Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0396/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Болормаа,

Хохирогч ****,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд, Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар **** овогт **** холбогдох эрүүгийн 2218002390404 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** /РД:****/ *** оны *** дугаар сарын ***-ны өдөр **** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,**** ХХК-нд ээлжийн оператор ажилтай, ам бүл ***, аав, ээж, эгчийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум *** дугаар баг ***тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Болдсайханыг *** оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар багт байрлах *** өргөтөлийн барилгын хашаанд байрлуулж тавьсан байсан **** *** ДАА улсын дугаартай HOWO маркийн тээврийн хэрэгслээс 120 литр дизель түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 372,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ****: Би ** оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд ****гэдэг хүний машиныг нь жолоодож ажилласан. *** оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэрээсээ гарч яваад санаандгүй байдлаар тэнд очсон. Би тухайн шөнө хүний машинаас түлшийг нь нууцаар авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогч ****: Би хувийн том тэргээрээ *** өргөтгөлийн барилга дээр ажил хийж байсан. Тэгээд *** оны 04 дүгээр сарын 29-ний өглөө ажилдаа гарах гээд машинаа асаах үед шар гэрэл асаад түлш байхгүй болчихсон байсан. Машинаасаа буугаад банкны тэр хавийн шороог үзэхэд нэлээд том хэмжээтэй газар түлш асгарчихсан байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би 380,000 төгрөгийн хохирлоо авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

*** оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн: Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг *** ертөнцийн зүгээр зүүн хойд талд байх баригдаж байгаа барилгын хашаа байна. Уг хашааны ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан хаалгаар ороход *** ДАА улсын дугаартай Ноwо маркийн тээврийн хэрэгсэл байх ба хохирогч **** машины банканд байсан түлш алдагдсан гэх тул түлш алдагдсан хэсгийг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг тээврийн хэрэгслээс урд зүгт 20 метр зайд газарт түлш асгарсан байж болзошгүй чийгтэй, дизель түлш үнэртэж байсныг 10 гэсэн дугаараар тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Хашааны хаалганы зүүн зүгт 10м зайд газарт олон тооны гутлын мөр байсныг 2 гэсэн дугаараар тэмдэглэн шинжээч гэрэл зургаар бэхжүүлэв. Хашааны хаалганаас зүүн урд зүгт 50м зайд тээврийн хэрэгслийн мөр байх ба 3 гэсэн дугаараар тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэв. Уг автомашины мөрийн тэнхлэг хоорондын зайг хэмжихэд 136 см байв гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12/,

*** оны **** дугаар сарын 19-ний өдрийн: Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх тээврийн хэрэгсэл нь *** УНЗ улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэл нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ***-р багийн нутаг дэвсгэрт байрлах ***-р байрны ертөнцийн зүгээр зүүн талд нь баруун тийш харсан байрлалтай зогсож байв. Уг тээврийн хэрэгслийн гадна хэсэг бүрэн бүтэн, дотор талд ач холбогдол бүхий эд зүйл байхгүй байв. Уг тээврийн хэрэгслийн дугуйн хоорондын мөрийг хэмжиж үзэхэд 130 см байв гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17/,

Иргэний нэхэмжлэгч ****: **** УНЗ улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг *** оны 4 дүгээр сард Улаанбаатар хотын Да хүрээ захаас 9,500,000 мянган төгрөгөөр худалдаж авсан бөгөөд миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. *** гэх хүнийг танина, манай найз залуу байгаа юм. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Манай найз залуу **** нь *** оны 04 дүгээр сарын 28-ны өдөр миний *** УНЗ улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг Дархан-Уул аймагт унаж байсан юм. Би тухайн үед Төв аймгийн Заамар суманд ажил дээрээ байсан гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

Гэрч **** Би **** гэдэг нэрийг нь сайн мэдэхгүй. Эрка гэж дуудддаг *** утасны дугаартай том тэрэг барьдаг хүнийг таньдаг. *** надаас том тэргэндээ шатахуун худалдаж авдаг болохоор би таньдаг болсон юм. **** оны 04 дүгээр сарын 27-ны өдөр надаас 150 литр түлш зээлээр авч явсан. Харин маргааш нь түлшээ машинаасаа алдчихсан гэж хэлээд 100 лирт түлш мөн адил зээлээр авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

Гэрч ****: *** надаас ямар ч сав болон канестр аваагүй. Харин өчигдөр буюу *** оны 09 дүгээр сарын 02-ны 17 цаг 48 минутын орчимд миний утас руу *** гэсэн дугаараас *** байна гэж залгаад “цагдаагаас чамтай холбогдох юм бол би чамаас канестр буюу сав авсан шүү” гэж хэлэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ?” гэж хэлсэн. Болдсайхан тухайн үед “за за ажилтай байна” гэж хэлээд утсаа салгасан. Би орой 20 цаг 53 минутад Болдсайханы *** дугаарын утас руу өөрийн 9*** дугаарын утсаар холбогдож ярьсан. Тэгэхдээ “чи юу яриад байна аа*** гэхэд “тэгж хэлэхээс өөр арга байсангүй, чамаас авсан гээд хэлсэн” гэхээр нь “за ***минь өөрөө ирж энэ түлшнийхээ асуудлыг зохицуулаарай, би лав ээж рүү чинь утсаар холбогдоод чамайг хүний машинаас түлш авсан талаар чинь хэлсэн шүү” гэж хэлээд утсаа салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн "Дизель түлш литр нь 3100 төгрөг, 120 литр нь 372,000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50/,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны *** оны *** дүгээр сарын***-ны өдрийн 80 дугаартай:

- Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан тээврийн хэрэгслийн дугуйн №11, №12 дугаартай мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.

- Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн дугуйн мөр нь *** УНЗ улсын дугаартай Приус 20 маркийн машины баруун урд талд байсан гэх дугуйгаар дарагдаж үүссэн байх боломжтой байна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 55-59/,

Капитал зууч ХХК-ийн**** оны **** дүгээр сарын 1-ний өдрийн Тоёота приус 20 маркийн **** УНЗ улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын автомашин 9,500,000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-64/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч **** нь **** оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багт байрлах ** өргөтгөлийн барилгын хашаанд байрлуулсан **** **** ДАА улсын дугаартай HOWO маркийн тээврийн хэрэгслээс 120 литр дизель түлшийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 372.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, шүүгдэгч нь  бусдад төлөх төлбөргүйг дурдах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Б.Содболд нар нь шүүгдэгч **** хохирогчийн машины түлшний савнаас түлш авснаар түүний үйлдэл төгссөн, хулгайлах үйлдэл төгссөний дараа авто машинаар зөөж тээвэрлэснийг тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэхгүй. Мөн хохирлын хэмжээ бодитой тогтоогдоогүй, 120 литр эсхүл 70 литр түлш алдагдсан эсэхийг тогтоох боломжгүй, эргэлзээтэй байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар буюу 70 литр түлш алдагдсан гэж үзэх үндэслэлтэй. 70 литр түлшний үнэлгээ бага хэмжээний хохиролд тооцогдох тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч **** нь *** оны **** дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багт байрлах ****өргөтгөлийн барилгын хашаанд байсан иргэн ***** ДАА улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн түлшний савнаас 372,000 төгрөгийн үнэ бүхий 120 литр дизель түлшийг авч Тоёота приус 20 маркийн **** УНЗ улсын дугаартай авто машинаар тээвэрлэн үл таних хүнд худалдсан гэх үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт, 2.4 дэх хэсэгт учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан үйлдлийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцохоор тус тус хуульчилсан байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч ***** үйлдэл нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 372,000 төгрөгийн хохирол учруулсан, ингэхдээ өөрийн үйлдлийг хөнгөвчлөх зорилгоор машин механизм ашигласан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж шүүх дүгнэлээ.

Хулгайлах гэмт хэрэг гэдэг нь амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилготой шунахайн сэдэлтээр бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч захиран зарцуулах боломж бүрдүүлсэн эсхүл захиран зарцуулснаар төгсдөг санаатай үйлдэл байдаг.

Машин механизм ашигласан гэдэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ түргэтгэх, хөнгөвчлөх, хулгайлсан эд зүйлээ зөөж, тээвэрлэх, хэргийн газраас зугтах зайлах зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласныг ойлгоно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Болдсайханы үйлдэл нь иргэн **** **** ДАА улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн түлшний савнаас хууль бусаар 120 литр дизель түлш авч Тоёота приус 20 маркийн**** УНЗ улсын дугаартай авто машинаар тээвэрлэн бусдад худалдсанаар төгссөн, өөрийн үйлдлийг хөнгөвчлөх, гэмт хэргийн халдлагын зүйл болох түлшийг тээвэрлэх, хэргийн газраас зугтах, зайлах зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хохирлын хэмжээ бодитой тогтоогдоогүй тул ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа тэр дундаа хэргийн газрын үзлэгийг бүрэн гүйцэд хийгээгүйгээс хохирогчийн машины түлшний савнаас хэдэн литр түлш алдагдсан, хэдэн литр түлш үлдсэн байсан зэрэг тооцооллыг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад дүгнэлт хийж хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд 20 литрийн багтаамжтай 2 ширхэг сав, 30 литрийн багтаамжтай 1 ширхэг саваар нийт 70 литр түлш авсан, авсан түлшээ савтай нь танихгүй хүнд зарсан гэж мэдүүлж байгаа боловч хаанаас түлш хийх сав авсан, авсан түлшээ хэнд зарсан зэрэг эх сурвалжаа заагаагүй, мөн түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж, 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан тул шүүгдэгчийн дээрх мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй юм.

Харин хохирогч шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтэд өгсөн ...*** гэх хүнээс түлш зээлээр авдаг байсан. Миний машины түлшний сав 290 литрийн багтаамжтай. Түлшээ дүүргээд ажилд гарсан. Орой буухад тал банк түлш үлдсэн байсан. Маргааш өглөө нь ирээд машинаа асаах гэтэл түлшний шар гэрэл нь ассан байсан. Би ойролцоогоор 20 литр орчим түлш үлдсэн гэж үзээд 120 литр түлш алдсан гэж тооцож байгаа... гэх удаа дараагийн мэдүүлэг нь гэрч **** ...*********** надаас 20*** оны 04 дүгээр сарын 27-нд 150 литр түлш зээлээр авсан. Маргааш нь түлшээ машинаасаа алдчихсан гэж хэлээд 100 лирт түлш мөн адил зээлээр авсан... гэх мэдүүлгээр давхар нотлогдож байх тул хохирогчийн мэдүүлгийг үндэслэлтэй гэж үнэлсэн болно.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй байх тул шүүгдэгч ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин мехнанизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *** 372,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч ***** 380,000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн ...380,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан Хаан банкны зарлагын баримт зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ***** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаанууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болногэж заасан байна.

Шүүгдэгч ***** “...70 литр түлш авч танихгүй хүнд зарсан...” гэж мэдүүлэн хаанаас түлш хийх сав авсан, авсан түлшээ хэнд зарсан зэрэг эх сурвалжаа заахгүй байгаа зэргээс дүгнэхэд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцлоо.

Шүүгдэгч ***** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***** нь гэмт хэргийг үйлдэхдээ **** өмчлөлийн **** УНЗ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ашигласан болох нь нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ 9,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь **** оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс **** оны 03 сарын 07-ны өдөр хүртэл 75 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 75 хоногийг эдлэх ялаас хасаж тооцох зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин мехнанизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд нь тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****9,500,000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялыг хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ****** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР