Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 141/ШШ2019/00264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгч А.Ю, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхбатаар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар А.Ю-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт холбогдох “Тушаалд өөрчлөлт оруулахыг даалгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч А.Ю нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2010 онд Уламжлалт Анагаах Ухааны их эмч мэргэжлээр, 2015 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Удирдлагын академийг Нийгмийн удирдлагын мэргэжлээр, 2017 онд зүү төөнө заслын төрөлжсөн нарийн мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Анагаах ухааны магистрын зэрэгтэй.

Эрүүл мэндийн салбарт 9 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны Б/28 тоот тушаалаар хүний нөөцийн ажилтан, зүү төөнө заслын эмчээр ажиллаж байгаад сүүлийн хагас жилийн хугацаанд удаа дарааллан ажлын байран дээр даргын зүгээс ирсэн гүтгэлэгт өртсөн. Мөн их эмч Т.П нь хувийн сэдлээр тухайн үед эрхэлж байсан ажлыг буруутгах, үгүйсгэх зэргээс болж ажлын байрны стресст орж, биед сөрөг өөрчлөлтүүд гарсны улмаас аргагүй байдалд орж ажлын байр солиулах хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр /тухайн үед миний бие 3 сар гарантай жирэмсэн байсан ба одоо 5 сар гарантай жирэмсэн байгаа/ байгууллагын захиргаанд гаргасны дагуу тус Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Ц 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 тоот тушаал гаргасан. Уг тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.2 дахь заалт нь миний эрх ашигт болон хуульд нийцэхгүй ташаа байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.2 дахь заалт нь талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулна гэсэн байна, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 2.1 дэх заалт нь байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэсэн байгаа. Иймд миний тушаалын үндэслэл нь байнгын орон тоон дээр урьд байгуулсан гэрээний үргэлжлэл болж гарах ёстой. Иймд Б/37 тоот тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг тус хуулийн 23 дугаар зүйлийн 2.1 дэх заалт болгон өөрчилж дахин тушаал гаргаж өгнө үү гэсэн өргөдлийг Х.Ц-т 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гаргасан боловч ямар нэгэн шийдвэр гаргаагүй учраас Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Гэвч нэхэмжлэгч А.Ю нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж: “Миний бие 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр танай байгууллагад нэхэмжлэл гаргахдаа хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан тул Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Ц-ийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/35, Б/37 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд нь эрхэлж байсан хүний нөөцийн ажилтан, зүү төөнө заслын эмчээр дахин томилуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна” гэжээ.

Харин нэхэмжлэгч А.Ю нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний тухайд 2019 оны 7 дугаар сарын 10-нд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Ц-ийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 тоот тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.1 дэх заалтаар сольж, тушаалд өөрчлөлт оруулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцоно. Харин өөрчилсөн шаардлага болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/35, Б/37 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь эмнэлгийн дарга өөрөө бүтэц орон тоогоо баталж ажилладаг тул миний одоо томилогдсон уламжлалтын эмчийн орон тоо байхгүй ч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч батлагдсан төсөвтөө зохицуулаад, уг орон тоог байлгаад ажиллуулж болно гэж үзээд томилсон учир мэргэжлийн ажлаа хийхэд татгалзах зүйлгүй. Харин түр орон тоонд томилсон нь миний эрх зүйн байдлыг дордуулж буй учир тушаалд нь өөрчлөлт оруулах хүсэлтэй байна.” гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Ц нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Х.Ц миний бие нь 1962 онд Тосонцэнгэл суманд төрж өсөөд, 1980 онд 10 дугаар ангиа төгсөж АУДСургуульд элсэн орж, 1986 онд хүний их эмчийн мэргэжлээр төгсөж, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт хүний их эмчээр ажлын гараагаа эхэлсэн. 1987 онд Улаанбаатар хотод эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил олгох курст суралцаж төгсөөд Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт Эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр 2001 он хүртэл ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжиж, нийслэлийн Амгалан амаржих газарт эхийн 1 дүгээр тасгийн эрхлэгч эмчээр ажиллаж, 2008-2018 он хүртэл тус амаржих газрын чанарын албаны даргаар ажилласан. 2008 онд ЗГХА-Удирдлагын академид суралцаж төгссөн. 2018 оны 11 дүгээр сард Завхан аймгийн ЭМГ-ын даргын болон Тосонцэнгэл сумын удирдлагуудын санал болгосны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн газрын даргын Б/50 дугаар тушаалаар Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Миний бие нь эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй, АУ-ны магистр, клиникийн профессор билээ.

Ажлаа хүлээж аваад эмнэлгийн ажилчдын сахилга хариуцлага, тусламж үйлчилгээ, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээг сайжруулах чиглэлээр ажлаа төлөвлөж хийж эхэлсэн. Энэ хамт олонд шинээр ирсэн учраас удирдлагын баг, тасгийн эрхлэгч, сувилагч нар болон бусад ажилчидтай бүгдтэй нь уулзаж санал бодлыг нь сонсож ажлаа эхлүүлсэн. Хамт олны уур амьсгал тийм ч сайн биш бөгөөд, үүрэг даалгавар өгч ажиллаж байсан ба ирсний дараа ямар нэг халаа сэлгээ хийгээгүй.

Хүний нөөцийн ажилтан А.Ю нь миний ажлын өдөр тутмын холбоотой ажилладаг удирдлагын багийн гишүүн билээ. Ажилчид чөлөө авах, ажлаас гарах, ажилд орох, амралт болон тасаг нэгжийн ээлж зохицуулах ажил өдөр бүр байдаг. Тэр бүр өргөдлийг хүний нөөцөд цохолт хийж, яаж зохицуулахыг ярилцаж шийдвэр гаргадаг билээ.

А.Ю нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

2019 оны 5 дугаар сарын 14-нд миний ажлын байрыг сольж өг гэсэн өргөдөл А.Ю өөрөө өгсөн. Өргөдөлдөө байгууллагын ажилчдын уур амьсгалаас болоод ажилчид шаардлага тавихаар хүлээж авдаггүй, эсэргүүцдэг, бусад ажилчид хийж буй ажлыг буруутгадаг, үгүйсгэдэг гэж бичсэн байсан. Харин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ сүүлийн хагас жилийн хугацаанд удаа дарааллан ажлын байран дээр даргын зүгээс ирсэн гүтгэлэгт өртсөн, үгүйсгэх зэргээс болж ажлын байрны стресст орж биед сөрөг өөрчлөлтүүд гарсны улмаас аргагүй байдалд орж ажлын байр солиулах хүсэлт гаргасан гэж миний нэр төрд халдан бичсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлын байр солих өргөдөл болон шүүхэд гаргасан нэхэмжлэл хоорондоо утга агуулгын хувьд тохирохгүй байна.

2019 оны 5 дугаар сарын 14-нд бичиж өгсөн хичээнгүйлэн хүссэн өргөдлийн дагуу хуульд заасан хугацаанд багтааж шийдвэрлэсэн билээ. Өргөдөл өгснөөс хойш удаа дарааллан өргөдлийг маань шийдэж өг гээд шаардлага тавиад байсан тул 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/35 тоот тушаал гаргаж хүний нөөцийн ажлаас нь чөлөөлж, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 тоот тушаал гаргаж мэргэжлийнх нь ажилд томилсон. Энэхүү Б/37 тоот тушаалд дурдагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж заасан байна. Энэ заалт нь А.Ю-ын эрх зүйн байдлыг дордуулаагүй, хуулиар олгогдсон эрхийг нь зөрчөөгүй юм. 2019 оны 6 дугаар сарын 12-ны А.Ю-тай харилцан тохиролцон байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тушаалд заасны дагуу 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэвч хуулийн заалтыг өөрчлөн тушаал гаргуулна гэж нэхэмжлэл гаргаад байгааг би гайхаж байна.

2019 оны бүтэц орон тооны 01 тоот тушаалд хүний нөөц 0,5-аар ажиллуулахаар баталсан юм. Учир нь манай эмнэлэгт уламжлалтын их эмч 1, бариа заслын сувилагч 1 орон тоогоороо ажиллаж байгаа бөгөөд зүү төөнө заслын эмчийн орон тоо байхгүй, нэн чухал шаардлагатай биш билээ. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны  MNS 5095:2017 стандартад хүний нөөцийн мэргэжилтэн 150 ажилтанд 1 байхаар заасан байдаг. Гэтэл манай нэгдсэн эмнэлэг нь эрүүл мэндийн яамнаас 94 ажилтантай байхаар төсөв нь батлагдсан. Ийм учир хүний нөөцийн ажилтны орон тоог 0,5 байхаар баталсан юм. Эмч, эмнэлгийн мэргэжилтний орон тоонд нэн шаардлагатай мэргэжил болох эх барих, эмэгтэйчүүдийн их эмч, нярай хүүхдийн их эмч, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний их эмч, мэс заслын их эмчийн мэргэжил билээ. А.Ю нь өргөдөлдөө жирэмсэн, ажлын байрны стресс их, тайван байх боломжгүйд хүрээд байна гэсэн тул ажлын байрыг нь хөнгөвчилж ачааллыг багасгасан гэж үзэж байна. Иймд би А.Ю-ыг өөрийнх нь өргөдөл гаргасны дагуу хүний нөөцийн ажлаас чөлөөлж, өөрийнх нь эзэмшсэн зүү төөнө заслын эмчийн орон тоо байхгүй байхад 2019 оны Б/37 тоот тушаал гарган томилж, 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байраар хангаж байгаа билээ. Энэ хүнийг өөр ажлын байраар хангах боломжгүй байна. Орон тоогүй ажлын байранд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 буюу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэх заалтыг удирдлага болгон тушаал гаргах боломжгүй юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.” гэжээ.

Харин хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Байгууллагын удирдлагын зүгээс энэ хүний өөрийнх нь өргөдлийн дагуу ажлын байрыг нь сольсон. Одоо тушаалд өөрчлөлт орууллаа гээд цалин хөлс, албан тушаал нь өөрчлөгдөхгүй учир эрх зүйн байдал нь дордохгүй. Талууд харилцан тохиролцоод хугацаатай гэрээ байгуулаад явж байгаа асуудал зөндөө л байдаг. Энэ хүний ажлын байр үндсэн орон тоогоор батлагдсан зүйл байхгүй. Ирэх жилээс орон тоо нэмэгдүүлэх боломж бололцоо байдаг. Нэмэгдвэл байнгын болгоод тушаалыг нь гаргана, хэрэв нэмэгдэхгүй бол тухайн үед нь шийдэж болох асуудал юм.” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ю нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн  Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 дугаар тушаалд өөрчлөлт оруулахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/35, Б/37 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн байна. Гэвч 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд өөрчилсөн шаардлагаасаа татгалзаж, “Тушаалд өөрчлөлт оруулахыг даалгуулах тухай” шаардлагаа дэмжсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж хуульчилсан тул нэхэмжлэгч А.Ю нь шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй этгээд юм.

Иймд шүүх А.Ю-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэргийг “Тушаалд өөрчлөлт оруулахыг даалгуулах тухай” шаардлагын хүрээнд хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан гаргасан тул тус эмнэлэг нь А.Ю-ын нэхэмжлэлийн хариуцагч этгээд байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Ц нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Т.П-д А.Ю-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн эдлэх бүх эрхийг эдлүүлэхээр 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно...” гэж тус тус хуульчилсан ба Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг нь Т.П-д итгэмжлэл олгож, хариуцагчийн эдэлбэл зохих бүх эрхийг эдлүүлсэн байх тул түүнийг хариуцагч байгууллагыг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд мөн гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч талууд нь А.Ю-ыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн ажилтан, зүү төөнө заслын эмчээр байнгын ажлын байранд ажиллаж байсан талаар, мөн А.Ю нь жирэмсэн бөгөөд, ажлын нөхцөл байдал, эрүүл мэндийн шалтгааны улмаас 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ажлын байр солиулах өргөдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Ц-т гаргаж, уг өргөдлийн үндсэн дээр А.Ю-ын ажлын байрыг өөрчилсөн талаар, түүнчлэн А.Ю-ыг уламжлалт анагаах ухаан зүү төөнө заслын эмчээр томилсон талаар маргаагүй учир шүүх эдгээр үйл баримтуудад үнэлэлт дүгнэлт хийх шаардлагагүй юм.

Харин нэхэмжлэгч А.Ю нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 дугаартай тушаалыг гаргахдаа үндэслэл болгосон хуулийн зүйл, заалтыг өөрийн эрх зүйн байдлыг дордуулсан, хуульд нийцээгүй учир зөвшөөрөхгүй гэж, хариуцагч талын төлөөлөгч Т.П нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг нь уламжлалт анагаах ухааны эмчийн 1 орон тоотой,  уг орон тоонд өөр эмч ажиллаж байгаа, мөн зүү төөнө заслын эмчийн орон тоогүй учир орон тооны асуудал зохицуулагдах хүртэл хугацаатай гэрээгээр ажиллуулах боломжтой тул тушаал гаргахдаа үндэслэл болгосон хуулийн зүйл, заалт буруу биш гэж маргаж байв.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Ц нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг үндэслэл болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэж, 23.2.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна” гэж тус тус хуульчилсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт  хөдөлмөрийн гэрээг “талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачлагаар, тэдгээрийн харилцан тохиролцсоны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байх ёстой.

Хөдөлмөрийн хугацаат гэрээг гүйцэтгэх үүргийн шаардлага, шалтгаан, хүрээнээс хамааран орлон ажиллах үеийн гэрээ, хослон ажиллах үеийн гэрээ, хавсарч ажиллах үеийн гэрээ хэмээн ангилдаг ба Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгээс нэхэмжлэгч А.Ю-ыг эзгүй байгаа ажилтныг орлуулан ажиллуулахаар, эсхүл ажил үүргийг хавсруулан болон хослуулан ажиллуулахаар томилох үүднээс тушаал гаргасан нөхцөл байдал байхгүй байна.

А.Ю-аас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн захиргаанд хандан 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан өргөдлөөс үзвэл тэрээр ажлын нөхцөл байдал, эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлын байрыг солиулахыг хүссэнээс уламжлалт анагаах ухаан, зүү төөнө заслын эмчийн ажилд томилуулж, хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллах агуулга тусгаагүй, энэ талаар хүсэл зориг илэрхийлэгдээгүй байна.

Хөдөлмөрийн    тухай    хуулийн    107    дугаар   зүйлийн   107.1   дэх  хэсэгт хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол жирэмсэн эмэгтэйн ажлын цагийг хоргодуулах буюу эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлж болохоор зохицуулсан.

Гэвч дээрх шалтгаанаар ажилтныг өөр ажилд шилжүүлэх тохиолдолд түүний эрх зүйн байдлыг дордуулах учиргүй.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Ц нь А.Ю-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б\37 дугаар тушаалыг гаргасан, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан хэдий ч А.Ю-ын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан ажлын байр солиулах талаарх өргөдөл, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гаргасан Б/37 дугаар тушаалын үндэслэл болсон хуулийн зүйл заалтыг зөвшөөрөхгүй байгаа учир өөрчилж өгөхийг хүссэн өргөдөл, шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл тохиролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох”-оор хуульчилсан.

Өөрөөр хэлбэл урьд өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтныг ажлын нөхцөлийг хөнгөлөх зорилгоор өөр ажилд шилжүүлэн, түүнтэй тохиролцохгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан, хөдөлмөрийн хуульд нийцээгүй шийдвэр юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Талууд хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг гол нөхцөлийг тохирно” гэж, 21.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй” гэж хуульчилсан байх бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 12-ны хөдөлмөрийн гэрээнд ажилтны гүйцэтгэх үндсэн үүргийн талаар тохиролцоогүй байна.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Ц-ийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 дугаар тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалт нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан, хөдөлмөрийн хуульд нийцээгүй байх тул уг хуулийн зүйл заалтыг өөрчилж, ажилтны эрх ашиг болон хуульд нийцүүлэхийг шүүхээс даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж хуульчилсан.

Дээрх хуулийн заалтуудын үндсэн дээр нэхэмжлэгч А.Ю нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба харин хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтгүй тул нэхэмжлэгч А.Ю-ын “Тушаалд өөрчлөлт оруулахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын үнэд бодогдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 дугаартай тушаалыг гаргахад үндэслэл болгосон “Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт” гэсэн хуулийн зүйл заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт“ гэж өөрчлөхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Ю нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгээс 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН