| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0100/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/111 |
| Огноо | 2023-05-15 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг, хохирогч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000000079 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Үхэрч ургийн овогт ******* *******, 1986 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл хоёр, ахын хамт Ховд аймгийн Алтай сумын ******* дүгээр (*******) багт оршин суух хаягтай, одоо Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар (Цамбагарав) багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго “шүүгдэгч *******ыг 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар (Цамбагарав) багийн нутаг дэвсгэрт байх “ арвижих” нэртэй дэлгүүрийн гаднаас хохирогч ******* нь эзэмшлийн *******- улсын дугаартай “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Малчны хороолол дахь гэр рүүгээ авч явсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай “...******* /РД:ПЭ851226/-аас гаргасан “Жаргалант сум Цамбагарав багийн нутаг дэвсгэрээс автомашин алга болсон” гэх гэмт хэргийн талаарх ...гомдол, мэдээллийг 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр цаг 15 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаар хуудас);
- Мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн “...Алга болсон гэх тээврийн хэрэгсэл нь блокоор барьсан, гадна хаалгагүй, ямар нэгэн номер дугааргүй хашаан дотор уг хашааны баруун урд буланд блокон хашаа мөргөж орсон байдалтай зогссон” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас);
- Мөрдөгчийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрээс алга болсон гэх тээврийн хэрэгсэл нь *******- улсын дугаартай” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас);
- Хохирогч *******н эзэмшлийн “Тоёота Королла” загварын, *******- улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 37 дугаар хуудас);
- Хохирогч *******н “...2023 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг ******* минут гээд ажлаасаа буугаад малчны хороололд байх гэртээ харьж явтал эхнэр залгаад “замаараа дэлгүүр ороод боорцог аваад ирээрэй” гэхээр нь би малчны хороололд байх “ арвижих” гэх нэртэй нэг давхар, улаан өнгийн тоосгоор барьсан дэлгүүрийн гадаа автомашинаа зогсоогоод асаалттай нь орхиод дэлгүүр орсон. Боорцог тамхи аваад тооцоо хийх гэтэл утсаа автомашинд мартсан байсан. Буцаж гараад автомашинаас утсаа авч тооцоо хийх гээд гартал миний автомашин байхгүй ойр хавьд харагдахгүй болохоор нь би дэлгүүр ороод дэлгүүрийн эзний утсаар цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас);
- Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Уг ажиллагаанд яллагдагч *******тай ойролцоо нас, өндөр, хувцастай 3 хүнийг яллагдагч *******тай хамт өрөөний гадна зогсоож, хохирогч *******г өрөөнд оруулж суулгасан. Яллагдагч *******ыг урьд бэлтгэсэн 1-4 хүртэл дугаар бүхий тооноос дурын тоог нь сонго гэхэд 3-н тоог сонгосон тул үлдсэн 1,2,4-ийн тоог таньж олуулах ажиллагаанд оролцож буй 3 хүнд өгч өрөөнд оруулан зогсоож хохирогч *******гаас “Таны тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэх хүн энд байна уу, байгаа бол аль нь болохыг заана уу” гэхэд 3 тоо барин зогсож буй яллагдагч *******ыг зааж байв. ******* болон хамт зогсож буй 3 хүнийг өрөөнөөс гаргаж яллагдагч *******аар дахин дурын тоог сонгуулахад 1-ийн тоог сонгосон бөгөөд 2,3,4-ийн тоог таньж олуулах ажиллагаанд оролцож байгаа 3 хүнд өгч өрөөнд оруулж зогсоон хохирогч *******гаас дахин “таны тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэх хүн энд байна уу” гэж асуухад 1-ийн тоо барин зогсож буй яллагдагч *******ыг зааж байв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас);
- Гэрч “...2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт байтал 09 цаг өнгөрч байх үед манай нагац ах болох ******* согтуу манай гэрт орж ирээд “ахыгаа гэрт хүргээд өг” гэхээр нь би төрсөн ах болох автомашинаар малчны хорооллын баруун тал руу шинэ суурьшлын бүсэд байх гэрт нь хүргэж өгөөд буцаж гэртээ ирсэн. ...Маргааш нь ******* манай гэрт ирэхдээ “согтуудаа дэлгүүрийн гадна байсан хүний автомашин унаж гэртээ очоод зогсоож чадалгүй гэрийн урд талын хашаа мөргүүлээд цагдаагийн эрүүлжүүлэхэд хоноод ирлээ” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас);
- Гэрч С.Амангүлийн “...2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр буюу Малчны хороололд байх өөрийн эзэмшлийн гэх нэртэй хүнсний дэлгүүртээ зогсож байхад цагийн үед гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд худалдаа хийж байтал араас нь удалгүй цэнхэр өнгийн монгол дээлтэй согтуу залуу ганцаараа орж ирээд манай дэлгүүрт байсан хоёр хүнтэй маргаан үүсгээд байсан. Би тухайн гурван хүнийг “дэлгүүрээс гарч хэрэлдэцгээ” гэж хэлтэл эхлээд орж ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн түрүүлээд гараад явсны дараа тухайн цэнхэр дээлтэй залуу дэлгүүрээс гарсан. Тэр үед зөрөөд миний таних ******* гэх хүн дэлгүүрт орж ирээд хүнсний зүйл аваад тооцоо хийх гэснээ “өө картаа автомашинд орхисон байна” гэж хэлээд гараад явснаа удалгүй буцаж орж ирээд “гадаа асаалттай байсан миний автомашин алга болчихжээ, утсаа өгөөч” гээд миний утсыг гуйж аваад цагдаа руу залгаж “автомашин алга болчихлоо” гэж мэдэгдчихээд гараад манай дэлгүүрийн гадаа зогсож байтал цагдаагийн автомашин ирээд *******г суулгаад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас);
- Шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт гэр нь байх найз Золоогийнд архи ууж, тоглож хоноод 2023 оны 02 дугаар сарын 24-ний өглөө малчны хорооллын баруун талын задгай шинэ суурьшлын бүсэд байх өөрийн гэртээ төрсөн эгч хүүхэд болох О.Нар-Очоор хүргүүлсэн. О.Нар-Очийг буцаад явсны дараа гэрээсээ гараад малчны хороолол руу явган алхаж дэлгүүр орчхоод буцаж гараад иртэл дэлгүүрийн гадна нэг автомашин байхаар нь би тухайн автомашиныг унаад гэр лүү харьж яваад гэрийнхээ гадаа очоод зогсоож чадалгүй гэрийн урд талын блокон хашаагаа мөргүүлж зогсоочхоод гэртээ ороод байж байтал цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар (Цамбагарав) багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ арвижих” гэх дэлгүүрийн гадна асаалттай байсан хохирогч *******н эзэмшлийн “Тоёота Королла” загварын, *******- улсын дугаартай автомашиныг тус багт байрлах гэр хүртлээ жолоодож явсан буюу бусдын автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол” гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэрэгтээ хохирогчийн эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, зөвшөөрөлгүйгээр авсан гэх обьектив болон субьектив талын зарим шинжүүдээрээ төсөөтэй боловч субьектив талын нэмэгдэл шинж буюу автотээврийн хэрэгслийг бусдад зарах, өөрийн болон бусдын өмчлөл, эзэмшилд бүрэн шилжүүлэх санаа зорилгогүй, шунахайн сэдэлгүй байдгаараа ялгагддаг. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгийг авахын тулд өмчлөгч, эзэмшигч, ашиглагч этгээдэд хүч хэрэглэсэн байдаг бол автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэгт хүч хэрэглэсэн гэх обьектив талын шинж байдаггүй.
Хохирогч ******* нь өөрийн эзэмшлийн “Тоёота Королла” загварын, *******- улсын дугаартай автомашиныг асаалттай орхиж бусдад ашиглах боломж олгосон, шүүгдэгч нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсны улмаас уг автомашиныг жолоодож өөрийн гэр хүртэл явсан үйл баримт тогтоогдсоноос өөрөөр шүүгдэгч тухайн автомашиныг шунахайн сэдлээр, бусдад зарах, өөрийн болон бусдын өмчлөл, эзэмшилд бүрэн шилжүүлэх санаа зорилгоор авсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
2.2. Шүүгдэгч нь бусдын автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах нь хууль бус гэдгийг мэдсээр байж хохирогчийн автомашиныг унаж ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
2.3. Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1, 17.2 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг обьектив болон субьектив талын шинжүүдээр тодорхойлогдох бөгөөд хохирлын хэмжээ уг гэмт хэргийн шинжид хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй. Учир нь уг гэмт хэргийн улмаас хүний өмчлөх, эзэмших эрх нь зөрчигдөх бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Харин халдлагын зүйл нь автотээврийн хэрэгсэл байдаг.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн автомашиныг хууль бусаар авч, жолоодож яваад өөрийн хашааг мөргөжээ. Уг ослын улмаас хохирогчийн автомашины урд салхины шил хагарсан, капуд халцарч гулзайсан, урд буфер цуурч хагарч халцарч зурагдсан, урд улсын дугаарын хүрээ хагарсан, баруун урд их гэрэл халцарсан, баруун урд крыло хонхойж чихэгдэж халцарсан, баруун урд хаалга халцарч зурагдсан, зүүн урд их гэрлийн сэнж тасарсан, зүүн урд крыло хонхойж халцарсан, зүүн урд хаалга халцарсан, зүүн хормой хонхойж халцарсан, дээвэр урд хэсэгтээ халцарсан байна.
Вендо ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 42968 дугаартай тайлан (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас)-гаар дээрх эвдрэл гэмтлийг засах зардлыг 1’6’500 төгрөг тогтоожээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж тодорхойлсон бөгөөд дээрх зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар, санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх зохицуулалттай. Тодруулбал тухайн 1’6’500 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс дээрх үнэлгээгээр гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “...******* 900’000 төгрөгийг төлсөн. Үлдэгдлийг нь нэхэмжилж байна” гэж, шүүгдэгч “...900’000 төгрөгийн хохирол төлсөн” гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгчээс (1’6’500₮-900’000₮=) 7’500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), шүүгдэгч *******ын “...Надад нэмж хэлэх зүйл гэвэл архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй унаж яваад хашаа мөргүүлж бусдад хохирол учруулсандаа харамсаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар болон түүний биеийн байцаалт зэргээр шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх санал гаргасан ба хохирогч, шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэх ялын төрлүүдийг хуульчилсан байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг сонгож оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 (хоёр зуун тавин) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй.
3.2. Шүүгдэгч *******ыг “согтуугаар бусдын тээврийн хэрэгсэл жолоодож хулгайлсан” гэх үндэслэлээр 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 40 минутаас 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг ******* минут хүртэл хугацаагаар саатуулсан болох нь эрх бүхий албан тушаалтны согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, саатуулагдсан хүнийг сулласан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 57 дугаар хуудас) гэх баримтаар нотлогдож байна. Уг тогтоолд “...Зөрчлийн тухай хуулийн 17.1 заалтыг зөрчсөн байх бөгөөд” гэж дурдсан боловч шүүгдэгчийг Зөрчлийн тухай хуулийн яг ямар зүйл, хэсгийн заалтыг зөрчсөн буюу ямар зөрчил гаргасан нь тодорхой бус байна. Тодруулбал шүүгдэгчийг зөрчлийн хэрэгт холбогдуулан саатуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба тогтоолд заасан үндэслэлээр бол уг эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан саатуулсан гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэгт холбогдсон хүнийг шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлах, эсхүл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авдаг бол харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүнийг саатуулдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг эрүүгийн хэрэгт холбогдуулан саатуулсан нь хүний эрхийг зөрчсөн хууль бус үйлдэл юм.
Иймд шүүгдэгчийг энэ хэрэгт хууль бусаар саатуулсан хугацааг баривчилсан 1 хоногоор тооцох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн баривчлагдсан хугацааг эдлэх ялд оруулан тооцох бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар баривчлагдсан нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасдаг.
Тодруулбал шүүгдэгчийн энэ хэрэгт хууль бусаар саатуулагдсан буюу баривчлагдсан нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, түүнд оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 8 цагийг хасаж нийт эдлэх ялыг 242 цагаар тогтоох үндэслэлтэй.
Мөрдөгч 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 46 дугаар хуудас) авсан байна. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Үхэрч ургийн овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 250 (хоёр зуун тавин) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч *******ын энэ хэрэгт хууль бусаар саатуулагдсан буюу баривчлагдсан 1 (нэг) хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагаар тооцож, түүнд оногдуулсан ялаас хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 7’500 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА