Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1255

 

 Б.Т-т  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Сансар,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 3233 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Я.Сансарын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаартай эсэргүүцлээр Б.Т-т холбогдох эрүүгийн 1906 05410 2184 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-н Т, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;

 

 Б.Т нь 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Г-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэг явуулах боломжгүй гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдов. Үүнд: прокуророос яллагдагч Б.Т-т  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч Б.Т нь шүүх хуралдаанд даргалагчаас тодруулж асуусан “мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн үү” гэх асуултад “эрх, үүрэг хэлж өгөөгүй”, “өгөөгүй бол үүнийг уншиж танилц гэж уншуулаагүй юм уу” гэх асуултад “ямар ч зүйл уншуулаагүй”, “хэргийн материалтай танилцсан уу” гэх асуултад “ямар хэргийн материал”, “хэргийн материалыг үзүүлээд энэ хэрэгтээ танилцсан уу” гэхэд “байцаагч дотроос нь энэ энийг уншаад гарын үсэг зур гэсэн, тэрнээс бүгдийг нь уншуулаагүй” гэж тус тус хариулсан болно.

Шүүгдэгчийн дээрх өгүүлэмжээс дүгнэхэд, яллагдагчийн Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эдлэх ёстой эрхээр хангалгүйгээр хэргийг шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Яллагдагч Б.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3, 4.4, 4.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудын талаар ямар ч ойлголтгүй байгаа нь шүүх хуралдаанд түүний тайлбарласнаар тогтоогдоно.

Яллагдагч нь өөрт оногдуулахаар прокурорын сонсгосон ялын талаар ямар нэг ойлголтыг аваагүй, торгох ялыг ямар хэмжээгээр оногдуулахаар санал гаргасан болохыг мэдээгүй байна. Үүнээс дүгнэхэд, тэрээр прокурорын санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар болон өөрийгөө гэм буруутай гэж хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврын талаар мөн ямар ч ойлголтгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн бол прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэхээр хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд прокурорын зүгээс гаргасан ялыг яллагдагч хүлээн зөвшөөрсөн эсэх талаар ямар ч баримт байхгүй болно. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3, 4.4, 4.6 дахь заалтуудад заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлага хангагдаагүй нь шүүх хуралдаанаар тогтоогдож байх тул хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Я.Сансар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Оролцогч хавтаст хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд дараах зүйлийг тусгана” гээд 6.2 дахь заалтад “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт” гэж заасан ба яллагдагч хэргийн материалтай танилцсаны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан нь хэргийн материалтай танилцсан, тэмдэглэлд гарын үсэг зурснаар харагдана. Яллагдагчийн Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эдлэх ёстой эрхээр хангалгүйгээр хэргийг шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Прокурорын зүгээс яллагдагч Б.Т-н “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасны дагуу Б.Т-т  холбогдох хэргийг хянахад мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй учраас 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу яллагдагч Б.Т-тэй биечлэн тус дүүргийн Прокурорын газрын уулзалтын өрөөнд уулзаж “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн ач холбогдлыг тайлбарлаж, оногдуулах ялын саналыг танилцуулахад нийтэд тустай ажил хийх боломжгүй, торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсний дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гарсныг тайлбарлан /уулзалтын өрөөний камерын бичлэгээс харагдана/, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай тогтоол үйлдэж, тогтоолд оногдуулах ялын талаар гаргасан саналыг тусгаж танилцуулсан ба тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3, 4.4, 4.6 дахь заалтуудад заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзэж байна.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэг буюу “шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны дагуу явагдаагүй нь шүүх хуралдааны бичлэгээс харагдана. Ингэснээрээ шүүгдэгч нь сэтгэл зүйн хувьд сандралд орох, шүүгчээс тавьсан асуултыг ойлгохгүй байх зэрэг байдал ажиглагдсан ба прокурор гаргасан ялын саналын талаар тайлбарлаж өгсөн тухайгаа яллагдагчид тайлбарлахад шүүх прокурорын тайлбарыг хүлээн авахгүй, яллагдагчийн үгийг хэт үнэлж шийдвэр гаргасан нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхгүй, жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон тогтоогдсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Анхан шатны шүүх прокуророос Б.Т-т  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангалгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Т нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаснаар прокурор эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх санал буюу 500.000 төгрөгөөр ял оногдуулахаар прокурорын тогтоол гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.” гэж заасан хэдий ч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Т нь өөрөө хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, ял танилцуулсан баримт болон шүүх хуралдааны тэмдэглэлд тэрээр 500.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн талаар тусгагдсан байх тул шүүгдэгчийг хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Т нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоолууд, шинжээчийн дүгнэлт зэрэгтэй танилцаж, мөрдөн шалгах ажиллагаа дуусахад хавтаст хэргийн материалтай танилцах, шүүхийн шатанд хүсэлт гаргах зэргээр Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж оролцсон байна.

Иймд прокурор Я.Сансарын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 3233 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.