Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00097

 

                              “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн  тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00228 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 740 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 23,760,244 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ананд, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,гээс зээлийн гэрээний үүрэгт 23,760,244 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00228 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,гээс 18,757,085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,, банкинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,003,159 төгрөгт холбогдох хэсгийг болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 740 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00228 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “18,757,085” гэснийг “23,760,244” гэж, олгож гэснийг “олгосугай.” гэж, “5,003,159 төгрөгийн болон ... тус тус” гэснийг хасч, 2 дахь заалтын “251,735” гэснийг “276,751” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.   

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ананд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.13-ны өдрийн 101/ШШ2020/00228 дугаар шийдвэрийг давж заалдах журмаар хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.01-ний өдрийн 740 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай: “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон зээлдэгч ,,,,,,,,,,,,,,, хамтран үүрэг гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулсан 2016.12.15-ны өдрийн ЗГ-201642868660 тоот барьцаат зээлийн гэрээний зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2017.01.23-ны өдөр нас барсан. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь 14,300,000 төгрөгийн зээлийг бүхэлд нь ,,,,,,,,,,,,,ын дансанд олгосон бөгөөд ,,,,,,,,,,,,,,,,,,, өөрийн данснаас зарлагын гүйлгээ хийж авсан байдаг. ,,,,,,,,,,,,,,,,,,,д зээлийн мөнгийг олгоогүй, олгосон тухай баримтыг нэхэмжлэгч нотлох баримтаар өгөөгүй. Түүнчлэн, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,гийн орлогыг банк судлалгүйгээр, зээлийн гэрээ байгуулах үед хамтран үүрэг гүйцэтгэгч гэж шууд гарын үсэг зуруулсан нь ,,,,,,,,,,,,,,,,,,,гийн хувьд зээл эргэн төлөлтөд ямар хэмжээний үүрэг хүлээж оролцох нь тодорхойгүй байна. Зээлийн үүрэг нь хуваагдах шинж чанартай мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн үүрэг юм.

4.2. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-д “Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно” гээд 240.1.2-д “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч... нас барсан...” гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “зээлийн хүү” гэдгийг зээлдэгчийн ашигласан хугацаанд хамаарах хариу төлбөр гэж хуульчилсан. Зээлдэгчийн авсан зээл, хүү төлөх үүрэг нь иргэний хувьд зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзнэ, учир нь зээлдэгч өөрийн санхүүгийн эх үүсвэр болох орлогоо нотолж түүний үндсэн дээр зээл, түүний хүүг төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Зээлийг бүхэлд нь ,,,,,,,,,,,,,,,,,,, авсан болох нь баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, хөрөнгө авч, захиран зарцуулаагүй тул зээлдэгчийн нас барсан өдрийн дараагийн өдөр болох 2017.01.24-ний өдрөөс үндсэн зээлдэгч ,,,,,,,,,,,,,,ын хувьд зээлийг ашиглаж чадаагүй, зээлийн хүү төлөх (зээлийг хүүг цаашид тооцохгүй, зээлдэгч зээлийг ашиглахгүй) дуусгавар болох үндэслэлтэй байтал “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК зээлийн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр (2019.11.08) хүртэл бүтэн тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

4.3. Зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, нас барснаас хойш 2017 оны 2 дугаар сараас эхлэн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, зээл, хүүг үргэлжлүүлэн төлж чадаагүй. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн иргэн ,,,,,,,,,,,,,,,тай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 7.1.1-д зааснаар “зээл эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тохиолдолд гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг шаардах эрх “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д байсан боловч 2019.11.08-ны өдөр буюу 2 жилийн дараа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хуримтлуулан тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь заалтыг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,760,244 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг анхан шатны шүүх 18,757,085 төгрөгийг гаргуулж, үлдэх 5,003,159 төгрөгт холбогдох хэсгийг болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 23,760,244 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өөрчилсөн байна.

7. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгч ,,,,,,,,,,,,,, , хамтран үүрэг гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь 2016.12.15-ны өдрийн ЗГ201642868660 тоот барьцаат зээлийн гэрээгээр 14,300,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан, үүнээс хойш үндсэн зээлд 550,574 төгрөг, хүүгийн төлбөрт 312,404 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 717 төгрөг, нийт 863,695 төгрөгийг төлсөн, зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2017.01.23-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогджээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,гээс шаардах эрхтэй талаар зөв дүгнэсэн боловч, зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд банк талуудын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлд заасан арга хэмжээг авалгүйгээр 2019.11.12-ны өдөр нэхэмжлэл гарган 2019.11.06-ны өдрийг хүртэл хугацааны хүү, хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй байна гэж дүгнэн, хариуцагчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 5,003,159 төгрөгийг хасч тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

9. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, “...хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2018.12.27, 2019.04.30-ны өдрүүдэд, зээл төлөх тухай мэдэгдлээр хариуцагч нарыг үүргээ биелүүлэхийг шаардаж байсан, хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд 2019.11.12-ны өдөр хандаж нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт заасны дагуу 2019.11.04-ний өдрөөр зээлийн тооцоо хийсэн тул буруутгах боломжгүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1. дэх хэсэгт нийцнэ, мөн талууд гэрээний 2.1.6-д нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийцсэн байх тул хариуцагчаас үндсэн зээл 13,749,426 төгрөг, зээлийн хүүд 8,912,786 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,093,532 төгрөг, нийт 23,755,743 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, хариуцагчийн зүгээс хамтран зээлдэгч нас барсантай холбоотойгоор үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх боломжгүй болсон талаараа мэдэгдсэн, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай санал, хүсэлт тавьж байсан зэрэг нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. дэх хэсэгт заасан зарчмыг зөрчсөн гэж үзэхгүй.

10. Иймд, “...Зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,ыг нас барснаас хойш “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь зээлийн гэрээний 7.1.1-д зааснаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг шаардах эрх байсан боловч 2019.11.08-ны өдөр буюу 2 жилийн дараа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хуримтлуулан тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг зөрчсөн, энэ талаар анхан шатны шүүх зөв шийдсэн...” гэсэн агуулгатай (Тодорхойлох хэсгийн 4.3.-т) хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

11. Мөн “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,гийн орлогыг судлалгүйгээр зээлийн гэрээ байгуулах үед хамтран үүрэг гүйцэтгэгч гэж шууд гарын үсэг зуруулсан нь ямар хэмжээний үүрэг хүлээж оролцох нь тодорхойгүй, зээлийн үүрэг нь хуваагдах шинж чанартай мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн үүрэг юм, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д зааснаар зээлдэгчийн авсан зээл, хүү төлөх үүрэг нь иргэний хувьд хувийн байдалтай салшгүй холбоотой, учир нь зээлдэгч өөрийн санхүүгийн эх үүсвэр болох орлогоо нотолж түүний үндсэн дээр зээл, хүүг төлөхөөр гэрээгээр тохиролцсон, зээлийг бүхэлд нь ,,,,,,,,,,,,,,,,,,, авсан, хамтран үүрэг гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, хөрөнгө авч, захиран зарцуулаагүй тул зээлдэгчийн нас барсан өдрийн дараагийн өдөр болох 2017.01.24-ний өдрөөс зээлийн хүү төлөх үүрэг дуусгавар болох үндэслэлтэй...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-4.2-т заасан гомдлын тухайд,

Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэснийг зээлийн гэрээний хувьд “хамтран зээлдэгч” гэж ойлгох ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний агуулга, нөхцөлөөс үзвэл зээлдэгч нарын хэн аль нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэн алинаас нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой байх тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар хариуцагчийг хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзнэ. Нэгэнт хариуцагч хамтран зээлдэгч тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч биелүүлэх үүрэгтэй энэ тохиолдолд мөн хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2. дахь хэсэг хамаарахгүй, мөн уг зүйлийн дагуу хариуцагчийн хувьд үндсэн зээлээ төлж, харин хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг нь дуусгавар болно гэж үзэхгүй юм.

12. Нэхэмжлэлийн “бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

13. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 740 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 95,001 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ