| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2019/03286/И |
| Дугаар | 101/ШШ2019/02667 |
| Огноо | 2019-10-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2019/02667
2019 оны 10 сарын 03 өдөр Дугаар 101/ШШ2019/02667 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Дунд дарь эх 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух, Е овогт Ч.Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байр 0 тоотод байрлах “И Т К” ХХК / /-нд холбогдох,
Ажиллаж байсан хугацааны цалин 2,200,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б би 2019 оны 05 дугаар сарын 07-ны үед тус компаний мужааны даамал гэх С-тай хөдөлмөрийн гэрээ хийж, гарын үсэг зурж ажиллаж эхэлсэн. Бригадын дарга Г гэдэг залуу байсан. Ингээд 8-10 хүнтэй туслах гэх ажилчидгүй, зохион байгуулалтай муутай ажилчид энэ тэнд дур мэдэн ганц нэгээр ажиллацгаана. Ингээд 2019 оны 05 дугаар сарын 25-нд цалин өгөх болсон. Захирал М хурал хийлээ. Жижиг өрөөнд мужаанууд ороод мужаан гэх 8-10 хүн арав, ах нь гэх М, нягтлан бодох, даамал С нар сууцгааж байна. Ингээд ярьж байна. Мужаанууд та нараас болж ажил явахгүй байна. Манай компани алдагдалд орж байна хасахруугаа орлоо. Архи ууж, ажлаа тасалж байна. 2 адуу, 1 тэмээ, 4 ямаа идлээ гэх шиг ярив. Ингээд шөнийн 02:00 цагт цалингаа өгөв. Даамал С нэг бүрчлэн хүн болгоноос 100,000 төгрөгөөс 500,000 төгрөг суутгаж 2019 оны 06 дугаар сарын 05-нд цалин дахин өгнө гэж авч байлаа. Нягтлан бодогч илүү цаг, дутуу бодож оруулсан гэж хэлтэл “За дараагийн цалинд оруулъя” гэсэн. Ингээд 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллав. Ингээд өглөө гараад л орой ирдэг. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр боллоо. 2019 оны 06 дугаар сарын 15 боллоо. Цалин байхгүй, эхнэр Мөнхтуяа “Чи ажилд яваад л байдаг. Мөнгө төгрөг хаана байна” гэнэ. Би цалингаа өгнө л гээд яваад байлаа. Хамт ажиллаж байсан. Манлайбат гэх залуу сар ажиллаа цалингаа өгөхгүй юм байна гээд 2019 оны 06 дугаар сарын 10-аас ажлаас гарав. Утас:0. Мөн хамт ажиллаж байсан Батбаяр 2018 оны 09 дүгээр сарын 18-нд ажлаас гарав. Утас:0. Цалин мөнгөө цаг тухайд нь өгөхгүй. Ингээд 5-уулаа үлдэв. Баяр наадам болох гээд ажлаа шахаж эхлэв. Би хичээж байдаг чадлаараа ажиллаж байлаа. 2019 оны 06 дугаар сарын 18-нд бетон авна гээд хэв хашмал бэхэлгээ хийж байгаад бие өвдөөд даамал С-д хэлэв. 22:30 цагийн үед хэлэхэд за Болдоо ах бэхэлгээгээ дуусгаад яв гэв. Би бэхэлгээгээ Д-ийн хамт 02:00 цагийн үед дуусгаад явсан. Маргааш нь эхнэр М барилга дээр очиж захирал М, М нартай уулзаж цалингаа нэхэхэд хэл амаар доромжилж хаалгаар чирч гаргасан байлаа.
Ингээд өөрийн биеэр очиж уулзахад Болдоо ахаа та яагаад эхнэрээ явуулж байгаа юм бэ гэсэн. Шүүх цагдаа болоод байна. Тэгэхээр та шүүх, цагдаагаараа яваад цалин мөнгөө ав гэсэн.
Иймд “И Т К” ХХК-аас миний хөдөлмөрийн хөлсний үлдэгдэл төлбөр болох 2,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч “И Т К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Баянхайрхан трейд ХХК нь өөрийн эзэмшлийн газар буюу бөхийн өргөөний зүүн хойд талд байрлах Милленум плаза барилгын гүйцэтгэгчээр “И Т К” ХХК-ийг сонгон гэрээ байгуулсан. Тус барилга нь 15 давхар барилга байгаа. Үүнтэй холбоотой туслан гүйцэтгэгч нартай гэрээ байгуулсан. Тэдний нэг нь Т.С ба түүнтэй гэрээ байгуулсан. Энэ ажлын нийт төсөвт өртөг нь 490,000,000 төгрөг байгаа. Үүний 70 хувийг бэлнээр, 30 хувийг бартераар авахаар тохирсон. Гэрээний гүйцэтгэлээс хамаарч санхүүжилтийг олгодог. “И Т К” ХХК нь Т.С-ын бригадын өдөр тутмын ажилд хяналт тавьж, чанартай ажлыг хүлээн авч чанаргүй ажилд акт тавьдаг. С 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллана гэж гэрээ байгуулсан. Энэ ажилчдын нэг нь нэхэмжлэгч Б байгаа. Б манайхтай гэрээ байгуулаагүй. Бид Т.С-д хийсэн ажилд нь тохирсон санхүүжилтийг олгосон. Хүмүүсийн цалингаа авч чадахгүй байгаа асуудал нь 2019 оны 6 дугаар сард С нь 2 давхрын блокоор буруу цутгалт хийсэн. Үүнтэй холбоотойгоор энэ ажлыг дахин хийлгүүлэх, дахин хийлгүүлэхтэй холбоотой зардлыг Т.С-аас гаргуулахаар шийдсэн. Гэтэл Т.С нь амраа ирье гээд наадмын үеэр яваад гэнэт алга болсон. Манайх Т.С-д холбогдуулан дээр нэхэмжлэл гаргасан байгаа. Т.С нь эрэн сурвалжлагдаж байгаа. Энэ хүн С-тай гэрээ байгуулсан манайхтай гэрээ байгуулаагүй. Энэ хүн хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Т.С-тай гэрээ байгуулснаа дурдсан. Т.С-аас цалин авч байсан байгаа. Нэхэмжлэгч нь манайхтай гэрээ байгуулаагүй, Т.С-тай гэрээ байгуулсан байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тус компанийн мужааны даамал гэх С-тай хөдөлмөрийн гэрээ хийж ажилласан. 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр цалин өгсөн. Үүнээс хойш 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ажилласан цалин 2,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “И Т К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид барилга барихдаа туслан гүйцэтгэгч нартай гэрээ байгуулсан. Тэдний нэг нь Т.С юм. Т.С-тай Ч.Б хөдөлмөрийн гэрээ байгуулсан, түүнээс нэхэмжлэгч нь манай компанийн ажилтан биш тул манай байгууллага цалин олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ч.Б Т.С хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаараа нэхэмжлэлдээ дурдсан, мөн “И Т К” ХХК-тай Т.С 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. /хх-ийн 19-29 дүгээр тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д “хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь “И Т К” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.
Харин “И Т К” ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан иргэн Т.С-тай гэрээ байгуулсан байгаа тул тэрээр ажиллаж байсан хугацааны цалингаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан Т.С-аас шаардах эрхтэй юм.
Нэгэнт Ч.Б “И Т К” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир тэдний хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байна.
Иймд хөдөлмөрийн гэрээ байгуулсан Т.С-аас ажиллаж байсан хугацааны цалингаа нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.
Иймд Ч.Бын ажиллаж байсан хугацааны цалин 2,200,000 төгрөгийг “И Т К” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д зааснаар “И Т К” ХХК-иас 2,200,000 төгрөг гаргуулах тухай Ч.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120..-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО