Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

            Улсын яллагч Б.Жавхлантуяа

            Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Амарбаяр, Б.Тэмүүлэн, Б.Сүхбат, Л.Гандөш

            Насанд хүрээгүй шүүгдэгч нарын  хууль ёсны төлөөлөгч Ж.Батчимэг, Х.Цэнгэлмаа, У.Цэцэгмаа, Б.Уранчимэг

            Насанд хүрээгүй шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Энхтуяа, Р.Бямбажав, Д.Энхбаяр

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

            Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Амарбаяр, Б.Тэмүүлэн, Б.Сүхбат, Л.Гандөш нарт холбогдох эрүүгийн 201614000249 тоот хэргийг хянан хэлэлцэв.

            Биеийн байцаалт: Монгол Усын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймагт төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  17 дугаар сургуулийн 9а ангид сурдаг, ам бүл 3, ээж дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд баг 6-7 оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Их модчин овогт Болдбаатарын Тэмүүлэн /РД: ФА02232814/

Биеийн байцаалт: Монгол Усын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Эрдэм ахлах сургуулийн 12л ангид сурдаг, ам бүл 6, аав, ээж, ах, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран багийн 29-1А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Эрдэнэ-Очирын Амарбаяр /РД: ФБ00263031/

Биеийн байцаалт: Монгол Усын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Наран ахлах сургуулийн 8в ангид сурдаг, ам бүл 6, аав, ээж, ах, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран багийн 34-1В тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Баатарсүрэнгийн Сүхбат /РД: ЖЮ01210435/

Биеийн байцаалт: Монгол Усын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймагт төрсөн, 14 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Эрдэнэт цогцолбор сургуулийн 9-1 ангид сурдаг, ам бүл 6, ээж, ах, эгч, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Нарлаг дэнж баг 2-4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Лхасүрэнгийн Гандөш /РД: ФД02242115/

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тэмүүлэн, Э.Амарбаяр нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дагшийн рашаан” 6 нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч 269.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хулгайлсан, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сүхбат нь бусадтай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дагшийн рашаан” 6-н нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч 290.250 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хулгайлсан, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сүхбат, Б.Тэмүүлэн, Л.Гандөш нар бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өндөр буурал” дэлгүүрт нэвтэрч  түрээслэгч Ч.Бадамлинхуагийн лангуунаас цагаан өнгийн цүнх 2 ширхэг, улаан өнгийн цүнх 1 ширхэг, кет 10 ширхэг,  ботинк 2 ширхэг, сандаал 5 ширхэг, подволк 2 ширхэг, сувдан зүүлт 2 ширхэг, үнэртэй усны үлдэгдэл 1 ширхэг, толгой байхгүй цагаан өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг,  гар утасны цэнэглэгч 1 ширхэг зэргийг хулгайлан 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Амарбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би буруу зүйл хийсэн. Гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг,

-Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тэмүүлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Дахин хулгай хийхгүй гэсэн мэдүүлэг,

-Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сүхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2 удаа хулгай хийсэн, энэ үйлдлүүдээ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Дахиж хулгай хийхгүй. Хохирлоо төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

-Насанд хүрээгүй шүүгдэгч Л.Гандөшийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн. Цаашдаа хичээл номдоо шамдан суралцана. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Б.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний бие Наран цогцолбор сургуулийн  урд талд байрлах “Дагшийн рашаан” 6 нэрийн хүнсний дэлгүүрийг 2008 оноос хойш ажиллуулж байгаа бөгөөд уг дэлгүүр миний өөрийн эзэмшилд байдаг. Тэгтэл манай дэлгүүрт өнгөрсөн долоо хоногт хоёр дараалан хулгай орж эд зүйлүүд алдагдсан. 2016 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө болон 29-нөөс 30-нд шилжих шөнө дахин хулгай орж эд зүйлүүд алдагдсан. Нийт 46 нэр төрлийн 509.900 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн болон бусад ахуйн хэрэглэл алдагдсан гэсэн мэдүүлэг  /1хх 43-45 ху/,

-Гэрч Б.Бүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Гэгээнбаяр бол миний талийгаач Түвшинжаргалын ганц хүү байгаа юм. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Амарбаяр гэдэг нэртэй хүүхэд толгойлоод хамт найзалдаг хүүхдүүдийн хамт хулгай хийсэн. Би хэрхэн яаж хулгай хийсэн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Амарбаяр гэдэг хүүхэд дагуулж хулгай хийсэн гэдийг Гэгээнбаяр надад хэлж байсан гэсэн мэдүүлэг /1хх 54 ху/,

     -Насанд хүрээгүй гэрч М.Бум-эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гадаа гэгээтэй байхад Билгүүтэй, Гэгээнбаяр, Тэмүүлэн, Амарбаяр, Амгалантөгс нарын хамт 3-р сургууль дээр уулзаад гадуур болзчихсон байхад Билгүүтэй хорооллын эцсийн дэлгүүр шөнө эзэнгүй байдаг гэхэд Амарбаяр орж үзнэ гээд Тэмүүлэн, Амарбаяр нар хашаа даваад орсон. Амгалантөгс, Гэгээнбаяр, Билгүүтэй бид 4 гадаа зогсож байхад бид нарыг хашаа даваад ороод ир гэхэд бид даваад орсон. Дэлгүүр лүү Амарбаяр, Тэмүүлэн нар орохоор нь би араас нь орсон. Гэгээнбаяр, Амгалантөгс, Билгүүтэй нар гадаа хүн хараад зогсож байсан. Дэлгүүрээс Амарбаяр, Тэмүүлэн бид 3 хамт ундаа, чихэр, бэлэн гоймон, мөнгө зэрэг нэлээд олон хүнсний зүйл 2 торонд хийгээд дэлгүүрээс гарсан. Хайрцагтай бутархай мөнгө байсныг Амарбаяр цүнхэндээ хийж байсан. Бид нар дэлгүүрээс хулгайлсан эд зүйлээ аваад Наран багт байх эзэнгүй Балгас дотор хагас эд зүйлийг идээд үлдсэнийг нь нуусан. 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Билгүүтэй өөр хоёр эрэгтэй хүүхдийн хамт дэлгүүрт орчихсон байсан гэсэн мэдүүлэг /1хх 55-56 ху/,

-Насанд хүрээгүй гэрч Б.Билгүүтэйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 04 дүгээр сарын 28-ны орой найзууд болох Гэгээнбаяр, Амарбаяр, Тэмүүлэн, Бум-Эрдэнэ, Амгалантөгс нарын хамт Вансэмбэрүү дэлгүүрийн гадна байх дулааны шугам дээр хэсэг сууж байгаад хорооллын эцэс рүү бүгд алхсан. Тэгтэл Амарбаяр бүгдээрээ энэ дэлгүүр лүү орьё хүнгүй байдаг юм гээд Амарбаяр, Тэмүүлэн хоёр эхэлж хашаа давж ороод цонхыг нь хагалж сууринаас нь салгаад хашаа түшүүлж тавьсан. Хашаан дотор Амгалантөгс, Гэгээнбаяр бид 3 хүн хараад зогсож байсан. Дэлгүүр лүү Амгаланбаяр, Тэмүүлэн, Бум-Эрдэнэ 3 орсон. Тэр 3 хоёр тортой юм барьчихсан гарч ирсэн. Ингээд бүгдээрээ эзэнгүй байшин луу орж хулгайлсан юмнуудаа идэж дуусгасан.  Торон дотор ундаа, молоко, чихэр, крем зэрэг эд зүйлүүд байсан. Маргааш нь 8д бүлэгт сурдаг Сүхбат гэж хөвгүүн энэ дэлгүүр лүү орьё гэхэд би урьд нь орчихсон гэсэн. Тэгтэл зүгээрээ гээд 04 дүгээр сарын 29-ний орой  нэлээд орой болчихсон байхад хорооллын эцсийн дэлгүүр лүү дахиж орсон. Гэхдээ яг дэлгүүрийн цонхоор Сүхбат мөн Мөнх-Эрдэнэ хоёр эхэлж орсон. Би араас нь орчихоод удалгүй гараад ирсэн. Хашааны гадаа Гэгээнбаяр хүн хараад зогсож байсан. Хоёр дахь удаагаа орохдоо дэлгүүрээс мөн ус, ундаа, жигнэмэг зэрэг нэг уут хүнсний зүйлүүдийг хулгайлж аваад бүгдээрээ хувааж идсэн гэсэн мэдүүлэг /хх 1хх 57-58 ху/,

...Бид нар хулгайлсан эд зүйлээ Сүхбатын хашаанд амбаарт хадгалж байсан. Бид нар хувааж аваагүй.  Сүхбатын гэрт бараг бүгд байсан. Би 1 кет, Тэмүүлэн, 1 кет, Сүхбат 1 кетийг дүүдээ өгсөн. 1 футболкийг Тэмүүлэн өмссөн. Бусад эд зүйл нь Сүхбатын амбаарт бөөнөөрөө байсан гэсэн мэдүүлэг /2хх 25 ху/,

-Насанд хүрээгүй гэрч Т.Гэгээнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 04 дүгээр сарын 28-нд Бум-Эрдэнэ над руу залгаад хорооллын эцсийн дэлгүүр лүү хүрээд ир гэж 24 цагийн үед дуудсан. Тэр газар нь яваад очиход Билгүүтэй, Амарбаяр, Тэмүүлэн, Бум-Эрдэнэ, Амгалантөгс нар байсан. Намайг очиход хорооллын эцсийн 6 нэрийн дэлгүүр лүү Амарбаяр, Тэмүүлэн хоёр орчихсон гадаа нь Амгалантөгс зогсож байсан. Тэгтэл Бум-Эрдэнэ хүн харж байгаарай гэхээр нь би хашааны гадаа хүн харж байсан. Удалгүй Амарбаяр, Тэмүүлэн, Бум-Эрдэнэ гурав 2 тортой юм барьчихсан гарч ирсэн. Ингээд бүгдээрээ сургуулийн ард байдаг эзэнгүй айлын хашаанд байх байшин руу орж нөгөө хоёр тортой юмнуудаа задалж үзтэл хүнсний идэж уух олон зүйлүүд байсан. Тэнд заримыг нь идэж уугаад заримыг нь аваад явцгаасан.  Тэгээд маргааш нь Наран цогцолборт сурдаг Сүхбат, Мөнх-Эрдэнэ хоёр та нар дэлгүүр орсон байна лээ  дахиад орьё гээд байхаар нь маргааш орой нь буюу 04 сарын 29-ний шөнө Билгүүтэй, Мөнх-Эрдэнэ, Сүхбат бид 4 нөгөө дэлгүүр лүүгээ дахиж урьдын орсон цонхоор нь орж идэж уух юм авсан гэсэн мэдүүлэг /1хх 59-60 ху/,

-Хохирогч Ч.Бадамлинхуагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...манай дэлгүүрт 2016 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хулгайч орж спорт цүнх 1 ширхэг, хүүхдийн цүнх 2 ширхэг, кет 10 ширхэг, хөөрөг 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг,  гар утасны цэнэглэгч 1 ширхэг, сандаал 5 ширхэг, ботинк 2 ширхэг, футболк 2 ширхэг, сувдан зүүлт 2 ширхэг зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан. Одоо гаргах гомдол саналгүй. Миний хохирлыг барагдуулсан гэсэн мэдүүлэг /2хх 23-24 ху/

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны  88 дугаартай дүгнэлтэнд: ...Шинжлэгдэж буй санд 2016-073-ОРХ дугаараар бүртгэгдсэн 2 гэж дугаарласан мөр санд MN003010011718 дугаараар бүртгэгдсэн Эрдэнэ-Очирын Амарбаярын зүүн гарын эрхий хурууны хээний дардастай, санд MN003010011721 дугаараар бүртгэгдсэн Болдбаатарын Тэмүүлэнгийн баруун гарын дунд хурууны хээний дардас 4 гэж дугаарласан мөртэй баруун гарын эрхий хурууны хээний дардас 4 гэж дугаарласан мөртэй, баруун гарын эрхий хурууны хээний дардас 9, 10 гэж дугаарласан гарын мөрүүдтэй папилляр шугамын эхлэл, төгсгөл нийлэлт, салаалаль зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдийн  цогц байдлаар тохирч байна гэсэн дүгнэлт /хх 82-83 ху/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, / 1хх 15-16, 18-19, 6 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 17, 20,  2хх 7-9, 17-18 ху/

-Эд зүйлийн үнэлгээ /2хх 33-34 ху/

-Эд зүйл хураан авч хүлээлгэж өгсөн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /2хх 16-18 ху/

-Нас тоолсон тухай тэмдэглэл/2хх 19-21ху/

            -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 122, 132, 136, 2хх 81, 86, 96 ху /

-Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Амарбаярыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /1хх 109-115 ху/

-Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тэмүүлэнг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /1хх 102-108, 2хх 72-74 ху/

-Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сүхбатыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл,/1хх 116-120, 2хх 69-71 ху/

-Насанд хүрээгүй шүүгдэгч Л.Гандөшийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /2хх 65-68 ху/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.   

   Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тэмүүлэн, Э.Амарбаяр нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дагшийн рашаан” 6 нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч 269.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хулгайлсан, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сүхбат нь бусадтай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дагшийн рашаан” 6-н нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч 290.250 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хулгайлсан, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сүхбат, Б.Тэмүүлэн, Л.Гандөш нар бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өндөр буурал” дэлгүүрт нэвтэрч  түрээслэгч Ч.Бадамлинхуагийн лангуунаас цагаан өнгийн цүнх 2 ширхэг, улаан өнгийн цүнх 1 ширхэг, кет 10 ширхэг,  ботинк 2 ширхэг, сандаал 5 ширхэг, подволк 2 ширхэг, сувдан зүүлт 2 ширхэг, үнэртэй усны үлдэгдэл 1 ширхэг, толгой байхгүй цагаан өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг,  гар утасны цэнэглэгч 1 ширхэг зэргийг хулгайлан 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Э.Амарбаяр, Б.Тэмүүлэн, Б.Сүхбат, Л.Гандөш нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Оюунгэрэлийн “...Дагшийн рашаан” 6 нэрийн хүнсний дэлгүүрийг 2008 оноос хойш ажиллуулж байгаа. Тэгтэл манай дэлгүүрт өнгөрсөн долоо хоногт хоёр дараалан хулгай орж эд зүйлүүд    алдагдсан. ...Нийт 46 нэр төрлийн 500.900 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн болон бусад ахуйн хэрэглэл алдагдсан” /хх 43-45 ху/, хохирогч Ч.Бадамлинхуагийн “...манай дэлгүүрт 2016 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хулгайч орж эд зүйлүүд хулгайд алдагдсан. Одоо гаргах гомдол саналгүй. Миний хохирлыг барагдуулсан” /2хх 23-24 ху/ гэсэн мэдүүлэг, мөн гэрч Б.Бүрэн /хх 54 ху/, насанд хүрээгүй гэрч М.Бум-эрдэнэ /хх 55-56 ху/, Б.Билгүүтэй /хх 57-58 ху/, Т.Гэгээнбаяр /хх 59-60 ху/ нарын мэдүүлгүүд, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны  88 дугаартай дүгнэлт /хх 82-83 ху/, эд зүйлийн үнэлгээ /2хх 33-34 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

  Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Э.Амарбаяр, Л.Гандөш нарыг бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тэмүүлэн, Б.Сүхбат нарыг бүлэглэн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч  эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

            Шүүх ял шийтгэл оногдуулахдаа насанд хүрээгүй шүүгдэгч Э.Амарбаяр, Б.Тэмүүлэн, Б.Сүхбат, Л.Гандөш нарыг анх удаа насанд хүрээгүй байхдаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.7, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурьдаж, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахгүй байх нь зохистой гэж үзэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

            Хохирлын хувьд хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Эрдэнэ-Очирын Амарбаяр, Боржигон овогт Лхасүрэнгийн Гандөш нарыг бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Их модчин овогт Болдбаатарын Тэмүүлэн, Боржигон овогт Баатарсүрэнгийн Сүхбат нарыг бүлэглэн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч  эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 64 дүгээр зүйлийн 64.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.1-д тус тус зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Э.Амарбаяр, Б.Тэмүүлэн, Б.Сүхбат, Л.Гандөш нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, тэдэнд 1 /нэг/ жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгасугай.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Э.Амарбаярыг төрсөн эх Б.Уранчимэгийн, насанд хүрээгүй Б.Тэмүүлэнг төрсөн эх Ж.Батчимэгийн, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сүхбатыг төрсөн эх Х.Цэнгэлмаад, насанд хүрээгүй шүүгдэгч Л.Гандөшийг төрсөн эх У.Цэцэгмаагийн хяналтанд тус тус өгсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч Э.Амарбаяр, Б.Тэмүүлэн, Б.Сүхбат, Л.Гандөш нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга    хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ж.БАЙГАЛМАА