Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 852

 

 

“Б ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/00355 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК,

Хариуцагч Д.Х-д холбогдох,

Барьцаа зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өв залгамжлагчаар тогтоолгож, барьцаа хөрөнгөөс 4 482 272 төгрөгийн зээлийн үүргийг хангуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж,

Хариуцагч Д.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Ганхуяг нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ0103160149 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Алтан овоогийн 26-р гудамж 12 тоотын 598 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт орших 31 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаалж, 12 сарын хугацаатай 3 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлдэгч Б.Ганхуяг нь 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр авто ослын улмаас нас барсан бөгөөд зээлдэгчийн дээрх гэрээгээр хүлээсэн үүрэг өнөөдрийг хүртэл хугацаанд биелэгдээгүй тул хариуцагчийн тус ББСБ-д зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн өв залгамжлагч, өвлөгчөөр тогтоолгож, зээл барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 2 108 600 төгрөг, зээлийн хүүд 1 301 918 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 232 156 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ0103160149 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 400 000 төгрөг, нийт 4 042 675 төгрөгийг дээрх барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Д.Ганхуяг нь 3 000 000 төгрөгийн зээл аваад 3 хоногийн дараа автомашины ослоор нас барсан. Б.Ганхуягийг нас барсан талаар зээл өгсөн байгууллагад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ах Д.Дашдондов биеэрээ очиж мэдэгдсэн. Ингэж мэдэгдсээр байхад нас барсан хүний авсан зээлийг 85 настай ээж надаар төлүүлэхээр нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй.

Зээл, зээлийн хүүд нийт 1 245 000 төгрөг төлсөн. Банк бус санхүүгийн байгууллагад хандан зээлийн хүү, алдангийг зогсоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Гэтэл өнөөдөр 4 482 272 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Х-ыг барьцаа хөрөнгө болох Г-2201024473 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоогийн 25 дугаар гудамжны 12 тоот гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байршилтай 31 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өв залгамжлагчаар тогтоолгож, барьцаа хөрөнгөөс 4 482 272 төгрөгийн зээлийн үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 314 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох тус ББСБ-ын зээлдэгч Б.Ганхуяг нь 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан байдаг. Иймээс түүний төрсөн эх Д.Х-ыг түүний хөрөнгийн өв залгамжлагч гэж үзэж хариуцагчаар татсан. Хариуцагч Д.Х өнөөдрийг хүртэл хугацаанд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Алтан овоогийн 25-р гудамжны 12 тоотын 598 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт орших 31 м.кв талбайтай хувийн сууцанд амьдарч байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч нь өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдаж, өвийг хүлээн авсаар байтал шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй “хариуцагч Б.Ганхуяг нь Шведийн вант улсад амьдарч байхдаа нэг эмэгтэйтэй хамтын амьдралтай байсан ба тэд 2 хүүхэдтэй” гэх тайлбар Монголын нотариатчдын танхимын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 894 тоот албан бичигт “...Б.Ганхуягийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө өвлөх эрхтэй холбогдуулан түүний хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна” гэснээс дүгнэхэд хэдийгээр Д.Х нь өв хүлээн авсан хэдий ч Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар өвийг хуваарилах асуудал шийдэгдээгүй, хууль ёсны өв залгамжлагч тус бүрийн өвлөх эд хөрөнгийн хэмжээ тодорхойгүй байна” гэсэн нь үндэслэлгүй болсон. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасны дагуу нэгэнт өвийг хүлээн авсан хариуцагч Д.Х нь талийгаачийн зээл болон барьцааны гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгэхээр байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.Хыг өв залгамжлагчаар тогтоож, зээл барьцааны гэрээний үүргээс 4 885 272.22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК нь Б.Ганхуягийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Алтан овоо 25 дугаар гудамжны 12 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байршилтай 31 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өв залгамжлагч, өвлөгчөөр тогтоолгож, зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардлын хамт нийт 4 885 272 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцааны зардал болох 400 000 төгрөг гаргуулахаас татгалзаж, шаардлагаа багасгажээ. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч зээлдэгч биш учраас зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөхгүй гэжээ.

Б.Ганхуяг нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч ББСБ-д өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Алтан овоо 25-р гудамжны 12 тоот, 18633312331521 нэгж талбарын дугаартай 598 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, мөн тус хаягт байршилтай 31 м.кв хувийн орон сууц зэргийг барьцаалан 3 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлж, уг зээлийг авснаас хойш 4 хоногийн дараа буюу 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон тул уг өдрөөс Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт заасны дагуу өв нээгдсэн гэж үзнэ.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолтоор /хх.19/ Б.Ганхуяг нь нас барахаас өмнө дээрх хаягт өөрийн эхийн хамт хоёулаа амьдарч байсан нь тогтоогдож байх тул хариуцагч Д.Хыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухай албан ёсны хүсэлт, тайлбарыг гаргаагүй учраас өөрийн төрсөн хүү Д.Ганхуягаас өвийг хүлээн авсанд тооцно. Түүнчлэн хариуцагч нь Б.Ганхуягийн эхнэр, хоёр хүүхэд нь Шведийн Вант Улсад амьдарч байгаа гэж тайлбарладаг боловч тэд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвийг хүлээн авах талаар зохих журмаар шаардлага гаргаагүй нь Монголын нотариатчдын танхимын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 894 тоот албан бичгээр тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Х нь өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэх ёстой.

“Б ББСБ” ХХК болон Б.Ганхуяг нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 4 хоногийн дараа зээлдэгч Б.Ганхуяг нь нас барсан тул 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүрэг зогсох тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар нэхэмжилснийг хангах үндэслэлгүй. Харин зээл авсан өдрөөс зээлдэгч нас барсан өдөр хүртэлх 4 хоногийн хүүг 1 сарын 4.5 хувиар тооцож 18 000 төгрөг, үндсэн зээл 3 000 000 төгрөг, нийт 3 018 000 төгрөгийг шаардах эрхтэй. Зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу /хх.13/ нийт 1 245 000 төгрөг төлсөн талаар талуудын хэн аль нь маргаагүй тул хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 1 773 000 төгрөгийг гаргуулах, үүнтэй холбоотойгоор хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43 318 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх өвийг хүлээн авах, татгалзахтай холбоотой хэргийн нөхцөл байдлыг үндэслэлтэй дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан болон хууль хэрэглээний өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/00355 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “535 дугаар зүйлийн 535.2” гэснийг хасч, “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Х-ыг Г-2201024473 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоогийн 25 дугаар гудамжны 12 тоот гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байршилтай 31 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өв залгамжлагчаар тогтоож, хариуцагчаас 1 773 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 709 272 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулсугай” гэж тус тус өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “163 314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “163 314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 43 318 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 314 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                                        Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ