Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 118/ШШ2021/0036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ө.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох

2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/05 тоот Төсвийн байгууллагуудын бүтэц орон тоог батлах тухай захирамжийн 4 дүгээр хавсралт ******* сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоо батлахдаа няравын орон тоог батлаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ******* сумын Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн саналын дагуу няравын орон тоог батлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.******* миний бие Завхан аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн Б/13 тоот тушаалаар няравын албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зөрчил дутагдалгүй ажиллаж ирсэн. Гэтэл Завхан аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/07 тоот ажлаас чөлөөлөх тушаалаар хууль бусаар чөлөөлж миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Энэ талаар ажил олгогч төрийн байгууллагын удирдлага тайлбарлахдаа манай байгууллагын зүгээс сумын Засаг даргаар өмнөх жилүүдтэй адилхан 23 хүний орон тоо буюу няравын орон тоо байхаар сумын Засаг даргад хүргүүлсэн боловч сумын Засаг дарга манай бүтцийг батлахдаа няравын орон тоог хассан учраас чөлөөлсөн гэж тайлбарласан. Завхан аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвөөс өөрийн байгууллагын бүтцийг батлуулах зорилгоор ******* сумын Засаг даргад 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай Хүсэлт гаргах албан тоот, түүний хавсралтаар ******* сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц, орон тоог нийт 23 ба няравын орон тоог байхаар хүргүүлсэн байна. Гэтэл ******* сумын Засаг дарга Ю.******* нь 2021 оны 1 дүгээр сарын 20-ны А/05 дугаар Төсвийн байгууллагуудын бүтэц, орон тоог батлах тухай захирамж, түүний 04 дүгээр хавсралтаар ******* сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоо 23 байсныг 22 болгон зөвхөн няравын орон тоог хассан байна. Өөрөөр хэлбэл Сумын Засаг дарга Ю.******* нь тухайн төсөвт байгууллагаас /Эрүүл мэндийн төвөөс/ ирүүлсэн албан ёсны орон тооны саналыг харгалзан үзэлгүй зөвхөн миний ажиллаж байгаа ажлын байрны орон тог хассанд гомдолтой байна. Учир нь миний бие 2020 оны орон нутгийн сонгуулиар Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Мандаат багт одоогийн ******* сумын Засаг дарга ажилтай Ю.*******тай хамт өрсөлдөн миний бие Мандаат багийн иргэдийн олонхийн санал авч сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Мандаат багийн төлөөлөгчөөр сонгогдож, Ю.******* нь олонхийн санал авч чадалгүй сумын хурлын төлөөлөгчөөр сонгогдоогүй юм. Энэ нь сумын Засаг дарга тухайн төсөвт байгууллагаас орон тоо батлуулах үндэслэл бүхий саналаа явуулсан байхад улс төрийн өнцгөөс санал явуулсан байгууллагын саналыг үгүйсгэн зөвхөн миний ажлын ажлын байр буюу няравын орон тоог хасч явуулсан нь хууль бус юм. Энэ талаар сумын Засаг даргад өөрт нь 2021 оны 4 дүгээр сарын 15-нд, мөн сумын Засаг даргын дээд шатны албан тушаалтан аймгийн Засаг даргад тус тус хандсан боловч сумын Засаг даргаас одоог хүртэл хариу өгөөгүй, аймгийн Засаг даргаас сумын Засаг даргын захирамж эрх зүйн үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч: Миний бие ******* сумын Эрүүл мэндийн төвд нярваар ажилладаг байсан. Өмнөх онуудад Эрүүл мэндийн төвийн орон тоог баталж ирүүлэхэд миний ажлын орон тоог батлагдаад ирдэг байсан. Гэтэл 2021 онд сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн захирамжаар батлагдаж ирсэн орон тооноос миний ажлын орон тоо хасагдаж батлагдаж ирсэн байсан. Үүнийг нь би эхлээд анзаараагүй юм. Гэтэл манай Эрүүл мэндийн төвийн дарга намайг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуудаж уулзаад чиний ажлын орон тоо энэ онд хасагдаж батлагдаж ирсэн байна. Ажлаа өг гэж хэлсэн. Тэгээд би 02 дугаар сарын 01-ний өдрөөс амралтаа аваад 03 дугаар сарын 15-нд ажилдаа ороод тайлан мэдээгээ гаргаад, ажлаа хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь захирамжаа хүчингүй болгоод өгөөч, сум орон нутагт нэг хүн ч болсон ажилтай, орлоготой байг гэж нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* сумын Мандаат багийн иргэн Өлзий овогтой *******ийн гаргасан нэхэмжлэлд тайлбар хийх нь : 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд тухайн шатны төсвийн байгууллагын бүтэц орон тоог төсвийн захирагч бүрээр батална гэсэн байдаг. 2. Тухайн үед аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай биечлэн уулзаж зөвшилцсөний дагуу сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоог баталсан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/05 дугаар захирамжийн холбогдох хэсгээс няравын орон тоо хасагдсаныг хүчингүй болгуулах, захирамжийг дахин гаргуулахыг даалгах нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, Төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.7-д бүтэц орон тоо батлах тухай сумын засаг даргын бүрэн эрх байгаа. Захирамж энэ хүрээнд гарсан. Нөгөө талаар Эрүүл мэндийн төвийн дарга Засаг даргыг захирамж гаргах үед бүтэц орон тооны талаар саналаа хүргүүлсэн байгаа. Хэдийгээр Эрүүл мэндийн төвийн даргаас няравын орон тоог байх талаар саналаа ирүүлсэн боловч ирүүлсэн саналыг хүрээнд сумын Засаг дарга заавал батална гэсэн зүйл байхгүй. Харин ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн хурлаар баталсан төсөвт багтааж, Төсвийн тухай хуульд заасны дагуу тухайн Эрүүл мэндийн төвд байх ёсгүй орон тоог хасаж хуульд нийцүүлж баталсан байгаа. Нэхэмжлэгч тайлбартаа өмнө нь бүтэц орон тоо батлахдаа няравын орон тоог батлаад яваад байсан гэж байгаа боловч энэ нь хуулийг хэрэгжүүлээгүй, буруу хэрэгжүүлсэн үйлдлийг засаж залруулсан болохоос өмнө нь батлагдаж байсан учраас үргэлжлүүлэн батлах ёстой гэсэн зүйл биш. Сайдын тушаал шийдвэрийг биелүүлэх болон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелүүлэх байдлаар хуулийн хүрээнд захирамж гарсан гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх болон хууль ёсны эрх ашгийг нь хөндөөгүй гэж үзэж байна. Учир нь түүнийг чөлөөлөхдөө Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар чөлөөлсөн байдаг. Маргаан бүхий захиргааны акт нь тухайн байгууллагын бүтэц орон тоог баталж өгсөн захиргааны акт болохоос нэхэмжлэгчийг чөлөөлсөн хувь хүнд чиглэсэн акт биш юм. Мөн Засаг даргын захирамж нь захиргааны актад хамаарч байгаа боловч актаас бий болох үр дагаврын хувьд түүнийг шууд ажлаас чөлөөлсөн, хүний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, хязгаарласан зүйл байхгүй. Монгол улсад мөрдөж байгаа хууль тогтоомжийг мөрдөж биелүүлж ажиллах ажлын хүрээнд Сайдын тушаал, Захиргааны ерөнхий хууль, Төсвийн тухай хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж бүтэц орон тоог баталсан учраас хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. Тийм учраас актыг дахин гаргах үндэслэлгүй. Мөн хариуцагчийн хувьд зөвхөн няравын ажлын орон тоог хасах ямар нэгэн байдлаар хууль бус ашиг сонирхол байхгүй. Харин няравын орон тоо нь хасагдаж байгаа хүнийг ажлын байраар хангаж ажиллаарай гэсэн чиглэлийг Эрүүл мэндийн төвийн даргад өгч байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь ******* сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/05 тоот Төсвийн байгууллагуудын бүтэц орон тоог батлах тухай захирамжийн 4 дүгээр хавсралт ******* сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоо батлахдаа няравын орон тоог батлаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ******* сумын Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн саналын дагуу няравын орон тоог батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулснаар нэхэмжлэл гаргах эрх үүсэх ба нэхэмжлэгч нь ******* сумын Засаг дарга, түүний дээд шатны албан тушаалтан аймгийн Засаг даргад гомдол гаргаж, аймгийн Засаг даргаас гомдлыг ******* сумын Засаг даргад шилжүүлсэн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан байна.

Нэхэмжлэгч нь ******* сумын Эрүүл мэндийн төвөөс сумын Засаг даргад Эрүүл мэндийн төвийн бүтэц, орон тоог 23 байхаар хүргүүлсэн байхад Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоог 22 орон тоогоор баталж, зөвхөн няравын орон тоог хассаныг хууль бус гэж, Хариуцагч нь Төсвийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тухайн шатны төсвийн байгууллагын бүтэц, орон тоог төсвийн захирагч бүрээр батлана гэж заасны дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж баталсан гэж маргаж байна.

******* сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр тус эрүүл мэндийн төвийн орон тоог Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгийн бүтэц, үйл ажиллагаа MNS5081:2013 стандартын дагуу 23 орон тоог /няравын орон тоо багтсан/ батлуулахаар сумын Засаг даргад хүргүүлснээр 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Төсвийн байгууллагуудын бүтэц орон тоо батлах тухай А/05 дугаар захирамж гарч уг захирамжийн 4 дүгээр хавсралтаар Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоо 23 байсныг 22 болгон няравын орон тоог хасч баталсан байна.

Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгийн бүтэц, үйл ажиллагаа MNS5081:2013 стандартын Сум тосгоны эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн дээд хязгаар батлах тухай А хавсралтын 26-д няравыг 1 эсвэл хавсарч ажиллуулахаар заасан байна. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т стандарт гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг хэлнэ гэжээ.

Тодруулбал дээрх стандарт нь сумын эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн хязгаар, орон тоог тодорхой болгох зарчмыг тодорхойлсон, сонгон хэрэглэх буюу заавал хэрэгжүүлэх баримт бичиг биш байна. Гэрч Ё.******* дээрх стандартын 26 дугаар заалт нь төсвөөр хязгаарлагддаг учир бүрэн хэрэгждэггүй. Харин Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 498/345 дугаар тушаалын дагуу бүтэц, орон тоонд төсөв нь батлагддаг. Тэгэхээр няравын орон тоо бусад орон тоонд хавсардаг гэж мэдүүлж байна.

Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 11.1.3-т төсвийн байгууллагын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтоох, Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т ... эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ..., төлбөрийн хэмжээ, санхүүжүүлэх болон хяналт тавих журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж заасан байна.

Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн аргачлал батлах тухай 498/345 дугаар тушаалын 1 дэх заалтад Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн орон тооны жишгийг /норматив/ гуравдугаар хавсралтаар баталж хүн амын тооноос хамаарч сумын эрүүл мэндийн төвд орон тооны ангилал тогтоосон ба ******* сум нь 2020 оны хүн амын тооллогоор 2924 хүн амтай[1] гэж бүртгэгдсэнээр 2 дугаар ангилалд хамаарч багийн бага эмчийг оролцуулахгүйгээр 17 орон тооны норматив тогтоосон ба үүнд няравын орон тоо батлагдаагүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 66.1.7-д тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах гэж заажээ. Тодруулбал сумын Эрүүл мэндийн төвийн орон тоог санхүүжилт, жишиг нормативын хүрээнд багтааж батлах нь Засаг даргын бүрэн эрхийн асуудал байна.

Иймд дээрх үндэслэлээр ******* сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоог батлахдаа няравын орон тоо батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтээ байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.*******ийн ******* сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/05 тоот Төсвийн байгууллагуудын бүтэц орон тоог батлах тухай захирамжийн 4 дүгээр хавсралт ******* сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоо батлахдаа няравын орон тоог батлаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ******* сумын Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн саналын дагуу няравын орон тоог батлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР

 


[1] ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГО