Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 118/ШШ2021/0037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, нарийн бичгийн даргаар М.Пүрэвдоржийг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын Засаг дарга, газрын даамал, Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нарт холбогдох

Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/224 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, 500 м.кв эзэмшил газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, газрын нийтийн эзэмшилтэй холбогдох орц, гарцыг тогтоохыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, Б.*******, хариуцагч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............., хариуцагч бөгөөд Завхан аймгийн ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******, гуравдагч этгээд Р., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А.******* би Завхан аймгийн ******* сумын холбооны хуучин барилгыг Төрийн өмчийн хорооны 2006 оны 671 дүгээр тогтоолыг үндэслэн Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-аас 2007 оны 10 сард төлбөрийг төлж, 2007 оны 11 сард эд хөрөнгийг хүлээлцэж, 2008 оны 9 сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан. Холбооны салбарын эзэмшлийн 2007 оны 4 сарын 13-ны өдрийн 38 дугаар шийдвэртэй, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 17446400041522 нэгж талбарын дугаартай, төрийн өмчийн 4257.9 м2 газраас уг хувьчлагдсан байранд оногдох газрыг уг барилгын зүүн хойд болон хойд талын газрыг холбооны салбарын унаган хашаагаар нь газрын даамал Р.******* манай ахтай хамт газар дээр нь зүүн болон хойд талын газрыг унаган хашаанд тултал модон метрээр хэмжүүлж авсан.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт ...сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна., 23.4.3-т эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, коордиантжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх гэж заасны дагуу ******* сумын газрын даамал Р.******* 2010 онд миний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт хуучин хашаагаар хэмжилт хийж газрыг маань зааж өгсөн бөгөөд тухайн үеийн техник, технологийн боломжгүй, хүчин чадалгүйн улмаас кадастрын зураг суманд гардаггүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч А.******* миний хувьд холбооны хуучин 2 давхар барилгыг Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХК-аас худалдаж авсан хууль ёсны өмчлөгч нь бөгөөд холбооны салбарын 4257 метр квадрат хашаан дотор газар эзэмших эрхтэй цорын ганц субъект нь юм. Иргэн С.т бусдын эзэмшил газар дээр давхардуулан өмчлөлөөр хууль бусаар газар олгохдоо миний эрх ашгийг хөндөж, барилгын норм, норматив, хоорондын зай, дэд бүтцийг шугам сүлжээний хамгаалах зурвасыг үл тоон, манай барилгын нэг талын хана, цонхнуудыг бүхэлд нь хааж, орц гарцгүй болгож, нийтийн эзэмшилд холбогдох боломжгүй болгон, ямар ч техникийн нөхцөл, зөвшөөрөлгүйгээр байшинг шахаж барьсан.

Манай хуучин барилга хойд талаараа дулаан, цэвэр усны шугам сүлжээ, холбооны худаг сувагчлалтай, гурван талаараа бусдын газраар хүрээлэгдсэн бөгөөд зөвхөн зүүн тал руугаа нийтийн эзэмшилтэй холбогдох боломжтой юм.

Тухайн үед даамал Р.******* маргаан бүхий газрын гэрчилгээг 500 метр квадрат гэж бичиж өгсөн учраас миний эзэмшлийн газрын хэмжээг 500 м2 юм байна гэж ойлгож ирсэн бөгөөд бидний зүгээс өөрсдөө хэмжилт хийж үзэж байгаагүй болно. 2010 онд газрын гэрчилгээг авч байхад суманд газрын кадастрын зураг гардаггүй байсныг буюу миний эзэмшлийн газрын байршлыг баталгаажуулаагүй байсныг ашиглан сумын Засаг дарга, газрын албаны эрх бүхий албан тушаалтнууд бусдын өмчлөлийн эд хөрөнгөд дур зоргоороо буюу хууль бусаар халдаж, иргэн С. гэгчид 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаар захирамжаар 189 м2 газрыг өмчлөх эрхтэйгээр олгосон байдаг. Энэ хэрэг дээр өмнө нь шүүх хурал болсон юм. Тэр шүүх хурал дээр гаргасан миний нэхэмжлэл бол А/10 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, өөрийн кадастрын зургийг нэн даруй гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр нь урьдчилсан нөхцөлтэй байсан. 45 хоногийн хугацааг шүүхээс тогтоож өгсөн. Урьдчилсан нөхцөл нь А.*******ын 500м2 газрын координат, орц гарц тогтоож Улсын бүртгэлд бүртгүүлсний дараа 45 хоног дотроо багтаан т газар олгох талаар байсан. Бусдын газар буюу Холбооны эзэмшлийн 4257м2 газраас давхардуулан т хууль бусаар газар өмчлүүлсэн байсан. нь өөрөө газар эзэмшиж байгаагүй бусдаас ямар нэгэн газар худалдаж авч нотариатаар батлуулж газрын төлбөр төлж байсан ямар ч баримт олдоогүй. 45 хоногийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй бөгөөд А/10 дугаартай захирамж бүрэн хүчингүй болж шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийдлээр 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр А/229 гэсэн захирамж гаргаж т уг газрыг буцаан эзэмшлээр олгосон байдаг. Шүүхэд мэдүүлж тодруулга явуулсан. Миний 500 м2 газрын кадастрыг хийхдээ намайг огт дуудаж ирүүлээгүй бөгөөд т хууль бусаар газар олгосон байдаг. А/98 гэсэн захирамжийг 2020 оны хавар гаргаж уг захирамжийг А/229 гэсэн захирамжаараа хүчингүй болгосон. гэх хүн энэ газар дээр огт газар эзэмших эрхгүй хүн байгаа. Газрын албаны хүмүүс кадастрын зургийн он, сар, өдрийг дурын он, сар, өдрөөр хэвлэж байгаа юм. 500м2 тулгасан газрын дийлэнх хувьд нь инженерийн шугам сүлжээ таарчихсан байгаа учраас орц, гарц хийж хувийн бизнес явуулах боломжгүй болоод байгаа.

...Иймд Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/224 дугаартай захирамжийг хүчингүй болгож, иргэн А.*******ад эзэмшүүлсэн 500 м2 газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, ийнхүү уг газрын нийтийн эзэмшилтэй холбогдох орц, гарцыг тогтоохыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс өмнө нь А/10 захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүхээс А.*******ын 500м2 газрын хил заагийг тодорхой болгож, нийтийн эзэмшилтэй холбогдох орц гарцыг тогтоож шийдвэрлэсний эцэст т газар өмчлүүлэх талаар хариуцагчаас захиргааны шинэ акт гаргахыг даалгасан. Шүүхээс тогтоосон 45 хоногийн дотор шийдвэр гаргаж чадаагүй.

Завхан аймгийн ******* сумын Засаг даргын А/195 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлж А/10 дугаар захирамжийг хүчингүй болгосон байдаг. 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/195 дугаартай захирамжаар т эзэмшүүлж байгаа шийдвэрүүдээ хүчингүй болгосон. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/224 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. А/224 дугаартай захирамжийн үндэслэл болж байгаа Газрын тухай хуулийн 21.4.3 дугаар заалт нь 21.3.2-т зааснаас бусад газрыг гэсэн заалт байгаа. 21.3.2 дахь заалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэсэн байдаг. Уг маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ, дулааны шугам сүлжээ, бохирын шугам сүлжээнүүд явагдсан газар болох нь харагдаж байгаа. Засаг даргын захирамж нь өөрөө аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас баталсан инженерийн шугам сүлжээтэй газар болохыг тогтоосон тогтоолоор олгох ёстой байсан. Гэтэл ийм тогтоол байхгүй. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрийг үндэслэдэг. Энэ шийдвэрийг өмнө нь биелүүлсэн учраас уг шийдвэрийг үндэслэх хууль зүйн боломж байхгүй юм. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 83 дугаартай тогтоолыг үндэслэсэн байсан.

Уг тогтоолын хавсралтаас харахад 2020 оны 1 дүгээр улирлын 1 дүгээр сард газар олгохоор сумын иргэдийн Хурлаас тогтоосон байдаг. Гэтэл уг захирамж нь тухайн оныхоо 11 дүгээр сард гарсан байдаг. Тэгэхээр цаг хугацааны хувьд 4 дүгээр улиралд гарсан байгаа. Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн нэхэмжлэгч А.*******ын хүсээд байгаа 500м2 газрыг зүүн тийш цэнхэрээр зурчихсан энэ зургаар кадастр гаргуулъя гэсэн саналтай байгаа. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр баруун болон урд талаараа Холбооны газартай залгаа, харин зүүн талаараа ын газартай залгаа буюу бүрэн хүрээлэгдсэн газар байдаг. Кадастрын зургаас харахад 3 метрийн орц гарц байгаа юм шиг харагдаж байгаа. Гэтэл бодит байдал дээр нь очоод шинжээч үзэхээрээ энэ хүний газар бүтэн хүрээлэгдсэн байна гэдгийг шинжээчийн дүгнэлт болон үзлэг хийсэн тэмдэглэл дээр ч тусгагдсан байдаг. Газар нь өөрөө бүрэн бусдын эзэмшил газраар хүрээлэгдсэн орц гарц гаргах ямар ч боломжгүй байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: т олгосон 189м2 газар нь нэхэмжлэгч *******ад олгосон 500м2 газартай давхардаад байгаа. 1 дүгээрт газрын даамал өөрийн хүсэл зорилгоор нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрын орц гарцыг зааж өгөөд байгаа. Орц гарцаа гаргах эрх нь нэхэмжлэгчид өөрт нь байгаа зүйл юм. Харин хэн нэгэн төрийн байгууллага албан тушаалтанд байх эрх биш юм. Нэхэмжлэгч 500м2 газраа зүүн тал руу буюу шугам сүлжээг дайруулахгүй орц гарцыг гаргах шаардлага гаргадаг. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/224 дугаартай захирамжийн 1 үндэслэл нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 83 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг. Уг тогтоолын 1 дүгээр хавсралт нь захирамжийн салшгүй хэсэг гэж үзэж байна. Анхнаасаа энэ газрыг гуравдагч этгээдэд олгох талаар зааж өгөөгүй байгаа гэв.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн шийдвэр албажаагүй байхад орц, гарц тогтоож захиргааны ажиллагаа явуулсан гэдгээр Засаг дарга эхний гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон, дараа нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор газрын даамал нь нэхэмжлэгч А.*******ын эзэмшил газрын орц, гарцыг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулан бэхэлсэн цэг тэмдэгтийг мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээр албажуулан кадастрын зургийг хийлгүүлж 500 м2 болгон албажуулж, зүүн талын төв зам руу орц, гарцыг гарган 2020 оны 03 сарын 27-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн лавлагаа материалтай байна.

2020 оны 06 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч А.******* нь ******* суманд ирж орц, гарц гаргасныг зөвшөөрөхгүй маргаж өөрийн эзэмшил газар дээр ******* сум дахь Шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, газрын даамал, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарыг байлцуулан орц, гарц гаргасан талаар ярилцаж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн байна. Нэхэмжлэгч А.******* нь гуравдагч этгээд С.ын холбогдолтой 189 м2 газрыг зөвшөөрөхгүй талаар ярьж, өмнө тогтоосон орц гарцыг үгүйсгэн зөвшөөрөхгүй маргаж, С.ын эзэмшил дэлгүүрийн барилгыг оролцуулан орц, гарцыг гаргуулах талаар хэлж байсан байдаг.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 118/ШШ2019/0025 дугаар шийдвэрийг хэрэгжүүлэн эхлээд нэхэмжлэгч А.*******ын эзэмших эрх олгогдсон 500 м2 газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлэн координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж газрыг Улсын бүртгэлд бүртгэхийг даалгасны дагуу гүйцэтгэж Дархан-Уул багийн Эрдэм хороо 2-228а тоот хаягт байрлалтай 500 м2 газрыг улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн Э-0905000106 дугаар авагдсан лавлагааны бичигтэй байна. Дараа нь гуравдагч этгээд С.т сумын Засаг даргын 2020 оны 11 сарын 03-ны өдрийн А/224 дугаартай захирамжаар Дархан-Уул багийн Эрдэм хороо 2-228б хаяг байрлалтай, хуучнаар холбооны зүүн талын дэлгүүрийн зориулалттай 189 м2 газрыг эзэмшүүлсэн байна. Нэхэмжлэгч А.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч ******* сумын газрын даамал Р.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч А.******* ******* сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр захирамжаар Дархан-Уул багт Холбооны хуучин барилгыг оролцуулаад 500 м2 газар эзэмших эрх авсан байна. Суманд 2017 оны 8 дугаар сараас Кадастрын программ эрхлэх болж техник хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгч сургалт хийн кадастрын зураг хэвлэх программыг аймгаас хүлээлгэж өгсөн. Энэ программын зурган дээр А.*******ын эзэмшил газрын кадастрын зураг нь 646 м2, гуравдагч этгээд С.ын холбогдолтой газар нь 189 м2 байсан. А.******* нь холбооны хуучин барилгыг Төрийн өмчийн хорооноос хувьчилж авсан. Газар нь хувьчлагдаагүй, тусдаа хуулиар зохицуулагддаг бөгөөд сүүлд нь буюу хувьчилж өгснөөс хойш 2 жил гаран болсны дараа 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 14 дүгээр захирамжаар эзэмших эрхийг гаргуулсан байна. Шүүхийн шийдвэр нь энэ захирамжинд заагдсан 500 м2 газрыг албажуулж, сумын газрын даамал нь Газрын тухай хуулийн 23.4.3-д заасан эрх хэмжээний хүрээнд эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх заалт, шүүхээс даалгасан шийдвэрийн дагуу нэхэмжлэгч А.*******ын эзэмшил газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулж, уг координатыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт геодези, зураг зүй хариуцсан мэргэжилтэн Д.*******д явуулж мэргэжилтнийг газар дээр нь багажтай нь авчран кадастрын зураг хийлгэж, орц, гарцыг тогтоон газрыг 500 м2 болгон албажуулсан. А.******* гаргасан орц, гарцыг зөвшөөрөхгүй С.ын газар барилгыг оролцуулан орц, гарцыг тогтоолгоно гэж маргадаг. Энэ асуудал нь шүүхийн шийдвэрээр тодорхой болж, гүйцэтгэх ажиллагаа явагдаж хаагдсан гэж ойлгож байна гэжээ.

Хариуцагч бөгөөд ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хурлын шийдвэрт 2 асуудлыг даалгаж шийдвэрлэсэн. Нэгд: Засаг дарга захиргааны актыг үйлдэж гаргах, Хоёрт: Газрын даамал тухайн газрыг газар дээр нь координатжуулж баталгаажуулах гэсэн 2 зүйлийг үүрэг болгосон байсан. Үүний дагуу тухайн газрыг координатжуулахад аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн *******г авч ирж газар дээр нь хэмжилт хийлгэж программд оруулж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 195 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар албан бичиг ирээд хүчингүй болгож байсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс т газар эзэмшүүлэхийн тулд шинээр захиргааны акт гаргаж ирүүлнэ үү гэсний дагуу А/224 дугаартай захирамжийг үйлдсэн юм. Манайхаас бол шүүхийн шийдвэрийг тухайн цаг хугацаанд нь биелүүлсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээр ын газар хүчингүй болсноор *******ад тухайн газар шилжинэ гэсэн ойлголт байхгүй юм. *******ад Засаг даргын захирамжаар 500м2 газар олгогдсон. 646м2 байсныг 500м2 болгож албажуулсан байгаа. *******ын хувьд заавал ын газрыг дайруулж орц гарц хийнэ гэсэн тайлбарыг өгөөд байгаа. А.*******аас олон бичиг ирээд заримд нь хариу мэдэгдэж байсан талаар Засаг дарга хэлж байсан. Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Эрдэнэцэцэгт энэ талаар кадастрын зурагт өөрчлөлт хийж өгнө үү гэсэн албан бичгийг явуулж байсан. Шүүхийн шийдвэр, Засаг даргын шийдвэрээр тухайн газар дээр дахин кадастрын зураглал хийх боломжтой. Шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд дахин кадастр хийх боломжгүй байна гэсэн хариуг өгч байсан. Кадастрын зургийг дураараа зурсан талаар нэхэмжлэгч тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй юм. Орц гарцын асуудал дээр зүүн талын төв зам руу 3 метр гаран зайтай орц гарц хийгдсэн байгаа гэв.

Хариуцагч Завхан аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Кадастрын зургийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар кадастрын зургийг хүссэн огноогоороо гаргадаг зүйл огт байхгүй. Тухайн кадастрын зургийг хэвлэж гаргадаг программ нь интернэт сүлжээгээр ажилладаг, тусдаа сервертэй, он сарыг өөрчлөх боломжгүй байдаг зүйл юм. Анх нэхэмжлэгч нь барилга хувьчилж авснаас барилгын доорх газрын хамт гэсэн үг үсэг анхны гэрчилгээн дээр байдаггүй. Сүүлд нь хүсэлтээ гаргаж 500м2 гэсэн захирамж гаргуулсан байдаг. Сүүлд т олгосон газар нь хууль бус юм уу? хууль ёсны газар юм уу? сайн мэдэхгүй байна. Ер нь бол он сарыг тааруулж хэвлэх боломж огт байхгүй юм. Одоо А.*******ын эзэмшлийн 500м2 газар нь мэдээллийн системд орц гарцтай байж байгаа. Тухайн газрын кадастрыг сумын газрын даамал хийдэг. Харин мэргэжилтэн ******* 2018 онд очиж хэмжилт хийж, мэдээллийн системд оруулж байсан гэв.

Гуравдагч этгээд С. шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн миний бие 2018 оны 6 сараас өөрийн эзэмшлийн талбай болох ******* сумын хуучин холбооны байрны зүүн талд байх жижиг байшингаа буулгаж өргөтгөн шинээр байр барьж эхлэхээс А.******* нь холбогдож миний эзэмшлийн газрыг өөрийн газар тул танайх байр барьж болохгүй гэж маргаан үүсэж эхэлсэн. Энэ маргаанд манайх гуравдагч этгээдийн зүгээс хамрагдаж явсаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болсон хуралдаанаар иргэн А.*******, С. бидний газрын хил заагийг тогтоож, кадастрын зургийг хийлгэж системд оруулах гэсэн шийдвэр гарсан тул миний бие энэ шийдвэрээр уг маргаан шийдвэрлэгдсэн гэж үзэн өөрийн эзэмшлийн газрын хил заагийг тогтоолгон хуулийн дагуу засаг захиргаандаа хандан өргөдлөө өгч газрынхаа гэрчилгээ зэргийг гаргуулж авсан. Одоо иргэн А.*******тай хувийн зүгээс маргаан байхгүй бид хууль ёсны дагуу өөрсдийн газрыг эрхийн дагуу эзэмшлээ тогтоолгож бичиг баримтаа авсан гэж үзэж байна. Миний хувьд газрын даамал, Засаг дарга нартай ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай 224 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 500 м2 эзэмшил газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, газрын нийтийн эзэмшилтэй холбогдох орц, гарцыг тогтоохыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

1. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай 224 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч А.******* өмнө нь гуравдагч этгээд С.т тус сумын 1 дүгээр багийн 2-1-1б тоот байршилд нэгж талбарын 17446400067537 /мэдээллийн санд 8103001591 болж шинэчлэгдсэн/ дугаартай 189 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн ******* сумын Засаг даргын 2015 оны 12 сарын 21-ний өдрийн Газар өмчлүүлэх тухай А/144, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай А/10 дугаартай захирамжийн С.т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, эзэмшил газрын кадастрын зураглалыг үнэн зөвөөр гаргуулахыг даалгуулахаар тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 118/ШШ2019/0025 дугаартай шийдвэрээр[1] Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гартал Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаар захирамжийн иргэн С.т холбогдох хэсгийг 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч А.*******ад Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт эзэмшүүлэхээр эрх олгогдсон 500 м.кв газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэхийг ******* сумын газрын даамал /Р.*******/-д даалгаж, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/144 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчдоос давж заалдах журмаар гомдол гаргаагүй байх тул шүүхийн шийдвэр 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч ******* сумын Засаг дарга нь дээрх шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны 12 дугаар 27-ны өдрийн А/229 дугаартай захирамжаар[2] С.т 189 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/98 дугаартай захирамжаар А/229 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.т Дархан-Уул багийн нутагт Эрдэм 2-228б тоот хуучнаар холбооны зүүн талын дэлгүүрийн зориулалттай 189 м.кв газрыг эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. Мөн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/195 дугаартай захирамжаар А/98 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгчээс эдгээр захирамжуудтай холбоотой шаардлага гаргаагүй тул захирамжуудын талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Хариуцагч болох ******* сумын Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх үндэслэлээр маргаан бүхий 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/224 дугаартай захирамжийг гаргажээ.

Дээрх маргаан бүхий 2020 оны А/224 дүгээр захирамжаар[3] Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 в, 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 118/ШШ2019/0025 дугаартай шийдвэр, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 сарын 19-ны өдрийн 83 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гуравдагч этгээд С.т ******* сумын Дархан-Уул багийн нутагт Эрдэм 2-228б тоот хуучнаар холбооны зүүн талын дэлгүүрийн зориулалттай 189 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас сумын Засаг дарга өөрт олгогдоогүй эрх эдэлж захирамж гаргасан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 83 дугаар тогтоолд 2020 оны 1-р улиралд багтаан газар эзэмшүүлэхээр байхад 2020 оны 11 сард С.т газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь үндэслэлгүй, шүүхээс тогтоосон 45 хоногийн хугацаанд захирамж гаргаагүй тул А/224 дугаартай захирамж үндэслэлгүй гэж маргажээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.4.3-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, ... -нд эзэмшүүлэх ...асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасны дагуу ******* сумын хэмжээнд газар эзэмшүүлэх асуудлыг тус сумын Засаг дарга шийдвэрлэхээр байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.3.2-т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна гэж зааснаас үзэхэд аймгийн Засаг дарга нь зөвхөн аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэрийг гаргахаар байна.

Иймд маргаан бүхий газар инженерийн шугам сүлжээ байгаа тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг даргын захирамжаар тухайн газрыг эзэмшүүлэхээр байсан гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй байна.

******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 83 дугаартай тогтоолоор[4] сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөнд Дархан-Уул баг, Эрдэм хороо 2-228б тоот хуучин холбооны зүүн талд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан 0,07 га газар эзэмшүүлэхээр, хугацааг 2020 оны 1-р улирлын 1-р сард хэрэгжүүлэхээр тусгажээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас 2020 оны 1-р улирлын 1 сард эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан байхад 2020 оны 11 сарын 03-ны өдөр захирамж гаргасан нь үндэслэлгүй гэж маргажээ. Тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь 2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө бөгөөд 1-р улирлын 1-р сард дээрх хаягт газар эзэмшүүлэхээр захирамж гаргаагүй, 11 сард захирамж гаргасан гэдгээр А/224 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 118/ШШ2019/0025 дугаартай шийдвэр 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор ******* сумын Засаг даргаас С.т газар эзэмшүүлэх талаар захирамж гараагүй байх тул ******* сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаар захирамжийн иргэн С.т холбогдох хэсэг хүчингүй болсон байна.

Нэхэмжлэгчээс шүүхээс тогтоосон 45 хоногийн хугацаанд захирамж гаргаагүй тул А/224 дугаартай захирамж үндэслэлгүй гэж маргаж байгаа нь буруу бөгөөд 45 хоногийн хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол өмнөх А/10 дугаар захирамжийн С.т холбогдох хэсэг хүчингүй болох тухай ойлголт бөгөөд А/224 дугаартай захирамж хэзээ гарснаас үл шалтгаалж, эрх зүйн үр дагавар үүсгэхээр байна.

Нэхэмжлэгч нь Төрийн өмчийн хорооны 2006 оны 671 дүгээр тогтоолоор эдэлгээний хугацаа дуусч ашиглалтын шаардлага хангахгүй болсноор акталж данснаас хасагдсан Завхан аймгийн ******* сумын Холбооны салбарын 192 м.кв талбайтай барилгыг худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ[5], Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/439 дүгээр[6] албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Харин уг барилгад хамаарах хэдий хэмжээний газрыг түүнд шилжүүлэн эзэмшүүлэх талаар Мэдээлэл Холбооны сүлжээ ХХК-иас, эсхүл Төрийн өмчийн хорооноос гаргасан хүчин төгөлдөр шийдвэр байхгүй ч ******* сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр захирамжаар[7] нэхэмжлэгч А.*******ад 500 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 0302835 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[8] олгогдож, 2012 оны 01 сарын 13-ны өдөр түүнтэй газар эзэмших гэрээ[9] байгуулсан байна.

Гуравдагч этгээд С.т эзэмшүүлсэн гэх уг маргаан бүхий газрыг анх ******* сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийг үндэслэн иргэн Д.Чингэс /гэрчилгээн дээр нэрийг Д.Чингис гэж бичсэн/-т 1205-147 нэгж талбарын дугаартай, 120 м.кв хэмжээтэй газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 0095734 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[10]олгож байжээ.

Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 49 дүгээр лавлагаа[11], 10 дугаар сарын 30-ны өдрийн 756 дугаартай албан бичиг[12]-ээс харахад дээрх маргаан бүхий газар дээрх дэлгүүрийн зориулалттай 18 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд анх 2008 оны 03 дугаар сарын 08-ны өдөр иргэн Д.Чингэс, 2008 оны 10 дугаар сарын 21-нд иргэн С.Болормаа, С. /гуравдагч этгээд/ нар, 2009 оны 2 сарын 20-ны өдөр Х.Ууганбаяр, 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр С., С.Бямбажаргал нар бүртгүүлсэн байх ба эдгээр нэр бүхий иргэдийн хооронд дэлгүүрийн барилгын өмчлөх эрх шилжиж байсан боловч дэлгүүрийн барилгад хамаарах газар эзэмших эрхийг хуулийн дагуу шилжүүлж байгаагүй, энэ талаар ямар нэгэн захиргааны акт гараагүй болох нь тэдэнд олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд болон иргэн Д.Чингэст олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрч Д.Чингэс[13], Т.Алтан-Очир[14], С.Болормаа[15] нарын мэдүүлэг, шүүхийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр[16] нотлогдож байна.

******* сумын Холбооны салбарын эрхлэгч Б.Даваасүрэнгийн 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар албан бичгээс[17] харахад тус салбарын эзэмшил газраас 120 м.кв газрыг Т.Алтан-Очирт шилжүүлэх талаар газрын даамалд хүсэлт хүргүүлжээ. Гэвч дээрх нэр бүхий иргэнд уг 120 м.кв газрыг эзэмшүүлэхээр сумын Засаг даргаас ямар нэг шийдвэр гараагүй, харин сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийг үндэслэн зөвхөн иргэн Д.Чингэст 120 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

******* сумын Засаг даргын 2006-2016 онуудад гаргасан захирамжуудын эх хувьтай нэг бүрчлэн танилцахад С.т маргаан бүхий газрыг эзэмшүүлэх, эсхүл 120 м2 газрыг эзэмших эрх иргэн Д.Чингэсээс хуулийн дагуу түүнд шилжсэн нь тогтоогдохгүй байна.

Дээрх үйл баримтуудаас харахад маргаан бүхий газар дээрх үл хөдлөх хөрөнгийн эрх нэр бүхий иргэдийн хооронд шилжиж байсан байх боловч уг үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарах газрыг эзэмших эрх тэдний хооронд шилжиж баталгаажаагүй байна. Тодруулж хэлбэл, маргаан бүхий газрыг эзэмших эрх гуравдагч этгээд С.т өмнөх эзэмшигчээс шилжүүлж байгаагүй байна.

Гэрч Д.Чимэд-Очирын ...А.*******ын өмчлөлийн холбооны барилгын зүүн талын газрыг тэнд байрлах жижиг түцийг оролцуулаад холбооны хуучин хашаагаар, хойд талын газрыг тэнд байрлах гражыг оролцуулаад холбооны салбарын хуучин хашаагаар хэмжиж авсан. ... А.*******ын өмчлөлийн барилгын зүүн талд Нарандалай гэдэг хүний барьсан ТҮЦ байсан. Уг газрыг хэмжиж авахад зүүн талд байрлах Нарандалайгийн ТҮЦ-ийг оролцуулаад гадуур нь холбооны хуучин хашаагаар газрыг хэмжиж авсан гэж мэдүүлжээ.

Маргаан бүхий газар байрлах 18 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх анх 2008 онд иргэн Д.Чингэст олгогдсон, тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлах 120 м2 газрыг Д.Чингэс 2007 оноос эзэмшиж байсан байх ба 2008 оны 10 сарын 21-нд гуравдагч этгээд С. нь 18 м2 бүхий үл хөдлөх эд хөрөнгийг анх худалдаж авсан, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байгаагаас үзэхэд 2010 онд нэхэмжлэгч А.*******ыг 500 м.кв газар эзэмшихээс өмнө 18 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгэгдэж, нэр бүхий иргэдийн хооронд өмчлөх эрх шилжиж байсан, мөн маргаан бүхий газар 120 м.кв газрыг иргэн Д.Чингэс эзэмшиж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд С.ын өмчлөлийн дэлгүүрийн газрыг оролцуулан 500 м.кв газар эзэмших ёстой гэсэн нэхэмжлэгч болон өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй байна.

Сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 31 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгүүдэд зааснаар газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж захирамж гаргах, Газрын тухай хуулийн 21 дүгээр 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.2-т иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана, 32.2.2-т эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байшил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг гэжээ.

Гуравдагч этгээд болох С.ын 2019 оны 12 сарын 24-ны өдөр гаргасан хүсэлтээс харахад тэрээр хичнээн хэмжээний газар эзэмших нь тодорхойгүй, газрын хэмжээ, зааг байршлын талаар тусгаагүй байна.

С. 2016 оны 01 сарын 05-ны өдөр 189 м.кв газар өмчлөх талаар хүсэлт гаргаж байсан бөгөөд түүнд газар өмчлүүлсэн сумын Засаг даргын захирамжууд хүчингүй болж, үйлчлэлгүй болсон, С.т тухайн маргаан бүхий газарт газар эзэмших, ашиглах, өмчлөх талаар ямар нэгэн шийдвэр байхгүй байна. Өөрөөр хэлбэл С.оос 189 м.кв газар эзэмших талаар хүсэлт гаргаагүй байхад сумын Засаг даргаас 189 м.кв газар эзэмшүүлэхээр А/224 дугаартай захирамжийг гаргасан нь хуульд нийцэхгүй байх бөгөөд нэхэмжлэгч А.*******ын нийтийн эзэмшил газартай холбогдох хэсгийг хязгаарлаж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим зөрчигдсөн байна.

Мөн маргаан бүхий газар Д.Чингэсийн 120 м.кв газар эзэмших эрх хэвээр хадгалагдаж байхад С.т дахин 189 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн байна.

Иймд маргаан бүхий захиргааны акт болох ******* сумын Засаг даргын 2020 оны 11 сарын 03-ны өдрийн А/224 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасантай нийцээгүй байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Хоёр. 500 м2 эзэмшил газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, газрын нийтийн эзэмшилтэй холбогдох орц, гарцыг тогтоохыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс ...газар давхардуулан эзэмшүүлсэн, орц гарц хаасан, газрын хэмжээг үндэслэлгүйгээр өөрчилж газрын мэдээллийн санд оруулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж, хариуцагч нараас газар давхардуулаагүй, өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлж, эзэмшил газрын кадастрыг гарган өгч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж тус тус маргасан байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т сумын газрын даамал дараах эрх хэмжээтэй байна, 23.4.3-т эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д газрын кадастр гэж газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэл эрхлэх үйл ажиллагааг, 10 дугаар зүйлийн 10.1-д Газрын кадастрыг  суманд газрын даамал... эрхлэнэ гэж заасан байна. Нэхэмжлэгч А.******* дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад холбогдуулан гаргасан байх хэдий ч дээрх хуулийн зохицуулалтаар газрын кадастр хийх эрх нь сумын газрын даамалд байх тул шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг ******* сумын газрын даамалд холбогдуулж шийдвэрлэхээр байна.

А.******* 2018 оны 09 сарын 21-ний өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эзэмшил газрын кадастрын зураглалыг үнэн зөвөөр гаргуулахыг даалгуулах шаардлага гаргасныг Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 118/ШШ2019/0025 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч А.*******ад Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт эзэмшүүлэхээр эрх олгогдсон 500 м.кв газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэхийг ******* сумын газрын даамал /Р.*******/-д даалган шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 85 дугаартай албан бичиг[18], 8103006063 нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын зургаас[19] харахад Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 118/ШШ2019/0025 дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгч А.*******ын эзэмшлийн 500 м.кв хэмжээ бүхий газрын кадастрын зургийг үйлдэж, эзэмших эрхийн Э-0905000106 дугаар авч улсын бүртгэлд бүртгэсэн болох нь тогтоогдож байна.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт Газрын кадастртай холбогдсон маргааныг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана гэж заажээ.

Нэхэмжлэгч А.*******аас өөрийнх нь эзэмшил бүхий 500 м.кв газрын кадастрыг буруу гаргасан гэж үзэж байгаа тохиолдолд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Газар зохион байгуулалт, зураг зүйн газар/-д гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхээр байсан байна.

Нэхэмжлэгчээс тухайн хэмжилтийг хийхдээ надад огт мэдэгдээгүй, би оролцоогүй, миний гарын үсэг байхгүй гэж маргаж байх хэдий ч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын гаргасан 500 м.кв газрын кадастрын зургийг зөвшөөрөхгүй талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, дахин 500 м.кв эзэмшил газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, газрын нийтийн эзэмшилтэй холбогдох орц, гарцыг тогтоохыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 54 дүгээр зүйлийн 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар... хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр... байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байна. Нэхэмжлэгч А.*******ын 500 м.кв эзэмшил газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, газрын нийтийн эзэмшилтэй холбогдох орц, гарцыг тогтоохыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шүүх шийдвэрлэсэн, холбогдох кадастрын зургийг гаргасан байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан 500 м2 газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, газрын нийтийн эзэмшилтэй холбогдох орц гарцыг тогтоохыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/224 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.*******ад олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 18-р хуудас

[2] Хэргийн 1-р хавтасны 11-р хуудас

[3] Хэргийн 1-р хавтасны 88-р хуудас

[4] Хэргийн 1-р хавтасны 126-р хуудас

[5] Хэргийн 1-р хавтасны 37-р хуудас

[6] Хэргийн 1-р хавтасны 38-р хуудас

[7] Хэргийн 1-р хавтасны 143-р хуудас

[8] Хэргийн 1-р хавтасны 36-р хуудас

[9] Хэргийн 1-р хавтасны 35-р хуудас

[10] Хэргийн 1-р хавтасны 153-р хуудас

[11] Хэргийн 1-р хавтасны 151-р хуудас

[12] Хэргийн 1-р хавтасны 150-р хуудас

[13] Хэргийн 1-р хавтасны 169-р хуудас

[14] Хэргийн 1-р хавтасны 171-р хуудас

[15] Хэргийн 1-р хавтасны 173-р хуудас

[16] Хэргийн 1-р хавтасны 175-р хуудас

[17] Хэргийн 1-р хавтасны 142-р хуудас

[18] Хэргийн 1-р хавтасны 89-р хуудас

[19] Хэргийн 1-р хавтасны 91-р хуудас