Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/148

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0133/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч Н.Идэр, шүүгч Б.Гэршихбөртэ нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Иргэдийн төлөөлөгч Б.Цэвэлмаа,

Улсын яллагч Б.Энхтулга,

Хохирогч*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдох эрүүгийн 2318000000102 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* овогт Энхболдын******* /РД:******* /  1994 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 45Б байрны 117 тоотод түр оршин суух хаягтай, Улсын бүртгэлийн лавлагаагаар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 62 дугаар гудамжны 720 тоотод оршин суух хаягтай,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 693 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн  хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон,

2020 оны 12 дугаар сарын 16-нд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар 1 жил 3 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга нь шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ийн: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Тэр хутгыг биржээс худалдаж аваад бүсэндээ зүүчихсэн явсан юм гэх мэдүүлэг,

Хохирогч*******ын: Намайг гэртээ амарч байх үед найз Цээгий залгаад “******* бид хоёр Сод буудалд байна, хүрээд ирээч” гэж хэлсэн. Би Сод буудалд очиход*******, Цээгий хоёр байсан. Би 1 цаг орчим хамт байж байгаад гэр лүүгээ явсан. 19 цагийн үед*******г гэрт нь хүргэж өгөх гээд Сод буудал руу очсон. Тэр үед******* буудлын өрөөндөө ганцаараа байсан. Цээгий хажуу талын өрөөнд 2 залуутай архи уугаад байсан. Орой 22 цагийн орчим унтах гэж байтал тогшсон. Хаалга онгойлгоход өндөр бор залуу Цээгий байна уу? гэсэн. Би өрөөндөө ороод амар гэж хэлтэл надтай маргалдсан. Тэгээд над руу гутал шидсэн. Би Шинэбаяр гэдэг залуутай барилцаад автал******* гэх залуу миний дал хэсэг рүү цохих шиг болсон. Тэгтэл миний нуруу хэсэгт таталдаад цус гарсан. Эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Өнөөдөр шүүдэгч надад 500,000 төгрөг бэлэн мөнгөөр өгсөн. Мөн өмнө нь эмчилгээний зардал 270,000 төгрөг өгч байсан. Одоо надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн: Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан сумын 13-р багт байрлах Сод буудлын 2 дугаартай өрөө байв. Уг өрөөний модон шал улаан хүрэн өнгөтэй цус мэт шингэнээр бохирлогдсон байв. 2 дугаартай өрөөний өөдөөс харсан хаалган дээрээ дугааргүй өрөөнд үзлэгийг үргэлжлүүлэхэд 2 ор, 1 хар өнгийн буйдан сандал байв. Уг хар өнгийн буйдан сандлын хажуу талд хар өнгөтэй дотроо хувцастай онгорхой чемодан байв. Чемоданы дотор талд нь төмөр бор өнгөтэй иштэй хутга байсныг хураан авав... гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6/,

2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн: ...Хутганы нийт урт 22 см, ажлын хэсгийн урт 10 см, ажлын хэсгийн өргөн нь 2,5 см, бариулын урт 12 см, бариул хэсэг рүү ажлын хэсэг нь эвхэгдэж ордог, шар өнгийн бариултай хутга байв... гэх хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/,

2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн: Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/,

Гэрчн: Би 2023 оны 01 дүгээр сарын 31-нд *******, нартай Сэлэнгэ аймгаас Дархан-Уул аймагт ирээд 2023 оны 02 сарын 01-ний өглөө Дархан сумын 13 дугаар баг “Сод” нэртэй буудалд өрөө аваад амарч байсан юм. *******, 2 буудлын караокед орж архи уусан. 21 цагийн үед би уг буудлын 2 давхарт өрөөндөө *******той хамт унтаж байсан чинь буудлын ресейпшн эгч хаалга цохиод хамт явж байсан найз чинь хүнтэй маргалдаад байна, өрөөнд нь оруулаач гэж хэлсэн. Тэгээд би босоод угаалгын өрөөнд орсон чинь Э.Алтанцоож өрөөнөөс гараад бид хоёрын байсан өрөөний өөдөөс харсан өрөөнд ороод буцаж өрөөндөө орж ирсэн байсан. ресейпшн эгч цагдаа дуудлаа, чи яаж байгаа юм бэ?” гэж Э.Алтанцоож, Б.Шинэбаяр хоёрт хэлж байсан. Э.Алтанцоож гадуур хувцсаа өмсөөд бид нарын өрөөний өөдөөс харсан өрөөнд байсан 1 эрэгтэй хүнээс уучлал гуйгаад байсан. Тэгж байгаад буудлаас гараад явчихсан. Тэгсэн манай өрөөний өөдөөс харсан өрөөнд байрлаж байсан эрэгтэй хүнтэй Э.Алтанцоож, Э.Шинэбаяр 2 маргалдсан юм шиг байсан. Яг юунаас болоод маргалдсан, юу болсон талаар би мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Гэрчын: 2023 оны 02 дугаар сарын 01-ний орой гэмтлийн тасгийн жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байхад 22 цаг өнгөрч байхад яаралтай тусламжаар хүлээн авах тасагт хатгагдсан шархтай цус алдалттай хүн ирсэн байна гэсний даруу очиж үзэхэд зүүн бугалганы урд дээд 3/1 дээр хатгагдсан шархтай, баруун далны хэсэгт хатгагдсан шархтай баруун далны доод ирмэгээр плеврын хөндий рүү нэвтэрсэн шархтай******* гэх нэртэй 40 настай эрэгтэй хүн байсан. Тухайн хүнд үүссэн шарханд хэсгийн мэдээ алдуулалт хийж цус тогтоох оёдол тавьж шарханд ариун боолт хийсэн. Тухайн хүний амины үзүүлэлтийг хянахад даралт унасан байсан учир шингэн сэлбэх, зүрх судас дэмжих эмчилгээ хийж гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Тухайн хүний биед үүссэн шархны зах ирмэгийг харахад хутганы шарх гэж үзэж байна. Өөрөө ч өвчтөн маань хүнд хутгалуулсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Гэрчын: Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр*******, нарын хамт Сэлэнгэ аймгийн Зэлтэр гэх нэртэй газар луу самранд яваад 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уулнаас бууж ирсэн. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дархан-уул аймгийн “Хараа” нэртэй зочид буудлын 404 тоот өрөөнд, ******* бид гурав 1 хоносон. Маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын “Сод” нэртэй зочид буудалд 204, 206 тоот өрөөг 1 хоногийн хугацаатай авсан. Энэ үед Даваа гэх ахыг дуудаад ******* бид гурав тухайн буудлын VIP өрөөнд 1 литрийн “Соёрхол” нэртэй архийг хувааж уусан ба цаг нь дуусаад нийтийн караокед ороод би сууж байгаад тасарчихсан байсан. Нэг мэдэхэд Даваа ахын хажууд 204 тоот өрөөнд хамт унтаж байгаад сэрсэн. Тэгээд би ******* ахыг хаана байгаа юм бол гээд хайгаад явж байгаад өрөө андуураад шал танихгүй эрэгтэй хүний өрөөнд яваад орчихсон. Тухайн үед нэлээн өндөр согтолттой байсан болохоор зарим болсон асуудлын сайн санахгүй байна. Нэг мэдэхэд тэр үл таних ахтай маргалдаад байх шиг байсан. Тэгэхэд ******* ах гаднаас орж ирээд үл таних эрэгтэй хүнтэй маргалдаад барилцаж аваад ноцолдож байхад нь би салгасан. Тэгээд салгаад ******* ахыг өрөө рүү нь оруулахад тухайн үл таних ах “танай найз чинь намайг хутгаар хатгачихлаа” гээд хашгирсан. Тухайн үед үл таних ах дээгүүрээ ямар нэгэн хувцасгүй цээж нүцгэн байсан ба нурууны ар, баруун дал орчмоос нь цус гараад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

Гэрчийн: Би өөрийн найз*******тай 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр уулзаад Дархан сумын 13 дугаар багт байрлах “Сод” зочид буудалд нэг өрөө аваад хоёулаа орсон. Тэндээ жаал архи пиво ууж байгаад*******ыг дуудсан.******* бид хоёр дээр ирчхээд буцаад яваад өгсөн. Тэгэхээр нь бид хоёр манай өрөөний хажуугийн өрөөнд байсан хоёр жаахан залуутай буудлын караокед орж сууж байгаад орой 18 цагийн орчимд би нэг залуутай хамт бас нэг өрөө аваад унтаад өгсөн. Орой 22 цагийн орчимд сэрээд өрөөндөө ороход*******,******* хоёр хамт сууж байсан. Миний араас надтай хамт караокед суусан бор царайтай залуу орж ирсэн. Тэгээд нэг мэдэхэд******* тэр залуу хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгэхэд өөдөөс харсан өрөөнөөс нөгөө бор залуутай хамт явж байсан намхан нуруутай шар царайтай залуу гарч ирээд тэр гурав хоорондоо зууралдаад байсан. Сүүлд гарч ирсэн шар царайтай залуу нь*******ыг газар унахад нь би хутгалчихлаа гэж бор царайтай залуудаа хэлсэн. Тэгэхэд******* газарт уначхаад найзыг нь хутгалчихлаа шүү дээ гэсэн. Түүний ар нуруунаас нь цус гараад байсан. Тухайн үед би уусан архиндаа согтоод зарим зүйлийг нь хагас дутуу санаад байна. Яг ямар хутга хаанаас гаргаж ирээд хатгасан талаар үнэхээр мэдэх зүйл байхгүй байна. Удалгүй эмнэлэг болон цагдаа нар ирээд*******ыг эмнэлэг рүү авч яваад цагдаагийн газар луу нөгөө хоёр залууг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаартай:

-*******ын биед баруун дал, цээжний баруун хажуу хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсэгт шархнууд тогтоогдлоо. Л.Батбаярын биед тогтоогдсон цээжний баруун хажуу хэсгийн шарх нь цээжний хөндийд нэвтэрч цээжний хөндийд цусан хураа үүсгэсэн байна. Дээрхи шархнууд нь хурц ир үзүүртэй багажийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Л.Батбаярын биед тогтоогдсон цээжний хөндийд нэвтэрч цусан хураа үүсгэсэн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Л.Батбаярын биед тогтоогдсон бусад хоёр шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.*******ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/,

Хохирогч******* нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 20-нийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-ийн 71-94/,

2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн:  *******ийг согтуурал шалгадаг багажаар үлээлгэн шалгахад 1,21 хувь гарсан болно гэх согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 95/,

Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн:  ...орой 22 цагийн орчимд буудлын коридорт хүмүүс орилоод байхаар нь гарч харахад 204 тоот өрөөний эсрэг талын өрөөнд Шинэбаяр үл таних эрэгтэй хүнтэй маргалдаж байсан. Би тэр үл таних эрэгтэй хүнтэй зууралдаж байгаад халаасанд байсан эвхдэг бор өнгийн иштэй хутгаар баруун дал хэсэгт нь 2 удаа, зүүн бугалга хэсэгт 1 удаа хатгасан... Өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний орой 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "Сод буудал караоке" нэртэй зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн*******тай маргалдсаны улмаас хутгыг зэвсэг болгон хэрэглэж түүний баруун дал, зүүн бугалган хэсэгт 2 удаа хутгалж хөнгөн гэмтэл, мөн цээжний баруун хэсэгт цээжний хөндий нэвтэрсэн шарх үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хохирогчийн эрүүл мэнд хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эхнээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргах зүйлгүй. Хохирол төлбөрийн тухайд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс ******* нь бусдад төлөх төлбөргүй гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: ******* нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хутга ашиглаж Батбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэж байна гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний орой 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод буудал караоке” нэртэй зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ*******тай маргалдаж, улмаар түүний баруун дал, зүүн бугалган хэсэгт хутгалж хөнгөн хохирол, цээжний баруун хэсэгт хутгалж цээжний хөндий нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор, 2.4 дэх хэсэгт зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгчийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шүүгдэгчийн санаатай үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******ын эрүүл мэндэд баруун дал, цээжний баруун хажуу хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсэгт шархнууд бүхий хүнд хохирол учирсан ба хохирогч нь “...шүүдэгч надад 500,000 төгрөг бэлэн мөнгөөр өгсөн. Мөн өмнө нь эмчилгээний зардал 270,000 төгрөг өгч байсан. Одоо надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцлоо.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заажээ.

Шүүгдэгч ******* нь олон нийтийн газар биедээ хүйтэн зэвсэг авч яван хүний эрүүл мэндэд учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өмнө нь удаа дараа ял шийтгүүлж, хорих ял эдэлж байсан боловч засарч хүмүүжээгүй гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь 2023 оны 02 дугаар сарын 17-ноос 2023 оны 04 дүгээр сарын 18-ныг хүртэл нийт 60 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 60 хоногийг эдлэх ялаас хасаж тооцох зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт 22 см, ажлын хэсгийн урт 10 см, бариулын  урт 12 см, бариул хэсэг рүү ажлын хэсэг нь эвхэгдэж ордог, шар өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт Энхболдын*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг эдлэх ялаас хасаж тоолсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт 22 см, ажлын хэсгийн урт 10 см, бариулын урт 12 см, бариул хэсэг рүү ажлын хэсэг нь эвхэгдэж ордог, шар өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР

                                                 ШҮҮГЧ                               Н.ИДЭР

                                                  ШҮҮГЧ                  Б.ГЭРШИХБӨРТЭ