| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2019/01537/И |
| Дугаар | 02115 |
| Огноо | 2019-10-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 02115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХХК/РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.Э/РД:/-д холбогдох,
4 355 400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа, хариуцагч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч М ХХК нь иргэн Р.Этай 2017 оны 7 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 37 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлдэгч нь зээлийн үүргээ удаа дараа зөрчиж байсан тул Зээлийн гэрээг 2017 оны 10 сарын 18-ны өдөр сунгаж шинэчилсэн байдаг. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байнга үүргээ зөрчиж байсан тул Зээлийн гэрээг 2017 оны 10 сарын 18-ны өдөр сунгаж шинэчилсэн байдаг. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байнга үүргээ зөрчдөг байсан тул 2018 оны 1 сарын 23-ны өдөр дахин сунгасан.
Зээлдэгч Р.Э нь зээлийн төлбөрөөс 4 380 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2018 оны 5 сарын 15-ны өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн үүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар үлдэгдэл 2 380 000 төгрөгийн үндсэн зээлийг төлөөгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийн шилжүүлж өгсөн тохиолдолд гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан байдаг. Иймд автомашины үнийг тухайн үед төлөх ёстой байсан ч төлөөгүй байдаг. Тэгээд үлдэгдэл төлбөрт зээлийн гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч тал машины үнийг төлсөн гэж байгаа боловч гэрээнд заасан үүргээ биелүүлсэнтэй холбоотой тайлбар хэлэхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Иймд хариуцагч Р.Эгаас зээлийн үндсэн төлбөр 2 380 000 төгрөг, зээлийн хүү 785 400 төгрөг, алданги 1 190 000 төгрөг нийт 4 355 400 төгрөгийг гаргуулж, М ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч Р.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2017 оны 7 сарын 10-ны өдөр Ланд круйзер 200 маркийн 2170 УНЦ улсын дугаартай хар өнгөтэй автомашиныг 77 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 40 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 37 000 000 төгрөгийг зээлийн гэрээгээр төлөхөөр гэрээ хийсэн. н.Баясгалан захирал надад хэлэхдээ үлдэгдэл болох 37 000 000 төгрөгийг авахдаа гэрээ хийнэ гэж хэлсэн. Дараа нь үлдэгдэл 37,000,000 төгрөгийн гэрээ хийгдсэн. Гэрээг хийхдээ 37,000,000 төгрөгийг бэлнээр шууд өгсөн зүйл байдаггүй. Би 37 000 000 төгрөгийн хүүнд 4 220 000 төгрөг төлсөн. /2 220 000 төгрөг төлсөн баримт олдохгүй байгаа/ 2018 оны 1 сард 37 000 000 төгрөгийг “Голомт” банкнаас зээл авч төлж, барагдуулсан. Худалдан авсан автомашины төлбөрийг бүрэн барагдуулсан тул “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “М” ХХК хариуцагч Р.Эд холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 2 380 000/хоёр сая гурван зуун наян мянга/ төгрөгийг, зээлийн хүү 785 400/долоон зуун наян таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг, алданги 1 190 000/нэг сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийг, нийт 4 355 400/дөрвөн сая гурван зуун тавин таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Р.Э нь гэрээг хийхдээ 37 000 000/гучин долоон сая/ төгрөгийг бэлнээр шууд өгсөн зүйл байдаггүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчээс Тоёота маркын Ланд Крузер 200 загварын 2170 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авч, үлдэгдэл 37 000 000/гучин долоон сая/ төгрөгийг тодорхой хугацааны дараа төлөх үүрэг хүлээсэн болох нь хариуцагчийн тайлбар, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 37 000 000/гучин долоон сая/ төгрөгийг шилжүүлэн өгөөгүй болох нь хариуцагчийн тайлбар, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй байсан байх тул хариуцагчийн мөнгө шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга нь зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэх үндэслэл болохгүй болно.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ... үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж заасан.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 37 000 000/гучин долоон сая/ төгрөгийг шилжүүлэн өгөөгүй байх тул хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 2 380 000/хоёр сая гурван зуун наян мянга/ төгрөгийг, зээлийн хүү 785 400/долоон зуун наян таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг, алданги 1 190 000/нэг сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийг, нийт 4 355 400/дөрвөн сая гурван зуун тавин таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг шаардах эрхгүй байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 4 355 400/дөрвөн сая гурван зуун тавин таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Эгаас нийт 4 355 400/дөрвөн сая гурван зуун тавин таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ