Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 181/2019/02322/И |
Дугаар | 02066 |
Огноо | 2019-10-16 |
Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 02066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.У/РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “А” ХК/РД: /-д холбогдох,
46 516 827 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дамбаасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөнхцэцэгийн Цэрэндунай нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ Худалдаа хөгжлийн банкны Чингэлтэй салбартай байгуулж, 48 000 000 төгрөгний зээл авсан. Атай Ипотекийн даатгалын гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж, орон сууцаа 73 600 000 төгрөгөөр даатгаж, 73 600 төгрөг, Зээлдэгчийн амь насны даатгалыг 48 000 000 төгрөгөөр даатгаж, 48 000 төгрөг Ад төлсөн. М.Цэрэндунай нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д зааснаар “Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны ба гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно” гэж заасны дагуу хууль ёсны төлөөлөгч болох эхнэр Б.У нь нөхөн төлбөрийг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг “АРД” даатгалд хүсэлт гаргасан. Гэтэл “АРД” даатгал нь талийгаач нь гэнэтийн ослоор бус өвчний улмаас нас барсан тул М.Цэрэндунайгийн зээлийн үлдэгдэл төлбөрийг даатгагч нөхөн төлөх боломжгүй гэж 2018.12.24-ний өдрийн 02/18/863-3 дугаар тоотоор Худалдаа хөгжлийн банкны Чингэлтэй салбарт болон надад хариу өгсөн.
Зээлдэгчийн амь насны даатгал нь Зээлдэгч аливаа шалтгаанаар амь насаа алдах эрсдэл учирвал зээл төлөлтийн асуудлыг даатгалын компани хариуцаж, зээлийн төлбөрийг бүрэн төлөхөөр заасан. Мөн өвчлөл болон гэнэтийн ослын улмаас амь насанд эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөр авахаар амь насны даатгалаар даатгуулсан.
Зээлдэгчийн амь насны даатгал нь Зээлдэгч аливаа шалтгааны улмаас /бүх төрлийн өвчлөл, гэнэтийн осол/ амь насаа алдах тохиолдолд тухайн зээлийн үлдэгдлийг нөхөн төлснөөр зээлдэгч болон банкийг зээлийн эрсдэлд оруулахгүй байх зорилготой даатгал гэж ойлгож байгаа.
Санхүүгийн зохицуулах хорооны 2018.06.06-ны өдрийн “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам батлах тухай” 210 дугаар тогтоолын 2.2-т даатгагч нь зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгалаар дараахь үндсэн эрсдэлийг даатгана, 2.2.2-т ... урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах ба хөдөлмөрийн чадвараа 70% буюу түүнээс дээш хувиар алдалт, 3.8.1-д даатгуулагч нас барсан хөдөлмөрийн чадвараа 70% буюу түүнээс дээш хувиар алдсан бол зээлийн үлдэгдэл дүнгийн нөхөн төлбөрийг төлөхөөр заасан байна.
Б.У нь Ипотекийн даатгалын нөхөн төлбөрийг “А” олгохоос татгалзаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч “Санхүүгийн зохицуулах хороо”-нд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хороо "А”-д нөхөн төлбөрийг олгохоор үүрэг болгосон боловч өнөөдрийг хүртэл нөхөн төлбөрийг олгохгүй байна.
Иймд даатгуулагчийн Орон сууцны зээлийн үлдэгдэл 46 516 827 төгрөгийн нөхөн төлбөрийг “А”-аас гаргуулж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч Б.Уянгын өмгөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 210 дугаар тогтоолын 1.1-д зааснаар энэ журмын зориулалтын даатгалын гэрээний дагуу даатгагч нь орон сууцны ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд болон орон сууцад даатгалын тохиолдол учрахад учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг эрх бүхий этгээдэд төлөх нөхцөл бүхий даатгалын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан байдаг. 1.2-д зааснаар ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам нь Иргэний хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчдын тухай хууль, эдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актаас бүрдэнэ гэсэн журмыг баталсны дагуу амь насны даатгал олгогдох ёстой гэж үзэж байгаа. Нөгөө талаар даатгалын тухай хуулийн 8.3-д даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны гэрээслэлээр түүний өв залгамжлагчид олгоно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагч “А” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дамбаасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санхүүгийн Зохицуулах Хороо /цаашид “Хороо” гэх/-ны 2018 оны 6 сарын 6-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны тухай журам нь 2018 оны 6 сарын 25-ны өдөр захиргааны хэм хэмжээний актын 3946 дугаарт бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон.
Уг журмын 2.2-т “Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана. Үүнд: 2.2.1-т “Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол/цаашид “гэнэтийн осол” гэх/-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт” гэж заасны дагуу А ХК нь М.Цэрэндунайтай 2018 оны 9 сарын 26-ны өдөр Ипотекийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулахдаа даатгалын зүйлийг тус гэрээний 2.1.2-т “даатгуулагчийн амь нас” /гэнэтийн ослын улмаас нас барах/, 2.1.3-т “даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдах тохиолдол” гэж тодорхойлон мөн гэрээний 3.1.6-д “ Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах”, 3.1.7-д “Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар бүрэн алдах” эрсдэлээс хамгаалж даатгасан байна.
Өөрөөр хэлбэл хорооноос баталсан хүчин төгөлдөр журмын дагуу даатгуулагч гагцхүү гэнэтийн ослын улмаас амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш алдах эрсдэлийг даатгаж, даатгагч нөхөн төлбөр олгохоор талууд гэрээ байгуулсан.
Хорооны 2019 оны 6 сарын 25-ны өдрийн 9/2697 тоот Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичигт “..., талууд Ипотекийн даатгалын гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 25- ны өдөр байгуулах үед тухайн иргэнд сонголт хийх эрх олгож, түүгээр баталгаажуулсан талаарх баримт барихгүй нь даатгуулагчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхээр байна” гэсэн нь даатгуулагчид ямар сонголт хийх эрхийг олгох талаар бичсэн нь тодорхойгүй, даатгагч нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан тухайд ямар ч хууль зүйн үндэслэл заагаагүй.
Мэдүүлгийн маягтад даатгуулагч даатгалын компани сонгох, даатгалын хураамж төлөх нөхцөл /сар, жил/ сонгох гэснээс өөр сонголт байдаггүй.
Харин М.Цэрэндунай нь тэрхүү сонгох боломжийн хүрээнд даатгагчаар А ХК-г, даатгалын хураамжийг сараар төлөх нөхцөлийг сонгожээ. Нэгэнт Хорооны 2018 оны 6 сарын 6-ны өдрийн 210 тоот “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны тухай журам”-аар даатгуулагчийн амь нас эрүүл мэндийг гагцхүү гэнэтийн ослоос хамгаалж даатгана гэж заасан тул даатгагч нь даатгуулагчид эрсдэлийн сонголт хийх боломж олгох, даатгуулагч нь эрсдэлийг сонголт хийх боломж шууд үгүйсгэгдэж байгаа юм.
ШШҮХ-ийн 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 2519 тоот Шинжээчийн дүгнэлтэд “... талийгаач нь судас хатуурах өвчтэй байжээ, зүрхний зүүн ховдлын чичирхийллийн улмаас зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ” гэсэн нь талийгаач гэнэтийн ослоор бус, өвчний улмаас нас барсныг дүгнэсэн байна.
Даатгалын гэрээний 8.1.8-д “Өвчин эмгэгийн улмаас нас барах” тохиолдол нь гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй, мөн Даатгалын тухай хуулийн 8.5.3-т “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэж үзээд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.У хариуцагч “А” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 46 516 827/дөчин зургаан сая таван зуун арван зургаан мянга найман зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “А” ХК нь Даатгалын гэрээний 8.1.8-д “Өвчин эмгэгийн улмаас нас барах” тохиолдол нь гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
М.Цэрэндунай агсан нь хариуцагчтай 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1/нэг/ жилийн хугацаатай “Ипотекийн даатгалын гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/-г байгуулж, даатгалын хураамжид нийт 121 600/нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2-т зааснаар М.Цэрэндунай агсан нь “Худалдаа Хөгжлийн банк” ХХК-иас олгосон зээлийн үндсэн дээр худалдан авсан орон сууц, мөн амь насаа/гэнэтийн ослын улмаас нас барах/ даатгуулсан болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ... даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 432 дугаар зүйлийн 432.1-т “Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна.”, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна.” гэж заасан.
Тус Гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Гэрээний 3-ын 3.2, 3.1.6, 7-ийн 7.2, 7.8-д зааснаар даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд даатгагч нь нөхөн төлбөрийг зээлдэгч нас барсан өдрөөр тасалбар болгон зээлийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр 100/нэг зуу/ хувь нөхөн төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Гэрээний 10-ын 10.20-д “Гэнэтийн осол” гэж үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослыг ойлгох тухай заасан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
М.Цэрэндунай нь зүрх судасны хурц дутагдлын улмаас 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2519 дугаар Шинжээчийн дүгнэлтийн болон № 0000219793 Нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Гэрээний 8-ын 8.1, 8.1.8-д өвчийн эмгэгийн улмаас нас барсан тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй тухай заасан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй болох нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн № 36 Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх боловч М.Цэрэндунай агсан нь гэнэтийн ослын улмаас шалтгаалаагүй, харин өвчний улмаас нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2519 дугаар Шинжээчийн дүгнэлтийн болон № 0000219793 Нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.” гэж заасан.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар Гэрээнд даатгуулагч нь гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд нөхөн төлбөр олгох тухай заасан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн ... хэсгийг олгохоос татгалзаж болно:”, 8.5.3-д “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан;” гэж заасан.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.3 дахь заалтад зааснаар М.Цэрэндунай агсан нь Гэрээнд зааснаас бусад шалтгаанаар буюу өвчний улмаас нас барсан байх тул хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 46 516 827/дөчин зургаан сая таван зуун арван зургаан мянга найман зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй.
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн № 9/2697 албан бичигт Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалт хэрэгжээгүй гэж дурдсан байх боловч уг тайлбар нь Гэрээний болон Ипотекийн даатгалын мэдүүлгийн хуудсын хуулбараар үгүйсгэгдэж байна.
Шүүх Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “А” ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 46 516 827/дөчин зургаан сая таван зуун арван зургаан мянга найман зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Б.Уянгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ