Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 08

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Хохирогч Ч.Ганчимэг

Иргэний хариуцагч Ч.Баттөр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Божоолой овогт Энхбаатарын Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 201611000445 дугаартай хэргийг 2016 оны 12 сарын 13-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой уул уурхайн засварчин, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 6-1 тоотод оршин суух, "Петротранс" ХХК-д жолооч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЛЮ92091910 регистрийн дугаартай, Божоолой овогт Энхбаатарын Эрдэнэбаяр.

Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр нь 2016 оны 10 сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ПЧДТамсаг ХХК-ний олборолтын 19-р тайлбайгаас баруун хойш 35 км газарт Тоёото-Ланд-100 маркийн 99-88 ДОР дугаартай тээврийн хэрэгслийг  жолоодож явах үедээ  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д  зааснаар "Замын хөдөлгөөнд   оролцогч  нь  бусдад  аюул,  хохирол  учруулахгүй,  хөдөлгөөнд   саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 9.2-т "Жолооч нь хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гаргаж Ч.Ганчимэгт 10790000 /арван сая долоон зуун ерэн мянга/ төгрөгийн шууд, 900000 /есөн зуун мянга/ төгрөгийн  шууд бус нийт 11690000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын 10-ны үдийн хойно би Баттөр ахтай уулзаж аймаг руу явах унаа асуусан. Тэгэхэд надад "маргааш өглөө явж магадгүй. Түрээсийн машин явахаа больж магадгүй юм шиг байна" гэж хэлсэн. Ингээд 11-ний өглөө 08 цагийн орчим Баттөр ах 19 дүгээр талбай дээр ирсэн. Ингээд "ахынх нь машиныг хассан гэнэ хамт явах гэж байгаа 3 хүн байна. Энэ хүмүүсийг аваад явъя. Миний сэтгэл санаа эвгүй байна. Бас өчигдөр архи уусан. Чи машин бариад явчих" гэж надаас гуйсан. Тэгээд би машиныг нь барихаар болсон. Ингээд 19 дүгээр тайлбайгаас хойш 30-аад км явж байгаад машин гэнэт шарваж онхолдсон. Сүүлд харахад нүхэнд тээглэсэн юм шиг байна лээ. Машинаас гараад байж байхад хойноос цагаан өнгийн машин ирсэн. Тэр хүмүүсээр ажлынханд мэдэгдсэн гэв.

Хохирогч Ч.Ганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Уг машиныг 2016 оны 3 сард 35 сая төгрөгөөр авсан. Нэмэлт зүйл хийгээд 45 сая орчим төгрөг болсон. Миний нэр дээр байдаг миний эзэмшлийн машин. "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-тай гэрээгээр түрээслүүлж ажиллуулдаг, манай нөхрийн дүү Ч.Баттөр жолоочоор ажилладаг байсан.

Осол гарах үед эмнэлгийн үзлэгээр хотод явж байхад "машин чинь онхолдсон байна" гэж утсаар ярьсан. Наашаа ирээд юу болсон талаар мэдсэн. Одоог болтол машиндаа засвар хийгээгүй байгаа. Э.Эрдэнэбаярыг "15 сая төгрөг өгчих юм бол тохиръё" гэж хэлсэн гэсэн. Гэвч Э.Эрдэнэбаярын хувьд боломжгүй гэж хэлсэн гэсэн гэв.

Иргэний хариуцагч Ч.Баттөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын 10-ны өдөр машин маань түрээсээс хасагдах гээд байгаа талаар сонссон. Ингээд 11-ний өглөө очиход хасагдсан байсан. 10-ны орой Эрдэнэбаяр "аймаг руу явахгүй биз" гэж надаас асууж байсан. Би явахаар бол хэлнэ гэж хэлсэн. Ингээд ах руу ярихад намайг "наанаа байгаад яахав аймаг руу явж бай" гэж хэлсэн. Би өмнө өдөр нь архи дарс уусан нь үнэн. Миний машиныг бариад өгөөч гэж гуйсан нь ч үнэн. 5-уулаа гараад 30-аад км явж байгаад бөгсөө хаяаад унасан. Миний хувьд доголд тогтсон шавар руу орсон юм болов уу гэж бодсон гэв.

-    Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/

-    Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11, 15/

-    Схем зураг /хх-ийн 13/

-    Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14/

-    Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-41/

-    Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 42/

-    Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46/

-    Э.Эрдэнэбаярын тайлбар /хх-ийн 4/

-    Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20/

-    Гэрч С.Даариймааг байцаасан тэмдэглэл /хх-ийн 31/

-    Гэрч А.Оюунцэцэгийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 32/

-    Сэжигтнээр Э.Эрдэнэбаярыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 51-52/

-    Сүхбаатар аймгийн авто тээврийн газрын тодорхойлолт /хх-ийн 57/

-    Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58-59/

-               - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/, шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг болон бусад хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч 2016 оны 10 сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ПЧДТамсаг ХХК-ний олборолтын 19-р тайлбайгаас баруун хойш 35 км газарт Тоёото-Ланд-100 маркийн 99-88 ДОР дугаартай тээврийн хэрэгслийг  жолоодож явах үедээ  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д  зааснаар "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн мөн дүрмийн 9.2-т "Жолооч нь хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гаргаж Ч.Ганчимэгт 10790000 /арван сая долоон зуун ерэн мянга/ төгрөгийн шууд, 900000 /есөн зуун мянга/ төгрөгийн  шууд бус нийт 11690000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Г.Ганчимэг, иргэний хариуцагч Ч.Баттөр нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэсэн мэдүүлэг, гэрч Т.Батнасан, Д.Мөнхбаатар, Ж.Жамбалдорж нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг, зам тээврийн осол хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  2016 оны 10 сарын 14-ний өдрийн 786, 787, 788, 789 тоот шинжээчийн дүгнэлтүүд,  Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 11 сарын 12-ны өдрийн 41 тоот дүгнэлт зэрэг хангалттай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

      Шүүгдэгч Э.Эрдэнэбаярын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдан мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

     Иймд шүүгдэгч Э.Эрдэнэбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас осол гаргаж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр хуульд заасан баривчлах ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

    Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогч Ч.Ганчимэгт 400000  төгрөг төлсөн, хохирогчийн нэхэмжилсэн гэм хорын хохирол болон засварын зардалд нийт 11.090.000 төгрөгийг ирэгний хариуцагч Ч.Баттөрөөс гаргуулж, Э.Эрдэнэбаярын эзэмшлээс 300000 /гурван зуун мянга/ төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн Э.Эрдэнэбаярын 1076711 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, ЛЮ92091910 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Божоолой овогт Энхбаатарын Эрдэнэбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Ялтан Э.Эрдэнэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо, Овоотын 2-6 тоотод бүртгэлтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Жуковын 4-4 тоотод оршин суух, Хар сүрэгчин овогт Чулуунбатын Баттөрөөс гэм хорын хохирол болон засварын зардалд нийт 11.090.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, 81 дүгээр байрны ** тоотод оршин суух, Бодон овогт Чимэддамбын Ганчимэгт олгосугай

5. Ялтан Э.Эрдэнэбаяр нь шүүхийн шатанд хохирогч Ч.Ганчимэгт 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн ба иргэний хариуцагч Ч.Баттөр нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Э.Эрдэнэбаярын эзэмшлээс 300000 /гурван зуун мянга/ төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай

7. Хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Э.Эрдэнэбаярын 1076711 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, ЛЮ92091910 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан  Э.Эрдэнэбаярт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 01 сарын 05-ны өдрөөс эхлэн  тоолсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                    Ж.ДОЛГОРМАА