Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 853

 

Ш.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00430 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Б,

Хариуцагч Ц.Б, Я.Ж нарт холбогдох,

90 605 045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.Б,

Хариуцагч Ц.Б, Я.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Бын аав, Я.Жы нөхөр Ш.Цогтсайхан нь Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 4а байр 18 тоот өөрийн байрыг зээлээс чөлөөлж авахын тулд 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ш.Б миний байрыг Капитрон банк, “Гэрэг инвест” ХЗХ-д 3 500 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Зээлийг төлж чадахгүй байсаар 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Би өөрийн байрыг зээлээс чөлөөлж “Гэрэг инвест” ХЗХ-нд 4 405 045 төгрөгийг төлсөн.

Өвлөгч Ц.Б нь өр төлбөрөөс зугтаж зээлийн барьцаанд байсан гэрчилгээг Ш.Б намайг хулгайлсан гэж гүтгэж, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт зээлийн барьцаанд бүртгэгдсэн гэрчилгээг шинээр гаргуулахдаа үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, ямар нэгэн асуудал үүсвэл бид нар хариуцна хэмээн шинэ гэрчилгээ гаргуулсан байсан. Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 45/4-48 тоот байрны өмчлөгчөөр Я.Ж, Ц.Б нар бүртгэлтэй байна.

Ш.Цогтсайханы төлөх ёстой өр 86 200 000 төгрөг бөгөөд “Гэрэг инвест” ХЗХ-ны өр төлбөр 4 405 045 төгрөг, нийт 90 605 045 төгрөгийг түүний өвлөгч Я.Ж, Ц.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд бичигдсэн “Гэрэг инвест” ХЗХ-ны өр төлбөрийн талаар өмнө нь олон удаа шүүхээр хэлэлцэгдэж хэрэгсэхгүй болсон. Иймд Ш.Бы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Я.Ж охин Ц.Бын хамт талийгаач нөхөр Ш.Цогтсайханы нэр дээр үлдсэн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол 45/4-р байр 48 тоот 2 өрөө орон сууцны өвлөгч болж 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хамтран өмчлөлийн 000280619 дугаартай гэрчилгээг авсан. Миний нөхөр Ш.Цогтсайхан нь 2008 онд нас барсан бөгөөд 2013 он хүртэл ямар нэгэн өр төлбөр нэхэгдэж шүүхэд дуудагдаж байгаагүй. Харин өөрийн өмчлөлийн тус байрнаас Ш.Бы эд зүйлийг гаргуулах тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд анх хандсан. Энэ үеэс Ш.Б нь Н.Ойдовдорж гэх хүнтэй нийлж янз бүрийн нэхэмжлэл гаргаж шүүхээр явсан. Гол зорилго нь тус байрыг өгөхгүй гэж хамаатнуудаараа нийлж биднийг шүүхэд өгч байсан. Талийгаач Ш.Цогтсайхан нь ийм их өр төлбөрийн өргүй байсан бөгөөд хэрэв өртэй байсан бол өөрийнх нь амьд сэрүүнд шүүх цагдаад хандах боломж байсан. Ш.Б нь Н.Ойдовдорж, н.Сосор нартай нийлж зохион байгуулсан хуурамч баримтууд тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Бы хариуцагч Я.Ж, Ц.Б нарт холбогдох 90 605 045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Бы хариуцагч Ц.Б, Я.Ж нарт холбогдох 90 605 045 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нь ойлгомжгүй бөгөөд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзээд иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар гэж дээрх заалтуудыг хэрэглэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шийдвэрийг гаргахдаа Гэрэг инвест ХЗХ-ны өр төлбөрийн асуудлыг олон шүүхээр шийдвэрлэсэн гэх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд байгаа гэдэг нь миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагад 4 405 045 төгрөгийг Ц.Бт холбогдуулж гаргасан нэхэмжлэлтэй хольж буруу ташаа ойлгуулж тайлбарласныг миний бие 4 405 045 төгрөгийг Ш.Цогтсайханы өр төлбөр гэж өмнө нь нэхэмжлэл гаргасан мэтээр Ц.Бын тайлбарыг үнэлж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснээр миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Ц.Б, Я.Ж нарт холбогдуулан “Гэрэгэ инвест” ХКХ-нд төлсөн 4 405 045 төгрөг, мөн Д.Сосорт төлсөн төлбөр 35 000 евро буюу 61 500 000 төгрөг, Н.Ойдовдоржид төлсөн 24 700 000 төгрөг, нийт 90 605 045 төгрөгийг төлсөн тул Ш.Цогтсайханы өвлөгч нар болох Я.Ж, Ц.Б нараас уг төлбөрийг гаргуулна гэж шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч Я.Ж, Ц.Б нар нь 2008 оны 3 дугаар сарын 7-ны өдөр нас барсан Ш.Цогтсайханы хууль ёсны өвлөгчид бөгөөд 2006 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр өмчлөлд нь бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр замын 45 дугаар байрны 48 тоот 2 өрөө байрыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлөн авсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

            Нэхэмжлэгч Ш.Б төрсөн дүү Ш.Цогтсайханы барьцаанд тавьсан байрыг алдахгүйн тулд “Гэрэгэ инвест” ХЗХ-оос авсан зээлийн төлбөрт 4 405 045 төгрөгийг түүний өмнөөс төлсөн, мөн Д.Сосорт төлөх ёстой 35 000 евро буюу 61 500 000 төгрөг, Н.Ойдовдоржид төлөх ёстой 24 700 000 төгрөгийг Ш.Цогтсайханы төлбөрийг барагдуулсан гэж Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсгийг үндэслэн өвийг хүлээн авсан Я.Ж, Ц.Б нараас шаардсан боловч дээрх 90 605 045 төгрөгийн төлбөрийг нас барагчийн өмнөөс төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

            Хариуцагчийн зааж буй хэргийн 37 дугаар талд авагдсан 2008 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 400,000, 2008 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1 100 000, 41 дүгээр талд авагдсан 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 432 400, 2006 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 600 000, 42 дугаар талд авагдсан 2006 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 119 000, 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 300 000, 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 402 535, 2006 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 200 000 төгрөгийг “Гэрэгэ инвест” ХЗХ-нд төлсөн тухай баримтад төлбөр төлөгч Цогтсайханы гарын үсэг зурагдсан ба түүний ард “-ийг” гэж Ш.Б гарын үсэг зурсныг нэхэмжлэгчээс төлбөр төлснийг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй, ийнхүү төлснийг өөр бусад байдлаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлсэн, шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэх тул нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

            Түүнчлэн Н.Ойдовдоржид 24 700 000 төгрөгийн төлбөр, Д.Сосорт 61 500 000 төгрөгийн төлбөр төлснийг нотолно гэж хариуцагчийн заасан баримтуудыг шүүх шалгаж, нэхэмжлэлийн үндэслэл нотлогдоогүй гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцсэн, нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй байна.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв..

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Бы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                         А.ОТГОНЦЭЦЭГ