Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 146/ШШ2019/00142

 

Өвөрхангай аймгийн Х- сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Х- сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Х- сум, Ганган-Орхон баг, ___ хаягт байрлах Б-д холбогдох,

 

“зээл 15.562.100 төгрөг, зээлийн хүү 933.726 төгрөг, алданги 3.952.773 төгрөг, нийт 20.448.599 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э-, хариуцагч Ц.Ц-, гэрч Д.Л-, М.Э-, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Х- сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б- нь Х- сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №01 дугаартай зээлийн гэрээгээр 30.000.000 /гучин сая/ төгрөгийн зээлийг сарын 0.25%, жилийн 3%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Малчны хоршооны үйл ажиллагааг дэмжих, мах, сүү, ноос, ноолуур бусад түүхий эд бэлтгэлийн үйл ажиллагааг жигдрүүлэх зориулалттай зээлсэн. Зээлийн гэрээг зөрчиж зээлийн хүү эргэн төлөлтөө хугацаандаа төлөөгүй, зээлийг төлүүлэх талаар хугацаатай албан мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч биелүүлэхгүй байгаа учир Б-ноос зээлийн эх үүсвэр 15.562.100 /арван таван сая таван зуун жаран хоёр мянга нэг зуун/ төгрөг, зээлийн хүү 933.726 /есен зуун гучин гурван мянга долоон зуун хорин зургаан/ төгрөг, алданги 3.952.773 /гурван сая есен зуун тавин хоёр мянга долоон зуун далан гурван/ төгрөг нийт 20.448.599 /хорин сая дөрвөн зуун дөчин найман мянга таван зуун ерин есөн/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1.4 дэхь заалтыг үндэслэн тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э- шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэл бол бид нарын журмынхаа шаардлагын дагуу гаргасан нэхэмжлэл байгаа. Тухайн үед Сум хөгжүүлэх сангийн журамд зааснаар хүү, алданги зэрэг нь тухайн журмаар зохицуулагддаг. Үндсэн зээл 15.562.100 төгрөг, зээлийн хүү 933.726 төгрөг, алданги 3.952.773 төгрөг, нийт 20.448.599 төгрөгийг Б-ноос нэхэмжилж байна” гэв.

 

            Хариуцагч Ц.Ц- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б-нд 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Би дээрх зээлийн зориулалтыг мэдэхгүй. Намайг ажиллах хугацаанд Сум хөгжүүлэх сан болон бусад банк, хоршооноос ямар нэгэн зээл аваагүй. Тэгээд ч санхүү бүртгэл тооцоог нягтлан бодогч Х.Хандсүрэн хариуцаж байсан учир зээлийн төтөлт зарцуулалтыг хийдэг байсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

           

Хариуцагч Ц.Ц- шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа: “Тухайн зээлийг Б- 2013 оны 01 дүгээр сард авсан гэж байгаа. Би 2014 оны 05 дугаар сард Б-нд ажилд орж 2015 оны 08 дугаар сар хүртэл 1 жил 3 сарын хугацаанд ажилласан. Тухайн үед Б-ны нягтлан Сум хөгжүүлэх сангаас ийм зээл авсан гэж хэлж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд тухайн зээл хугацаандаа төлөгдөөд явж байсан. Орон нутгийн өмчтэй сүүний үйлдвэрийг Б-нд хариуцуулсан. Тухайн сүүний үйлдвэрийг ажиллуулахад хөрөнгө мөнгө их шаардлагатай байсан. Б-ны хөрөнгөнөөс орон нутгийн өмчтэй сүүний үйлдвэрт 9 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн 9 сая төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлтэй байна. Мөн зээлийн хүү, алданги зэргийг хасуулах хүсэлтэй байна. Яагаад гэвэл Б- одоогоор үйл ажиллагаа нь хэвийн бус байдалтай байгаа” гэв.

           

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбаруудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Х- сумын Засаг дарга нь хариуцагч Б-д холбогдуулан “зээл 15.562.100 төгрөг, зээлийн хүү 933.726 төгрөг, алданги 3.952.773 төгрөг, нийт 20.448.599 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

           

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Б- нь Х- сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №01 дугаартай зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөгийн зээлийг сарын 0.25 хувийн, жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн гэрээг зөрчиж зээлийн хүү эргэн төлөлтөө хугацаандаа төлөөгүй, зээлийг төлүүлэх талаар хугацаатай албан мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч биелэгдээгүй. Иймд Б-ноос зээл 15.562.100 төгрөг, зээлийн хүү 933.726 төгрөг, алданги 3.952.773 төгрөг, нийт 20.448.599 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан гэж” тайлбарласан.

           

            Хариуцагч шүүх хуралдаанд “Би Б-нд 2014 оны 05 дугаар сарын 01-нээс эхлэн ажиллаж байгаад 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Намайг ажилд ороход сум хөгжүүлэх сангаас 3 жилийн хугацаагаар зээл авсан гээд зээлийн эргэн төлөлт хийгдээд явдаг байсан. Би зээлийн зарцуулалтыг мэдэхгүй гэж” маргажээ.

 

            Х- сумын Засаг дарга болон Б-ны хооронд 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №01 дугаартай “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ” байгуулагдсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

            Б- нь зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөгийг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

            Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

            Нэхэмжлэгч Х- сумын Засаг дарга болон хариуцагч Б-ны хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна.

 

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, мөн 282.3.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Х- сумын Засаг дарга нь хариуцагч Б-ноос зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

            Зохигчдын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №01 дугаартай “сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ” байгуулагдсан бөгөөд тус зээлийн гэрээгээр талууд зээлийг буцааж төлөх хугацааг тогтоогоогүй байх ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь “зээлийн гэрээг 36 сарын хугацаатай буюу 3 жилийн хугацаагаар байгуулсан” гэж  тайлбарласан тайлбараар гэрээний хугацааг тодорхойлсон.  

 

            Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар “хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасан байх тул талуудын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 36 сарын хугацаатай байгуулагдсан зээлийн гэрээ 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дууссан  байна.

 

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”:

              75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан байна.

 

            Иргэний хуулийн 24 дүгээр бүлэг буюу зээлийн харилцааг зохицуулж буй зүйл ангиудад хөөн хэлэлцэх хугацааны талаар тусгай зохицуулалт байхгүй тул Иргэний хуулийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацаа тухайн харилцаанд үйлчлэх тул зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусчээ.

 

            Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Х- сумын Засаг дарга нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд хандсан байна. 

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хариуцагч Б-ноос зээлийг төлүүлэх талаар хугацаатай албан мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч биелэгдээгүй” гэж тайлбарласан бөгөөд тэр талаар нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй болно.

 

            Иймд нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Х- сумын Засаг даргын хариуцагч Б-д холбогдуулан “зээл 15.562.100 төгрөг, зээлийн хүү 933.726 төгрөг, алданги 3.952.773 төгрөг, нийт 20.448.599 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Нэхэмжлэгч нь төсвийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Х- сумын Засаг даргын хариуцагч Б-д холбогдуулан “зээл 15.562.100 төгрөг, зээлийн хүү 933.726 төгрөг, алданги 3.952.773 төгрөг, нийт 20.448.599 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Х- сумын Засаг дарга нь  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ЭНХ-АМГАЛАН