Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 573

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Е э ф ББСБ ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/03101 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Е э ф ББСБ ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Б-д холбогдох

 

40 055 602 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Эрдэнэбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Е э ф ББСБ ХХК” ХХК нь Ч.Б-тай 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ЗГ-02/01/02 тоот зээлийн гэрээгээр 25 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний хугацаа дуусах үед зээлдэгч зээлийн төлөлтийн хугацааг сунгах хүсэлт гаргасны улмаас ЗГ02/01/02-01 тоот нэмэлт гэрээг талууд хооронд байгуулж төлөлтийн хугацааг 3 сараар сунгасан. Улмаар зээлдэгч нь зээлийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гаргасан тул зээлийн хэмжээг ЗГ02/01/02-02 зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөгийг нэмэгдүүлж, нийт зээлийн хэмжээг 30 000 000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Зээлдэгч Ч.Б- нь өнгөрөгч хугацаанд зээлийн гэрээний холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөөр ирсэн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн зээл болон зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Өөрөөр хэлбэл, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөр зээлийн гэрээ дуусгавар болсон ба нийт 222 хоногийн зээлийн хүү болох 9 795 217,81 төгрөг, үндсэн зээлийн төлөлтийн зөрчлийн дүнгээс үүссэн 33 хоногийн алданги болох 260 383,56 төгрөг нийт 10 055 601,37 төгрөгийг төлөлгүй өдийг хүрээнд байна. Зээлдэгч нь тухайн зээлийг авахдаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгатын 25 дугааp байрны 31 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай, Үл хөдлөх хөрөнгийн Ү-2203001553, гэрчилгээний 000212379 дугаар бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьж зээлийн болон барьцааны гэрээг 2 тал харилцан тохиролцож гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Иймд зээлдэгч Ч.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 30 000 000 төгрөг, зээлийн хүү болон алдангид 10 055 602 төгрөг, нийт 40 055 602 төгрөгийн хохирлыг учруулсан тул зээлдэгч Ч.Б-аас дээр дурдсан хохирол болох 40 055 602 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Б- нь хамтран зээлдэгч М.Солонгын хамт “Е Э ф ББСБ ХХК” ХХК-иас 30 000 000 төгрөгийг зээлдсэн болно. Эхний жил зээлсэн мөнгөндөө cap бүр 4 хувийн хүү төлж байгаа, 3 хувийн хүү рүү шилжсэн. Эдийн засгийн хямралаас болж авсан зээл, хүүгээ төлж чадахгүй болсон тул Сүхбаатар дүүргийн шүүхэд “Е Э ф ББСБ ХХК” ХХК нь 40 055 000 төгрөг нэхэмжилсэн байна. Хүүгийн 10 000 000 төгрөг, алданги тооцохгүй, хувь багасган тооцож, сарын 1-2 хувиар бодож, хүүг тооцох санал тавьж байна. Энэ зөвшилцөлд хүрвэл бид зээлийг график гарган, хурдан шуурхай төлөх арга хэмжээ авах болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Б-аас бүгд 39 795 217.81 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Е э ф ББСБ ХХК” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 260 383.56 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Е э ф ББСБ ХХК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358 228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 356 926 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Е э ф ББСБ ХХК” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б- энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ч.Б- надад 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хурлын товыг урьдчилан мэдэгдээгүй бөгөөд гадаад руу явахаар билетээ авсан байсан тул шалтгааныг тодорхой бичиж хурлыг хойшлуулах хүсэлт өгөөд явсан боловч намайг байхгүйд шүүх хурлыг явуулж, миний эсрэг шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мэтгэлцэх зармыг хэрэгжүүлж, намайг шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож, Үндсэнд хуульд заасан эрх ашгаа хамгаалах боломж олгож өгнө үү. Шүүх хуралдаанд зайлшгүй биеэр оролцох шалтгаан нь тус ББСБ-ын зээлийн хүү хэт өндөр байсан нь зээлийн хүү хэт өндөр байсан нь зээлийн хүүг төлөх, зээлсэн мөнгийг ашиглах, буцаан төлөх нөхцөл байдалд тун хүнд туссан. Нөгөө талаас тус ББСБ-ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг олгож, зээлдэгчийг эдийн засгийн хохиролд оруулсан шударга бус зээл болсонд оршиж байгаа юм. Улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн нь бизнес эрхлэгч хувь хүмүүс бидэнд хүндээр тусч, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байдалд хүргэсэн. Иймд шүүх бүхий л нөхцөл байдлыг үнэн зөв шударгаар хянаж, тус ББСБ-д өндөр хүү төлж байсанд бодит дүгнэлт хийж, иргэн миний төлөх зээлийн хүүг бууруулах талд онцгой анхаарч үзэхийг хүсч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Е э ф ББСБ ХХК” ХХК нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан 40 055 602 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарган, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлжээ. /хэргийн 29, 34, 45-49 дүгээр тал/

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан тохиолдолд шүүх хуралдаан хэзээ хаана болохыг товлож, мөн хуулийн 76.1.2-т заасны дагуу хэргийн оролцогчид мэдэгдэх үүрэгтэй юм. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй болно. Хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй тохиолдолд хэргийн оролцогч уг эрхээ хэрэгжүүлэн, мөн хуулийн 4, 6 дугаар зүйлд зааснаар эрх тэгш байдлын үндсэн дээр мэтгэлцэх зарчмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэхгүй.

 

Гэтэл шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хариуцагчид хэргийн материал танилцуулаагүй атлаа, түүний шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар захирамж гаргалгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг эдлүүлэлгүй, эзгүйд нь хэргийг шийдвэрлэсэн зөрчлийг гаргажээ. /хэргийн 38 дугаар тал/

 

Түүнчлэн нэхэмжлэгч “Е э ф ББСБ ХХК” ХХК-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгогдсон Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1/527 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ дангаар хэрэгт авагдсан байх бөгөөд уг гэрчилгээ нь хавсралтын хамт хүчинтэй байхаар тэмдэглэгдсэн байгааг шүүх анхаарч, үүнийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. /хэргийн 5 дугаар тал/

 

Нэхэмжлэгч банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй эсэх нь Иргэний хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэх болон зээлийн гэрээний үүргийн хэмжээг тооцоход ач холбогдолтой юм.

 

Иймд хэргийн оролцогчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн 4, 6 дугаар зүйлүүдэд заасан тэгш байдлын үндсэн дээр мэтгэлцэх зарчмын дагуу явуулаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хэргийн үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/03101 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358 228 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

                                      ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    С.ЭНХТӨР