| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0204/З |
| Дугаар | 221/МА2025/0400 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0400
И******* СӨХ-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******
Нэхэмжлэгч: И******* СӨХ
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: И******* хотхон СӨХ
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 313011000061 тоот И******* хотхон СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0167 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ө*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, Я.Ш*******
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Г*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2024/0204/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч И******* СӨХ-оос Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 313011000061 тоот И******* хотхон СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах-аар маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0167 дугаар шийдвэрээр:
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулж, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 313011000061 тоот И******* хотхон СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч И******* СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1....Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрийг гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэрлэн, хуулийн дагуу гаргаагүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгч И******* СӨХ нь 2021 оны 3 дугаар сараас эхлэн холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгч, дүүргийн холбогдох бүх алба, мэргэжилтнүүдээр хянуулснаар 2021 оны 5 дугаар сард 377 тоот гэрчилгээ авснаар анх И******* СӨХ байгуулагдсан ба 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус СӨХ-ийн 0065 тоот гэрчилгээг шинээр авсан болно.
Ийнхүү тус И******* СӨХ нэгэнт байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байхад 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Г*******ын санаачилгаар орон сууц өмчлөгчдийн хурал зохион байгуулж шинээр СӨХ байгуулж түүнд И******* хотхон СӨХ гэх нэр өгсөн байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.2.5, 8 дугаар зүйлийн 8.3-т заасан зүйлүүдийг зөрчсөн байна нэгэнт байгуулагдсан. СӨХ-ийн үйл ажиллагаанд нэмж шинээр СӨХ байгуулахгүй хуулийн 8 дугаар зүйлд заасан бүх гишүүдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хургалдуулж ... хуулийн 10 дугаар зүйлд заасан удирдах зөвлөлийн эрх үүргээр тус заалтыг зөрчиж,
2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А910 дугаар захирамж гарах хүртэл 77А, 77Б байрны оршин суугчид нэгдүгээрт: Дүүргийн тамгын газарт бүртгэлтэй, 377, 0065 тоот гэрчилгээнүүдтэй, банканд данстай, үйл ажиллагаа явуулж байгаа И******* СӨХ нэртэй, хоёрдугаарт: огт бүртгэлгүй, гэрчилгээгүй, банканд дансгүй, нэр нь баталгаажаагүй, үйл ажиллагаа явуулах эрхгүй И******* хотхон СӨХ нэртэй хоёр сууц өмчлөгчдийн холбоонд тус тус давхар харьяалагдах болж, үл ойлгогдох байдал үүсч эхэлсэн.
Шинээр И******* хотхон СӨХ-ийг давхардуулан байгуулсан нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно гэсэн заалтыг шууд зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Мөн түүнчлэн ... хуулийн дээрхи заалтын дагуу И******* хотхон СӨХ-г байгуулсан оршин суугчдын хурал нь мөн адил хүчин төгөлдөр бус болж байна. Үүний үр дагавар болж 77А, 77Б байрны оршин суугчид хоёр СӨХ-д давхар харьяалагдах болж, төлбөр тооцоогоо хаана төлөх нь ойлгомжгүй болж, И******* СӨХ -ийн зүгээс үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлгүй болсон. Иргэн Б.Лувсанжамцын орон суугчдыг СӨХ-ийн төлбөрөө битгий төл гэсэн яриа, уриалгууд нь, түүний шүүх, цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газар зэрэг хуулийн байгууллагад ямар ч үндэслэлгүй удаа дараа өргөдөл, гомдол гаргаж шалгуулж ирснийг зориуд хэлэх хэрэгтэй.
Баянзүрх дүүргийн тамгын газар нь 77А, 77Б байрыг хариуцсан И******* СӨХ нэгэнт байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан тул И******* хотхон СӨХ-г шинээр байгуулж, улмаар бүртгэж гэрчилгээ олгох хууль зүйн ямар ч боломжгүй байсан юм. Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар захирамж гарч, И******* СӨХ-д олгосон 2021 оны 5 дугаар сарын 31-ний 377, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0065 тоот гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгосны дараа 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр И******* хотхон СӨХ-ийг бүртгэж 3130 11000061 тоот гэрчилгээ олгосон байдаг.
Шинээр байгуулагдсан И******* хотхон СӨХ нь хурал хийснээсээ бүтэн 11 сар 25 хоног өнгөрсний дараа л албан ёсоор бүртгүүлж, гэрчилгээ авч, банканд данс нээлгэсэн байдаг. Энэ хугацаанд л иргэн Б.Лувсанжамцын үйлдлүүдээс болж И******* СӨХ-ны үйл ажиллагаа их доголдсон болно.
Одоо И******* СӨХ нь бусдаас авах 150 сая төгрөгийн авлагатай гэдгийг өмнөх нэхэмжлэлдээ дурдсан байсан.
2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн И******* хотхон СӨХ нэртэй СӨХ-г шинээр, давхардуулан байгуулсан оршин суугчдын хурал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.3-т заалтыг зөрчсөн, хуулийн хүчин төгөлдөр бус байсан тул хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус СӨХ-ийн хурлын шийдвэрийг үндэслэн бүртгэж гэрчилгээ олгосон Баянзүрх дүүргийн Тамгын газрын бүртгэлийн үйл ажиллагаа түүнийг үндэслэн олгосон гэрчилгээг нь мөн хуулийн хүчин төгөлдөр бус байх ёстой гэж үзэж байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар захирамж нь И******* СӨХ-ны үйл ажиллагааг эрхлэх боломжгүй болгон татан буулгасан агуулгатай байгаа тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 144 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчсөн, холбоог үндсэндээ татан буулгасан агуулгыг илэрхийлж байна.
И******* СӨХ нь 2021 оны 5 дугаар сард 377 тоот, мөн оны 12 дугаар сард 0065 тоот гэрчилгээнүүдийг авч хэвийн ажиллаж байсан ба Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А910 дугаар захирамж гарах хүртэл Засаг даргын Тамгын газраас манай СӨХ-ны үйл ажиллагаатай холбогдуулан дотоод хяналт шалгалт хийсэн, зөрчил илэрсэн, түүнийг арилгах талаар ямар нэгэн чиглэл өгсөн, анхааруулж мэдэгдсэн зүйл байхгүй болно.
Хэрэв ийм асуудал байсан бол энэ тухай тус захирамжид зайлшгүй тусгагдах ёстой байсан. Ер нь хурлын ирцтэй холбоотой асуудал гарвал Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 заасны дагуу тухайн СӨХ-ны эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурал нь өөрөө хурлыг хүчин төгөлдөр гэж үзэж, дахин хуралдаж шийдвэрлэдэг хуулийн тодорхой зохицуулалттай билээ. Өөр ямар нэгэн зохицуулалт бусад хуульд байхгүй.
Энэ бол хуулийн этгээдийн эрхгүй сууц өмчлөгчдийн холбоо гэсэн байгууллагын онцлог юм. Тухайн аль нэг орон сууцны өмчлөгчдийн хурлын асуудал нь тэдний л эрх ашигтай холбоотой асуудал байдаг тул гадна хэн нэгэн төрийн байгууллага, албан тушаалтан түүнд оролцох бололцоогүй. Хэрэв ийм асуудал үүсэн гарсан байсан бол ийм шалгалт хийсэн талаар, гарсан гэх зөрчлийн тухай Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны А910 дүгээр захирамжид зайлшгүй тусгасан байх ёстой байсан, асуудал уг захирамжид огт тусаагүй болно.
Хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулж байхад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А/910 дугаар Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ хүчингүй болгох тухай захирамж гардаг ба тус захирамж нь Авлигатай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/16345 дугаар зөвлөмжийг үндэслэж гардаг. Эндээс Авлигатай тэмцэх газар эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж дүүргийн Засаг даргад СӨХ-ны талаар зөвлөмж хүргүүлж тэр зөвлөмжийг нь үндэслэн захирамж гаргаж байгаа нь хууль дүрэм яаж зөрчиж болдгийг харуулж байна.
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т Авлигатай тэмцэх газрын бүрэн эрхийг заасан байдаг ба дүүргийн Засаг даргад СӨХ-ны үйл ажиллагааны талаар зөвлөмж, чиглэл хүргүүлэх эрх байхгүй байхад эрх мэдлээ хэтрүүлэн зөвлөмжийг хүргүүлсэн байна. Энэ зөвлөмжийн дагуу Засаг даргаас шалгалтын ажиллагаа явуулж Авлигатай тэмцэх газарт хариу тайлбар явуулахдаа И******* СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасан Бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж хурал хийж ёстой байтал зарлаж хурлаа хийгээгүй нь тогтоогдож байгаа тул СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгож арга хэмжээ авлаа гэсэн хариу явуулсан байдаг.
СӨХ-г бүртгэж гэрчилгээ олгох бүрэн эрхтэй дүүргийн Засаг дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд И******* СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу материалаа бүрдүүлж өгсөн гээд 2 удаа гэрчилгээг олгосон мөн Авлигатай тэмцэх газрын зөвлөмжинд хариу тайлбар явуулахдаа тус хуулийн 9-т заасныг зөрчсөн талаар биш 8.5-т заасныг зөрчсөн мөн гэрчилгээг хүчингүй болгох А/910 дугаар захирамжинд тус хуулийн 9.2-т заасныг зөрчсөн талаар захирамжинд дурдаагүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0167 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ хүчингүй болгох тухай захирамж болон 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 313011000061 дүгээр И******* хотхон СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Баянзүрх дүүргийн Засаг дарга анх тус дүүргийн ... дугаар хороо ...байрны бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл, хүсэлт, холбогдох баримтуудыг хянан үзээд И******* СӨХ-г Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 377 дугаар, 12 дугаар сарын 21-ний өдөр 0065 дугаар гэрчилгээг тус тус олгосон байна.
Дээрх бүртгэлтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас Г******* ХХК-ийн барьсан И******* хотхоны Сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах үйл явц Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хүрээнд зохион байгуулагдаагүй, зөвшөөрөл хүссэн бичиг баримтын бүрдэл зохих ёсоор хангагдаагүй талаар иргэдээс гаргасан гомдлыг хүлээн авч, хянан үзээд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/16345 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг даргад зөвлөмж хүргүүлжээ.
Хариуцагчаас энэхүү зөвлөмжийн дагуу Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс И******* СӨХ-ны зөвшөөрөл хүсэхдээ бүрдүүлсэн материалыг нягтлахад Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасныг хэрэгжүүлээгүй, бүх гишүүдийн хурал худалдах үеийн нотлох баримт хангалтгүй зэрэг үндэслэлээр холбогдох албан тушаалтанд Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн даргын 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар хариуцлага тооцсон болох нь тогтоогдсон тул 2023 оны А/910 дугаар захирамжаар И******* СӨХ-д олгосон дээрх гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, бүртгэлээс хассаныг буруутгах үндэслэлгүй.
Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог сууц өмчлөгчдийн холбоо гэж ойлгох бөгөөд тухайн холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал юм.
Уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бөгөөд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна, 9 дүгээр зүйлийн 9.1-д Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй, 9.2-т Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно, 9.4-д Энэ хуулийн 9.2, 9.3-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдуулах хугацааг товлоно гэж тус тус зааснаас үзвэл тухайн орон сууцны нийт саналын эрхтэй сууц өмчлөгчдийн буюу бүх гишүүдийн 50-иас дээш хувь нь оролцсоноор сууц өмчлөгчдийн холбооноос гарсан шийдвэр хүчин төгөлдөр болохоор байна.
Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Г******* ХХК-ийн барьсан И******* хотхоны сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах үйл явц буюу 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн И******* СӨХ-г бүртгүүлэх бүх гишүүдийн хурлын тэмдэглэлээс тухайн хуралд нийт саналын эрхтэй оршин суугчдын хэдэн хувь оролцсон нь тодорхойгүй, энэ талаар тусгаагүй, оршин суугч иргэдийн гарын үсгийн жагсаалтад регистрийн дугаар бичигдээгүй, эцгийн нэр, нэр нь тодорхой тусгагдаагүй зэргээр хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй байхад тус дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон нь буруу, иймд хууль бус бүртгэл, түүнийг үндэслэж олгосон гэрчилгээг хүчингүй болгосон нь холбогдох хуульд нийцсэн талаар шийдвэрт үндэслэлтэй зөв дүгнэжээ.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 320 дугаар албан бичиг, мөн төвийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/51, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/63, 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар тухайн үед сууц өмчлөгчдийн холбооны бичиг баримтын бүрдлийг шалгах эрх бүхий албан тушаалтанд хуулийн шаардлага хангаагүй баримтыг нягтлан шалгаагүй гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэж, улмаар өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн зэрэг нь И******* СӨХ-г бүртгэхэд бүрдүүлсэн баримтууд хуулийн шаардлага хангаагүй байсны нотолгоо болно.
2.Харин гуравдагч этгээд И******* хотхон СӨХ-г хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэж, 313011000061 дүгээр гэрчилгээг олгохдоо тус дүүргийн ... дугаар хороо, ...байрны сууц өмчлөгчдийн 50-иас дээш хувь оролцсоныг нотлох 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл, овог, нэр, регистрийн дугаар бичигдсэн нийт оролцсон оршин суугчдын гарын үсгийн жагсаалт болон холбогдох бусад баримтуудыг үндэслэл болгосон байх тул уг гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зорилго нь сууц өмчлөгчдийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулахад орших бөгөөд сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах чиг үүрэг бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо юм.
Энэ тохиолдолд Баянзүрх дүүргийн ... хороо, ... байрны сууц өмчлөгчдийн 50-иас дээш хувь нь И******* хотхон СӨХ-г байгуулахыг дэмжсэнийг үндэслэн 313011000061 дүгээр гэрчилгээг тус СӨХ-д олгосон байх тул маргаан бүхий шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...шинээр И******* хотхон СӨХ-г давхардуулан байгуулсанаас болж ... байрны оршин суугчид хоёр СӨХ-д давхар харьяалагдан, төлбөр тооцоогоо хаана төлөх нь ойлгомжгүй болж, И******* СӨХ-ны зүгээс үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлгүй болсон гэх боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-д зааснаар хариуцагчаас холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн анх нэхэмжлэгч И******* СӨХ-г бүртгэн гэрчилгээ олгож, улмаар уг гэрчилгээг хүчингүй болгон бүртгэлээс хасч, гуравдагч этгээд И******* хотхон СӨХ-г бүртгэсэн энэ тохиолдолд ... байрны оршин суугч буюу сууц өмчлөгчид хоёр холбоонд зэрэг гишүүнчлэлтэй гэж үзэхгүй.
Түүнчлэн хурлын ирцийн хувьд сууц өмчлөгчдийн 50-иас дээш хувийн оролцоотойгоор И******* хотхон СӨХ-г дахин байгуулсанаар оршин суугчид өөрсдийн эрх, ашгийг хамгаалах холбоог тус СӨХ-гоор сольж өөрчлөн байгуулсан гэж дүгнэж болно. Өөрөөр хэлбэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8-д холбоог өөрчлөн байгуулах журмыг холбооны дүрмээр зохицуулахаар заасан, гэвч И******* СӨХ-ны 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дүрэмд энэ талаарх харилцааг журамлаагүй байх тул хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.5-д зааснаар бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, холбоог өөрчлөн байгуулсаныг буруутгах үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН