| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00267/И |
| Дугаар | 00401 |
| Огноо | 2019-08-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 00401
| 2019 оны 08 сарын 13 өдөр | Дугаар 153/ШШ2019/00401 | Ховд аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Марина, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар нэхэмжлэгч О.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х, Х нарт холбогдох газрын нөхөн төлбөр 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч О.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.Октябрь, М.Баярт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн баг буюу сумын төвийн урд захад 1997 оноос хашаа, байшин барьж амьдарч эхэлсэн. Тэр үед сумын худалдаа үйлчилгээний мухлагууд тэнд төвлөрч эхэлсэн учир манайх мөн хашаатайгаа залгаа ТҮЦ барьж ажиллуулж эхэлсэн. 2007 онд уг газарт албан ёсоор 0094699 дугаартай газар эзэмших гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар авсан. 2015 оны 06 дугаар сард манай хашааны хажууд барилгын материал буулгаж, хундаам ухаж эхэлсэн. Тухайн үед Х Д.Октябр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Баатарбилэг нартай уулзахад сумын хэрэгцээнд уурын зуух барина. Хашаа болон байшингийн нөхөн төлбөрт танайд 25 000 000 ~өгрөг олгоно гэж аль аль нь амалж, тохиролцсон боловч өнөөг хүртэл Төсөвт мөнгө алга гэсэн шалтгааныг хэлсээр нөхөн төлбөрийг олгогхгүй байна. 2017 оны өвөл уурын зуух ашиглалтад орсон бөгөөд яг уурын зуухны ёроолд амьдарч байгаа учир үнс хөө тортогт дарагдаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжгүй нөхцөл байдалд амьдарч байна. Нөхөн төлбөрийн асуудлаар маш олон удаа сумын удирдлагуудтай уулзсан боловч шийдвэр гаргаж өгөхгүй байна. Тухайн үед Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Галсандондог гуайд ч хүсэлт гаргаж байсан. Ховд аймгийн Засаг даргад хандаж өргөдөл гаргаснаар Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/44 дүгээр албан тоотоор Зэрэг сумын Засаг дарга болон ИТХ-ын даргад асуудлыг шийдвэрлэх талаар албан тоот явуулсан боловч хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариу өгөөгүй байна. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын албанд хандаж орчин нөхцөлд дүгнэлт гаргуулсан. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 21-03/023/19 дүгээр дүгнэлтээр Ховд аймгийн Зэрэг сумын Төвлөрсөн халаалтын уурын зуухны барилга нь Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага ММ35105:2001 стандартыг зөрчсөн байна гэж дүгнэсэн. Монгол улсын иргэн бид хуулийн дагуу эзэмшиж буй газартаа эрүүл ахуйн стандартад нийцсэн орчинд амьдрах эрхтэй бөгөөд мөн зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулах эрхтэй. Иргэн миний болон гэр бүлийн Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах зөрчигдөж, газрын нөхөн төлбөрөө авч чадахгүйгээс амьдарч байгаа гэр орноо буулгаж нүүлгэж чадахгүй эрх ашиг хохирсоор байна. Иймд Х, Засаг даргын Тамгын газраас хуульд заасны дагуу, харилцан тохиролцсон хэмжээгээр газрын нөхөн төлбөрт 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү
гэжээ.
Нэхэмжлэгч О.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Х, Засаг даргын Тамгын газраас газрын нөхөн төлбөр 25,000,000 төгрөг гаргуулахаас 5,000,000 төгрөгийг татгалзаж эвлэрч байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Октябрь, М.Баярт нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгийг 2020 оны эхний хагас жилийн дотор нэхэмжлэгч О.Бт төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Х, Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан газрын нөхөн төлбөр 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Д.Октябрь, М.Баярт нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 /хорин сая/ төгрөгийг нэхэмжлэгч О.Бт 2020 оны эхний хагас жилд багтаан төлөхөөр, нэхэмжлэгч О.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 5,000,000 /таван сая/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Октябрь, М.Баярт нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч О.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийн тал хувь болох 128,975 төгрөгийг хариуцагч Х, Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч О.Бт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Октябрь, М.Баярт нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 /хорин сая/ төгрөгийг нэхэмжлэгч О.Бт 2020 оны эхний хагас жилд багтаан төлөхөөр, нэхэмжлэгч О.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 5,000,000 /таван сая/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаас татгалзаж эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч О.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х, Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 128,975 /нэг зуун хорин найман мянга есөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч тал сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.МАРИНА
С.ОЮУНЖАРГАЛ