байх тул хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлж хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв байна. Түүнчлэн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгээр Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багт байрлах Ү-1311000030 дугаартай услалтын системийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь “Э” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй нь тогтоогдсон тул “Дорнын өргөө” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. 

Мөн гүйцэтгэх баримт бичгийг Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн үед буюу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөгч болон төлбөр авагч нартай шийдвэр гүйцэтгэгч Т.Ариунболор нь уулзсан, уулзалтын явцад шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл үйлдээгүй нь тогтоогдсон ч энэ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Гэрч Б.Уртнасан шүүхэд хүрэлцэн ирээгүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулагдаж буй сургалтад хамрагдаж байгаа зэрэг шалтгаанаар 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 799 дүгээр шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны товыг өөрчлөн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цаг 00 минутад товлон зарласан, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх бололцоог хангахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.   

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                              А.ОТГОНЦЭЦЭГ