Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/154

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2023/0112/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт*******гийн******* холбогдох эрүүгийн 2318000000071 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны монтёр мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын******* тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,******* овогт*******гийн******* /Регистрийн дугаар******* /,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн тоотод байхын гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, зэс домбо, 20 грамм байгалийн алт, цүнхтэй хувцас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 7130000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах зориулалттай оронд байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Эрүүгийн 2318000000071 дугаартай хэргээс:

 

Хохирогчын өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ноос 13- нд шилжих шөнө Дархан сумын тоотод гэрийнхээ 2 дугаар давхарт хүүхдүүдтэйгээ амарч байсан. Манай охин болох нь хамгийн сүүлд шөнийн 00 цаг 30 минутад өрөөндөө орж амарсан. Би үүрээр 06 цагт сэртэл гэр хүйтэн салхи сийгээд байхаар нь босож 1 дүгээр давхарт буутал гэрийн хаалга онгорхой байсан, юм бодолгүй хаалгаа хаагаад дээд давхарт өрөөндөө орж дахин амарсан. Өглөөний 08 цагт босож хүүхдүүдээ хувцаслаад 08 цаг 30 минутын үед гарах гэтэл үүдэнд өлгүүрт байсан куртик байгаагүй. Хувцсаа хайгаад 1 дүгээр давхрын том өрөөнд ортол зурагтын хажууд байсан тавиурын доторх эд зүйлс байгаагүй... Зурагтын баруун талын тавиурын дотор байсан 2 ширхэг их гарын мөнгөн аяга, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг цайны домбо, дотор нь 20 граммын алт мөн бичиг баримттай жижиг хэмжээний модон арслантай авдар, үүдний өлгүүрт байсан ногоон өнгийн гадуур хувцас алдагдсан байсан... Манай хашааны төмөр хаалга дотор талаасаа цоожтой байсан. Гэрийн хаалга цоожлоогүй үлдээсэн байсан. Цонхнууд төмөр решотиктой хаалгаар л орсон юм шиг байсан.” гэх мэдүүлэг  /хх 19-22/,

 

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 39 дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талд зогсоол дээр улсын дугаартай хар хөх өнгийн Тоёота кролла маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урагш харсан байрлалтай зогсож байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн хойд тээшний хэсгийг онгойлгож үзлэгийг явуулахад тээшиндээ хар өнгийн хучлага хийсэн байх ба уг хучлагыг сөхөж авч үзэхэд доор нь улбар шар өнгийн жижиг хэмжээтэй модон хайрцаг байх ба уг хайрцага дотор төрөл бүрийн бичиг баримтууд байв. Мөн шар өнгийн металл хийцтэй, хажуудаа бариултай домбо 1 ширхэг, том жижиг нийлсэн мөнгөн аяга 5 ширхэг байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов.” /хх 7-11/,

 

 “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “их гарын мөнгөн аяга 2 ширхэг 1,200,000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 350000 төгрөг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг 280,000 төгрөг, шаргал өнгийн зүйлээр бүрсэн цайны домбо 1 ширхэг 650,000 төгрөг, мөнгө хураадаг жижиг модон авдар 60,000 төгрөг, байгалийн алт 20 грамм 3,500,000 төгрөг, шинэвтэр, хар ногоон өнгийн куртик 1 ширхэг 240,000 төгрөг, хуучин хар өнгийн савхин цүнх 1 ширхэг 150000 төгрөг, Шинэвтэр хар өнгийн пүүз 1 хос 450,000 төгрөг, шинэвтэр хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг 60,000 төгрөг, хуучин, хар цагаан өнгийн шорт, фодволк 1 хос 60,000 төгрөг, шинэвтэр цэнхэр өнгийн шорт 1 ширхэг 40,000 төгрөг, хуучин өвдгөвч 1 хос 60,000 төгрөг, шинэвтэр гарын кист 1 ширхэг 30,000 төгрөг, нийт 7130000 төгрөг байна. ” /хх 32-33/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаартай  дүгнэлт: “...Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авсан гэх шинжлэгдэж байгаа №4 гэсэн дугаартай гутлын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Уг гутлын мөр нь шулуун ултай, өлмий хэсэгт 4 ширхэг, өсгий хэсэгт 2 ширхэг хөндлөн нум хээтэй, гутлын өсгийн гадна хэсэг элэгдэж хээ  бүдгэрсэн, 41-43 размерын өмсгөлтэй гутлын улаар дарагдаж үүссэн мөр байх ба уг мөрөөр тухайн хүний нас, жинг тодорхойлох боломжгүй бөгөөд 175-180 см өндөртэй хүн байна. Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гэх гутлын мөр нь *******аас хураан авсан гэх хар өнгийн гутлын улаар дарагдаж үүссэн мөр мөн байна.” /хх 51-55/,

 

“Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай "... Тоёота Королла Аксио маркийн улсын дугаартай хар өнгийн суудлын автомашин... 4.500.000 төгрөг байна.” /хх 61-62/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 77/, иргэний үнэмлэхийн лавлагаа, газар эзэмших эрхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх 88-95/ зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн тоотод байхын гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, зэс домбо, 20 грамм байгалийн алт, цүнхтэй хувцас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн арван долоодугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг, Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг, хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг, Хүн амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн  гэдэг нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, түүнчлэн...хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байрлуулсан, эсвэл хориг саадыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр ...цонх, хаалга, түгжээг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж тус тус ойлгохоор заажээ.

 

Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авсан, энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогчын алдагдсан эд зүйлүүдийг биет байдлаар буцаан өгч. 20 граммын алтны зах зээлийн үнэлгээ болох 3,500,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч...“шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлт”-ийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн  “Хувийн байдлын хувьд эхнэр нь 7 сартай жирэмсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, сургуульд сурч байхдаа манлайлагч сурагч байсан. Иймд миний үйлчлүүлэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж хөнгөрүүлж өгнө үү.” гэх дүгнэлт, шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт эцсийн болгож хэлсэн “Одоо надад итгээд ажил хийх боломж олгох юм бол нийгэмд үнэнч шударга тууштай ажиллах хүсэлтэй байна. Маш их сургамж авлаа. Гэм буруугаа бүрэн хүлээж байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй“ гэх тайлбар тус тус гаргав.

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч *******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан, “цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх тайлбар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт*******гийн*******ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлээх арга хэмжээг өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс тоолсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ