Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 01472

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Х” ХХК/РД: /-д холбогдох,

 

Баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Т” ХХК-ийг анх 2008 онд А.Алтантуяа нь, Г.Төмөрбаатар, Б.Сумьяа, ТАлтансүх болон Малайз улс иргэн Loh Siem Cheang-aac нар нийлж газар тариалан, гадаад худалдаа, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр нийлж үүсгэн байгуулж, тус бүр 20 хувийн хувьцаа эзэмшиж, компанийн гүйцэтгэх захирлаар Г.Төмөрбаатар ажиллаж байсан билээ.

Гэвч “Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Төмөрбаатар нь хуурамч бичиг баримт ашиглан 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улсын бүртгэлд “Т” ХХК- ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг гэж бүртгүүлэн, компанийн хуурамч дүрэм, гэрчилгээг гаргуулан авсан байдаг байна.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5/45 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” Прокурорын тогтоолд “... Г.Төмөрбаатар нь Т ХХК-ийн бусад эзэмшигч болох Малайз Улсын иргэн Ло Сүй Чанг, Монгол Улсын иргэн А.Алтантуяа, Б.Сумъяа, Т.Алтансүх нарт мэдэгдэлгүй, компанийн үүсгэн байгуулагчаас хасч, хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн улсын бүртгэлд ганцаар эзэмшигчээр бүртгүүлсэн нь Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлийн улсын бүртгэгч Б.Батзориг, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна”, “Г.Төмөрбаатарын дээрх үйлдэл нь иргэний эрх зүйгээр зохицуулагдах иргэд хоорондын маргаан тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэсэн байна.

Ингээд дээрх “Т” ХХК-ийн хувьцааг хууль бусаар шилжүүлсэн асуудлыг шалгуулсны дараа Г.Төмөрбаатарыг уг “Т” ХХК-ийн хувьцааг хууль бусаар шилжүүлж авсны дараа 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр “Х” ХХК-тай 1340010175-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулан Сэлэнгэ аймаг, Орхон сум, Мангиртад байрлах Худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай Ү- 1308000138 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж, банкнаас 15 сая төгрөгийн зээл авсан байна.

Уг асуудлыг мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газарт шалгуулахад 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 5/40 дугаартай Прокурорын тогтоолоор “2012 оны 4 сард хуурамч баримт бичиг бүрдүүлэн компанийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авсны улмаас шалгагдаж, өөрөө үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч нотолсон боловч Монгол Улсын өршөөлийн хуулиар гэмт үйлдэл нь хэрэгсэхгүй болсон. Авсан мөнгөнөөсөө тэр дор нь 6 сарын хүүний мөнгийг тооцож, буцаан төлсөн. 7 сая төгрөгийг хамтран зээлдэгч Д.Гантулгад өгсөн. Хувьдаа ашиглаж завшсан гэх үйлдэл тогтоогдохгүй” гэж үзэж, “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол гарсан байна.

Гэтэл “Хас” банк нь Г.Төмөрбаатарыг анхнаасаа “Т” ХХК-ийн 100 хувийн үүсгэн байгуулагч биш, үүсгэн байгуулагч нараас Г.Төмөрбаатарт хувьцаагаа шилжүүлсэн баримт нь илэрхий хуурамч, Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлээс үүнийг тодруулах боломжтой байхад тодруулалгүйгээр, урьдчилан хүү авч өөрт ашигтай байдлыг бие болгож, барьцаа л байвал хэнийх гэдэг нь хамаагүйгээр гэрээ байгуулж, зээл олгож иргэдийг хохироосон байна.

Үүний улмаас Г.Төмөрбаатар нь “Т” ХХК-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Орхон сум, Мангиртад байрлах Худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай Ү-1308000138 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих эрхгүй байхад, Х нь 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр “1340010175-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-г байгуулж, улмаар “Т” ХХК-д биш, Г.Төмөрбаатар, Д.Гантулга нарт 15 сая төгрөгийн зээл олгож, “Т” ХХК-ийг хохироосон байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана.” гэж заасны дагуу Г.Төмөрбаатарын хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан.

“Т” ХХК-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Орхон сум, Мангиртад байрлах Худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай Ү-1308000138 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан газрын харъяаны шүүхэд хандаж байгаа болно.

Монгол Улсын иргэний хуулийн 56 дугаар зүйл, 59 дүгээр зүйлд заасны дагуу Г.Төмөрбаатарын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр “Х” ХХК-тай байгуулсан 1340010175-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Сэлэнгэ аймаг, Орхон сум, Мангиртад байрлах Худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай ГД-000133791, Ү-1308000138 дугаартай, 170.4 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгч “Т” ХХК бол өөрийн газар дээр орон сууцыг эзэмшиж ашигладаг. “Т” ХХК нь тухайн үед 5 хувьцаа эзэмшигчтэй, гүйцэтгэх захирлаар нь Г.Төмөрбаатар гэж хүн байсан. Гэвч Г.Төмөрбаатар нь тухайн үед өөрийн хөрөнгөөс давсан хэмжээний үл хөдлөх хөрөнгийг барьцаалах, хувьцаа эзэмшигч нарын зөвшөөрлөөр асуух тодруулах үүрэгтэй байхад Г.Төмөрбаатар нь “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг өөрт нь хувьцаагаа худалдсан мэтээр хуурч мэхлэн “Х” ХХК-д “Т” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж баталгаат ипотекийн гэрээг байгуулсан байна. Энэ гэрээг байгуулснаар зээлийн гэрээ байгуулан “Х” ХХК-иас зээл авсан байдаг. Ингэж зээл авахдаа Улсын бүртгэлийн газарт хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. “Х” ХХК-иас хувьцаа эзэмшигч нарын талаар судалж тодруулаагүй. Зээлийн харилцаанд баталгаанд ипотекийн гэрээ байгуулах шаардлага тавигдсан. Хариуцагч тайлбартаа зээлийн гэрээ байгуулаагүй бол барьцааны үүрэг чөлөөлөгдөхгүй гэсэн хуулийн заалтыг барьж байгаа. Бодит байдалд барьцааны гэрээ байгуулагдсанаар зээлийн гэрээ байгуулагддаг дэг журам тогтоосон байгаа. Тийм учраас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү, энэ гэрээ бол хуурамч бөгөөд хүчин төгөлдөр бус гэрээ гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа юм. “Х” ХХК нь зээл олгохдоо хуульд заасан арга хэмжээг аваагүй байж энэ хэрэг маргааны үед зээлийн гэрээг хүчингүй болгохгүй гэж маргаж байгаа учраас хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т ХХК-ийн нэхэмжлэлтэй “Х” ХХК-д холбогдох иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Зээлдэгч Г.Төмөрбаатар болон хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Гантулга нар нь Хтай 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1340010175 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-1308000138 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг Орхон сум, Мангиртад байршилтай 170,4 мкв үл хөдлөх хөрөнгийг 1340010175-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалуулсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчин, зээлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш төлөөгүй, зээл хэвийн бус ангилалд шилжсэн учраас Хнаас шүүхэд 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргаж зээлийн үлдэгдэл төлбөр болох 15 601 751 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01734 дугаар захирамж гарч зээлдэгчээс зээлийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... Х нь Г.Төмөрбаатарыг анхнаасаа “Т” ХХК-ийн 100 хувийн уусгэн байгуулагч биш, үүсгэн байгуулагч нараас Г.Төмөрбаатарт хувьцаагаа шилжүүлсэн баримт нь илэрхий хуурамч, Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлээс үүнийг тодруулах боломжтой байхад тодруулалгүйгээр урьдчилан хүү авч өөрт ашигтай байдлыг бий болгож, барьцаа л байвал хэнийх гэдэг нь хамаагүйгээр гэрээ байгуулж, зээл олгож иргэдийг хохироосон байна.” гэжээ. Банкнаас зээлийн хүүгийн төлбөрийг урьдчилж төлүүлээгүй, төлүүлэх үндэслэл байхгүй юм. Зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх өдөр зээлдэгчийн картын данснаас зээлийн эргэн төлөлтийг хийж байсан ба энэ нь нотлох баримтын шаардлагыг ханган хүргүүлсэн Зээлийн дансны хуулгаас тодорхой харагдана.

Нэхэмжлэлийн шаардлагад дараах үндэслэл бүхий хариуг өгч байна. Үүнд:

1. Банк нь зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулан зээлийг олгохдоо Т ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох Сэлэнгэ аймаг, Орхон сум, Мангиртад байрлах ГД-000133791, Ү-1308000138 дугаартай, 170.4 м.кв хэмжээтэй Худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Хөрөнгийн өмчлөгч нь компани учраас компанийн гэрчилгээ, дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, бусад баримт бичгийг үндэслэн Баталгаат ипотекийн гэрээг компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Г.Төмөрбаатартай байгуулсан. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтийн бүртгэлд “Хувь нийлүүлэгч 4-ээр хасагдан, үүсгэн байгуулагчдын тоо нийт 1 болж өөрчлөгдсөнийг бүртгэв” гэж тусгасан.

Мөн Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1311007141 дугаар бүртгэлтэй “Т” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Дүрмийн 1.3-т Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийг Гомбын Төмөрбаатар гэж заасан. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-д “Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно.” гэж заасан тул Хнаас зээл олгох үед нэг хувьцаа эзэмшигчтэй ХХК байгаа нь улсын бүртгэгчийн бүртгэсэн хүчин төгөлдөр дүрэм, гэрчилгээнээс харагдаж байна. Түүнчлэн “Т” ХХК-ийн дүрмийн 7.3-т “Компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал байж болно.” гэж заасан байна. Г.Төмөрбаатар нь Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирлын эрх хэмжээг хэрэгжүүлэн Компанийн тухай хуульд зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага нь гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах тул Хнаас улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрчиггээ дүрэмд үндэслэн тухайн үеийн байдлаар ирүүлсэн баримтыг үнэн бодитой гэж итгэн зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулж, зээлийг олгосон болно. Өөрөөр хэлбэл Банкны хувьд зээл олгох бүртээ, эсхүл зээл олгосны дараа тогтмол Улсын бүртгэлээс лавлагаа авч баталгаажуулж байх ёстой, ийнхүү батапгаажуулах үүрэгтэй байсан мэтээр нэхэмжпэгчийн бичиж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд хуулийн этгээдийн бүртгэлийн үндсэн баримт бичгүүд болох компанийн дүрэм, гэрчилгээнд заасан эрх бүхий этгээдтэй байгуулсан Баталгаат ипотекийн гэрээ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Иргэний хуулийн 56, 59 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцох хэлцлийн шинжийг агуулаагүй, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчим улсын бүртгэгч бүртгэлийн үнэн зөвийг хариуцах эрх, үүргийг тодорхой заасан байдаг тул Банк нь барьцаалагчийн хувьд тухайн хөрөнгийн өмчлөлийн бүртгэлийн үнэн зөвд тулгуурлан зээлийн барьцаанд авдаг. Иргэний хуулийн 154-р дүгээр зүйлийн 154.6-д “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ.” гэж тодорхой заасан байна.

Дээр дурдсанчлан Хнаас зээлийн төлбөрт нэхэмжилсэн 15 601 751 төгрөгийг зээлдэгч банкинд төлж барагдуулаагүй байна. Иргэний хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу зээлдэгч зээлийг бүрэн төлсөнөөр банк барьцааг чөлөөлөх үүрэг хүлээх тул ХасБанктай байгуулсан Баталгаат ипотекийн гэрээний дагуу барьцаапсан хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний дагуу олгогдсон зээл бүрэн төлөгдөж дуусаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2017 оны 02-р сард Сүхбаатар дүүргийн шүүхэд 15,601,751 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаад энэ хэрэг маргаан нь 2017 оны 6-р сарын 14-ний өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн. Хувьцаа эзэмшигч нарын бүртгэлтэй холбоотой маргаан байсан. Сая ярьж байгаа хувьцаа эзэмшигч нарын тухайд гэрчилгээг дахин олгох процесс нь 2017 оны 4-р сарын 26-ны өдөр шүүхийн ажиллагаатай давхацсан байсан. Зээлийн хувьд өөрийн хөрөнгөөс давсан хэмжээтэй зээл авах хэлэлцээр хийсэн гэдэг. Компанийн барьцаалж байгаа эд хөрөнгө нь 35,000,000 төгрөгийн үнэлгээтэй. Олгосон зээл нь 15,000,000 төгрөг бөгөөд зээлийн үлдэгдлийн талаар баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Банкны хувьд тодорхой ажиллагаа хийгдээгүй гэдэг. Гэтэл Улсын бүртгэл болон бусад байгууллагаас баримт бичиг лавлагааг авчиран зээл хүсэгч бүх баримтуудыг бүрдүүлсэн байхад зээлийн харилцаа үүсгэхгүй байх ямар ч боломж байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаар даалгаж байгаа субъектүүдийг өнөөдрийн хэрэг маргаанд гуравдагч этгээдээр оролцож чадахгүй байгаа нь ойлгомжгүй байгаа. Мөн хэрэв захиргааны байгууллагад аль нэг нэхэмжлэлийн шаардлагыг даалгасан бол захиргааны хэрэг маргаан шийдвэрлэх журмаар явах байсан болов уу. Банкны хувьд өөр этгээд байсан гэдгийг энэ хэрэг маргааны үед олж мэдсэн нөхцөл байдалтай байгаа. Мөн яг ямар үндэслэлээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцогдох эсэх нь тодорхой биш байна. Г.Төмөрбаатар гэж хүний өөрийнх нь тайлбарт бусад хувьцаа эзэмшигчид гадаад явсан гэсэн тайлбар өгсөн байдаг. Ингээд ажил нь явахгүй байсан учраас би өөрөө үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ер нь бол би энэ мөнгийг төлнө гэсэн тайлбар өгдөг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэхэд ялгаагүй ийм ажиллагаа хийгдэх байгаа. Хууль зүйн үр дагавар талаасаа харвал хариуцагчийн байр суурь хэр байгаа билээ. Хуулийн этгээд зээл авч төлбөр төлөөгүйгээс болоод шийдвэр гүйцэтгэлд шилжсэн. Одоо маргаж байгаа барьцааг барьцаанаас чөлөөллөө гэхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь ялгаа байхгүй хууль зүйн үр дагавар талаасаа яг адилхан. Мөн Хинд холбогдуулж байгаа боловч Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлд даалгаж байгаа нь ойлгомжгүй байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан 1340010175-01 дугаар Баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 170.4/нэг зуун дал аравны дөрөв/ м.кв үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “Х” ХХК нь ямар үндэслэлээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцогдох эсэх нь тодорхой биш, Хинд холбогдуулж байгаа боловч Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлд даалгаж байгаа нь ойлгомжгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр иргэн Г.Төмөрбаатар, Д.Гантулга нартай № 1340010175 Зээлийн гэрээ/цаашид “Зээлийн гэрээ” гэх/, иргэн Г.Төмөрбаатартай № 1340010175-01 “Баталгаат ипотекийн гэрээ”/цаашид “Ипотекийн гэрээ” гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээний болон Ипотекийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 1-ийн 1.1-т зааснаар хариуцагч нь Г.Төмөрбаатар, Д.Гантулга нарт 15 000 000/арван таван сая/ төгрөгийг сарын 2.25/хоёр зууны хорин тав/ хувийн хүүтэй, 36/гучин зургаа/ сарын хугацаатай шилжүүлэх, Г.Төмөрбаатар, Д.Гантулга нар нь буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь иргэн Г.Төмөрбаатарт 15 000 000/арван таван сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Хин дахь 1340010175 дугаар Дансны хуулгын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэн Г.Төмөрбаатартай Ипотекийн гэрээ байгуулж, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Сэлэнгэ аймаг, Орхон сум, Мангиртад байрлах ГД-000133791, Ү-1308000138 дугаартай, 170.4/нэг зуун дал аравны дөрөв/ м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь Ипотекийн гэрээний болон Барьцаа хөрөнгийн жагсаалтын хуулбар, Дараачийн барьцааны гэрээний нөхцөлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т “... үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.”, 166 дугаар зүйлийн 166.1-т “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Ипотекийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Ипотекийн гэрээнд заасан ипотекийн зүйл болох Сэлэнгэ аймаг, Орхон сум, Мангиртад байрлах ГД-000133791, Ү-1308000138 дугаартай, 170.4/нэг зуун дал аравны дөрөв/ м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох нь 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ ... зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж ... хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ.”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө ... эрхийг барьцаалуулах эрхтэй.”, 11 дүгээр зүйлийн 11.1-т “Барьцааны гэрээ ... Иргэний хуулийн нийтлэг журам ... Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Ипотекийн гэрээнд заасан ипотекийн зүйлийг Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалах эрхийг иргэн Г.Төмөрбаатар, Д.Гантулга нарт олгоогүй гэж тайлбарлаж байх ба Ипотекийн гэрээг иргэн Г.Төмөрбаатар нь өөрийн нэрийн өмнөөс байгуулсан болох нь Ипотекийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь иргэн Г.Төмөрбаатарт Сэлэнгэ аймаг, Орхон сум, Мангиртад байрлах ГД-000133791, Ү-1308000138 дугаартай, 170.4/нэг зуун дал аравны дөрөв/ м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалах эрх олгоогүй болох нь Зээлийн гэрээний болон Ипотекийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, барьцааны шаардлагыг хангах журам зэргийг харилцан тохиролцож Ипотекийн гэрээг байгуулаагүй болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Ипотекийн гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулаагүй болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулж байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:”, 56.1.1-т “хууль зөрчсөн ... зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;” гэж заасан.

 

Хариуцагч нь Ипотекийн гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх ба 170.4/нэг зуун дал аравны дөрөв/ м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалах эрх олгоогүй этгээдтэй Ипотекийн гэрээ байгуулжээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч “Х” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэн Г.Төмөрбаатартай байгуулсан № 1340010175-01 Баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Сэлэнгэ аймаг, Орхон сум, Мангиртад байрлах Худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай ГД-000133791, Ү-1308000138 дугаартай, 170.4/нэг зуун дал аравны дөрөв/ м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг ... зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж заасан.

 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь Ипотекийн гэрээг улсын бүртгэлд бүртгэх эрх эдлэхгүй.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн өмнөөс хариуцлага хүлээхгүй тул Сэлэнгэ аймаг, Орхон сум, Мангиртад байрлах Худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай ГД-000133791, Ү-1308000138 дугаартай, 170.4/нэг зуун дал аравны дөрөв/ м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-ийн иргэн Г.Төмөрбаатартай 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан № 1340010175-01 Баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үлдсэн Сэлэнгэ аймаг, Орхон сум, Мангиртад байрлах худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай ГД-000133791, Ү-1308000138 дугаартай, 170.4/нэг зуун дал аравны дөрөв/ м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-ийн иргэн Г.Төмөрбаатартай 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан № 1340010175-01 Баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үлдсэн Сэлэнгэ аймаг, Орхон сум, Мангиртад байрлах худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай ГД-000133791, Ү-1308000138 дугаартай, 170.4/нэг зуун дал аравны дөрөв/ м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 403 150 төгрөгөөс 303 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 100 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ