| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0714/З |
| Дугаар | 221/МА2025/0398 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0398
С******* ГХО ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, Б.Э*******, С.Э******* нар
Нэхэмжлэгч: С******* ГХО ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар
Гуравдагч этгээд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Гуравдагч этгээд: Р*******л ГХО ХХК
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1210 дугаар захирамжийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10.2 га газрыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхдээ С******* рестораны орц, гарц, барилгын хойд талын зогсоол бүхий 1464 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
2.Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 10.2 га газрын тохижилт цэцэрлэгт хүрээлэн-гийн загвар зурагт С******* рестораны орц, гарц, зогсоолыг холбогдох стандарт, норм дүрмийн дагуу тусган өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зураг төсөлд өнөөгийн газар дээр нь бодитоор ашиглаж байгаа С******* ХХК-ийн барилгын хойд талд 940 м.кв талбай, төв замаас С******* ресторан руу орж байгаа 525 м.кв талбай, нийт 1464 м.кв талбайг С******* рестораны орц, гарц зогсоолын зориулалтаар тусгаж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад даалгуулах.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0168 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, Д.Г*******, С.Э*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М*******
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******
Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******
Гуравдагч этгээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б*******
Гуравдагч этгээд Рио тинто монгол ГХО ХХК-ийн өмгөөлөгч Т.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0714/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С******* ГХО ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1210 дугаар захирамжийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10.2 га газрыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхдээ С******* рестораны орц, гарц, барилгын хойд талын зогсоол бүхий 1464 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 10.2 га газрын тохижилт цэцэрлэгт хүрээлэн-гийн загвар зурагт С******* рестораны орц, гарц, зогсоолыг холбогдох стандарт, норм дүрмийн дагуу тусган өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зураг төсөлд өнөөгийн газар дээр нь бодитоор ашиглаж байгаа С******* ХХК-ийн барилгын хойд талд 940 м.кв талбай, төв замаас С******* ресторан руу орж байгаа 525 м.кв талбай, нийт 1464 м.кв талбайг С******* рестораны орц, гарц зогсоолын зориулалтаар тусгаж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад даалгуулах-аар маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0168 дугаар шийдвэрээр:
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6-д заасныг тус тус баримтлан С******* ГХО ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1210 дугаар захирамжийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10.2 га газрыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхдээ С******* рестораны орц гарц, барилгын хойд талын зогсоол бүхий 1464 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 10.2 га газрын тохижилт цэцэрлэгт хүрээлэн-гийн загвар зурагт С******* рестораны орц, гарц, зогсоолыг холбогдох стандарт, норм дүрмийн дагуу тусган өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зураг төсөлд өнөөгийн газар дээр нь бодитоор ашиглаж байгаа С******* ГХО ХХК-ийн барилгын хойд талд 940 м.кв талбай, төв замаас С******* ресторан руу орж байгаа 525 м.кв талбай, нийт 1464 м.кв талбайг С******* рестораны орц, гарц зогсоолын зориулалтаар нь тусгаж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1....Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй талаар:
С******* ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1210 дугаар захирамжийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10,2 га газрыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхдээ С******* рестораны орц, гарц, барилгын хойд талын зогсоол бүхий 1464 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль бус болохыг тогтоож, тухайн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн энэ шаардлагатай холбогдуулан
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.5 дахь хэсгийг дурдаад С******* ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай компани гээд
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Улсын дээд шүүхийн 001/XT2022/0377 дугаартай тогтоолыг дурдаад анхан шатны шүүх гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд маргаан бүхий газрыг эзэмшиж ашиглах эрх үүсэхгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
С******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль болон холбогдох стандартууд зөрчсөн гэж тайлбарласан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж заасан байдаг. Тодруулбал шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн, Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг нь батлагдахдаа хууль тогтоомж, стандартад нийцсэн эсэх, нийцсэн бол хэрхэн нийцэж байгаа эсэх талаар тайлбарласан байх нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуульд заасан шаардлагыг хангана. Гэтэл анхан шатны шүүхээс зөвхөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг дурдаад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д нийцэхгүй гэж үзэж байна.
Тодруулбал С******* ХХК нь тухайн газрыг Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар эзэмших, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар гэрчилгээжүүлэн ашиглах хүсэлт гаргаагүй болно. Харин рестораны хойд хэсгийг авто зогсоолын зориулалтаар тохижуулж, тухайн авто зогсоол руу онцгой байдлын үеийн тээврийн хэрэгсэл болон үйлчлүүлэгчдийн авто машин нэвтрэх орц, гарцыг шийдвэрлэж өгөхийг хүссэн.
Харин хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэх агуулгаар сонсох ажиллагаа хийгээгүй нь Захиргааны ерөнхий хууль, Барилгын тухай хууль болон холбогдох стандартыг зөрчсөн гэж маргасан.
Өнөөдрийн байдлаар С******* ХХК-ийн рестораны үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болсон.
Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахын өмнө сонсох ажиллагаа хийж тухайн сонсох ажиллагаанд С******* ХХК-ийг оролцуулсан бол рестораны үйл ажиллагааны болон өнөөдрийн байдлаар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тухайн үед тайлбарлан шийдвэрийг талуудын эрх ашигт нөлөөлөхөөргүй гаргуулах боломж байсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ гэж заасан. Тодруулбал Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хууль, Монгол Улсын соёрхон баталж, нэгдэн орсон олон улсын гэрээг хэрэглэж шийдвэр гаргахаар хуульд заасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Улсын дээд шүүхийн 001/XT2022/0377 дугаартай тогтоолыг дурдаж шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн 001/ХТ2022/0377 дугаар тогтоол нь шүүхийн шийдвэрийн цахим сан https://shuukh.mn/, Монгол Улсын дээд шүүхийн https://www.supremecourt.mn/mn/ сайтуудад байхгүй байгаа болно.
3.2.Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 10,2 га газрын тохижилт цэцэрлэгт хүрээлэн-ийн загвар зурагт С******* рестораны орц, гарц, зогсоолыг холбогдох стандарт, норм дүрмийн дагуу тусган өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зураг төсөлд өнөөгийн газар дээр нь бодитоор ашиглаж байгаа С******* ХХК-ийн барилгын хойд талд 940 м.кв талбай, төв замаас С******* ресторан руу орж байгаа 525 м.кв талбайг С******* рестораны орц, гарц, зогсоолын зориулалтаар нь тусгаж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн энэ шаардлагатай холбогдуулан
Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6 дахь хэсгийг,
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг тус тус дурдаад анхан шатны шүүхээс Хот байгуулалт, хөгжлийн газраас 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 04/1121 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн тул хууль бусаар татгалзсан үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 03/2455 дугаартай албан бичгээр тус компанийн санал хүсэлтийг судлан үзэж үйл ажиллагаа хэвийн явуулахад нь шаардлагатай орц, гарц, зогсоолыг зураг төсөлд тусгах асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай гэж, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 03/5710 дугаартай албан бичгээр ... С******* ХХК-ийн барилгын хойд талд 50 авто машины зогсоол, орц гарцыг холбогдох стандарт, норм, дүрмийн дагуу байгуулахаар талууд харилцан тохиролцсон тул зураг төсөлд зохих журмын дагуу өөрчлөлт оруулна уу гэж Нийслэлийн Ерөнхий архитекторт хүргүүлсэн.
Бодит байдал дээр өнөөдрийг хүртэл С******* рестораны хойд талд авто машины зогсоол хийгдээгүй, орц, гарц шийдвэрлэгдээгүй байна.
Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно гэж, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж тус тус заасан. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 42.2-т заасан сонгох боломжийг ашиглан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан бичгүүдэд болон С******* ХХК-ийн хүсэлтэд дурдсан асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байсан.
Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй гэж заасан байдаг. Хуулийн энэ заалтаар үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийг эрхийг тодорхой заасан, анхан шатны шүүх энэ хуулийг хэрэглэх байсан. Энэ хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
3.3.Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан Тээврийн хэрэгслийн ил зогсоол төлөвлөх, байгуулахад тавигдах шаардлагад ресторан, кафе 100 суудал тутамд 25 машины зогсоолтой байхаар тогтоосон.
Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 10.2 га газрын тохижилтын загвар зургийг батлахдаа тухайн орчинд үйл ажиллагаа явуулж байгаа, загвар зургийн нөлөөлөлд өртөж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх, загвар зургийг баталснаар хууль, тогтоомж, стандартад нийцэж байгаа эсэхийг захиргааны байгууллага хянаагүй болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 ны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0168 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.
4.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1....Захиргааны хэргийн шүүхийн чиг үүрэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүх эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх явдал билээ. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх зөвхөн зөрчигдсөн эрхийг сэргээх бус, зөрчигдөж болзошгүй хууль ёсны ашиг сонирхлыг ч хамгаалах учиртай.
С******* ХХК нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд орц, гарц, галын аюулгүй байдал, нийтийн эзэмшлийн зам талбайд хүрэх гарцтай байх эрхтэй, мөн үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу буюу рестораны зориулалтаар нь үр ашигтай ашиглах, үл хөдлөх хөрөнгийн үр өгөөжийг хүртэх зэрэг хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэгчид бий.
Хүүхдийн парк анх байгуулагдах үед Туяа ресторан үүд хаалгаа нээж, 90-ээд онд нийгэм эдийн засгийн шилжилтийн үед С******* ХХК нь тус рестораныг хувьчлан авч, анхны үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөлгүйгээр, түүхэн замналыг нь хадгалан, өргөжүүлсээр 30 орчим жил болж байна. С******* ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, ресторан, рестораны барилга буюу үл хөдлөх хөрөнгийг хуулийн хүрээнд өмчилдөг бөгөөд өмчлөх эрхийг зөвхөн хуулиар хязгаарласнаас бусад тохиолдолд ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхийг өөртөө агуулсан туйлын эрх билээ.
Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын /хуучин нэрээр/ удирдлагуудтай уулзалт хийж, Нийслэлийн Удирдлагууд ...С******* рестораны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрхийг зөрчихгүй байх үүднээс орц, гарц, зогсоолыг зураг төсөлд тусгахаар шийдвэрлэж, улмаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 03/2455 тоот албан бичгийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад хүргүүлсэн. Гэвч энэ шийдвэрийн хэрэгжилт нь төсөл хэрэгжүүлэгч Р*******л ХХК-иас болж өнөөдрийг хүртэл хэрэгжиж чадахгүй байгаа бөгөөд энэ талаар ч хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газар /одоогийн нэршил/ хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газар нь нэг компанийн гарыг харж сууснаас болж өөрсдийнхөө шийдвэрийг хэрэгжүүлэлгүй эс үйлдэхүй гаргаж, үүний улмаар нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, зөрчигдөж болзошгүй байгааг шүүхээр хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан.
Дахин хэлэхэд, С******* ХХК-ийн зүгээс, рестораны эргэн тойрны газрыг ашиглах талаар нэг ч удаа төрийн байгууллагад хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд ашиглах эрхтэй гэж ч маргаагүй. Харин үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд Газрын тухай хууль, Иргэний хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх бодит боломжоо хамгаалах хууль ёсны ашиг сонирхлын үүднээс нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ч тэр агуулгаар тайлбарласан.
Гэтэл, анхан шатны шүүх нэхэмжлэлийн дээрх үндэслэлд огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн маргаагүй асуудал буюу газар ашиглах эрх дээр Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний төдийгүй үндэслэгээний ноцтой алдаа гэж үзэж байна.
4.2.Шүүх нотлох хуулийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй талаар:
Хүүхдийн парк анх байгуулан Туяа ресторан нээгдсэн үеэс авахуулаад ресторан нь ардаа болон урдаа автомашины зогсоолтой байсан. Гэтэл 2022 онд Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлах ажлын хүрээнд манай үл хөдлөх хөрөнгийн орц, гарц, зогсоолын асуудлыг төлөвлөлгүй орхигдуулснаас болж энэ маргаан үүссэн.
Энэ асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эрх бүхий этгээдүүд болон төсөл хэрэгжүүлэгч Р*******л ХХК-ийн төлөөлөгчтэй хийсэн олон удаагийн уулзалтын үр дүнд ... С******* рестораны үйл ажиллагааг хэвийн явуулахад нь шаардлагатай орц, гарц, зогсоолыг зураг төсөлд тусгах асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай гэсэн байр суурь дээр талууд ойлголцолд хүрсэн. Ингээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 03/2455 тоот албан бичгээр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дахин 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 03/5710 тоот Зураг төсөлд өөрчлөлт оруулах тухай албан шаардлагыг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан.
Энэхүү үйл баримт, нотлох баримтыг юугаар үгүйсгэж байгаагаа анхан шатны шүүх тайлбарлаагүй атлаа нэхэмжлэгчийн Хот байгуулалт, хөгжлийн газарт /хуучин нэрээр/ холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
Тухайн цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийг баталгаажуулах 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХТХ2023/00-22 тоот Тохижилтын ажлын архитектур төлөвлөлтийн даалгавар-т дараах шаардлагуудыг тодорхой дурдсан байдаг. Үүнд:
-Архитектур орон зайн төлөвлөлтийг эзэмшил газартай эсэх талаар тодруулга авч Нийслэл хотын онцлог, шаардлага орц гарц, орчны батлагдсан ерөнхий төлөвлөгөө төсөл хөтөлбөр, тохижилтын төлөвлөлттэй уялдуулан холбогдох хууль, норм ба дүрмийг мөрдлөг болгох,
-Нийтийн эзэмшлийн талбай, авто зогсоол, нийтийн тээврийн зогсоол, цэцэрлэгт хүрээлэн болон авто зам дагуу байрлах явган замыг төлөвлөхдөө зорчигчийн аюулгүй байдлыг хангах, саадгүй зорчих нөхцөл бүрдүүлэх, ая тухтай орчин орон зай хангалттай тэмдэглэгээ бүрэн бүтэн байж хүртээмжтэй төлөвлөлт хийх.
-Авто замыг зогсоолыг барьж байгуулахдаа Нийслэлийн хөгжлийн газартай зөвшилцөх,
-Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөхдөө тухайн орчмын ерөнхий төлөвлөлттэй уялдуулан Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхийн шаардлагатай UCS 0902:2020-д нийцүүлэн төлөвлөх гэжээ.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмын 2.2-т Нийслэлийн нутаг дэвсгэр дэх суурьшлын нягтаршил, газар зохион байгуулалт, хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан ажил, үйлчилгээний төвлөрөл, замын хөдөлгөөний эрчим, авто зогсоолын эрэлт, хэрэгцээг тооцож нийтийн хэрэгцээний авто зогсоолыг байгуулахаар төлөвлөх гэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах шаардлага стандартын 4.16-д олон нийт иргэний барилга байгууламжийн эдэлбэр газарт тээврийн хэрэгслийн зогсоол төлөвлөхөд ресторан, кафе 100 суудал тутамд 25 машины доод хязгаарыг байхаар тогтоосон байдаг.
Р*******л ХХК ажлаа эхлэхээс өмнө эдгээр стандартыг хэрэгжүүлэх, түүнд нийцүүлэх учиртай байсан ч зургийг холбогдох стандарт, журмын дагуу хийгээгүй байхад Хот байгуулалт, хотын стандарт зураг төслийг баталгаажуулсан алдаагаа өнөөдрийг хүртэл үр дүнтэй, бодитоор залруулахгүй эс үйлдэхүй гаргасан байхад шүүхээс нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллагууд хуулиар тогтоосон эрх хэмжээгээ хэрэгжүүлж шийдвэр гаргахгүйгээр ... Р*******л ХХК-д мэдэгдсэн боловч зураг төсөлд өөрчлөлт оруулж ирүүлээгүй учраас бид хийх эрхгүй гэсэн байдлаар асуудлыг өөрөөсөө холдуулан, аж ахуйн нэгжүүдийн хоорондын маргаан мэтээр орхиж байгаа нь эс үйлдэхүй мөн.
Мөн тухайн төлөвлөлтийн асуудлаар тус Хот байгуулалтын газарт 2023 оны 5 дугаар сард хандахад Тохижилтын ажлын загвар зургийг шинэчлэн боловсруулж ирүүлэх асуудлаар газар эзэмшигч буюу төслийн захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандах шаардлагатайг нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Идэрхүүд мэдэгдсэн талаараа 1002 дугаартай ирсэн бичгийн бүртгэл хяналтын картын шийдвэрлэх хэсэгт тодорхой дурдсан болох нь хэрэгт авагдсан байна. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас С******* рестораны ар талд 50 машины зогсоол төлөвлөх шийдвэр нь гарчихаад эрх бүхий газар эзэмшигч нь 2023 оны 4 дугаар сар болон 9 дугаар сард 2 удаа шийдвэрээ явуулчихаад байхад тухайн асуудлыг шийдвэрлэж төлөвлөлтөд өөрчлөлт оруулахгүй байгаа нь хууль зөрчсөн эс үйлдэхүй болох нь тодорхой харагдана.
Энэ хууль тогтоомж зөрчиж байгаа болон архитектур төлөвлөлтийн даалгаврыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь зөвхөн манай байгууллагын эрх ашгийг хөндөөд зогсохгүй, тус компанид ажиллаж байгаа 100 гаруй ажилчдын цалинтай орлоготой байх эрх ашиг, тухайн цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлж байгаа иргэд, манай ресторанаар үйлчлүүлж байгаа зочид, үйл ажиллагаа зохион байгуулж байгаа байгууллагууд жуулчны компаниуд, тэдгээрийн үйлчлүүлэгчдийн эрх ашгийг ч зөрчиж байгаа үйлдэл юм.
Хүн, хуулийн этгээд нь төрийн хууль тогтоомж, шийдвэрт итгэсний үндсэн дээр хөрөнгө оруулалт, худалдан авалт хийх, үйл ажиллагаагаа өргөтгөх, төлөвлөх зэргээр тодорхой хэмжээний зарлага гаргадаг, иймд энэхүү иргэдийн итгэл хамгаалагдах ёстой гэж Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан. Төрийн үйл ажиллагаа тооцоолох боломжтой байна гэдэг нь нэг талаас төрийн үйл ажиллагаанд /шийдвэрт/ итгэсэн иргэдийн итгэлийг хамгаалах ёстой.
Барилгын тухай хууль, Газрын тухай хуулийн дагуу тухайн газрын эзэмшигч нь тус газраа хийж байгаа төлөвлөлтөд өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн эрх ашгийг харгалзаж үзэхээр шийдвэрлэсэн удаа дараагийн албан бичгүүд гаргасан атал түүнийг нь хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлэхийг шаарддаггүй, Хот байгуулалт, хөгжлийн газар нь тухайн төсөл хэрэгжүүлэгч хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн нэг талын байр суурийг баталгаажуулаад байх нь төрийн байгууллагын шийдвэр үйл ажиллагаанд итгэх иргэдийн итгэлийн алдагдуулах сөрөг нөлөөтэй бөгөөд захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмаа зөрчиж байгаа үйлдэл юм.
Хот байгуулалтын газар нь холбогдох зураг төслийг боловсруулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд заасан төлөвлөлтийн хүрээнд сонсох ажиллагаа явуулаагүй. Учир нь Хот байгуулалтын газар нь зураг төсөл боловсруулах төлөвлөлт хийхдээ манай байгууллагын ашиг сонирхлын анхаарч үзээгүй нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд мөн хуулийн 79.5-д Төлөвлөлтийн улмаас урьдчилан таамаглаагүй сөрөг нөлөө хожим бий болсон тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн шаардсанаар шийдвэр гаргах захиргааны байгууллагаас тухайн сөрөг нөлөөг арилгах болон багасгах арга хэмжээг авах үүрэгтэй гэж заасан байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс өмчлөгчийн үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу ашиглах, бизнесийн үйл ажиллагаа доголдох, түүнийг дагаад ажилтан албан хаагчдын баталгаатай ажлын байраар хангагдаж, цалин хөлсөө авах эрх болон үйлчлүүлэгчдийн тав тухтай орчинд үйлчилгээ авах эрх хөндөгдөж байгаа асуудал дээр шүүхээс дүгнэлт хийлгүй, явган зорчигчид орж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь наад захын бизнесийн үйл ажиллагааны зарчимыг харгалзаж үзэхгүйгээр шийдвэр гаргасан үйлдэл юм.
Учир нь С******* ресторан нь зөвхөн 2 дугаар давхартаа 500-600 хүн нэг дор хүлээн авч үйлчлэх багтаамжтай, орлого ашгийнхаа ихэнхийг тэмдэглэлт хүлээн авалт болон жуулчдыг хүлээн авах үйлчилгээнээс олдог байхад 40 хүрэхгүй зогсоолтой байгаа өнөөгийн нөхцөл байдалд хүчин чадлынхаа 20 хувьд ч хүрэхгүй байдлаар зочдыг хүлээн авах байдлаар ажиллах байдал үүсэн болохыг шүүхийн үзлэгээр харсан атлаа тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй, ашиг сонирхол нь хөндөгдөөгүй байна гэж дүгнэсэн нь бодит нөхцөл байдал, нотлох баримтыг дутуу буруу дүгнэж шийдвэрлэсэн явдал юм.
4.3.Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Нийслэлийн Засаг дарга 2022 оны А/1210 тоот захирамжаар Хүүхдийн паркийн баруун хэсгийн 10,2 га газрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхдээ тус хүрээлэн дотор үйл ажиллагаа явуулдаг С******* ХХК-ийн С******* ресторан, түүний барилгын орц гарц, зогсоолыг холбогдох норм, дүрэм, стандартын дагуу шийдвэрлэлгүй орхигдуулан, орц гарц, зам талбай, зогсоолын газрыг оруулан бусдад эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу үр дүнтэй ашиглах, Газрын тухай хууль болон Иргэний хуульд заасан өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хаасан тул уг захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Учир нь тус маргаан бүхий захиргааны актаар бусдад эзэмшүүлсэн газрын яг голд нь зөвхөн нэг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа нь С******* компани тул тухайн орчны газрын зориулалтыг нь өөрчлөх, бусдад эзэмшүүлэх, төлөвлөлт хийх тохиолдолд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д заасны дагуу сонсох ажиллагааг явуулах учиртай боловч энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй болохоо хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн.
Хэдийгээр тус захиргааны актаар газар эзэмшигч этгээд харилцан зөвшилцсөний үндсэн дээр өөр этгээдэд газар эзэмших эрхээ шилжүүлж байгаа боловч газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх үйл явц нь бусад эд хөрөнгийн эрхээс онцлогтой нь тухайн газраар дамжин өнгөрөх, хамтран үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийн эрх ашиг хөндөгддөг учраас Газрын тухай хуулийн 31, 33 дугаар зүйл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалын хавсралт Газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журмын 7.2.5-т заасны дагуу Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох, 7.2.6-д Эзэмших, ашиглах эрхийн хязгаарлалт /сервитут/ тогтоох болон хууль, тогтоомжид заасан бусад үндэслэлээр шаардлагатай тохиолдолд хөршүүдтэй энэхүү журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загварын дагуу тэмдэглэл үйлдэх зэрэг тусгайлан хэрэгжүүлэх чиг үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлж орц гарц, автомашин зогсох талбай зэрэг байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх нөхцөл байдлуудыг тогтоох учиртай байсан.
Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага буюу хариуцагч Нийслэлийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй болохыг харуулж байна.
Энэ мэт захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан хэм хэмжээний актад заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй болох нь бодитой тодорхой байгаа тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон тайлбарласаар атал анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхэд хүргэсэн байна.
Шүүхээс гадаадын хөрөнгө оруулагч учраас ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж байгаа, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан газар ашиглуулах зохицуулалт нь Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу газар ашиглах гэрчилгээ, гэрээний үндсэн дээр тухайн газрыг эзэмшил ашиглалтдаа шилжүүлэн авч зөвхөн тухайн этгээдийн гэрчилгээнд тусгагдсан зориулалтаар ашиглах зохицуулалтын хувьд хэрэглэгддэг хуулийн зохицуулалт.
Гэтэл Иргэний хууль, Газрын тухай хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь өөрийн үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу ашиглахад буюу Газрын тухай хуулийн Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, гарц гаргах эрхтэй гэсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжийг захиргааны байгууллага хангаагүй гэж маргаж байхад газрыг ашиглалтын гэрээний үндсэн дээр ашиглах хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо тухайн орц гарц, зогсоолыг бүрэн өөрийн ашиглалтандаа авна гэдэг байдлаар маргаагүй бөгөөд захиргааны байгууллага төлөвлөлт хийх, бусдад газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдтэй зөвшилцөөгүй, сонсох ажиллагаа явуулаагүй хууль бус үйлдэл дээр нь маргасан, энэ үндэслэлд шүүх тодорхой дүгнэлт хийгээгүй орхисон.
4.4.Процессын журам зөрчсөн тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үл хөдлөх хөрөнгө эзэмшигчийн хувьд хөрөнгөө зориулалтын дагуу ашиглахад саад учруулж байна, бизнесийн үйл ажиллагаанд доголдол учруулж эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байна гэж маргасан. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.3-т заасны дагуу нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй. Үүнийхээ дагуу бизнесийн үйл ажиллагааны гол үйлчилгээ болох хурим найр, хүлээн авалт зохион байгуулах, жуулчдыг хүлээн авахад дээрх зогсоолгүй болж байгаа үйл явцаас болоод хэрхэн эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа талаараа гэрч асуулгах хүсэлтээ шүүхэд гаргасан боловч шүүхээс түүнийг хангахгүй орхиж, ямар үндэслэлээр хангаагүй талаарх шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй процессын хуулийн алдаа гаргасан. Нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр хангаагүй энэ үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 32-т заасан нотлох баримтыг цуглуулах чиг үүргээ шүүхээс хэрэгжүүлээгүй түүнээс шалтгаалж мэтгэлцэх зарчим хэрэгжих боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэж байна.
Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хууль ёсны эрх ашиг хэрхэн хөндөгдөж, бизнесийн үйл ажиллагаанд доголдол учирч байгааг нь тус байгууллагатай хамтран ажилладаг, үйлчлүүлэгчдийг төлөөлж гэрчийн мэдүүлэг өгүүлэх чухал ач холбогдол бүхий баримт байсан болно. Гэтэл түүнийг хангаагүй атлаа шүүхээс бүхэлдээ нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм гэжээ.
5.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
5.1....1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж заасан.
"С*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад
-Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 10,2 га газрыг эзэмшигч буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 03/2455 дугаартай албан бичиг,
-Мөн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 03/5710 дугаартай албан бичиг,
-"С*******" ХХК-ийн дүрмийн санд МҮСАХ-ийн талаас оруулах барилга, байгууламж, тоног төхөөрөмж, БҮТЭЗ-ийн жагсаалт,
-Зураг төсөл зохиогч А ХХК-иас Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилтын ажлыг хариуцаж байсан Нийслэлийн Засаг даргын зөвлөхөд хүргүүлсэн тохижилтын зураг,
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай тогтоолоор баталсан Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах стандарт гэсэн нотлох баримтууд цугларсан. Гэтэл анхан шатны шүүх зарим баримтуудыг шийдвэртээ дурдсан хэдий ч дүгнээгүй болно.
Түүнчлэн хүүхдийн паркийн баруун хэсгийн 10,2 га газарт төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХТХ2023/00-22 тоот Тохижилтын ажлын архитектур төлөвлөлтийн даалгаварт дурдсан норм дүрэм, стандартыг хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, хэрэгжилтэд хяналт тавиагүй талаарх нотлох баримтыг үнэлээгүй.
Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам нь захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлийн 6656 дугаартай бөгөөд тус журмын 2.8-д Авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах ашиглах үйл ажиллагаанд... Тээврийн хэрэгслийн зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхий шаардлага UCS0902В:2022 стандартыг дагаж мөрдөнө гэж заасан бөгөөд UCS0902B:2022 стандартыг баталсан шийдвэрээс үзэхэд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 101.1 дэх хэсгийн дагуу баталсан байна.
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4.1.3-т техникийн зохицуулалт гэж... стандарт,... тэдгээрийн агуулгыг тусгаж эрх бүхий байгууллагаас баталсан заавал дагаж мөрдөх баримт бичгийг, мөн хуулийн 5.2-т Техникийн зохицуулалтыг нийтээр заавал дагаж мөрдөнө. Түүнчлэн 101.2 Хотын стандарт нь үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн байна гэж тус тус заасан.
Дээрх шийдвэрийг хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн талаар болон уг шийдвэрийг батлах үндэслэл болсон хууль тогтоомжийг зөрчсөн зөрчилд дүгнэлт хийгээгүй.
5.2.Нийслэлийн Засаг дарга 2022 оны А/1210 дугаар захирамжаар Хүүхдийн паркийн баруун хэсгийн 10,2 га газрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлж, төсөл хэрэгжүүлэхдээ хариуцагчийн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 74, 75 дугаар зүйлд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох сонсох ажиллагаа хийгээгүй, мөн Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйл Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зэрэг хуулийн зөрчилд дүгнэлт хийгээгүй, уг зөрчлөөс үүдэлтэй нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол, хэргийн бодит нөхцөл байдлыг үнэлээгүй.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн гол үндэслэл болох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтыг ...нэхэмжлэл гаргахдаа зөрчигдсөн эрхийн асуудлаар маргах эрхтэй болохоос ирээдүйд зөрчиж болзошгүй эрхийн асуудлаар маргах эрхгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... шүүхэд гаргасан өргөдлийг гэж заасан.
Нөгөөтээгүүр Нийслэлийн Засаг даргын А/1210 дугаар захирамжаар Хүүхдийн паркийн баруун хэсгийн 10,2 га газрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн шийдвэр 2022 онд гарсан, тус газарт тохижилт хийх төслийн зураг төсөл 2023 онд батлагдаж, 2024 онд тохижилтын ажил дууссан.
Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа ирээдүйд бус өнгөрсөнд болж өрнөсөн буюу зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэл болно.
5.3.Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй гэж заасан.
Анхан шатны шүүхээс ... С******* рестораны урдуур явган хүний болон дугуйн зам тавигдсан байх бөгөөд тухайн замаар иргэд аялж, зугаалж, зорчиж дамжин өнгөрөхөөр байгаа нь компанийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ гэх тайлбар үндэслэлгүй гэсэн. Шүүх зөвхөн хөрөнгө ашиглахтай холбоотой тайлбар хийсэн. Харин Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан ашиглах, хамгаалах зорилгоор зам, инженерийн шугам гэх зэргийг гаргахаар шаардах эрхтэй гэж заасан.
С******* ресторан нь үйл ажиллагаагаа явуулахад бараа материал татах, хог, хаягдлаа зөөвөрлөн холдуулах зэрэг ажлууд өдөр тутамд гардаг. Мөн рестораны барилгын ойр очих боломжтой орц гарцтай байх нь галын аюултай нөхцөл байдал үүссэн үед хохиролгүй, бага хохиролтой гарах боломжийг бүрдүүлэх юм. Энэ нь зохих стандарт журмаар зохицуулагдсан байдаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бөгөөд нотлох баримттай холбоотойгоос бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан хэдий ч анхан шатны шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй болно. Дээрх үндэслэлүүд нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1210 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 102684 мкв газрыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгосны улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэхүү захирамж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мөн оны 9 дүгээр сарын 7-ний өдрийн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай 83 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гарсан, мөн дээрх захирамжийн дараа буюу Хурлын 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 112 дугаар тогтоолоор уг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байх тул С******* рестораны орц, гарц, зогсоолын газрыг бусдад эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр эдгээрээс зөвхөн Засаг даргын захирамжийн 1464 мкв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй, хүчингүй болгосноор ч нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэхээргүй байна.
Харин нэхэмжлэлийн болон давж заалдах гомдлуудын үндэслэлд хүчингүй болгуулахыг хүссэн газрыг С******* ХХК эзэмшихийг хүсээгүй, ийм хүсэлт ч гаргаагүй, гагцхүү рестораны хойд хэсгийг автозогсоолын зориулалтаар тохижуулж, онцгой байдлын үед болон үйлчлүүлэгчдийн автомашин нэвтрэх орц, гарц, зогсоолыг шийдвэрлүүлэх-ийг хүссэн талаараа дурддаг, энэ нь ч хэрэг авагдсан баримтаар тогтоогддог, гэтэл шийдвэрт хүчингүй болгуулахыг хүссэн газрыг нэхэмжлэгч эзэмших гэж байгаа мэт агуулгаар буюу тухайлбал гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу маргаан бүхий газрыг эзэмшиж, ашиглах эрх үүсэхээргүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэсэнтэй нийцэхгүй байх боловч энэ нь гомдлыг хангах үр дагаварт хүргэхгүй.
Эсрэгээрээ дээрх үндэслэл нь маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаас илүүтэй нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу батлагдсан 28-ны өдрийн Загвар зурагт нэхэмжлэгчийн орц, гарц, авто зогсоолыг холбогдох стандарт, норм дүрмийн дагуу тусган өөрчлөлт оруулахыг даалгах шаардлагад хамааралтай байна.
2.Газрын байршил болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүхэд ирүүлсэн 01-05/4110 дугаар албан бичигт дурдсанаар С******* ХХК-ийн эзэмшиж буй нэгж талбарын 1460600005 дугаар бүхий 2215 мкв газар нь нийслэлийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 10.2 га газрын нэгж талбарын дунд хэсэгт орц, гарцгүй байрлаж байгаа нь тогтоогдох бөгөөд тус газрын зүгээс нэхэмжлэгчийн орц гарцыг Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх боломжтой гэж байгаа энэ тохиолдолд нийслэлийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулснаар бус харин загвар зурагт өөрчлөлт оруулснаар зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх боломжтой.
Гэвч нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Рео Тинто Монгол ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн Түншлэлийн гэрээ бодитоор хэрэгжиж, тохижилт хийгдсэн нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд одоогийн маргаж буй хэсэг болох С******* рестораны хойд талын тохижуулаагүй үлдсэн талбайг нэхэмжлэгчээс автозогсоолын зориулалтаар өөрсдийн зардлаар тохижуулах хүсэлтийг хэрэгжүүлэхгүй байгааг зөвхөн Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйтэй холбон тайлбарлах, шүүхээс уг газрын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж даалгах шаардлагыг хангах хангалттай үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 03/2455, 9 дүгээр сарын 13-ны өдрийн 03/5710 дугаар албан бичгээр нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газарт хандаж бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эдэлбэр газарт үйл ажиллагаа явуулдаг С******* ХХК-ийн барилгын хойд талд үйл ажиллагааг нь хэвийн явуулахад шаардлагатай 50 автомашины зогсоол, орц, гарцыг холбогдох стандарт, нормын дагуу байгуулахаар харилцан тохиролцсон тул зураг төсөлд зохих журмын дагуу өөрчлөлт оруулахыг тус тус хүссэн,
-2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 06/2873 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хандаж авто зогсоолын асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байршил нь нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1210 дугаар захирамжаар нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар бусад байгууллагад эзэмшүүлсэн газартай давхцаж байх тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг хүргүүлсэн,
-Харин Хот байгуулалт, хөгжлийн газраас 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 04/1121 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид хандаж 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн МЗХ2023/00-022 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан загвар зурагт өөрчлөлт оруулах боломжгүй гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус газраас шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн дээрх 2 удаагийн албан бичгийн дагуу тус газрын мэргэжилтэн Р*******л ХХК-ийн төслийн удирдагчтай холбогдож, загвар зургийг шинэчлэн ирүүлэхийг мэдэгдсэн, гэвч зургийг зөвшилцсөний дагуу өөрчлөн ирүүлж батлуулахгүй байгаа нь тус байгууллагын эс үйлдэхүй биш. зураг төслийг захиалагч нь гүйцэтгэгчид санал оруулж гүйцэтгэгч байгууллага өөрчлөлт оруулсан загвар зургийг Зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлүүлэх боломжтой, эсхүл Р*******л ХХК-иас төслөө дуусгаад гэрээгээ дүгнэж, Тамгын газарт хүлээлгэж өгсөний дараа эрхээ шилжүүлж авснаар зураг төсөлд өөрчлөлт оруулах боломжтой гэснээс үзэхэд нэхэмжлэгчээс төслийг хэрэгжүүлэгч Р*******л ХХК-тай зөвшилцөх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөн газар эзэмшигч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ч дээрх саналыг дэмжиж байгаагаа, зарчмын хувьд нэхэмжлэгчийг үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдагын хувьд зогсоолтой байх шаардлагатай, тодорхой хэмжээний зогсоолыг шийдвэрлэх нь зөв, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уг газрыг тусгай хамгаалалтад авсан тул аль аль тал нь зөвшилцөх шаардлагатай гэснийг ч тэмдэглэх нь зүйтэй.
3.Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6-д зураг төсөл зохиогч нь Барилга байгууламжийн зураг төсөлд өөрчлөлт оруулах захиалагчийн санал барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавих чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тохиолдолд зөвшөөрч, баталгаажуулах чиг үүрэгтэй тул Р*******л ХХК-иас загвар зурагт өөрчлөлт оруулах саналаа ирүүлээгүй байгаа энэ тохиолдолд шүүхээс хуулийн дээрх зохицуулалтыг зөрчиж хариуцагчид шууд даалгах боломжгүй, иймд шийдвэрийн үндэслэл хэсгийн 2.6-д заасан дүгнэлтийг хууль ёсны гэж үзнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, Б.Э*******, С.Э******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа тус тус төлсөн нийт 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН