Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00100

 

“,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн  тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/00377 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 662 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,ид холбогдох

Гэрээний үүрэгт 192,222,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, дулаан зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ид холбогдуулан гэрээний үүрэгт 192,222,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дулаан зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/00377 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,оос 128,148,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 64,074,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан гаргасан дулаан зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 662 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/00377 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “128,148,000” гэснийг “133,148,000” гэж, “64,074,000” гэснийг “59,074,000” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас ,,,,,,,,,,,,,,,,ид Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Энэрэл цогцолборын 24А байрны 4 тоот дулаан зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгасугай” гэж, 3 дахь заалтын “798,690” гэснийг “823,690” гэж, “... буцаан гаргуулж” гэснийг “... хэвээр үлдээж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ид олгосугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020.01.22-ны өдрийн 377 дугаар шийдвэрээр тухайн хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч талуудын болон гэрээний чөлөөт байдлыг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагаас 64,074,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь зохицуулалттай нийцэхгүй.

4.1. Давж заалдах шатны шүүх энэхүү байдлыг 2020.03.23-ны өдрийн 662 дугаар магадлалаар залруулаагүй нь буруу болжээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах үндэслэлээ “төлөөлөх эрхгүй этгээд хэлцэл хийсэн, тусгай зөвшөөрөлгүй этгээд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн, урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн, гэрээний зүйл доголдолтой байсан, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэснээр маргасан. Гэтэл дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн атлаа хариуцагч алдангийг багасгуулах хүсэлт гаргаагүй байхад талуудын зарчмыг зөрчиж, санаачилгаараа анхан шатны шүүх 64,074,000 төгрөгийн алдангиас чөлөөлсөн, давж заалдах шатны шүүх 59,074,000 төгрөгөөр багасгасан нь тус тус үндэслэл муутай.

4.2. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэснээр алдангийг харилцан тохиролцож, уг алданги нь гүйцэтгээгүй үнийн дүнгээс давсан байхад хуулиар хязгаарлуулж 50 хувьд нь тооцож нэхэмжлэл гаргасан байхад шүүх дахин гэрээний талуудын чөлөөт байдалд халдаж, алдангиас бүрэн чөлөөлсөн нь хуулиар шүүгчид олгогдсон эрх гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хуулиар тогтоосон 64,074,000 төгрөгийн алдангийг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.22-ны өдрийн 377 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.23-ны өдрийн 662 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасныг баримтлан хяналтын гомдол гаргаж байна.

5.1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэлт зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, (эс үйлдэхүй)-г хэлцэл гэнэ” гэж тодорхойлсон. Иргэний эрх зүйн шинжлэх ухааны суурь институци болох иргэний хэлцэл нь иргэн, хуулийн этгээдийн хүсэл зоригийн анхдагч санаачлагад тулгуурлан иргэний эрх, үүрэг үүсгэдэг. Иргэн, хуулийн этгээд нь өөрийн хүссэн, сонирхсон, бий болгох гэсэн эд хөрөнгө, эдийн болон эдийн бус баялгийг бүтээх хүсэл зоригийг өөрөө л санаачлан, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хүсэл зоригоо, эрмэлзлэлээ илэрхийлж, энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг бичгээр ба аман хэлбэрээр баримт болгон үйлддэг. Тийм ч учраас Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж хуульчлан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрхийг, гэрээ хэлцлийг ямар хэмжээнд, ямар хүрээнд хууль зүйн ямар хэм хэмжээг аль төвшинд тодруулах, нэгтгэх, салшгүй байдлаар зохиомжлох хэлбэрийг талууд өөрсдөө сонгож, бүр тодруулбал, гэрээ (хэлцэл)-ний халдашгүй байдлын төвшинг гэрээний талуудаас болон бусад этгээдээс хамгаалсан байна.

5.2. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талууд гэрээ, хэлцлийнхээ агуулгыг өөрсдөө тодорхойлж, тогтоосон юм бол эрх, үүргийн харилцан үйлчлэх зарчмын дагуу өөрсдөө тодорхойлж, тогтоосон тэрхүү эрх, үүрэг хэм хэмжээг ягштал баримтлах гэрээ, хэлцлийн үндсэн үүрэг гэрээний талуудад мөн адил тэгш хэмжээгээр шударга ёсоор үүснэ. “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн санал болгосон гэрээний агуулгыг тус компаниас санал болгосон төслөөр танилцаж, “,,,,,,,,,,,,,,,” ХХК болон миний бие харилцан зөвшөөрсөн. Иймд гэрээний талуудад гэрээг хамгаалах, мөрдөх, биелүүлэх адил тэнцүү эрх, үүрэг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу үүссэн гэж үзнэ. Талууд адил тэнцүү хэмжээгээр хамгаалах, мөрдөх, биелүүлэх эрх, үүрэгтэй, энэхүү гэрээний 7.3 дугаар зүйлд “Талууд гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйгээс үүссэн маргааныг зөвшилцөж шийдвэрлэнэ. Хэрвээ маргааныг шийдвэрлэх боломжгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тохиролцсон нь хүчин төгөлдөр байгаа ба энэ зохицуулалт нь алив маргааныг үүсэхээс өмнө талуудаас, ялангуяа нэхэмжлэгч талаас авч, хэрэгжүүлэх зайлшгүй үүрэг болсон гэж үзнэ. Гэрээний агуулгыг талууд хамтран тодорхойлж, зөвшөөрсөн, хамгаалсан ба гэрээ хүчин төгөлдөр байтал гэрээний 7.3 дугаар зүйлийг нэхэмжлэгч тал зөрчсөн, зөвшилцөх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгээ нотлоогүй, хариуцагч талын эрх ашгийг шууд зөрчиж байгаа нэхэмжлэгчийн гэрээ хуулийг үл хүндэтгэсэн халдлагыг шүүх хүлээн авсан нь хууль зөрчсөн.

5.3. Гэрээний 7.3 дугаар зүйлд “Талууд гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйгээс үүссэн маргааныг зөвшилцөж шийдвэрлэнэ. Хэрвээ маргааныг шийдвэрлэх боломжгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тохирсон нь Иргэний хуулийн 39.1, 186.1-д тодорхойлсон хэлцэл, үүргийн үндсэн шинж чанарыг хангаж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэсэн зохицуулалтад хамаарна. Талууд өөрийн хүсэл зориг, эрмэлзлэлээ гэрээний тохиролцсон хүрээнд урьдчилан авч хэрэгжүүлэх эрхтэй, энэхүү эрхийг хэрэгжүүлэх бололцоогүй болсон тохиолдолд л сонирхогч тал эрх бүхий этгээдэд хандах эрх үүсэх гэрээ, хуулийн зохицуулалт, дараалал нь “эдгээрийг шууд алгасан дураар авирлах эрхийг аль ч талд олгоогүй ба энэ тохиолдолд гэрээ, хэлцлийн үндсэн мөн чанарт халдаж байгаа зүй бус зүйл бөгөөд энэ нь хараат бус хөндлөнгийн байр сууринаас хэрэг маргааныг хянан шийдвэрлэх онцгой эрх, үүрэгтэй иргэний хэргийн шүүхэд шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа, нөхцөл байдал нь бүрдээгүй буюу гэрээний талууд өөрсдөөсөө хамаарах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж дуусаагүй, болоогүй байхад бусдын хэрэгт дураар оролцох эрх шүүхэд байхгүй бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид ч нэгэн адил хамааралтай гэж үзнэ.

5.4. Учир нь эдгээр харилцааны цаад талд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээд байгаа болно. Шүүхээс өмнөх шатанд авч хэрэгжүүлэх гэрээ, хуулиар үүрэг хүлээсэн этгээдийг хууль ёсны хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүргээс нь үндэслэлгүйгээр шууд чөлөөлж, нэхэмжлэлийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар гэрээний чөлөөт байдлыг зөрчиж, үүргээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгч компанийн зүй бус үйлдлийг шүүх дэмжиж, нэхэмжлэгчид давуу байдал олгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан  “Шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчим алдагдсан, ялангуяа хууль дээдлэх зарчмыг алдагдуулах замаар хариуцагчийн хууль ёсны эрх ашиг, эрх зүйн байдлыг дордуулсан, талуудыг ялгаварласан тэгш бус байдлыг үүсгэсэн, шүүх хөндлөнгийн байр сууриа нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн гэж үзнэ. Зөвшилцөх арга хэмжээ аваагүй, маргааныг зөвшилцлийн замаар шийдвэрлэж чадаагүй гэдгээ нэхэмжлэгч нотолж чадаагүйгээс гадна анхан шатны шүүх гэрээний 7.3 дугаар зүйлд тодорхойлсон шүүхээс өмнөх шатанд авч хэрэгжүүлэх зөвшилцлийн арга хэмжээг шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаатай хольж ойлгож, ялгаж салгалгүйгээр, зөвшилцлийн арга хэмжээний талаар ямар нэгэн ойлголт байхгүй, түүнийг хэрэгжүүлэх талаарх хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр шүүх хуралдаан дээр асууж, тодруулж байсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй.

5.5. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тухайд: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 26 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Иргэний хуулийн 26 дугаар зүйл нь зөвхөн хуулийн этгээд буюу компанийг үүсгэн байгуулж, дүрмээ баталж улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал л хамаарна, гүйцэтгэх захирлын бүртгэл хамаарахгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал тухайн компанийг гадаад, дотоодын бүхий л хүрээнд төлөөлнө, үүнд, итгэмжлэл шаардлагагүй, учир нь компани бол өөрийн үйл ажиллагаагаараа нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, зохион байгуулалтын нэгдэл, ашгийн төлөө этгээд тул гүйцэтгэх захирал компанийн эрх ашгийн төлөө төрөл бүрийн гэрээ хэлцэл байгуулах гэх мэт өргөн эрхтэй субъект учраас тухайн этгээдийн иргэний эрх зүйн чадварыг гагцхүү хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх тухай хууль тогтоогчийн байр суурийг анхан шатны шүүх буруу тайлбарласныг хүлээн зөвшөөрөх бололцоо, үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,,,,,,т гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ” байхгүй, ийм нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй, ,,,,,,,,,,,,,,,, гүйцэтгэх захирлаар томилсон хуулийн этгээдийн улсын бүртгэл хийгдээгүй байх үед буюу “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирлын иргэний эрх зүйн чадвар үүсээгүй үед хийсэн орон сууцны захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвтгөсөн нь Иргэний хуулийн 26 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон.

5.6. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,, нь 2019.03.13-нд гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн ба энэ өдрөөс хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлын эрх зүйн чадвар үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлоод “...худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь гэрээний зүйлийг барьж гүйцэтгэх үүрэг хүлээхгүй учир нэхэмжлэгчид барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх шаардлага тавигдахгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэтэл нотлох баримтаас шинжлэн үзвэл, 2013.06.04-ний өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.1 дүгээр зүйлд “гүйцэтгэгч “,,,,,,,,,,,,,,,” ХХК барилгын ажлыг гүйцэтгэнэ” гэж тодорхойлсон байна. Энэхүү гэрээний 1.2 дугаар зүйлд “Барилгыг 2014 оны 1 дүгээр улиралд буюу 2014.03.31-ний өдрийн дотор батлагдсан зураг төсвийн дагуу барьж хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө” хэмээн үүрэгжүүлсэн. Харин анхан шатны шүүхийн дүгнэж байгаа шиг “,,,,,,,,,,,,,,,” ХХК уг орон сууцыг өөрөө барихгүй, гүйцэтгэхгүй юм бол тусгай зөвшөөрөлтэй бусад этгээдээр бариулна, бариулсан гэсэн ямар ба нэгэн нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, энэ тухайгаа нотолж чадаагүй болно.

5.7. Орон сууцны захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй байсан. “,,,,,,,,,,,,,,,” ХХК нь 2016.04.19-ний өдөр тусгай зөвшөөрлөө авсан тухай нотлох баримт хэрэгт авагдсаар байхад анхан шатны шүүх тусгай зөвшөөрлийн шаардлагагүй гэж дүгнэсэн нь хэтэрхий өрөөсгөл дүгнэлт болсноос гадна Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.3-т тодорхойлсон “Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно” гэсэн хууль зүйн хэм хэмжээг зөрчсөн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг баримтлан “шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт болсон. 2013.06.04-ний өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 2.8 дугаар зүйлд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2018.04.01-ний өдрөөр дуусгавар болсон. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг үндэслэн “...хариуцагч үүргийг хүлээн зөвшөөрч, 2018.03.6, 22, 5 дугаар сарын 14-ний өдөр төлбөр төлж байсан үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна” гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй шийдвэр болсон. Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хуульчилсны дагуу нэхэмжлэгчийн шаардах эрх 2015.04.01-ний өдрөөс үүссэн ба энэ үеэс эхлэн тоологдох хөөн хэлэлцэх хугацаа нь нэхэмжлэгчийн авч хэрэгжүүлэх эрхтэй шууд холбоотой түүнээс хамааралтай эрх бөгөөд эрхээ хэрэгжүүлэх эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл зоригтой шууд холбоотой гэж үзнэ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т “Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэж хуульчилсны дагуу гэрээний эрх, үүрэгтэй холбоотой асуудлаар ямар ч шаардлага гаргаж байгаагүй, энэ тухайгаа нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй.

5.8. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-ийг буруу тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагчаар 5,000,000 төгрөг нэмж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Алданги тооцох, алдангиас хасах, нэмэх болсон 5,000,000 төгрөгийн хэмжээ, үндэслэл, тооцоолол юунд тулгуурласан, ямар хэмжээгээр юунд үндэслэж 5,000,000 гэдэг тоог дүгнэсэн эсэх тухай ямар нэгэн тайлбар, үндэслэл гаргаагүй, ойлгомжгүй байгаа нь давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх, хууль ёсны зарчимд тулгуурлаагүй, дүгнэн үзвэл, ойлгомжгүй, хэргийн бодит үнэн байдлыг тогтоож чадсангүй.

5.9. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар: Миний бие 2019.11.19-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид бичгээр хүсэлт гаргасан боловч хүсэлтийг  шийдвэрлээгүй, хэрхэн шийдвэрлэсэн эсэх тухай надад юу ч мэдэгдэлгүйгээр шүүх хуралдаан хийж, хэргийг буруу шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-ийг зөрчсөн, хэргийн зохигчийн эрхийг эдлүүлэхгүйгээр хавчин гадуурхаж, ялгаварласан гэж үзэхэд хүргэж байна. Иргэний хэргийн шүүх нь гагцхүү зохигчийн гаргасан нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хөндлөнгийн байр сууринаас шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн бичгээр гаргасан албан ёсны хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан шүүхэд мэдүүлэх эрхийг ноцтой зөрчиж, шүүхээр эрх ашгаа хамгаалуулах иргэний хүсэл зоригийг үндэслэлгүйгээр хаан боосон тул энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.22-ны өдрийн 377 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.23-ны өдрийн 662 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч хяналтын шатны шүүхэд дээрх гомдлыг гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэн алдангийг зөвшөөрөхгүй гэсэн агуулгаар маргаж, 5,000,000 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх тул хяналтын шатны шүүх хуульд заасан журмын дагуу хариуцагчийн маргасан хэмжээнд (Тодорхойлох хэсгийн 5.8-5.9-ийн хүрээнд) гомдлыг хянан хэлэлцсэн болно.  

ХЯНАВАЛ:

7. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ид холбогдуулан гэрээний үүрэгт 192,222,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасанд, хариуцагчаас “дулаан зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах” сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 128,148,000 төгрөг гаргуулж, үлдэх 64,074,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 133,148,000 төгрөгийг хангаж, үлдэх 59,074,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчилжээ.

9. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтын талаар болон хариуцагчийн татгалзал үндэслэлгүй талаар зөв дүгнэсэн, тухайлбал 2013.06.04-ний өдөр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан орон сууц “худалдах-худалдан авах” гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 164,72 м.кв, 4 өрөө орон сууцыг хүлээлгэж өгөхөөр, хариуцагч нь 354,148,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, гэвч хариуцагч гэрээний төлбөрөөс 226,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 128,148,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон, тухайн гэрээний хүчин төгөлдөр байдалд нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,,,,,ийг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх, тус компани нь барилгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэх, мөн хүлээлгэн өгсөн орон сууц нь чанарын доголдолтой байсан эсэх нь нөлөөлөхгүй, эдгээр нь хариуцагчийг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

10. Иймд, нэхэмжлэгч тал зохигчийн хооронд байгуулсан гэрээний 5.1.-д “гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги төлөх”-өөр заасны дагуу үлдэгдэл төлбөр 128,148,000 төгрөг, алданги 64,074,000 төгрөг (гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар)-ийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8. “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэснийг үндэслэн хариуцагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан алдангийг бүхэлд нь чөлөөлсөн нь буруу. Учир нь хуулийн уг заалтаар шүүхэд анзын хэмжээг багасгах эрх олгосноос бус бүрэн чөлөөлөх үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

11. Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал буюу хариуцагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан дээрх хуулийн дагуу алданги 64,074,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул “...хариуцагч алдангийг багасгуулах хүсэлт гаргаагүй байхад талуудын зарчмыг зөрчиж, санаачилгаараа анхан шатны шүүх алдангиас бүхэлд нь чөлөөлсөн, давж заалдах шатны шүүх 59,074,000 төгрөгөөр багасгасан нь үндэслэл муутай, эргэлзээ төрүүлж байна...” гэсэн агуулгатай (Тодорхойлох хэсгийн 4-т) нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй, тодруулбал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8. дахь хэсэг нь шүүхэд эрх олгосон заалт тул энэ хүрээнд давж заалдах шатны шүүх алдангийг багасгаж шийдвэрлэснийг хяналтын шатны шүүхээс буруутгах, өөрчлөх боломжгүй.

12. Мөн дээрх үндэслэлээр хариуцагчийн “...Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-ийг буруу тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулсан, ямар хэмжээгээр юунд үндэслэж 5,000,000 гэдэг тоог дүгнэсэн нь ойлгомжгүй...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн (5.8-д) заасан гомдлыг хангах боломжгүй.

13. Түүнчлэн “шүүх хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, зохигчийн эрхийг эдлүүлэхгүйгээр хавчин гадуурхаж, ялгаварласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан шүүхэд мэдүүлэх эрхийг ноцтой зөрчиж, шүүхээр эрх ашгаа хамгаалуулах иргэний хүсэл зоригийг үндэслэлгүйгээр хаан боосон” (Тодорхойлох хэсгийн 5.9-д) гэх хариуцагчийн гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

14. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсаныг давж заалдах шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар талууд гомдол гаргаагүй болно.

15. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 662 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 455,000 төгрөг, хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 94,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ