| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0151/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/177 |
| Огноо | 2023-05-04 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0151/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Хохирогч Д.Нямдаваа,
Шүүгдэгч Ш.Даваабат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Шаавай овогт Шинэгэрэлийн Даваабатад холбогдох эрүүгийн 2318000000169 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Шаавай овогт Шинэгэрэлийн Даваабат /РД: МУ91120210 /, 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум 9 дүгээр багийн *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай
Шүүгдэгч Ш.Даваабат нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ **** ” ХХК-ийн “ **** ” ресторанд барменаар ажиллаж байх үедээ 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хүртэлх хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг завшиж “ Жаргалант хүлэг ” ХХК-нд нийт 15,255,100 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
“ **** ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5/,
Хохирогч Д.Нямдаваагийн: Би өөрийн эхнэр У.Оюунгэрэлийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум **** дүгээр баг **** дугаар байранд “ Зочил ” нэртэй Ресторан зоогийн газар ажиллуулдаг юм. Манай байгууллагад барменаар ажиллаж байсан **** нь 2022 оны 12 дугаар сард Буян захын ажилчид манайхаар үйлчлүүлсэн 4.855.100 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны ажилчид үйлчлүүлсэн 3.500.000 төгрөг, Тохь фитнессийн ажилчид үйлчлүүлсэн 3.000.000 төгрөг, Дархан-Уул аймгийн 1989 оны төгсөгч нар манайд хүлээн авалт хийсний төлбөр 3.900.000 төгрөгийг хувьдаа завшиж байгууллагад хохирол учируулсан. Энэ талаараа Ш.Даваабат нь хүлээн зөвшөөрч бичиг хийж өгсөн боловч одоог хүртэл байгууллагад учируулсан хохирол төлбөрөө барагдуулаагүй. *** байгууллагын төлбөр тооцоо болох 15.255.100 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 11, 13/,
Гэрч **** Би Дархан-Уул аймаг Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** нэртэй Рестораны захирлаар ажилладаг юм. Би уг асуудалд мэдүүлэг өгөхгүй. Манай байгууллагыг төлөөлөөд манай нөхөр **** хууль ёсны төлөөлөгчөөр оролцох эрхтэй. Байгууллагын баримт бичигт миний нэр бүртгэлтэй хэдий ч хариуцаж ажилладаг нь ****юм гэх мэдүүлэг /хх-ийн 15/
Гэрч О.Дашнямын: **** гэх хүнийг танихгүй, харж байгаагүй. Би өөрөө 1xbet спорт тэмцээний бооцоо тавьдаг сайтад ажилладаг юм. Би харилцагч нараасаа өөрийн *** дансаар төлбөр мөнгийг нь авч бооцоо тавиулж байсан ба *** нь уг хүмүүсийн нэг. Гүйлгээний утга дээр бичигдсэн *** гэх дугаар нь тухайн харилцагчийн ID хаяг нь байгаа юм. Над руу мөнгө шилжүүлсний дараагаар би уг ID хаягийг цэнэглэж өгдөг юм гэх мэдүүлэг, *** гаргаж өгсөн Ш.Даваабаттай фейсбүүк мессэнжер болон мессежээр харилцаж байсан гэх баримт /хх-ийн 17-18/,
*** эзэмшлийн *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулга /хх-ийн 22-24/,
***, *** нарын эзэмшлийн *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 27-74/,
*** банкны *** дугаартай *** эзэмшлийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 75-76/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ *** ” ХХК-ийн “ Зочил ” ресторанд барменаар ажиллаж байх үедээ **** оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс *** оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг завшиж “ *** ” ХХК-д нийт 15,255,100 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч *** 15,255,100 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** олгох саналыг шүүхэд гаргаж байна гэв.
Шүүгдэгч **** нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь Дархан-Уул аймаг, Дархан сум *** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “ *** ” ХХК-ийн “ Зочил ” ресторанд барменаар ажилладаг ба *** оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс *** оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хүртэлх хугацаанд тус байгууллагаар үйлчлүүлсэн иргэд, аж ахуйн нэгжийн төлбөр болох “Буян” захын ажилчдын төлбөр 4,855,100 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны ажилчдын төлбөр 3,500,000 төгрөг, “Тохь” бялдаржуулах төвийн ажилчдын төлбөр 3,000,000 төгрөг, 1989 оны төгсөгчдийн төлбөр 3,900,000 төгрөг зэргийг өөрийн ** банкны *** тоот дансаар авч цахим бооцод сайтад бооцоо тавьж алдан “ *** ” ХХК-д нийт 15,255,100 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдлийг хөрөнгө завших гэмт хэрэг тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч ****н дээх үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “ **** ” ХХК-ийн орлого 15,255,100 төгрөгийг өөрийн өмчийн адил захиран зарцуулж үлэмж хэмжээний хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байгаа ба энэ талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас “ *** ” ХХК-д 15,255,100 төгрөгийн хохирол учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь шүүгдэгч 1,714,400 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэгдэл 13,540,700 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар... санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан тул шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Иймд шүүгдэгч *** 13,540,700 төгрөг гаргуулан “ *** ” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч **** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 88/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч *** 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь ажил хийж хохирлыг төлж барагдуулах боломжтой тул торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн орлого олох боломж нөхцөл, ам бүлийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 5,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шаавай овогт Шинэгэрэлийн Даваабатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Даваабатыг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Даваабатад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ш.Даваабатаас 13,540,700 төгрөгийг гаргуулж “****” ХХК-д олгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Даваабатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Даваабатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР