Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 207

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х банканд холбогдох иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З-, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Ар-/Улаанбаатар хотоос онлайнаар/, Ү-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х- банкны Баян-Өлгий салбарын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Х- банкны Баян-Өлгий салбарын Сагсай тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Х- банкны Баян-Өлгий аймаг дахь Захирлын “ажилд томилох тухай” 160 тоот тушаалаар “теллер”-ийн албан тушаалд томилогдож, 2013 оны 01 сар хүртэл 5 жил 4 сар тус байгууллагад “теллер”-ийн албан тушаалд, 2013 оны 01 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Х- банкны Баян-Өлгий аймаг дахь Салбарын захирлын “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/17 тоот тушаал гарах хүртэл 6 жил “ахлах теллер”-ийн албан тушаалд ажилласан юм. А- миний бие 2007 оны 8 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 18-ныг хүртэл банкны Баян-Өлгий аймаг дахь Х- банкны Салбарын Сагсай тооцооны төвд нийт 12 жил “теллер”, “ахлах теллер”-ийн албан тушаалыг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, зөрчил дутагдалгүй хийж ирсэн, туршлагатай албан хаагчийн нэг билээ. Гэтэл Х- банкны Баян-Өлгий аймаг дахь Салбарын Захирлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/17 тоот тушаалаар А- намайг Сагсай тооцооны төвийн ахлах теллерийн “албан тушаалаас халах” сахилгын шийтгэл ногдуулж, Хөдөлмөрийн гэрээг цуцалсныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэг: Хөдөлмөрийн хууль болон Х- банкны Банкс програм, Ёс зүйн дүрэм, дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчөөгүй талаар:

1. Х- банкны Сагсай тооцооны төвийн харилцагч Ө-гэгч 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр миний эх Ал-аас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны хүртэл 4 сарын хугацаатай 6000000 (зурган сая) төгрөгийг хүүтэй зээлсэн байгаа юм. Зээлдэгч Ө-нь Зээлдүүлэгч Ал-аас зээлсэн 6000000 (зурган сая) төгрөгийн 2000000 (хоёр сая) төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 08-нд Мобайл банкаар, 100000 (нэг зуун мянган) төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 15-нд мөн мобайл банкаар, 2018 оны 11 дүгээр сарын 11-нд 1.0 сая төгрөгөөр үнэлж идэшний адуу өгч, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бэлэн 2000000 (хоёр сая) төгрөгийг зээлдэгч Ал- нь Өлгий хотод амьдардаг тул А- намайг ажил дээр байхад бэлнээр авч ирж, миний ээж Ал-д өгөхийг хүссэн ба зээлдэгч Ө-нь эхнэр Б-амаржиж байгаа тул ойрын үед банканд ирж гүйлгээ хийх боломжгүй гэж зээлийн үлдэгдэл 900000 (есөн зуун мянган) төгрөгийг Хадгаламжийн хугацаа дуусах 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгч Ал-ы дансанд шилжүүлж, тэр хүний үндсэн зээлийг барагдуулахыг надаас хүсч, Ө-өөрөө дахин дахин тооцооны төвд ирэх боломжгүй болох талаар учирлаж, мөнгөний шилжүүлгийн баримтад гарын үсэг зурж, 900000 (есөн зуун мянган) төгрөг шилжүүлэхийг надад даалгаж явсан юм. А- миний бие 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ө-даалгаврыг биелүүлж, түүний зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан “мөнгөн шилжүүлэг”-ийн баримтыг үндэслэж, 900000 (есөн зуун мянган) төгрөгийн шилжүүлгийг зохих журмаар зээлдүүлэгч Ал-ы дансанд шилжүүлсэн үйлдэл нь ямар нэгэн хууль тогтоомж, банкны системд мөрдөгдөж буй журмыг зөрчөөгүй болно.

Харилцагч Ө-өөрийн гарын үсэг нь банкны шилжүүлэг болон, тус тооцооны төвийн “Камерийн бичлэг”-ээр нотлогдож байна. 2.Иргэн Ба-нь миний эх Ал-тай тохиролцож 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 3500000 (гурван сая таван зуун мянган) төгрөгийг 7 хоногийн хугацаагаар зээл авсан боловч, хугацаанд төлж өгөлгүй, байсаар сүүлд хүүтэй төлөхөөр тохирсон юм байна. Уг Ал-аас авсан зээл 3500000 төгрөгийг хүүгийн хамт 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ба-нь өөрөө авч ирж надад бэлнээр өгч, манай ээж Ал-д өгчих гээд баярлаж талархсаныг хэлж, удаан хугацаагаар төлж өгөөгүй явдалд ээжээс уучлалт хүсч байгааг илэрхийлж явсан юм.

Харин Ба-энэхүү 3500000 төгрөг зээлсэн явдал нь иргэд хоорондын зээлийн асуудал бөгөөд Х- банкны тооцооны төвөөр дамжаагүй, Иргэд хооронд байгуулсан зээлийн гэрээ, хэлцэл тул А- миний хөдөлмөрлөх үйл ажиллагаанд ямар ч холбогдолгүй юм. Иргэд өөрсдийн хувийн мөнгийг захиран зарцуулах эрх нь нээлттэй бөгөөд Ба-нь Ал-аас авсан зээлийг төлсөн явдалд А- намайг буруутгах боломжгүй юм. Мөн харилцагч Ба- нь ямар нэгэн гомдол гаргаагүй болно. Миний ээж Ал- нь мөнгө төгрөгөөр гачигдаж, мөнгө олохгүй зовж байхад X.Ба-ад сайхан сэтгэл гаргаж мөнгөө зээлдүүлж өгсөн нь X.Ба-ад тухайн үед тус болсон хэрэг билээ. Иргэд хоорондын зээлийг миний ажил үүрэгт холбогдуулан хариуцлага тооцож байгаа нь А- миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл юм. 3.Ингэж иргэд Ө-, Ба-нарын миний ээж Ал-аас зээлсэн мөнгийг буцаан төлсөн үйлдэлтэй холбоотой “Иргэд хоорондын зээл”-ийг А.А- миний ажил төрлийн байдалтай холбогдуулан “Ажлаас халах" сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4; 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг ноцтой зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хоёр: Х- банкны захирлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/17 тоот тушаалын “Үндэслэх” хэсэгт баримталсан “Банкс програм”-ын баримталсан заалт, Ёс зүйн дүрмийн болон Хөдөлмөрийн дотоод журмын, Хөдөлмөрийн гэрээний заалтууд нь А.А- надад “зөрчилд” тооцож буй үйлдэлд огт хамааралгүй болно. Тухайлбал: 1. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тухай 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/17 тушаалын үндэслэх хэсэгт баримталсан Х- банкны банкс программын заалтууд болон дүрэм, журмын заалтуудыг А.А- миний бие зөрчөөгүй бөгөөд хамааралгүй заалтуудыг баримталж “ажлаас халах” шийтгэл ногдуулсныг зөвшөөрөх боломжгүй байна. 2.Х- банк буюу ажил олгогчийн зүгээс зөрчлийг шалган тогтоогоогүй байгаа ба Х- банкны Сагсай тооцооны төвийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил гараагүй, иргэд хоорондын зээлийн төлбөрийг барагдуулсан үйл ажиллагаанаас үүдэлтэй маргаанд “сахилгын шийтгэл” ногдуулсан байх тул шүүхэд гомдол гаргаж байна. Иймд 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар “Х- банкны Баян-Өлгий аймаг дахь Салбарын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож, А- намайг Х- банкны Сагсай тооцооны төвийн ахлах теллерийн албан тушаалд эргүүлэн тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч А- шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Тус шүүхэд Х- банкны Баян-Өлгий салбарын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож, Х- банкны Баян-Өлгий салбарын Сагсай тооцооны төвийн ахлах теллерийн албан тушаалд эргүүлэн тогтоож өгөх тухай шийдвэр гаргаж өгөх тухай нэхэмжлэл гаргасан. Ба-, З-нар тооцооны төв хариуцсан Ү-д авсан зээлийн талаар буруу тайлбарласан байна. Ү- намайг хүчээр буруутгасан. Х- банкны 1800-1917 утас руу гомдол гаргахдаа 2, 3 удаа Сагсай тооцооны төвд гэж гомдол гаргасан байна. Гомдол гаргаж байгаа 2 хүн Сагсай тооцооны төвд ирж гомдол гаргаж байгаагүй. Гомдол Х- банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын тооцооны төв хариуцсан менежер Ү-д ирсэн байна. Тиймээс зохион байгуулалттай хэрэг гэж үзэж байгаа. Х- банкны 1800-1917 утас руу гомдол гаргасан хүн Засаг дарга Х-ын өөрөө. Х-ын хоолойн бичлэг, утасны дугаар 99428575 гэдэг өөрийн утсаар ярьсан нь нотлогдож байгаа. Гомдол мэдүүлэгтэй “манай дүү монгол хэл мэдэхгүй учраас би өмнөөс нь ярьж байна гэж сүүлд би ахынхаа утсаар ярьж байна гэж худлаа ярьсан” 1800-1917 утас руу мэдүүлсэн гомдлыг цаасанд буулгасан байгаа. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа холбоотой ярихад Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт 40.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан. Үүнд тайлбар хэлэхэд би сахилгын зөрчил давтаж гаргаагүй хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан зөрчил гаргаагүй, иймээс уг заалт холбогдолгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 131.3.Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж байгаа. Энэ огт үндэслэлгүй би өмнө нь сахилгын шийтгэл авч байгаагүй. Надаас шат дараалсан арга хэмжээ авах ёстой байсан тэрийг аваагүй. Би ажлын байранд архи уугаагүй, ажил таслаагүй ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй тиймээс огт үндэслэлгүй гэж үзэж байгаа. Би 4 дүгээр улиралд төлөвлөгөөг 120%-иар биелүүлсэн байгаа.

Х- банкны дотоод журмын 9.2.3 дахь ажлаас халах гэсэн заалт байгаа. Хөдөлмөрийн гэрээний дотоод журмын 9.2.3 дахь заалтад бас ажлаас халах гэсэн заалт байгаа. Хөдөлмөрийн гэрээний 5.7-д ноцтой зөрчил гэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан зөрчлийг гаргасан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зөрчил гаргаагүй бөгөөд тэр хүмүүсийн хүсэлтээр гарын үсэг зурж өгсөн баримтаар гүйлгээг хийж өгсөн. Дараагийн зөрчил 1: Орон нутгийн иргэдийн банкны Баян-Өлгий аймгийн орон нутгийн салбарын Сагсай тооцооны төвийн ахлах теллер А-нь ажлын байрны давуу тал эрх мэдлээ ашиглан ээжийнхээ өр төлбөрийг барагдуулах зорилгоор харилцагч өөрийн биеэр банканд ирээгүй байхад түүний данснаас зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн гүйлгээ хийсэн гэж байна. Энэ нь ээжийн өрийг барагдуулах асуудал биш энэ нь иргэд өөрсдөө банкаар дамжуулан өөрсдийн хадгаламжид байгаа мөнгөөр зээлээ төлж байгаа. Үүнд миний хувьд давуу тал, эрх мэдлээ ашигласан зүйл огт байхгүй. Х- банкны банкс программ ашиглах технологи журмын хориглох зүйлийн 1.4 гэж байна. Энэ Х- банкны хориглох зүйл биш энэ нь мэдээллийн аюулгүй байдлын заалт гэж байдаг. Тэрний 1.4-д технологи дарааллыг алдагдуулан гүйлгээ хийсэн гэж байна. Гүйлгээг технологийн дагуу дэс дарааллаар хийсэн. Өмнө нь хугацаатай хадгаламж барьцаалсан зээлийг хаахдаа хугацаатай хадгаламжаас шууд хаадаг байсан. Сүүлд орсон банкс программын өөрчлөлтөөр заавал харилцах данс руу дамжуулж байж хаагддаг болсон. Тиймээс тухайн үед Ө-ийн харилцах данс хугацаагүй хадгаламжийн дансыг түүний хамтран эзэмшдэг эхнэр нь Б-гийн данс руу шилжүүлэн дэвтэртэй гүйлгээ хийсэн. Гарын үсэг зурж өгсөн баримтаар нь Б-гийн данснаас зээлийг хаасан байгаа. Тухайн үеийн 2 шилжүүлгийн баримтыг авахуулсан тэрийг харж болно. Банкс программын 1.8-д Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр түүний дансанд зөвшөөрөлгүй хандсан асуудал огт байхгүй. Би тэр хүний зөвшөөрлөөр гарын үсэг зурсан шилжүүлгийн баримтаар гүйлгээ хийж өгсөн. Ө-ээс нэг ч төгрөг илүү шилжүүлээгүй зөвхөн хэлсэн дүнгээр нь шилжүүлэг хийсэн. Банкс программын 3.4.1-д харилцах хугацаагүй хадгаламжийн данснаас шилжүүлгийн дэвтэргүй гүйлгээ хийх гэж байгаа. Би гүйлгээг дэвтэртэй хугацаатай хадгаламжийн данснаас хийсэн энэ огт холбогдолгүй заалт байна. Х- банкны ёс зүйн дүрмийн заалтын 5.1.1-д өөрийн ажил үүргээ гүйцэтгэхдээ Монгол Улсын хууль тогтоомж тэдгээрт нийцүүлэн банк болон бусад холбогдох байгууллагаас гаргасан бодлого журам, дүрэм, заавар, гэрээг шанд мөрдөж тэдгээрийн агуулга зорилгод нийцүүлэн ажиллах бөгөөд аливаа шударга бус хуульд харш зөрчилтэй үйлдлээс татгалзана гэж байна. Би ажил үүрэг гүйцэтгэхдээ дээрх ёс зүйтэй холбоотой асуудлыг огт зөрчөөгүй. 5.2.1-д Монгол Улсын хууль тогтоомж тэдгээрт нийцүүлэн гаргасан банкны эрх зүйн акт хөдөлмөрийн гэрээ контрактаар хүлээсэн ажил үүргээ өөрийн мэдлэг ур чадвараа дайчлан мэргэжлийн өндөр түвшинд үнэн ч шударгаар биелүүлж ажиллана гэж байна. Би хууль тогтоомжийн хүрээнд дээрх заасан эрх зүйн актуудын хүрээнд бүх хүчээ дайчлан үнэнч шударгаар ажиллаж ирсэн ба Х- банкны системд тасралтгүй 12 жил ажилласан. Би ийм зөрчил огт гаргаагүй Ө-гэдэг хүний хүсэлтээр нэг л гүйлгээ хийсэн. Би энд эрх мэдлээ ашиглаж банкны эд хөрөнгө мэдээ мэдээллийг ашигласан зүйл огт байхгүй.

Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.1. ажилтан ажилтны ажил үүргийн дагуу нарийвчилсан зохицуулсан дотоод эрх зүйн хэм хэмжээнд ажилтанд хориглосон заалтыг зөрчих гэж заасан байна. Би ажлаа хориглосон, зөрчсөн асуудал байхгүй би ажил үүргийн хүрээнд хийсэн. 4.3.12 ажилтны ажил үүргийн хүрээнд хамтран ажиллах болон харилцагч байгууллага гэрээт байгууллагаас аливаа хэлбэрээс санхүүгийн дэмжлэг зээл тусламж авах хувийн зорилгоор аливаа шийдвэр гаргуулах нөлөөлөх энэхүү үйлдлийг ашиглаж хийх би ажлаа гүйцэтгэхдээ хамтран ажиллах байгууллагаас шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Мөн ажил үүргийн хүрээнээс бусад үед энгийн хүн учраас хүмүүст харилцахдаа давуу талаа ашигласан зүйл байхгүй. Надад ажлын эрх мэдэл давуу тал гэж байхгүй, би зөвхөн борлуулалт үйлчилгээний ажилтан. Х- банкны бүтээгдэхүүнийг харилцагчдад борлуулах, харилцагчдад үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй хүн учраас надад эрх мэдэл байхгүй ба харилцагчийн итгэх итгэлд нөлөөлсөн зүйл огт хийгээгүй. Дээрх гүйлгээг хийснээс болж харилцагчдын итгэлд нөлөөлсөн зүйл байхгүй. 4.4.2 Х- банкны ёс зүйн дүрэмд хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ зөрчилтэй адилтган ноцтой зөрчлийг гаргасан гэж байна. Би ийм зөрчил гаргаагүй. 4.4.3 ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр албан тушаалын эрх мэдэл ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах бусдад ашиглуулсан гэж байна. Шан харамж авсан хувьдаа үйлчилгээ хийлгэсэн банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан хэрэглэсэн буюу бусдад зориуд завшуулсан, хэрэглүүлсэн, банкны өмч хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хувийн сонирхлоор бусдын бизнесийг дэмжсэн гэх мэт. Аливаа үйлдэл эс үйлдэл гаргасан эсхүл гэмт хэргийн шинж чанартай үйлдэл, эс үйлдэхүй гаргах гэж байна. Би дээрх заалтыг огт зөрчөөгүй, ажил олгогчийн хүлээлгэсэн итгэлийг өөрийн зүтгэл хийсэн ажлын үр дүнгээр харуулж ирсэн. 4.4.12 харилцагчид аливаа байдлаар нөлөөлөх, гуйх, дарамт шахалт үзүүлэх харилцагчийг хуран мэхлэх, дарамт шахалт үзүүлсэн харилцагчийг хуран мэхлэх харилцаа үүсгэх гэж заасныг зөрчөөгүй.

Ажлын байрны тодорхойлолтын 2.1-д Монгол Улсын хууль тогтоомж Х- банкны бодлого журам тушаал шийдвэр эрх зүйн актуудыг ажил үүрэгтэй мөрдөн ажиллах хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих гэж тусгаснаар ажиллаж, хэрэгжилтэд хяналт тавьж ирсэн. Эдгээр эрх зүйн актуудыг зөрчсөн асуудал байхгүй. 2.27-д өөрийн ажил үүргийн хүрээнд учирсан болон учирч болзошгүй аливаа эрсдэлийг буруулах урьдчилан сэргийлэх зайлсхийх арга хэмжээ авахын зэрэгцээ банканд тохиолдсон болон тохиолдож болзошгүй эрсдэлийн талаар мэдээлэх гэж байна. Би  дээрх заалтуудыг мөрдөж ажиллаж, учирч болох эрсдэлийн талаар урьдчилан танилцуулж байгаа. Уг заалт дээрх гүйлгээтэй ач холбогдолгүй зүйл байна.

Хөдөлмөрийн гэрээний 3.2.6-д ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг Х- банкны холбогдох дүрэм журам заавар бодлогод зааснаар хийж гүйцэтгэх ба дүрэм, журам, заавар хэм хэмжээ түүний өөрчлөлтийг тухай бүрд нь уншиж танилцах шаардлагатай бол өөрчлөлт оруулах санал өгөх үүрэгтэй гэж байна. Би ажлын байрны тодорхойлолтод заасанчлан ажил үүргээ дүрэм журмын хүрээнд хийж гүйцэтгэсэн. Дүрэм журамтай холбоотой санал өгөх үүрэг гэдэг нь уг гүйлгээтэй хамааралгүй заалтыг бичсэнийг ойлгохгүй байна. 3.2.9-д Х- банкны ёс зүйн дүрэм, Х- банкны хөтөлбөрийн дотоод журам болон банкны бусад эрх зүйн хэм хэмжээг ажил үүргээ гүйцэтгэх болон банкийг төлөөлөн ажиллахад мөрдөх эдгээр эрх зүйн актад ажилтанд үүрэг болгосон хориглосон зүйл заалтыг зөрчихгүй байх. Би уг эрх зүйн актуудад заасан зөрчлийг огт гаргаагүй. Хөдөлмөрийн гэрээний 5.7.1-д Х- банкны эрх ашиг сонирхолд харшаар нөлөөлөх харилцагчийн банканд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэх үйлдэл гаргасан. Би харилцагчийг хүндэтгэж, харилцагч өөрөө учир байдлаа хэлж гарын үсэг зурж өгсөн учраас гүйлгээг хийж өгсөн. Үүнд ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Намайг буруутгаж ажлаас халсан асуудал миний хүрээний харилцагчид мөн миний банканд татсан харилцагчдын итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байгаа. Эрхэм шүүгчээс болсон үйл явдлыг бодит үнэнээр нь шүүж өгөхийг хүсэж байна. Мөн гэрчээр мэдүүлэг өгсөн хоёр хүн миний ээжийг огт танихгүй гэсэн. Ү- даргын бичсэн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тодорхой бичсэн байна. “Та нар А-ийн ээжээс яагаад асуугаагүй вэ? гэхэд, А-ийн ээжээс мөнгө зээлсэн болохоор хүн чанар гаргаж хэлээгүй гэж ” өөрсдөө тодорхой хэлсэн. Одоо болохоор А-ээс авсан гэж худлаа мэдүүлэг өгч байгаа.

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ө-зээл авахад энэ зээлийг манай теллер гаргасан байна. Теллер хадгаламжийн дуусах хугацааг буруу тавьсан байна. Хадгаламж барьцаалсан зээлийн тухай бодлоо журамд хадгаламжийн дуусах өдөртэй зэрэгцэж хадгаламж барьцаалсан зээлийн төлөх хуваарийг тавих ёстой. Би 12 дугаар сарын 23-нд хадгаламжийн хугацаа дуусаж байсан учраас 12 дугаар сарын 24-нд гэрээг цуцалсан. Ажил байдлын тодорхойлолтод байгаа ахлах теллер учраас хяналт тавих үүрэгтэй. Хэрвээ би 12 дугаар сарын 25-ны өдөр  төлүүлсэн бол харилцагч нэг өдрийн мөнгө илүү төлж, 7000 төгрөгөөр хохирох байсан. Би харилцагчийг хохирохгүйн тулд 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээг цуцалж, гүйлгээг хийсэн. Нэгэнт гэрээ хийж гарын үсэг зурсан бол нөгөө хүн заавал тухайн өдөр ирж гарын үсэг зурах шаардлагагүй. Тооцооны төвийн эрхлэгч К-аас 900000 төгрөгийг шилжүүлсэн талаар тодруулсан байгаа. Мөн Ба-ын 2018 оны 11 дүгээр сарын 05-нд 36 сарын тэтгэврийн зээл гаргахдаа зээлээ бичиж, эрхлэгчид гарын үсэг зуруулсны дараа  зээл гаргадаг. З-гэдэг хүн гэрчээр мэдүүлэг өгөхдөө А-, Ү-, Бт- нарыг танихгүй гэсэн мөртлөө дараа нь би А-ээр дамжуулан ээжээс нь мөнгө авсан гэдгийг хэлсэн. Эдгээр хүмүүс огт гомдол гаргаагүй байсан. Иймд Х- банкны Баян-Өлгий салбарын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Х- банкны Баян-Өлгий салбарын Сагсай тооцооны төвийн ахлах теллерийн албан тушаалд эргүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Х- банкны Баян-Өлгий салбарын захирал Л.Бт- шүүхэд гаргасан тайлбартаа: А-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 40.1.4, 131.1.3, Х- Банкны Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэн ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. А- нь ажлын байрны давуу тал, эрх мэдлээ ашиглан ээжийнхээ өр төлбөрийг барагдуулах зорилгоор харилцагчийг өөрийн биеэр банканд ирээгүй байхад түүний данснаас зөвшөөрөлгүйгээр дур мэдэн шилжүүлгийн гүйлгээ хийсэн, мөн энэхүү зорилгоор тэтгэврийн зээл авсан харилцагчийн данснаас шилжүүлгийн гүйлгээ хийж Банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан. Энэхүү зөрчил нь шалгалтаар илэрч, нотлох баримтуудаар нотлогдсон байна. Нэхэмжлэгч А-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтад ажилтан нь сахилгын ноцтой зөрчлийг гаргавал хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан ба талууд тохирч А- үүнийг хүлээн зөвшөөрч Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж ажил үүргээ гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээ цуцлахыг ажил олгогчид зөвшөөрсөн байдаг. Иймд Х- Банкны Баян-Өлгий салбарын захирлын 2019 оны 01 сарын 18-ны өдрийн Б/17 тоот тушаал хууль тогтоомжийн дагуу гарсан хуульд нийцсэн тул А-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Х- банкны Баян-Өлгий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү- шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Гомдолтой холбоотой хэлэхэд 18001917 утас нь харилцагчийн статустай мэдээллийн төв ажилладаг. Тэнд ганцхан манай Баян-Өлгий аймгийн гомдлыг авч хэлэлцдэг биш 21 аймаг бүх Х- банкны тооцооны төвийн салбаруудын харилцагчдын санал гомдлыг авч шийдвэрлэдэг үүрэгтэй газар. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сагсай сумын иргэн Ө- Х- гэдэг хүнээр дамжуулан харилцагчийн төв 18001917 утас руу гомдол гаргасан байна. Ямар гомдол гаргасан нь СД бичлэг тайлбартайгаа хавтас хэрэгт байгаа. 18001917 утас руу мэдэгдсэн гомдол гомдлын программд бүртгэгдэж шууд тухайн гомдол гарсан аймаг руу ирдэг. Манай Баян-Өлгий аймагт захирлын зөвлөлийн хаягаар ирдэг тэрний дагуу бид нар гомдлыг шалгах үүрэгтэй. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сагсай сумын гомдол гаргасан харилцагчдад очиж гомдлын дагуу шалгасан. Үүнд бас онцолж хэлэхэд  банк ямар нэгэн улс төрийн байгууллага биш бид нар хувийн хэвшлийн байгууллага. Бид нар харилцагчдын санал гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэдэг үүрэгтэй. Нэхэмжлэгч А- хэлэхдээ Ү-, Х-тай тохиролцож хүчээр буруутгасан байна гэсэн. Би Х-ыг гаднаас нь танина ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй. Ямар нэгэн  нотлох баримтгүйгээр хүнийг гүтгэх юм бол хуулийн өмнө хариуцлага хүлээнэ. Хэрвээ би Х-тай ямар нэгэн тохироо хийж А-ийг буруутгасан бол нотлох баримтаа гаргаж ирж болно. 

Ө-ийн гомдол нь “би банканд ирээгүй байхад миний данснаас шууд гүйлгээ хийсэн” гэж гомдол гаргасан. Би тэрний дагуу Ө-ийн гомдлыг шалгахад 2018 оны 12 сарын 24-ний өдөр харилцагч Ө-банканд ирээгүй байхад гүйлгээ хийсэн нь нотлогдож мөн энэ нь камерын бичлэгт тодорхой байгаа. Ө-А-ийн ээжээс 6000000 төгрөг авсан нь үнэн, авахдаа А-ээр дамжуулан авсан. Ө-2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2000000 төгрөг авчирч өгөхдөө хоосон шилжүүлгийн баримтад гарын үсэг зуруулж авсан нь  камерын бичлэгээр харагдаж байгаа. Харилцагч банканд ирээгүй байхад гүйлгээ хийж болохгүй гэдэг банкны журмыг А- өөрөө сайн мэдэж байгаа. Хоосон баримтад гарын үсэг зуруулж, ээжийнхээ данс руу шилжүүлсэн нь нотлогдож байгаа. А- Ө-1991 оноос хойш Х- банкны харилцагч байсан гэсэн тайлбарт эргэлзэж байна гэсэн. Бид нар харилцагчийн тайлбарыг өөрчлөх эрх байхгүй. Ө-ийг гаргасан тайлбарыг би дүгнэлтэд оруулсан. А-ийн хамгийн гол гаргасан зөрчил нь банканд харилцагч ирээгүй байхад гүйлгээ хийсэн нь нотлогдож байгаа. Тэрний дагуу гомдлыг барагдуулсан. Дараа нь А- өөрөө хүлээн зөвшөөрч ээжийнхээ данс руу хийсэн 900000 төгрөгийг өөрөө дахиад Ө-ийн дансанд шилжүүлж өгсөн. Тухайн үед А-т хэрвээ ямар нэгэн буруу байвал харилцагчийн гомдлыг барагдуул гэж хэлж байсан. Сагсай тооцооны төвийн эрхлэгчийн өрөөнд сууж байхад А- буруу хийснээ хүлээн зөвшөөрч 900000 төгрөгийг өөрийн утаснаас ээжийнхээ интернет банкны нууц кодыг ашиглан шууд Ө-ийн дансанд шилжүүлж гомдлыг барагдуулсан.

Дараа нь харилцагч Ба- гэдэг хүнээс А- харилцагчдад өндөр хүүтэй мөнгө зээлж, буцааж авдаг. Ба- гэдэг хүнд мөнгө зээлж, дараа нь төлүүлж авахад илүү мөнгө авсан гэсэн гомдлын дагуу шалгаж иргэн Ба-ын гэрт очсон. Очиход Ба-, эхнэр, хүүхэдтэйгээ сууж байсан. Би гомдлын дагуу явж байгаа талаар учир байдлаа танилцуулж, “та бүхэнд ямар нэгэн санал гомдол байвал шалгаж дүгнэлт гаргадаг гомдол санал байна уу?” гэж асуухад, “Ба-, эхнэр хоёр нь дуугүй сууж байхад, Ба-ын хүүхэд нь та нар яагаад хэлэхгүй байгаа вэ? бид нар А-т гомдолтой байгаа. А- бид нараас илүү мөнгө авчихсан” гэж хэлсний дараа Ба- “бид нар А-ээс 2018 оны 06 сарын 26-ны өдөр 3500000 төгрөгийг зээлээр авсан. Дараа нь 7 хоногийн хугацаанд өгч чадаагүй 2018 оны 10 сард өндөр настны тэтгэвэрт гарч  тэтгэврийн зээл 70756000 төгрөг авч байсан. Тэтгэвэрт гарахаас өмнө тахир дутуугийн групп авдаг байсан. Тэр группийн зээлд 5634000 төгрөгийг авч надад 700700 төгрөг өгсөн. Бид нар А-т 2-3 удаа очиж “А- чи илүү мөнгө авсан байна буцааж өгөөч гэхэд өгөөгүй байсан гэж гомдлоо Казахаар бичиж өгсөн. А- тайлбартаа  Ү- харилцагч Ба-ад хүчээр бичүүлж авсан байна гэж хэлсэн. Би тийм хүч хэрэглэдэг хүн биш. Хэрвээ би хүчээр бичүүлсэн бол тэр доор нь яагаад сумын цагдаагийн газарт мэдүүлээгүй вэ? тэд өөрсдөө  хэний ч шахалтгүйгээр бид нар гомдолтой байна гэж бичиж өгсөн. Дараа нь А-ийн өөрт нь танилцуулж эхний гомдол Ө-ийн гомдол чи өөрөө хүлээн зөвшөөрсөн, одоо иргэдээс гомдол ирсний дагуу Ба-аас очиж лавлахад, “Ба-, эхнэртэйгээ хамт банкнаас 36  сарын хугацаатай тэтгэврийн зээл авсан байна. Мөнгө аваад явахад А- ээжийнхээ зээлсэн мөнгийг Ба-аас авч үлдсэн байна. Үүнийг А- тайлбартаа өөрөө ч тодорхой бичсэн. Тухайн үед А- өөрөө хүлээн зөвшөөрч ээжийнхээ мөнгийг авч үлдсэн гэсэн учраас би камерын бичлэгийг шалгаагүй. Сагсай тооцооны төвийн эрхлэгчийн өрөөнд эрхлэгч, А-, би, Ба- бүгд сууж “А-т Ба-ын гомдлын талаар ярьж, гомдлыг барагдуулж өгнө үү? ” гэж хэлэхэд А- өөрийнхөө ээжтэй Ба-ын асуудлын талаар ярьж илүү авсан 2100000 төгрөгийн 1400000 төгрөгийг шилжүүлж, үлдсэн 700000 төгрөгт үлдэгдэл хүрэлцээгүй учраас дараа нь олж өгнө гэж баримт бичиж өгч байсан. А- тайлбартаа намайг дарамталж хүчээр шилжүүлж авсан гэсэн тийм зүйл болоогүй. А- гаргасан зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч миний гаргасан зөрчлийн дүгнэлтэд гарын үсгээ зурж өгсөн. Бид нар А-т хүч хэрэглэсэн зүйл байхгүй гэв.

Хариуцагч Х- банкны Баян-Өлгий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ар-шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Нэхэмжлэгч А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Х- банкны Баян-Өлгий салбарын Сагсай тооцооны төвийн ахлах теллерийн албан тушаалд эргүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж байгаа. Энэхүү хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал хуульд нийцсэн тушаал. Яагаад гэвэл А- Сагсай тооцооны төвд ахлах теллерээр ажилладаг ажилтны хувьд ажил үүргээ хууль тогтоомжийн хувьд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод дүрэм, банкны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээний үйл ажиллагаагаа гүйцэтгэх үүрэгтэй. А- өөрөө хэлэхдээ надад эрх мэдэл байхгүй, би дарга, захирал биш гэж тайлбарлаад байгаа. Мөн өөрөө олон жил ажилласан мундаг чадвартай ажилтан гэж тайлбарлаж байгаа хэдий ч өөрийнхөө ажил мэргэжлийн эрх мэдлийн тухай  хайнга сонин тайлбар өгч байгаад нь гайхаж байна. Заавал дарга, захирал байсан хүн эрх мэдэлтэй байдаг биш ахлах теллер, теллер, үйлчлэгч хүртэл өөрийнхөө ажлын байранд ногдсон эрх мэдэл албан тушаалын давуу талууд байдаг. А-т ямар давуу тал эрх мэдэл байгаа гэвэл ахлах теллерийн ажлын байранд банкны нэрийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж тухайн банкны программд орж, гүйлгээ хийж, харилцагчийн ямар зээл авч байгаа тухай зээлийн  бүх мэдээллүүд байгаа. Энэ чинь өөрөө тухайн албан тушаалд ногдож байгаа эрх мэдэл давуу тал. Хэрвээ А- өөр ажлын байранд явж байсан бол Ө-ийн зээл авсан тухай Ба- нарын зээл авсан тухай мэдэхгүй гүйлгээ хийх ямар ч эрх мэдэл боломж байхгүй байх байсан.  Энэхүү эрх мэдлээ ашиглаж  Ө-гэдэг харилцагчаар гүйлгээ хийх гэж ирэхэд нь хоосон баримтад гарын үсэг зуруулаад авсан гэж байна үүнийг өөрөө ч тайлбарлаж байгаа. Чи яагаад харилцагчид хоосон баримтад гарын үсэг зуруулж авч байгаа вэ? энэ чинь өөрөө эрх мэдлээ ашиглаж байгаа үйлдэл. Харилцагчийн орлого, зарлагын гүйлгээ гэдэг чинь өөрөө журамлагдсан байдаг. Банкны программ ашиглах журам байгаа. Харилцагч өөрөө ирж, иргэний үнэмлэхээ шалгуулж тэрний дагуу гүйлгээ хийж байгаа ахлах теллерийн хувьд гүйлгээ хийж байгаа банкс программ руу орж энэ хүний данс мөн байна гэдгийг нотолж холбогдох гүйлгээг хийж өгөөд тухайн баримтад бүх он, сар, өдөр, нэрийг нь тавьж харилцагчид нэг хувийг өгдөг. Технологи дараалал ямар дараалал хийгдэх ёстой вэ? гэхэд, харилцагч ирсний дараа бүх юмыг дэс дараалалтай хийснийг технологийн дараалал гэдэг. Гэтэл харилцагч ирээгүй байхад хоосон баримтад гарын үсэг зуруулж дураараа харилцагчийн данснаас мөнгө шилжүүлээд авдаг. Энэ чинь өөрөө технологи дараалал алдагдуулж байгаа. Харилцагч өөрөө мэдээгүй байхад тэрийг ашиглаж хоосон баримтад гарын үсэг зуруулж харилцагч зөвшөөрөөгүй байхад гүйлгээ хийсэн үйлдэл мөн. Тийм учраас харилцагч Ө-миний зөвшөөрөөгүй байхад гүйлгээ хийсэн гэж гомдол гаргасан байна. Энэ чинь эрх мэдлээ ашиглаж харилцагчийн зөвшөөрөлгүй гүйлгээ хийсэн тодорхой байна. Мөн Ба-, З-нар А-ээс 3500000 төгрөгийн зээлийг 10%-ийн хүүтэй авч   зээлээ  төлж чадаагүй гэж байгаа. Үүнийг иргэд хоорондын зээл манай ээжээс авсан гэж байна. Хэрвээ иргэд хоорондын зээл бол түүний дундуур А- оролцох ямар эрх байгаа. Энэ чинь өөрөө банкны нэр хүнд, албан тушаалаа ашиглаж байгаа үйлдэл. Тухайн харилцагч  нар зээлээ А-ээс авч байна уу? ээжээс нь авч байна уу? мэдэхгүй шүү дээ. Өөрөө би ээжийнхээ итгэмжлэгдсэн төлөөлөгч би ээжийнхээ өмнөөс зээлсэн гэж юу ч болоогүй юм шиг ярьж байна. Банкны ажилтны  хувьд энэ чинь өөрөө ёс зүйгүй үйлдэл банк дотор хувийн хүүтэй зээл гаргаж байгаа нь өөрөө ёс зүйгүй хэрэг. Ба-, З-нарт 3500000 төгрөг зээл өгөөд, дараа нь илүү 2100000 төгрөг авсны дараа гомдол гарч илүү мөнгө авсан гэхэд нь буцаагаад төлсөн байна. Энэ чинь эрх мэдлээ ашиглаж, ашиг сонирхлын зөрчил гаргасан байна. Мөн  ямар ч нотлох баримтгүй өөрийнхөө бодсоноор  үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй тайлбар хэлж байгааг бас харгалзаж үзэхийг хүсэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бодитой зүйл ярих ёстой.

Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтад нэг удаа гаргасан ноцтой зөрчилд тооцогдох үйлдэл бүхий жагсаалт, 5.7.1-д Х- банкны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлдөг харилцагчийн банканд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх зүйл гаргасан. Харилцагч нар банканд ирж банкны үйлчилгээг зохих ёсоор авахдаа ямар нэгэн асуудалгүй үйлчилгээг авах ёстой. Гэтэл банк дотор үйлчлүүлэгчтэй их хэмжээний хүүтэй мөнгө зээлээд сууж байгаа нь өөрөө банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа. Тэгээд хоосон баримтад гарын үсэг зуруулж аваад гүйлгээ хийж суудаг. Энэ чинь банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн зүйл мөн. 5.7.3-д ажил олгогчоос хүлээлгэсэн сэтгэл ханамж, ажлын байрны давуу тал эрх мэдлээ ашигласан. Х- банканд сууж байгаа А- гэдэг хүн банкны нэр хүнд, ахлах теллерийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа. Х- банкны харилцагч нар банканд ирж Х- банкнаас үйлчилгээ авахгүй дотор нь сууж байгаа ахлах теллерээс хүүтэй мөнгө зээлж, буцааж төлөхөд хэлснээр нь  хоосон баримтад гарын үсэг зуруулж байгаа зөрчил мөн. Тийм учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал үндэслэлтэй байгаа. Мөн Х- банк гэрчээр хүмүүсийг дуудаагүй, А- өөрөө гэрчээр асууж өгөхийг хүссэн. Асуусан асуултад худлаа  мэдүүлэг өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Өөрийнхөө дуудаж ирсэн гэрч нар бүх үнэнээ хэлсэн байна. Хоосон баримтад гарын үсэг зуруулсан нь үнэн байна тэрийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч өөрөө цаг гаруй тайлбар хэлэхэд ямар ч нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тайлбар өгсөн учраас би тэр болгонд тайлбар өгөхгүй. Надад шат дараалсан сахилыг шийтгэл авах ёстой гэж байна. Хөдөлмөрийн хуулийн дагуу банк ажил олгогч сахилгын шийтгэлийг заавал шат дарааллаар авах шаардлагагүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учраас Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би архи уугаагүй, ажлын гүйцэтгэл маань 100% байсан гэж байна. Заавал архи ууж, зодоон хийсэн үйлдэл ажлаас халах үйлдэл биш. Хөдөлмөрийн тухай хуулийн  40.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан. Мөн хөдөлмөрийн гэрээний 5.7 үндэслэсэн А- эрх мэдлээ ашиглаж, ажлын байрны давуу талыг ашиглаж ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 5.4 дэх заалт өөрөө бүхэлдээ ашиг сонирхлын зөрчилтэй заалт. Ашиг сонирхлын зөрчил гаргасан гэдэг нь харагдаж байна. 5.8.1-д харилцагчтай ажлын шугамаар харилцана гэдэг заалт. Хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг үндэслэсэн. Ө-ийн гаргасан гомдол, шалгасан тайлан, Ба-ын гомдлыг харгалзаж үзээд А- ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тийм учраас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 дугаартай тушаалыг хэвээр үлдээж, А-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан  нотлох  баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс Х- банкны Баян-Өлгий салбарын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Х- банкны Баян-Өлгий салбарын Сагсай тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А-ийг Х- банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 160 дугаартай тушаалаар Х- банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Сагсай тооцооны төвийн теллерээр 6 сарын туршилтын хугацаагаар томилон, улмаар Х- банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 272 дугаартай тушаалаар Х- банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Сагсай тооцооны төвийн теллерээр бүр томилж, дараа нь тус тооцооны ахлах теллерээр дэвшин томилуулж ажиллуулж, ажил олгогчоос 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сагсай тооцооны ахлах теллер ажилтан А-тэй Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байна.

Гэтэл ажил олгогч буюу хариуцагч Х- банкны Баян-Өлгий салбарын захирал Л.Бт- нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 дугаартай тушаалаар Х- банкны Баян-Өлгий салбарын Сагсай тооцооны төвийн ахлах теллер ажилтан А-ийг ажлын байрны давуу тал, эрх мэдлээ ашиглан ээжийнхээ өр төлбөрийг барагдуулах зорилгоор харилцагчийг өөрийн биеэр банканд ирээгүй байхад түүний данснаас зөвшөөрөлгүйгээр шилжүүлгийн гүйлгээ хийсэн мөн энэхүү зорилгоор тэтгэврийн зээл авсан харилцагчийн данснаас шилжүүлгийн гүйлгээ хийсэн үйлдлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Х- Банкны Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.2 дахь заалт болон ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.6,3.2.9,...5.7.12, Хөдөлмөрийн дотоод журмын ....4.4.12 дахь заалтуудыг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу Хөдөлмөрийн гэрээний талуудын ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх ёстой.

Х- банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал асан Ү-, нэхэмжлэгч  А-тэй 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7-д ажилтан дор дурдсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан заалтын дагуу Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар заасан ба түүнийг талууд харилцан зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.12-т харилцагчид аливаа байдлаар нөлөөлөх, ..., харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэх, ...,  Х- банкны хөдөлмөрийн дотоод журмын 4.4-д Зөрчил гаргасны улмаас Банканд хохирол учирсан эсэхээс үл хамааран ажил үүргийн онцлогтой холбоотойгоор ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ ...-нд заасан ноцтой зөрчлөөс гадна дараах ноцтой зөрчлийг гаргасан нь Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлийн 4.4.12-т харилцагчид аливаа байдлаар нөлөөлөх, ..., харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэх,..., тохиолдол-д хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тус тус заасан байна.

Нэхэмжлэгч А-ээс тус банкны харилцагч бөгөөд эх нь болох Ал-аас  2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр олгосон итгэмжлэлийн дагуу түүний өмнөөс тус банкны харилцагч Ө-, Х.Ба-, З-нарт хүүтэй мөнгө зээлдүүлж төлүүлсэндээ банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Х- банкны Банкс програм ашиглах технологи журам, Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ажилтны эрх, үүргийг зөрчөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж харилцагч Ө-, Х.Ба-, З-нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, итгэмжлэлийг шүүхэд нотлох баримтаар цуглуулж өгчээ.

Тус банкны харилцагч түүний эх болох Ал-аас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлдээ Х- банк дахь тэтгэврийн харилцах, хугацаатай хадгаламж болон хугацаагүй хадгаламжийн дансуудын гэрээнд намайг төлөөлж гарын үсэг зурах, эдгээр дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, гүйлгээ хийх эрхийг А-т олгосны дагуу тэрээр  тус банкны харилцагч Ө-т 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 6000000 төгрөгийг хүүтэй мөн харилцагч Х.Ба-, З-нарт 3500000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тус тус мөнгө зээлдэж байсан болох нь харилцагч нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Харин тус банкны харилцагч Ө-ээс нэхэмжлэгч А-ээс зээлдэж авсан мөнгийг дараах байдлаар буюу 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 2000000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр идишинд 1000000 төгрөгөөр үнэлж адууг мөн өдөр дансанд байсан 100000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2000000 төгрөг, нийт 5100000 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус төлж байсан байна.

Гэтэл нэхэмжлэгч А-ээс зээлдэгч Ө-ээс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2000000 төгрөгийг өгөх өдөр түүнд хоёр ширхэг мөнгөн шилжүүлгийн хоосон баримтад гарын үсэг зуруулж авсан байх ба харин Ө-ээс маргааш нь ирж ямар учраас хоосон баримтад гарын үсэг зуруулж авсныг тодруулахад “яах” гэсэн юм вэ? гэж хариу өгч ямар учраас мөнгөн шилжүүлгийн хоосон баримтад гарын үсэг зуруулж авсан учир байдлаа хэлээгүй явуулсан болох нь Ө-2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгээр болон 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн СД бичлэгийн агуулгын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгчээс тус банкны харилцагч Ө-зөвшөөрч гарын үсэг зурсан  мөнгөн шилжүүлгийн хоосон баримтаар түүний хугацаатай хадгаламжаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 900000 төгрөгийг Ал-ы дансанд шилжүүлэг хийсэн үйлдэл маань тус банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчөөгүй гэжээ.

Гэвч нэхэмжлэгч А-ээс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр банкны мөнгөн шилжүүлгийн хоосон баримтад Ө-ээр гарын үсэг зуруулж авах үед болон дараа нь уг баримтад ямар учраас гарын үсэг зуруулж юунд ашиглах тухай утгыг нь тайлбарлаж хэлж өгч гарын үсэг зуруулаагүй үйлдэл нь хэрэгт авагдсан Ө-гэрчийн мэдүүлэг, тухайн өдрийн камерын бичлэг, 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн уг мөнгөн шилжүүлгийн баримтаар гүйлгээ хийсэн зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон бөгөөд энэхүү мөнгөн шилжүүлгийн хоосон баримтад ямар учраас гарын үсэг зуруулж авсан эсэхээ гарын үсэг зуруулах өдөр тайлбарлаж хэлж өгөөгүйн улмаас болж  харилцагч Ө-ээс Х- банкны 1800-1917 дугаар утсанд монгол хэлний асуудлаас болж хүргэн ахаар дамжуулан гомдол гаргасан болох нь мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн нотлогдон тогтоогдлоо.

Мөн тэрээр тус банкны харилцагчтай санхүүгийн харилцаа үүссэн болох нь гэрч Ө-, Х.Ба-, М.З-нарын гэрчийн мэдүүлэг, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн №28 дугаартай “эвлэрлийн гэрээ”, зохигч нарын тайлбараар бүрэн нотлогдож байна.

Нэхэмжлэгч А- нь хэдийгээр ээжээс нь олгосон итгэмжлэлийн дагуу түүний мөнгийг захиран зарцуулах эрхтэй хэдий боловч тэрээр Х- банкны салбарын Сагсай тооцооны ахлах теллерийн албан тушаалтаны хувьд тус банкны харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэхийг хориглосон заалтыг зөрчиж санхүүгийн харилцаа үүсгэж улмаар харилцагч банканд өөрийн биеэр ирээгүй байхад түүний зөвшөөрлөгүйгээр гүйлгээ хийсэн үйлдэл нь тус банктай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч А-ээс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөнгөн шилжүүлгийн баримтад харилцагч Ө-нь өөрөө зөвшөөрч гарын үсэг зурснаар гүйлгээ хийсэн үйлдлээр зөрчил гаргаагүй гэж тайлбарладаг боловч тухайн мөнгөн шилжүүлгийн хоосон баримтад харилцагчаар гарын үсэг зуруулж авах үед уг баримтаар ямар гүйлгээ хийх гэж буй утгыг нь тайлбарлаж өгснөөр тэрээр зөвшөөрч гарын үсэг зурсан нь тус банкны камерын бичлэгт бичигдсэн бол тэрээр буруугүй болох боловч нэхэмжлэгчээс уг баримтад гарын үсэг зуруулсан өдөр болон маргааш нь ирж ямар учраас баримтад гарын үсэг зуруулсныг харилцагчаас тодруулах үед бас тайлбарлаж хэлж өгөөгүй байх тул түүний харилцагч Ө-хадгаламжийн данснаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 900000 төгрөгийг эх нь болох Ал-ы дансанд мөнгөн шилжүүлэг хийсэн үйлдэл нь түүний ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч А- нь дээрх үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээ болон Х- банкны дотоод журамд заасан ажилтанд хориглосон заалтуудыг тус тус зөрчсөн байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

2.Харин нэхэмжлэгчийн хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Сагсай тооцооны төвийн камерын бичлэгийг нотлох баримтаар гаргуулахыг хүссэн тухай хүсэлтийг хангасан тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШЗ2019/00493 дугаартай шүүгчийн захирамж гарсан боловч хариуцагчаас Сагсай тооцооны тус өдрийн камерын бичлэг нь хийсэн өдрөөс хойш  90 хоногийн хугацаанд хундагалагдаж 90-ээс дээш хоногт хугацаа хэтэрсэн тохиолдолд автоматаар устгадаг тул гаргаж өгөх боломжгүй талаар хариу ирүүлсэн бөгөөд уг өдрийн камерын бичлэг нь ач холбогдолгүй гэж үзлээ.

Учир нь, ажил олгогчоос ажилтан А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 дугаартай тушаалдаа тэтгэврийн зээл авсан харилцагчийн данснаас шилжүүлгийн гүйлгээ хийсэн гэх 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тэтгэврийн зээл авсан харилцагчтай холбоотой гэрээг цуцлах нэг үндэслэл болгосон боловч тус банкны харилцагч Х.Ба-, М.З-нар нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр банканд өөрсдийнхөө биеэр очиж гүйлгээ хийлгэсэн нь тэд нарын гэрчээр өгсөн мэдүүлэг болон мөн өдрийн зарлагын баримтаар нотлогдож байх тул  хариуцагчийн энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон нь үндэслэлгүй болсон байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс нотлох баримтаар цуглуулж өгсөн 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сангийн сайдаас олгосон №7444 дугаартай жуух бичиг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр банкнуудаас олгосон Банкнуудын 2015 оны шилдэг нягтлан бодогчийн өргөмжлөл, 2011 оны Сагсай сумын аварга банк санхүүгийн ажилтан, 2010 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдөр тус тус Х- банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас олгосон өргөмжлөл зэрэг бичгийн нотлох баримтууд нь тус банканд ажиллах хугацаандаа шагнуулж байсныг нотлох бөгөөд энэхүү нотлох баримтууд нь ажил олгогчоос ажилтантай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай хөдөлмөрийн маргааны үндэслэлд хамааралгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан нэхэмжлэгч  А –н Х- банкны Баян-Өлгий салбарын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Х- банкны Баян-Өлгий салбарын Сагсай тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар   энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ж