| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2019/00151/И |
| Дугаар | 146/ШШ2019/00184 |
| Огноо | 2019-06-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 146/ШШ2019/00184
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, Ерөнхий шүүгч Э.Дулмаа, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг, ___ тоотод оршин суух, Б- овгийн П-ийн Б- /РД: ___/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багт оршин суух, Б- овгийн У-гийн М- /РД: ___/-д холбогдох
“Гэм хорын хохирол 6.090.320 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б-, хариуцагч У.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Гандөш, иргэдийн төлөөлөгч Л.Амаржаргал, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний хүү Б.С- 2006 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн. Хүү Б.С- маань 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хичээлдээ очоод унагасан балыг нь ангийн хүүхэд М-ийн У- нь шидэж баруун нүдийг нь гэмтээж өдөр хичээл тараад 13 цаг ирсэн. 14 цагт эмчид үзүүлсэн. Яаралтай аймаг явж хагалгаанд орох шаардлагатай болсон. Өглөө эрт 06 цагт хагалгаанд орохоор аймагт очиж 10 цагт хагалгаанд орсон. 10 хоноод эмчилгээнээс гараад хичээлийн эрхлэгч Ж-д хэлсэн боловч надад хамаагүй гэсэн. Дараа нь сургуулийн захиралд хэлсэн. Тухайн үед анги нь камертай байсан боловч ажилладаггүй, ангийн багш нь чөлөө аваад оронд нь Э- багш орж байсан. Нүд өвдөөд байна гэхэд тоогоогүй, өөр ангитай хамт хичээл оруулсан байсан. Би өөрөө эрхэлсэн ажилгүй учир ээжийнхээ өндөр насны тэтгэвэрийг 24 сарын хугацаагаар зээлүүлж авч эмчилгээний зардлыг шийдэж байсан. Одоо байнгын эмчийн хяналтад байдаг болсон. Нүд нь 90 хувийн харааны чадвараа алдсан. Цаашид хараа сэргээх боломжгүй болсон. Би хүүхдээ нүдээ сохолчихоод ирэхэд нь 2 жил эмнэлгээр явсан. Тэгээд зүгээр болох байх гэж бодоод яваад байсан чинь зүгээр болоогүй. Эмнэлэгт үзүүлэхэд 50 хувь л харах магадлалтай гэсэн. Одоо насан туршдаа хараагүй болж магадгүй байна. Эмчилгээ хийлгэхэд мөнгө их ордог. Тийм болохоор би хагалгааны зардлын талыг нь гаргуулаад өөрөө талыг нь өгөөд хүүхдээ хэдэн жил хараатай байгаасай гэж бодож байна. 100 хувь хараа орох баталгаа байхгүй, 50 хувь хараа орлоо гэхэд 1 жилийн хугацаанд л харна гэж эмч хэлсэн. Хамгийн гол нь хүүхэд маань хараагүй болох гээд байгаад би гомдолтой байна. Түүнээс би хөл, гар нь хугарсан бол хариуцагчаас мөнгө нэхэмжлэхгүй байсан. Миний хүүхэд насаараа сохор болох байх гэдгээс би айж байна. Өглөө сэрэхдээ ээжээ би юм харж чадаж байгаа дээрээ сайн харж авъя гээд босоод ирэхээр нь миний сэтгэл маш их өвддөг. Харанхуй болохоор юм харахгүй энд тэнд гишгэдэг. Нэг өдөр цагдаа гэрт хүргэж ирж байсан. Би хүүхдэдээ эмчилгээ хийлгэж явахдаа зүгээр болчих байх гэж бодож явсан. Тэгээд зүгээр болсон бол би энэ хүмүүсээс мөнгө нэхэмжлэхгүй байсан. Өвөрхангай аймаг 5 удаа, Улаанбаатар хот руу 16 удаа явсан боловч эмчилгээний бодит зардал 6.090.320 төгрөгийг У.М-өөс гаргуулж өгнө үү. Хүүхдээ 1, 2 сар хараатай байлгах юмсан гэж л бодож байна” гэв.
Хариуцагч У.М- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний хүү М-ийн У- нь 2006 оны 02 дугаар сарын 03-нд төрсөн. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сургууль дээрээ хичээлийн цагаар, багшийн хараа хяналт дор болсон явдал учраас би хариуцлага хүлээхгүй. Сургуулийн захиргаа хариуцах ёстой гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Насанд хүрээгүй 2 хүүхдийн дунд болсон явдал байгаа юм. Тухайн үед нь бид нар Өвөрхангай аймаг орж 7 хоног хоол, цай зөөж, эмчилгээний мөнгө өгдөг байсан. Сүүл рүү гээ арай их мөнгө нэхээд байхаар нь шүүхээр шийдүүл гэж хэлсэн. Одоо бол хүүхэд нь шинэ дугуй авчихсан, морь унаад явж байна гэсэн. Манай хүүхэдтэй нэг анги байгаа юм. Ангийн багш нь самбар дээр байгаа юмыг ямар ч асуудалгүй хуулаад биччихдэг гэж мэдүүлсэн байсан. Хүүхэд нь одоо гайгүй байх шиг байна. Бид нар тухайн үедээ өгөх ёстой зардлаа өгсөн. Сургуульд, хичээл орж байхад болсон асуудал болохоор сургууль хариуцах байх гэж бодож байна. Хүүхэд нь өөрөө эхэлж хүний хүүхэд өдөөд бал шидсэн юм байна лээ. Тэгээд тэр бал нь манай хүүхдийн хажуу талд унахаар нь балаа ав гэсэн чинь шидчих гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь шидсэн чинь нүдэнд нь таарчихсан юм байна лээ” гэв.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Б- нь хариуцагч У.М-д холбогдуулан “Гэм хорын хохирол болох 6.090.320 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “миний хүү С- нь эрүүл мэндээрээ хохирсон тул хариуцагч У.М-өөс эмчилгээний бодит гарсан хохирол 6.090.320 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.
Хариуцагч нь шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед хичээл орж байсан болохоор сургууль хариуцах байх гэж бодож байна” гэж маргасан.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангийн сурагч М-ийн У- нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэг ангид хамт сурдаг Б.С- руу сургууль дээрээ хичээлийн хэрэгсэл болох бал шидсэний улмаас Б.С-ын зүүн нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэлтэс нь иргэн П.Б-гаас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бичгээр гаргасан гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлтийн 182700212 дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлт явуулсан бөгөөд улмаар Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №78 тоот тогтоолоор “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар буюу 14 насанд хүрээгүй” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 182700212 дугаартай хэргийг хаажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйлдлээс болж эрүүл мэндээрээ хохирч эмчилгээ хийлгэсэн болон хүү Б.С- байнгын асаргаа шаардлагатай талаар баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.С-, М.У- нар нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сургуулийн хяналтан дор байсан нь зохигчдын тайлбараар тогтоогддог бөгөөд багш тэднийг хараа хяналтгүй орхисны улмаас нэг нь нөгөөдөө эрүүл мэндийн хохирол учруулсан байна.
Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2-т “7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгана” гэж заасан тул нэхэмжлэгч П.Б- нь гэм хорын хохирлыг хариуцагч У.М-өөс шаардах эрхгүй.
7-14 хүртэлх насны буюу иргэний эрх зүйн зарим чадамжтай иргэний бусдад учруулсан гэм хорыг хариуцах этгээдийг тогтоохдоо гэм хор учруулсан орон зай, цаг хугацаа буюу хэний асрамж, хамгаалалт, хяналтад байсныг харгалзан үзэх ёстой юм.
Иймд нэхэмжлэгч П.Б-гийн хариуцагч У.М-д холбогдох “Гэм хорын хохирол 6.090.320 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.395 төгрөгийг нэхэмжлэгч П.Б-д буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 503 дугаар зүйлийн 503.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б-гийн хариуцагч У.М-д холбогдох “Гэм хорын хохирол 6.090.320 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.395 төгрөгийг нэхэмжлэгч П.Б- /___6/-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН
ШҮҮГЧИД Э.ДУЛМАА
Ц.ДАГИЙМАА