| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0309/З |
| Дугаар | 221/МА2025/0397 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0397
Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Х******* ХХК
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0440 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, Ж.С*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, М.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0309/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0440 дугаар шийдвэрээр:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын Х******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1....Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А/491 дүгээр тушаалаар Х******* ХХК-д Богдхан уулын Нүхтийн аманд 15 га газар ашиглах эрх олгосон бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/236 дугаар тушаалаар 5 га газрын ашиглах эрхийг цуцалсан. Үүний дараа 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Х******* ХХК-д үлдсэн газар ашиглах эрх /10 га/-ийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэл хүргүүлж байсан бөгөөд тухайн компаниас зөрчлөө арилгах боломж олгохыг хүссэн хариу ирүүлсэн байдаг. Гэвч Х******* ХХК нь газар ашиглах эрх олгосноос хойш 90 хоногийн хугацаанд газар ашиглах гэрээ байгуулах, газраа зориулалтын дагуу ашиглах, газрын төлбөрөө төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн.
Х******* ХХК-иас тогтоосон хугацааны дотор хариу ирүүлээгүй бөгөөд 2018 оноос хойш газрын төлбөрийг төлөөгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй зөрчил гаргасан болох нь хөдөлбөргүй нотлогдсон тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалаар тус компанийн ашиглаж байсан, Богдхан уулын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд олгогдсон 10 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон болно.
3.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-т Нэхэмжлэгч Х******* ХХК-иас 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд, 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад гурвалсан гэрээ байгуулахаар хүсэлт гаргаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байх ба захиргааны байгууллага дээрх хүсэлтүүдэд цохолт хийсэн боловч хариу өгөөгүй, бүртгэл хяналтын дэвтэрт тэмдэглэж бүртгэлд аваагүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн нь илт хууль бус, хэрэгт авагдсан нотлох баримттай нийцэхгүй дүгнэлт болжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулж, Х******* ХХК-иас дээрх хүсэлтүүдийг гаргаж байсан эсэх талаарх лавлагааг холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас гаргуулж авсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Архивын ерөнхий газраас шүүхэд хүргүүлсэн албан бичгүүдээр Х******* ХХК-иас гурвалсан гэрээ байгуулах талаар хүсэлт хүргүүлж байгаагүй болох нь эргэлзээгүй нотлогддог. Төрийн захиргааны байгууллагууд Х******* ХХК нь гурвалсан гэрээ байгуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй байна гэсэн хариу өгсөөр байтал гаргасан хүсэлтийг нь бүртгэл, хяналтын дэвтэрт тэмдэглэж аваагүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг ойлгох боломжгүй байна.
3.3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-т ...сум, дүүргийн Засаг дарга, хамгаалалтын захиргаатай хамтран газар эзэмшигч этгээдтэй гурвалсан гэрээг газар ашиглуулах шийдвэрийн дагуу байгуулах үүрэгтэй бөгөөд захиргааны байгууллагуудын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлж чадаагүй байх тул түүний хууль ёсны итгэл хамгаалах зарчмын үүднээс хөндөгдөж буй эрх ашгийг сэргээх боломжтой гэж дүгнэлээ гэсэн байна.
Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар хэрэгт энэ талаарх нотлох баримтыг хангалттай цуглуулсан мөртлөө хараагүй, үзээгүй, тийм баримт байхгүй мэт дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн явдал болжээ.
3.4.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-т хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2018 оноос хойш нэхэмжлэгч компаниас гаргасан гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлээгүй буруутай болох нь тогтоогдож байх тул гэж дүгнэсэн нь мөн л хууль бус бөгөөд хэрэгт энэ талаар баримт байхгүй.
Нэхэмжлэгч Х******* ХХК нь 2016 онд гурвалсан гэрээ байгуулах талаар хүсэлтүүд гаргаж байсан талаар тайлбар гаргадаг ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-т энэ талаар дүгнэсэн.
3.5.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т Мөрдөгчийн мэдэгдэл болон холбогдох байгууллагын саналыг шууд газар ашиглах эрхийг цуцлах шийдвэрийн үндэслэл болгосон нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахтай холбоотой харилцааг зохицуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд нийцээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар шийдвэр нь хуульд үндэслэх зарчимд нийцээгүй гэжээ.
Дээрх дүгнэлт нь мөн л хэрэгт авагдсан нотлох баримтын эсрэг дүгнэлт болсон байна. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтын хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалтын байдалд хяналт тавих, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын эрх үүрэг бүхий захиргааны байгууллага болно. Энэ хүрээнд Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Х******* ХХК-ийн газар ашиглалтын байдалд хяналт, шалгалтын үйл ажиллагаа явуулж, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Х******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг ирүүлсний дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэр гарсан.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шиг Мөрдөгчийн мэдэгдлээр газар ашиглах эрхийг цуцалсан үйл баримт болоогүй бөгөөд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэдэгдэл ирүүлж, үүнээс хойш 2 сарын дараа сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн, 6 сарын дараа газар ашиглах эрхийг хүчингүй болгох санал гаргасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарсан байдаг.
3.6.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т ... газрын хэмжээнд өөрчлөлт орсон тул хасагдсан газраа дахин авах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан зэргээс газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байна, мөн үндэслэх хэсгийн 14-т газрын эрх олгосон сайдын тушаал болон газар ашиглах эрхийн гэрчилгээнд газрын хэмжээ, зориулалт, байршлыг тодорхой заасан бөгөөд нэгж талбарт ногдох газрын төлбөрийг нэхэмжлэгчийн хувьд ямар журмаар төлөх нь угтаа ойлгомжгүй байжээ гэж дүгнэсэн.
Х******* ХХК нь 2011 онд 15 га газар ашиглах эрх авч, 2015 онд 5 га газрын ашиглах эрхийг цуцалж, үлдэх 10 га газрын ашиглах эрхийн гэрчилгээг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүлээн авсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани 10 га газрын ашиглах эрхтэй болохоо хүлээн зөвшөөрч, улсын тэмдэгтийн хураамжаа төлсний үндсэн дээр газар ашиглах эрхийн гэрчилгээгээ төрийн захиргааны төв байгууллагаас гаргуулан авсан байхад газрын хэмжээ тодорхой бус байснаас газрын төлбөрөө төлөөгүй нь зөв гэж дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Х******* ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 0171072 дугаартай, Богдхан уулын Нүхтийн аманд 10 га талбай бүхий газар ашиглах эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн бөгөөд уг гэрчилгээг хүлээн авсан хугацаанаас хойш газрын төлбөрөө огт төлөөгүй.
3.7.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16-д "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс явуулсан маргаан бүхий газрын үзлэгээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашиглалтын газарт үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй хэдий ч 2018 онд аялал жуулчлалын загвар зургийг боловсруулан, Мишээл беннети ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь нотлогдож байна гэсэн байна.
Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 13 дугаартай тогтоолоор Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан бөгөөд уг тогтоолын 1.10-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж тайлбарласантай нийцэхгүй.
Үүний дээр 2018 онд аялал жуулчлалын загвар зургийг боловсруулсан гэх боловч энэхүү зураг нь холбогдох эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудаар баталгаажаагүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд эргэлзээтэй. Аливаа загвар зураг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн хот төлөвлөлтийн газраар баталгаажих ёстой. Мөн Мишээл беннети ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь нотлогдож байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд газар шорооны ажил холбогдох төрийн захиргааны байгууллагуудаар загвар зураг батлагдсаны дараа, техникийн нөхцөл олгогдож, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсны үндсэн дээр хийгддэг үйл ажиллагаа болно.
Загвар зураг батлагдаагүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй байхад газар шорооны ажил гүйцэтгэх боломжгүй тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй юм.
3.8.Мөн үндэслэх хэсгийн 17-д Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02/113 дугаар Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг Мишээл беннети ХХК-д олгосон байх ба нэхэмжлэгч компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй гэсэн нь анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй явдал гэж үзэж байна.
Учир нь Мишээл беннети ХХК-д олгосон Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь тухайн компанийг гэрээний хариуцлагаас чөлөөлөхөөс бус Х******* ХХК-д хамааралгүй болно. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, илт нэг талыг барьсан, хууль бус дүгнэлтүүд хийн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 440 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
1.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 118 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан өмгөөлөгч авах, ар гэрийн гачигдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэх агуулгатай хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн атлаа шүүх хуралдааныг тухай бүр 1-2 хоногоор хойшлуулсан нь хэргийн оролцогчийн эрхийг бодитойгоор эдлүүлээгүй, боломжит хугацаагаар хангаагүй гэсэн үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдааныг анх 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 15.30 цагт хийхээр товлосноос хойш талуудын хүсэлтээр шүүх хуралдааныг тус бүр 14 хоногийн хугацаагаар нийтдээ 10 удаа хойшлуулсны 9-д нэхэмжлэгч талын хүсэлтийг хангасан болохыг тэмдэглэв.
2.Маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахдаа үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр буруутгасан, гэтэл хэрэгт авагдсан баримтаар энэхүү нөхцөл байдал үгүйсгэгдээгүй, эсрэгээрээ батлагдаж байхад шийдвэрт нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
Тухайлбал сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар анх Хан-Уул дүүрэг, Нүхтийн аманд 15 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосноос хойш газрын эрхийг цуцлах хүртэлх хугацаанд Х******* ХХК-иас ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, түүнчлэн 2021 оны А/79 дүгээр тушаал гарахаас өмнө сайдын 2015 оны А/236 дугаар тушаалаар дээрх газрын 5 га-г одоогийнхтой адил үндэслэлээр цуцалж, улмаар үлдсэн 10 га-д газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон байх боловч тэрхүү тушаалд заасан зөрчил арилаагүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчаас харин ч боломж олгож, тухайн үед 15 га газрын эрхийг бүхэлд нь цуцлаагүй, нэхэмжлэгчээс ч дээрх захирамжтай маргаагүй атлаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс дахин газар ашиглах эрх цуцлах нөхцөлийг бүрдүүлжээ.
Тухайлбал газрын төлбөрийг 2017 оноос хойш огт төлөөгүйгээ гурвалсан гэрээ байгуулаагүйтэй холбож тайлбарласныг шийдвэрт зөвтгөж дүгнэсэн нь буруу, өөрөөр хэлбэл энэхүү гэрээг байгуулсан эсэхээс үл хамаарч газрын төлбөр төлөх нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг тул гэрээ байгуулаагүй нь төлбөр төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй, түүнчлэн 2011-2017 оны хооронд гурвалсан гэрээгүйгээр 15 га газрын төлбөрийг төлж байсан энэ тохиолдолд дээрх гэрээг байгуулаагүй гэсэн шалтгаанаар үүнээс хойш үргэлжлүүлэн төлбөрөө төлөөгүйг зөвхөн гэрээ байгуулсан эсэхтэй холбож тайлбарлах, цаашлаад газрын төлбөр төлөөгүй нь хариуцагчаас хамаарсан мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
Тэр тусмаа хэрэгт авагдсан, Х******* ХХК-иас гаргаж байсан гэх гурвалсан гэрээ байгуулах хүсэлтүүдийг хаягласан байгууллагууд хүлээж авч байгаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байхад шийдвэрт тэдгээр хүсэлтийг бүртгэлийн дэвтэрт тэмдэглэж аваагүй байна гэж хэт хийсвэр дүгнэлт хийжээ.
3.Шүүхийн үзлэгээр ашиглах эрх бүхий 10 га газрыг бусдаас хашаалж тусгаарлаагүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдож байхад мөн л Мишээл беннети ХХК-тай байгуулсан 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ болон Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас тус компанид олгосон 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 02/113 дугаартай Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-г тус тус үнэлэхдээ эдгээрийг нэхэмжлэгчийн хувьд газраа ашиглаж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, цаашлаад эрх бүхий байгууллагаар батлуулаагүй Аялал жуулчлалын цогцолбор барих загвар зураг ч нэхэмжлэгчийг олон жилийн турш үйл ажиллагаа явуулаагүйг хүндэтгэх шалтгаантай байсан гэж үзэх хангалттай нотлох баримт болохгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас үлдсэн 10 га газрын ашиглах эрхийг адил шалтгаанаар цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэл хүргүүлж байсан бөгөөд нэхэмжлэгчээс зөрчлөө арилгах боломж олгохыг хүсч байсан, мөн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цуцлах үндэслэл бүрдсэн талаар дахин сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй гэсэн нь тус тус баримтаар тогтоогдож байгаагаас гадна маргаан бүхий тушаал нь дан Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс ирүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн мэдэгдлийг үндэслэл болгосон гэж үзэхгүй.
Зөвхөн хугацааны хамаарал талаас нь авч үзэхэд дээрх мэдэгдлээс хойш 2 сарын дараа сонсох ажиллагаа явуулсан, үүнээс 6 сарын дараа цуцлах шийдвэрийг гаргасан, мөн бодит байдалд хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй буюу газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй болох нь энэхүү мэдэгдлээс үл хамаарах факт болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0440 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан Х******* ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН