Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/112

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000710092 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Шамбийнхан ургийн овогт Баатаржавын *******, 1997 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 02 дугаар (Баатархайрхан) багийн ******* тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд “шүүгдэгч *******ийг Ховд аймгийн Жаргалант сумын 02 дугаар (Баатархайрхан) багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эвийн хүч” худалдааны төвийн гаднаас хохирогч ******* гээгдүүлсэн Самсунг Галакси (Samsung Galaxy А-52) загварын гар утсыг олж авч, улмаар бусдын гээгдэл эд зүйл гэдгийг мэдсээр байж Ховд аймгийн Жаргалант сумын төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг “*******” барьцаалан зээлдүүлэх газарт 270’000 төгрөгийн барьцаанд тавьж завшсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Хохирогч ******* өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ таньдаг хүний автомашинаар Эвийн хүч худалдааны төвд хүргүүлсэн юм. Би тухайн хүргүүлсэн автомашинаасаа буухдаа өөрийн эзэмшлийн гар утсаа унагаачихсан байсан. Би ажил дээрээ очоод гар утсаа байхгүй байсныг санаад гараад зогсоол дээр унагаасан байж магадгүй гэж бодоод автомашинаас буусан газраа очход байхгүй байсан. Тэгэхээр нь Эвийн хүч худалдааны төвийн камер дээр очоод шүүлгэхэд би хүргүүлж ирсэн автомашинаасаа буухдаа гар утсаа газар унагааж гээгдүүлсэн болох нь харагдаж байсан. Дараа нь 12 машин хажуугаар нь өнгөрөөд 3 дахь машин зогсоод миний утсыг нэг эрэгтэй хүн буугаад авсан дүрс харагдаж байсан. Тухайн автомашин ******* ХОЕ гэсэн улсын дугаартай автомашин байсан. Би гар утсаа олохын тулд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас);

- Гэрч ******* “Би 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13 цагийн орчимд эгчийнхээ хамт айлд мушигмал боорцог хийж байхад төрсөн ах ******* над руу утсаар залгаад “Ах нь ломбардад гар утсаа тавих гэсэн юм, чи тавиад мөнгө аваад өг” гэж хэлэхээр нь “та өөрөө тавихгүй яасан юм бэ, миний цахим иргэний үнэмлэх олдохгүй байгаа” гэж хэлсэн. Гэтэл ******* ах намайг айлаас ирж аваад ломбард ороод өгсөн утсыг нь 250’000 төгрөгөөр тавиад дахин 20’000 төгрөг нэмж гаргуулах боломжтой эсэхийг асуугаад болно гэж хэлэхээр нь нэмээд нийт 270’000 төгрөгийн барьцаанд уг гар утсыг тавьсан. Би тухайн гар утсыг хэнийх гэдгийг асуугаагүй. Бэргэн эгчийгээ шинээр гар утас авсан гэж сонсож байсан учраас тэр утсыг байх гэж бодсон. Би ахыгаа тухайн гар утсыг олж авсан талаар мэдээгүй. ломбардад тавьчихмаар байна гэж хэлэхээр нь өөрийнхөө өмнөөс тавьж өгөөд мөнгийг нь өөрт нь өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас);

- Барьцаалан зээлдүүлэх гэрээний хуулбар (хавтаст хэргийн 17 дугаар хуудас);

- Мобиком корпораци ХХК-ийн дугаартай, Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах гэрээний хуулбар (хавтаст хэргийн 1*******0 дугаар хуудас);

- Гар утсанд үзлэг хийсэн “... Уг гар утас нь цайвар цэнхэр өнгийн гэртэй, гэрийг нь авч харахад ар тал нь саарал өнгөтэй, урд хэсгээрээ хар өнгийн хүрээтэй, гар утас байх ба ар хэсэгтээ 3 том, 1 жижиг камер, мөн гэрэл зэрэг нь эх биеэсээ үл ялих товойсон байдалтай харагдаж байв. Камер, гэрэл бүгдээрээ бүрэн ажиллагаатай хагараагүй байв. Уг утасны Имей дугаартай таарч, тохирч байсан болно. Утас дээр ямар нэгэн зураг, дугаар хадгалагдаагүй цэвэрлэгдсэн байсан болно” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас);

- Шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр эхнэртэйгээ Их буян зах дээр уулзах гээд Приус-11 маркийн ******* ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байгаад Эвийн хүч худалдааны төвийн үүдэнд автомашины зогсоол дээр зогсоод эхнэртэйгээ уулзчихаад буцаж явах замдаа Эвийн хүч худалдааны төвийн үүдэнд автомашины зогсоолын эргэдэг зогсоол дээр гар утас уначихсан юм шиг харагдсан. Тэгэхээр нь гар утас мөн үү гэж бодоод автомашинаа зогсоогоод буугаад авахад цэнхэр өнгийн гадар, хавтастай А-52 маркийн гар утас байхаар нь аваад гэртээ харьсан. Тухайн утсыг олох үед өдрийн 11 цаг болж байсан. Гэртээ харьсныхаа дараа 15 цагийн орчимд ломбардад тавья гэж бодоод тавих гэсэн боловч миний иргэний үнэмлэх байхгүй болохоор нь төрсөн дүү болох Б.Мөнхсоёл руу залгаад хаана байгааг нь асуухад айлд боорцог хийж байна гэж хэлэхээр нь очоод авъя гараад ир гэж хэлсэн. Би байгаа газар нь очоод дүүгээ суулгаад гэрт очоод иргэний үнэмлэхийг нь аваад төв гудамжны хажууд байх 60 айлын орон сууцны ******* нэртэй ломбардад ирж 250’000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би ломбард руу орохгүй гадна нь автомашинд байсан. Би дүүгээ 250’000 төгрөгөөр барьцаанд тавилаа гэж хэлээд гарч ирэхээр нь 270’000 төгрөг болгочих гэж хэлээд дахин оруулаад 20’000 төгрөг нэмүүлээд нийт 270’000 төгрөгөөр ломбардад тавиулсан. Дүүгээ нөгөө байсан айлд нь хүргэж өгчхөөд байж байтал оройн 18 цагийн орчимд цагдаагийн газраас хүрээд ир гэж дуудаад болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн. Тэгээд барьцаанд тавьсан гар утсаа 3 хоногийн дараа мөнгийг нь буцааж өгөөд цагдаагийн байгууллагад гар утсыг өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-49 дүгээр хуудас);

Гэрч “...2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай ломбардад оюутан гэж хэлэхээр нэг эмэгтэй орж ирээд гар утас авах уу гэж хэлээд Samsung А-52 маркийн гар утас гаргаж ирсэн. Би тухайн гар утсыг хараад 250’000 төгрөгөөр тавих боломжтой гэж гэж хэлсэн. Тэгээд 250’000 төгрөгөөр барьцаанд тавиад гэрээ байгуулаад гараад явсан. Удалгүй дахиад эргэж орж ирээд та дахиад 20’000 төгрөг нэмж өгөх боломжтой юу гэж хэлэхээр нь би 20’000 төгрөг нэмж өгөөд нийт 270’000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тухайн утсыг нөгөө эмэгтэй ирээд мөнгөө төлөөд аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас) зэргийг харьцуулан дүгнэвэл 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 9-13 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын 02 дугаар (Баатархайрхан) багийн нутаг дэвсгэрт байрлах “Эвийн хүч” худалдааны төвийн гадна хохирогч Л.Эрдэнэчимэг Самсунг А-52 /Samsung A52/ загварын гар утсаа гээгдүүлсэн байна. Уг гар утсыг шүүгдэгч ******* нь олж аваад өөрийн төрсөн дүү болох өгч “*******” барьцаалан зээлдүүлэх газарт 270’000 төгрөгийн барьцаанд тавьж, уг мөнгийг авсан болох нь нотлогдож байна.

1.2. Гар утас үнэлсэн тухай “Samsung galaxy A52 маркийн гар утас 1 ширхэг 700’000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын байдлаар дээрх үнэлгээний зүйлийн үнэ цэнэ нийт 700’000 /долоон зуун мянга/-н төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас)-аар хохирогч 700’000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогджээ.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгийг ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрх зөрчигддөг. Энэхүү гэмт хэргийн халдлагын зүйл нь хуулиар өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглоогүй эд хөрөнгө байдаг. Завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахайн сэдэлттэй үйлдэл байдаг. Шүүгдэгч ******* нь уг гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, амар хялбар аргаар хөрөнгөжих зорилгоор гэрч дамжуулан барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж мөнгийг нь авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

Тодруулбал шүүгдэгч ******* тухайн Самсунг А-52 /Samsung A52/ загварын гар утсыг бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж эрх бүхий байгууллагад мэдэгдэхгүйгээр өөрийн өмч адил ашиглаж, хууль бус эзэмшил тогтоосон нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгийг ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэх уг гэмт хэргийн субьектив болон обьектив талын шинж хангагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгох бөгөөд 301-ээс 9999 нэгж хүртэлх хэмжээг бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол гэж үзнэ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 700’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэх шинжийг шүүгдэгчийн үйлдэл хангажээ.

Шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч 700’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан. Хохирогч Л.Эрдэнэчимэг “...надад нэхэмжлэх зүйл алга байна. Миний хувьд гээгдүүлсэн гар утсаа бүрэн хүлээн авсан учраас нэхэмжлэх зүйл алга байна” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай “...2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ...Цагаан өнгийн гадаргуутай, цэнхэр өнгийн хамгаалах кейстэй, 3 ширхэг камертай, “Samsung-52 маркийн гар утсыг эзэмшигч болох хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 35 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь нотлогдож байна. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар гэрч Б.Баатаржавын “...Илүү дутуу зан араншин, муу зуршил байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “...миний буруу дахиад ийм зүйл хийхгүй, миний хуулийн мэдлэг дутуу байдлаас болж ийм хэрэг үйлдлээ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс нь дүгнэвэл шүүгдэгч ******* нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч нь хохирогчийн санамсар болгоомжгүй байдлаар гээгдүүлсэн гар утсыг олж авсны улмаас уг эд хөрөнгийг завших сэдэл зорилго бий болсон буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул энэхүү нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Мөн шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг буцаан өгсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 төгрөгийн торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Талууд эрүүгийн хариуцлагын талаар саналын зөрөөгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй.

3.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс хугацаа тогтоогоогүй тохиолдолд ялтан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба мөн зүйлийн 160.2 дахь хэсэгт зааснаар уг хугацаанд ялтан тухайн ялыг биелүүлээгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болохоор тус тус хуульчилсан. Өөрөөр хэлбэл торгох ялыг ялтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 120 хоногийн буюу 4 сарын хугацаанд төлөх боломжтой ба хуулиар ялтанд торгох ялыг биелүүлэх дөрвөн сарын хугацаа олгосон байхад шүүх уг хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хэмжээ тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл болно. Иймд улсын яллагчийн торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэх саналыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Нөгөөтэйгөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 160.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж тус тус хуульчилжээ. Тодруулбал Эрүүгийн хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтуудын агуулгыг харьцуулан дүгнэвэл шүүх торгох ялыг төлөх 4 сар 01 хоногоос 3 жил хүртэл хугацаа тогтоох, уг тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх хэмжээг тогтоох гэсэн хоёр ухагдахуунаас бүрдэнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж, мөн хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх заалтуудыг шийтгэх тогтоолоор шүүгдэгчид торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосон тохиолдолд тогтоох хэсэгт торгох ялыг биелүүлэх 4 сар 01 хоногоос 3 жил хүртэл хугацаа тогтоож, уг тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх хэмжээг тодорхой бичих гэсэн агуулгаар ойлгоно. Харин шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хорих ялаар солихыг заавал дурдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессыг тайлбарласан, шүүгдэгчийг сүрдүүлсэн агуулгатай мэдэгдэл бичих хууль зүйн шаардлагагүй болно.

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бие даасан процесс бөгөөд шүүхээс гүйцэтгэх хуудас бичсэний дараа торгох ялыг шүүхээс тогтоосонд хугацаанд, эсхүл хугацаа тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлөхийг шийдвэр гүйцэтгэгч ялтанд мэдэгдэж тэмдэглэл үйлддэг. Иймд шийтгэх тогтоолд торгох ял биелүүлэх хугацаа болон биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих тухай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

3.3. Мөрдөгч 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч *******өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас) авчээ. Шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, цагдан хориогүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Эвийн хүч худалдааны төвийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн буюу шүүгдэгч хохирогчийн гар утсыг олж авч буй бичлэгийг сиди дискт хуулбарлаж хэрэгт хавсаргажээ. Энэхүү сиди дискт байгаа бичлэг нь нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шамбийнхан ургийн овогт Баатаржавын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэргийн хамт ирсэн нэг ширхэг сиди дискийг хэрэгт хадгалсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХЗАЯА