Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00054

 

,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00228 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 765 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,  нарт холбогдох

Гэм хорын хохирол 31,637,228 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,гийн өмгөөлөгч У.Түвшин, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмгөөлөгч Б.Гантөмөр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,  нарт холбогдуулан гэм хорын хохиролд 31,637,228 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00228 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нараас 31,637,228 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 765 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00228 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нараас 7,956,327 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,680,901 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нараас 142,251 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,т олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.03-ны өдрийн 765 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Уг хэргийг хянаад “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 40,000,000 төгрөгийн үнэ цэнийн бууралттай холбоотой зөрүүг 14,018,859 төгрөгөөр тооцож үүнээс 6,062,532 төгрөгийг хасч байгааг эс зөвшөөрч байна. Учир нь, намайг өвчний учир БНХАУ-ын Бээжин хотод зүрхний хагалгаанд яаралтай орох гэж байхад одоогоор өгөх мөнгө байхгүй байна, та тэтгэврийн зээлээ ав, өөр ямар нэгэн өр зээл хийгээд яваад ир, би 2016.08.20-ны өдөр гэхэд Япон Улсаас танд шүүхийн шийдвэрийн төлбөртэй тэнцэх 31 сая төгрөгт зарагдах машин оруулж ирээд өгнө, та тэр машиныг зараад өр ширээ дар гэж амлаад бичиг хийж гарын үсгээ зурж баталгаажуулаад нэг жил гаран хугацаанд сураггүй алга болж байсан юм.

4.1. ХААН банк миний тэтгэврийн зээлээс хүүгээ тооцож авсаар байгаад 2,990,532 төгрөг болсон учир би өөрөө шүүхэд хандан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор энэ төлбөрийг “,,,,,,,,,,,,,,,” ХХК, тус компанийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,гаар гаргуулж намайг хохиролгүй болгож өгсөн. Мөн харилцан тохирч гэрээ хийгээд түр хугацаагаар түрээсийн байранд амьдарч бай, би түрээсийн төлбөрийг нь төлнө гэж хуурч мэхлээд төлбөрөө төлөхгүй бултаж зугтаад байсан учир түрээсийн төлбөр 3,072,000 төгрөгийг би өөрөө төлсөн. Цаашид түрээсийн төлбөрийг нэмж төлөх боломжгүй болсон учир арга буюу гэр хороололд айлын хашаа, гэр түрээслээд амьдарч эхэлсэн. Үүнийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012.12.13-ны өдрийн 7489 дүгээр шийдвэрээр “,,,,,,,,,,,,,,,” ХХК, тус компанийн  захирал ,,,,,,,,,,,,,,,,,гаар гаргуулан намайг хохиролгүй болгож өгсөн. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар үнэ цэнийн бууралтыг 14,018,859 төгрөгөөр тооцож үүнээс 6,062,532 төгрөгийг (2,990,532+3,072,000) “,,,,,,,,,,,,,,,” ХХК,  тус компанийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,г төлсөн гэж андуурч тооцсон нь миний өөрөө төлөөд шүүхээр шийдвэрлүүлж буцаан авсан төлбөрийг давхар хасч байгааг зөвшөөрөхгүй.

4.2. Нийслэлийн шүүхийн 2010.12.20-ны өдрийн 1231 дүгээр магадлалаар орон сууцны үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, алдангид 15,600,000 төгрөг, орон сууцны түрээсийн төлбөр 4,320,000 төгрөг (би өөрөө төлөөд буцаан авч байгаа төлбөр) нотариатын төлбөр 25,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх  ажиллагааны зардал 60,000 төгрөг, тэмдэгтийн хураамжид 496,940 төгрөг, нийт 60,501,940 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,” ХХК, тус компанийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,гаар гаргуулахаар болсон. Үүнээс 4,901,940 төгрөгийг би өөрөө төлөөд буцаан авсан төлбөр байна. Хариуцагчийн нийт төлөх төлбөр нь 55,600,000 төгрөг болж байна. Дээр нь нэмээд 2 дахь удаагаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012.12.13-ны өдрийн 7489 дүгээр шийдвэрээр түрээсийн төлбөр 3,072,000 төгрөг, тэмдэгтийн хураамжид 64,105 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд 30,000 төгрөг, нийт 3,166,105 төгрөгийг би өөрөө төлсөн учир “,,,,,,,,,,,,,,,” ХХК, тус компанийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,гаас гаргуулан авах болсон.

4.3. Энэ хоёр шүүхийн шийдвэрээр нийт 63,668,045 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,гаас гаргуулах болсны 8,068,045 төгрөгийг би өөрөө төлсөн төлбөрөө буцаан авч 55,600,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,нь өнгөрсөн 9 жилийн урт хугацаанд зовоож байж төлж барагдуулсан юм. Нийтдээ өнгөрсөн 9 жилийн хугацаанд “,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,шүүхийн шийдвэрээр төлөх ёстой төлбөр 55,600,000 төгрөгөө төлөх бүрэн боломжтой байсан ч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй хохирогч намайг санаатайгаар давхар хохироох зорилготойгоор түрээсийн төлбөрт төлөх 4,320,000+3,072,000=7,392,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 2,884,987 төгрөг, ХААН банкны зээлийн хүүд 2,990,532 төгрөг, бүгд 13,267,519 төгрөгийг надаар төлүүлэн намайг хохироож байсан.

4.4. 2009 онд 40,000,000 төгрөгөөр авч байсан 2 өрөө байр нь 2018 оны 6 дугаар сард хэдэн төгрөг болж өссөн үнийн зөрүүг гаргуулан авахаар олон байгууллагаар хөөцөлдсөн боловч хувь хүнд үнэлгээний баримт олдох боломж муу, байрны үнийн зөрүү мөнгийг гаргуулж авахад хүндрэлтэй байсан учир “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэ цэнийн бууралтыг үндэслэн 2 өрөө байрны зөрүү үнэтэй ойролцоо очих юм байна гэж ойлгоод 2019.01.09-ний өдөр 41,507,821 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ гаргаж байсан юм. Дараа нь анхан шатны шүүхээс томилсон “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр орон сууцны үндсэн төлбөр 40,000,000 төгрөгийн үнэ цэнийн бууралт нь 14,018,859 төгрөг, шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан 63,668,045 төгрөгөөс үнэ цэнийн бууралтыг 31,362,228 төгрөг гэсэн хоёр дүгнэлт гарч ирсэн. Энэ нь 2 өрөө байрны зөрүү төлбөрт ойртож очих юм байна гэж үзээд 2019.12.16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийнхээ үнийн дүнг бууруулан 31,362,228 төгрөгөөр нэхэмжлэлээ гаргасан. Энэ нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.28-ны өдрийн 228 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

4.5. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020.02.27-ны өдөр 31,362,228 төгрөгийн нэхэмжлэлээр гомдол гаргахад 14,018,859 төгрөгөөр нэхэмжлэлийг тооцож үүнээс 6,062,532 төгрөгийг хасч 7,956,327 төгрөгийг хохирогч надад “,,,,,,,,,,,,,,,” ХХК, тус компанийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,гаас гаргуулж олгохоор магадлал гарсан. Энэ хоёр шийдвэрийг миний хувьд зөвшөөрөхгүй.

-Барилгын яамнаас гаргаж өгсөн материалууд, Барилга.мн сэтгүүлийн мэдээлэл зэргийг судалж үзэхэд 2018.06.22-ны өдрийн (хамгийн сүүлчийн төлбөрөө төлсөн өдөр) байдлаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 50 м.кв талбайтай 2 өрөө байрны зах зээлийн үнэлгээ 1,8-2,2 сая төгрөгийн үнэтэй байгаа нь 90-100 сая төгрөгийн дундаж үнэ болсон.

-“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2009.07.01-нд байсан 40,000,000 төгрөг, 2018.06.22-ны өдрийн инфляцын түвшингээр буюу Үндэсний статистикийн газрын инфляцын үзүүлэлт, Монголбанкны инфляцаар тус тус тооцоход 81,507,821 төгрөг болсныг тооцоолсон. Энэ нь тухайн үеийн үнэ цэнийн бууралт нь 41,507,821 төгрөг болсныг харуулж байна.

 -Шүүхээс томилогдсон “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээс харахад орон сууцны үндсэн төлбөр 40,000,000 төгрөгөөс төлбөр төлсөн үнийн дүнг хасч үнэ цэнийн бууралтыг 14,018,859 төгрөг гэж тооцоолсон.

-“Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр “,,,,,,,,,,,,,,,” ХХК, тус компанийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,гийн нийт төлөх төлбөр 63,668,045 төгрөгөөс төлбөр төлсөн үнийн дүнг хасч үнэ цэнийн бууралтыг 31,362,228 төгрөг гэж тооцсон.

- “,,,,,,,,,,,,,,,” ХХК, тус компанийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,гийн нийт төлөх 55,600,000 төгрөгөөс төлсөн дүнг хасч тооцвол “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр гаргасан хүснэгтийн 20 дугаарт буюу 2018.01.11-ний өдөр төлбөрөө төлж дуусгасан өдрийн үнэ цэнийн бууралт нь 40,125,703 төгрөг гэж тооцогдсон.

4.6. Миний хувьд эдгээрээс 31,362,228 төгрөгийн үнэ цэнийн бууралтыг сонгож байгаа нь 2009 оны байрны үнэ 2018 оны байрны үнэнд ойртож очих болов уу гэж сонгосон. Иймд миний нэхэмжилсэн өнөөгийн үнэ цэнийн бууралт болох 31,362,228 төгрөгийг хуулийн шударга журамд нийцүүлэн ямар хууль хэрэглэх нь шүүхийн үүрэг байх тул миний нэхэмжлэлийг эхнээс нь хянаж шалган үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.  

5. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч У.Түвшин болон хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмгөөлөгч Б.Гантөмөр нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.03-ны өдрийн 765 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэт нэг талыг барьж, таамаглал төдийгөөр үнэлэлт, дүгнэлт өгч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Хариуцагч нь нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрөө төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас орон сууц хөлслөн амьдарч зардал гаргаснаас гадна авах ёстой мөнгөний үнэ цэнэ буурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, 2010 оноос өнөөдрийг хүртэл хадгалсан мөнгөн тэмдэгт нь инфляцын өсөлтийг дагаж өсөж өөрийн үнэ цэнийг хадгалдаггүй. (Жишээлбэл: 2010 онд хадгалсан 40,000,000 төгрөг нь 2017 онд эдийн засгийн болон инфляцын өсөлтийг даган өсч 73 эсвэл 74 сая төгрөг болж өсөхгүй) иймээс нэхэмжлэгчид мөнгөн төлбөрийг 2010 онд төлөөгүйгээс шалтгаалан нэхэмжлэгчид бодитойгоор хохирол учирсан эсхүл олох ёстой байсан орлогоо алдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

5.2. Нөгөөтэйгүүр инфляц, төгрөгийн ханш сулрах эсэх нь хариуцагчтай шууд хамааралгүй бөгөөд хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн санхүүгийн тайлангаас харвал шүүхийн шийдвэрээр гаргуулахаар заасан мөнгөн төлбөрийг удаан хугацаанд төлсөн нь санхүүгийн боломжгүйгээс шалтгаалсан. 2010 оноос эхлэн барилгын салбар бүхэлдээ уналтад орж зогсонги байдалд орсон. Улс орныг хамарсан эдийн засгийн хямрал, барилгын салбарын уналт “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг тойрч гараагүй. Компанийн хувьд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь өөрийн хуваарьт хөрөнгийг болон дундын хөрөнгө, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийг худалдан борлуулах байдлаар мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байхаар хуульчилсан байх бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай тогтсон хугацаа заагаагүй буюу хуульчлаагүй бөгөөд мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох талаар заасан байдаг. Харин хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол зохих журмын дагуу албадан гүйцэтгүүлэх процессыг хуульчлан тогтоосон.

5.3. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсгийг иш татан заасан боловч хариуцагч нар нь ямар хуулиар тогтоосон, ямар хугацааг, хэрхэн зөрчсөн талаар дүгнээгүй. Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг иш татсан байгаа боловч эд хөрөнгөд бодитойгоор учирсан хохирол гэж шийдвэрлэсэн үү, аль эсхүл олох ёстой байсан орлого гэж тодорхойлсон эсэх талаар дүгнэлт өгөлгүй хууль зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Нөгөөтэйгүүр хэргийн материалд авагдсан баримтаас үзвэл Нийслэлийн шүүхийн 2010.12.20-ны өдрийн 1231 дүгээр магадлалаар “ ...”,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 59,945,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,т...” олгохоор шийдвэрлэсэн. “,,,,,,,,,,,,,,,” ХХК нь шүүхийн шийдвэрийг 2011.11.05-ны өдрөөс 2017.07.05-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэсэн байдаг. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй”, 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан.

5.4. Иймээс шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэм буруутай этгээд нь ,,,,,,,,,,,,,,,,,биш бөгөөд хууль зүйн хувьд хариуцлага хүлээх үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох нь хэсэгт ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, гаас мөнгөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэдэг боловч ямар шалтгаан, нөхцөл, хууль зүйн үндэслэлээр ,,,,,,,,,,,,,,,,,г уг мөнгөн төлбөрийн үүргийг хариуцах болсон талаар (,,,,,,,,,,,,,,,,,г ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчид хохирол учруулсан талаар) дүгнээгүй хууль зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хуульчийн хувьд ч, энгийн хүний хувьд ч 40,000,000 төгрөгийн асуудалд эдийн засгийн хувьд асар хүнд нөхцөл байдалтай байсан ч хувиасаа хүртэл мөнгөн төлбөр гаргаад 62 сая гаруй төгрөгийг төлж барагдуулсан байхад их хэмжээний мөнгөн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шударга бус бөгөөд хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

5.5. Төгс хүн гэж байхгүй учраас ямар ч хүн алдаа гаргаж, бусдад хохирол учруулах боломжтой. Гэхдээ хүн нэг удаагийн алдаандаа нэг л удаа хариуцлага хүлээх ёстой. Мөн учруулсан хохирлоо зохих журмын дагуу төлөх, хохирсон этгээд нь хохирлоо зохих түвшинд нэхэмжлэх ёстой. Нэг удаагийн үйлдлээс шалтгаалан хязгааргүй үүсдэг шаардах эрх, төлөгдөж барагддаггүй хохирол төлбөр гэж байх боломжгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй, хариуцагч нарын гомдлын зарим хэсгийг хангах үндэстэй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,нарт холбогдуулан гэм хорын хохирол 31,637,228 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагч нараас 7,956,327 төгрөгийг гаргуулж, үлдэх 23,680,901 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

8. Нэхэмжлэгчээс “...хариуцагч нар шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой байсан төлбөрөө эрт төлсөн бол 2009-2012 оны хооронд 63,668,045 төгрөгөөр 2 өрөө байр авах бүрэн боломжтой байсан, гэвч цувуулж төлснөөс болж байр авч чадаагүй, олон жил айлын байр, хашаа түрээсэлж амьдарч байна, хөндлөнгийн шинжээчээр инфляцын зөрүүг бодуулахад 31,362,228 төгрөг гэж гаргасан, иймд уг зөрүү мөнгө болон үнэлгээний төлбөр 220,000 төгрөг, нотариатын төлбөр 39,000 төгрөг, архивын лавлагааны төлбөр 16,000 төгрөг, нийт 31,637,228 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү...” гэж шаардсаныг хариуцагч нараас “...шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийлсэн зүйл байхгүй, компани дампууран үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, гэвч боломжоороо мөнгийг хэсэгчлэн төлсөн, гэтэл нэхэмжлэлдээ мөнгийг өнөөдрийг хүртэл төлж байгаагүйн улмаас хохирол учирсан мэтээр бичиж ханшийн зөрүү зэргийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж маргасан байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,гийн хувьд үндэслэлтэй дүгнэлт хийсэн, харин хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох шаардлагын тухайд, “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй буюу эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлого нь 31,637,338 төгрөг болох нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч дээрх хэмжээний мөнгөн дүнг түүнд орох байсан орлого гэж тайлбарлаж байх боловч энэ дүнг тодорхойлох аргачлалыг мөнгөний ханшны алдагдлыг үндэслэл болгон тодорхойлсон нь үндэслэлгүй, хариуцагч нарын тайлбарлаж байгаачлан мөнгөний ханш буюу төгрөгийн инфляцын түвшин сүүлийн жилүүдэд өндөр байгаа нөхцөл байдалд хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гэм буруутай гэж үзэх боломжгүй, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан орох байсан орлого гэдэгт инфляцын алдагдлыг хамааруулах хууль зүйн боломжгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

10. Учир нь, хариуцагч байгууллага үйл ажиллагаа явуулаагүй нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг зохих хугацаанд төлөөгүйгээс нэхэмжлэгч нь орон сууц хөлслөн амьдарч зардал гаргаснаас гадна тухайн цаг үед авах ёстой байсан мөнгөний үнэ цэнэ буурсан нь тодорхой буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, энэ нь нэхэмжлэгчийн хувьд эд хөрөнгөд нь учирсан алдагдал гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

11. Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1.-д зааснаар гэрээний бус үүрэгт гэрээний үүрэгт хамаарах зохицуулалтыг хэрэглэх ба уг хуулийн 222 дугаар зүйлийн 222.7. дахь хэсгийн дагуу үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс нөгөө талд учирсан хохирлыг төлөх үүрэгтэй, 229 дүгээр зүйлийн 229.1.-д зааснаар нөгөө талыг үүргээ зөрчсөн гэм хор учруулсантай холбоотой хохиролд эд хөрөнгөд учирсан алдагдал бодит хохиролд тооцогдоно.

12. Иймд, дээрх хуулийн зохицуулалтын дагуу давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид 2011.05.09-ний өдрөөс 2017.07.05-ны өдрийг хүртэлх хугацаанд 16 удаагийн үйлдлээр төлсөн 40,002,002 төгрөгийн үнэ цэнийн бууралттай холбоотой зөрүүг (шүүхээс томилогдсон) “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр гаргасан 14,018,859 төгрөгөөр тооцож, уг дүнгээс нэхэмжлэгчийн өмнө нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 262 дугаар шийдвэрээр “,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас авсан 2,990,532 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 7489 дүгээр шийдвэрээр мөн компаниас гаргуулсан орон сууцны түрээсийн төлбөр 3,072,000 төгрөгийг хохиролд тооцон (2,990,532 + 3,072,000=6,062,532 төгрөгийг) хасч, үлдсэн хэмжээгээр буюу 7,956,327 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

13.  Харин давж заалдах шатны шүүх дээрх хохирлыг хариуцагч нараас хамтад нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу, учир нь зохигчийн хооронд өмнө нь үүссэн орон сууц захиалах гэрээтэй холбоотой иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр үүрэг хүлээх этгээдийг “,,,,,,,,,,,,,,,” ХХК болохыг тодорхойлсон, тус иргэний хэрэгт иргэн ,,,,,,,,,,,,,,,,,хариуцагчаар оролцоогүй, түүнийг гэм буруутай гэж дүгнээгүй тул хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,гийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаан биелүүлсний улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх гэм буруугийн шалтгаант холбоо байхгүй, энэ үндэслэлээр холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл үндэслэлтэй байна.

14. Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхээс инфляцын зөрүүг 14,018,859 төгрөгөөр тооцож үүнээс 6,062,532 төгрөгийг хасч 7,956,327 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, миний хувьд “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн тооцсон өнөөгийн үнэ цэнийн бууралт болох 31,362,228 төгрөгийг сонгож нэхэмжлэл гаргасан тул эхнээс нь хянаж шалган үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн (Тодорхойлох хэсгийн 4-т) боловч хяналтын шатны шүүх хуралдаанд “...давж заалдах шатны шүүхээс хохирлыг 14,018,859 төгрөгөөр тооцсоныг зөвшөөрч байна, харин уг хохирол буюу инфляцын зөрүүгээс өмнөх хоёр шүүхийн шийдвэрээр гаргасан төлбөрийг (6.062.532 төгрөгийг) хассаныг зөвшөөрөхгүй” гэж тодруулсан.

15. Өмнө нь дурдсан (Хянавал хэсгийн 12-т) хоёр шүүхийн шийдвэрээр гаргасан төлбөр нь цаг хугацааны хувьд ч, агуулгын хувьд ч хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй удааснаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгуулсан байх тул дээрх гомдлыг хангах үндэслэлгүй.

16. Мөн хариуцагч нарын “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, 2010 оноос өнөөдрийг хүртэл хадгалсан мөнгөн тэмдэгт нь инфляцын өсөлтийг дагаж өөрийн үнэ цэнийг хадгалдаггүй, инфляц, төгрөгийн ханш сулрах эсэх нь хариуцагчтай шууд хамааралгүй бөгөөд хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК нь төлбөрийг удаан хугацаанд төлсөн нь санхүүгийн боломжгүйгээс шалтгаалсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай тогтсон хугацаа заагаагүй, гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсгийг иш татан заасан боловч хариуцагч нар нь ямар хуулиар тогтоосон, ямар хугацааг, хэрхэн зөрчсөн талаар дүгнээгүй. Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг иш татсан боловч эд хөрөнгөд бодитойгоор учирсан хохирол гэж шийдвэрлэсэн үү, эсхүл олох ёстой байсан орлого гэж тодорхойлсон эсэх талаар дүгнэлт өгөлгүй хууль зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр гаргасан...” гэсэн агуулгатай (Тодорхойлох хэсгийн 5-д) хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

17. Дээр дүгнэсэнчлэн, хариуцагч шүүхийн шийдвэрийг зохих хугацаанд биелүүлээгүй, удаан хугацаанд цувуулж төлснөөс нэхэмжлэгчийн 2010 онд авах боломжтой байсан 40,000,000 төгрөг (алданги, бусад зардлын хамт 60,441,940 төгрөг)-ийн үнэ цэнэ буурсан болох нь тогтоогдсон тул “нэхэмжлэгчид бодит хохирол учраагүй” гэж үзэхгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэр биелүүлэх цаг хугацааг тодорхой заагаагүй нь “шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг олон жилээр цувуулж төлж болно” гэсэн үг биш, түүнчлэн давж заалдах шатны шүүх хариуцагчийг инфляц өссөнд буруутгаагүй, “шүүхийн шийдвэрийг зохих хугацаанд биелүүлээгүй гэм буруутай” гэж үзсэн тул гомдол үндэслэлгүй.

18. Харин энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5.4-т заасан  “хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,биш байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох нь хэсэгт хариуцагч нараас хамтад нь мөнгөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн утгатай гомдол үндэслэлтэй (Хянавал хэсгийн 9).

19. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 765 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нараас 7,956,327 төгрөгийг...” гэснийг “... “,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 7,956,327 төгрөгийг ...” гэж, 2 дахь заалтын “...,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нараас 142,251 төгрөгийг...” гэснийг “... “,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 142,251 төгрөгийг...” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 314,762 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 142,260 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД