Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 01943

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “О” ХХК/РД: /-д холбогдох,

 

53 754 381 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4 760 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг, Г.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “High Apart” төслийн барилгын шатны угсралтын ажлыг 98 563 249/ерөн найман сая таван зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин ес/ төгрөгөөр хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцож, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ТО1/10 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дээрх барилга баригдаж дуусан улсын комисс хүлээн авсан.

Бид дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажил гүйцэтгэж дууссанаас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн гэрээний үлдэгдэл тооцоог хийх, нэмэлт ажлын тоо хэмжээг баталгаажуулан нэмэлт гэрээ хийн төлбөр тооцоог хийх талаар удаа дараа албан бичиг явуулж хандсан боловч үүнээс хойш бүтэн жил гаруй хугацаа өнгөрсөн боловч асуудлыг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд олдохгүй, эсхүл өөр хүн томилогдсон гэсээр өнөөдрийг хүртэл гэрээг дүгнэх, тооцоо нийлэх асуудлыг “О” ХХК шийдвэрлээгүй байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч талын байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч тал туслан гүйцэтгэгчээр оролцсон байгаа. Энэхүү гэрээнд заасан үүргийнхээ дагуу 2017 оны 07 дугаар сарын 07-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг хийж дуусгасан боловч хариуцагч талын үйл ажиллагаанаас шалтгаалаад хугацаа алдсан зүйл бол байдаг. Гэвч хариуцагч талаас хугацаа алдсан гэсэн ямар нэгэн баримт ирүүлээгүй. Шаардлага гаргаагүй. Хамгийн гол нь нэхэмжлэгч тал гэрээний 7.8-д заасны дагуу ажлаа хүлээлцэхийн тулд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шатны төмөр дам, нуруу, гуя, угсармал төмөр, бетон, гишгүүр талбай угсарсан ажил, мөн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төмөр хийцийн угсарч гагнасан актуудыг тус тус үндэслэж, ажлаа хүлээлцүүлэхээр явуулсан боловч ажлыг хугацаанд хүлээж аваагүй байдаг. Энэ бол актыг хүлээж авах гэрээний үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-д заасны дагуу захиалагч нь ажлын үр дүнг хугацаанд нь хүлээж авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг ажлаа хугацаанд нь хүлээж авсанд тооцно гэсний дагуу хариуцагч тал ажлыг хүлээж авсан гэж үзэж байгаа. Учир нь хариуцагч талаас хугацаандаа ажлаа хийгээгүй байна гэсэн шаардлага огт гаргаж байгаагүй. Иймд нэхэмжлэгчийн хувьд 2017 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн гэрээний үлдэгдэл тооцоог хийе. Нэмэлт ажлынхаа тооцоог хийе гээд удаа дараа албан бичгүүдийг хүргүүлж байсан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Өнөөдрийг хүртэл төлбөрийг барагдуулаагүй байгаа. Хамгийн сүүлд хариуцагч талаас ирсэн албан бичиг бол 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ажлыг хүлээж авах агуулга бүхий албан бичиг ирүүлсэн. Эндээс үзэхэд нэхэмжлэгч бол гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Иймд гэрээгээр авах ёстой үлдэгдэл төлбөр 49 281 647 төгрөг, гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажлын хөлс 4 472 757 төгрөг, нийт 53 754 381 төгрөгийг “О” ХХК-аас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын  хооронд гэрээ хийгдэж ажил эхэлсэн. Ажил эхлээд сөрөг нэхэмжлэлд бичсэн хугацаа хэтэрсэн. Сөрөг нэхэмжлэл дээр чанарын асуудал яригдана. Яагаад хугацаа хэтэрсэн вэ? гэвэл анх хурал эхлэхэд нотлох баримтын хэмжээнд гаргаад албан бичгээр харилцаж байсан боловч, чанарын асуудал дээр албан бичгээр харилцаж байгаагүй. Улирлын үйл ажиллагаа яаж явагдаж байсан бэ? гэвэл энэ ажлыг хийж байсан Тамир, сүүлд орж ирсэн Сүнжидмаа гэсэн захирлууд дандаа и-мэйлээр харьцаж байсан асуудлууд байдаг. Нэг захирал солигдоод нэг шийдвэр гаргадаг. Ганзориг захирал бол өдөрт нь ажилд оролцдоггүй юм шиг байгаа юм. Би энэ бүх асуудлаар уулзсан хүлээж аваагүй. За ингээд манайх орхиод явсан. Ахиад цутгуурын ажил ханан нь дээр аваарийн төмөр шатыг байрлуулснаар 2 асуудал гарсан. Цутгуурын алдаа нь дээр бид юу ч хийж чадахгүй болж эхэлсэн. Дараа нь суурийн цутгуурыг хийгээд ухсан чинь ахиад цемент гараад ирсэн. Тэгээд та нар энэ бүхнийг буталж өгөөч ээ гэсэн. Ханын хэсгүүд нь зөрөөд байсан мөн л и-мэйлээр хэлсэн. Ийм зүйлүүдээс болоод цаг алдаад байсан. Чанарын хувьд өнөөдрийг хүртэл мэйлээр болон албан бичгээр ийм байна, тийм байна гэсэн зүйл хэлж байгаагүй. Тэгэхээр бид доголдол гаргасан гэж үзэхгүй байгаа. Хяналт тавьж байсан хүмүүс нь юу ч хэлээгүй. Харин өөр компаниар хийлгэсэн гээд байгаа зүйлүүдийг орхисон. Тэр нь 2 сая гаруй төгрөгний ажил үлдсэн. Яагаад ажил үлдсэн бэ? гэвэл цутгуурын доороос цемент гараад ирсэн. Тэгээд ажилчид хийснээрэй цалинждаг учир яваад өгсөн. Ингээд л орхисон. Тэгээд шүүхэд анх орж ирэхдээ нэмэлт ажлын хөлс болох 4.5 сая төгрөгийг оруулахгүй байя гэсэн. Үүнийг хийгээгүй ажилд үлдээсэн. Одоо шүүхийг аль болох энэ байдлыг хурдан шийдээд, гэрээнд заасан 4.7 сая төгрөгийг хасаад тэгээд үлдсэн мөнгөө аваад тохиролцоод салмаар байна. Ийм хүсэллтэй байна.” гэв.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хариуцагч тухайн үед танайх хугацаа алдаж байна. Чанарын шаардлага хангахгүй байна гэж бид бүхэнд мэдэгдэж, шаардлага гаргаж байгаагүй атлаа одоо сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн шүүхэд гаргаж өгсөн гэрээнд зааснаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн төмөр хийцийн ажил гүйцэтгэх гэрээний 6, 7, 8, 9 дүгээр зүйлд дээврийн дам нуруу хийхэд 568,000 төгрөг, металл саравч хийх 200,000 төгрөг. Энэ бол манай гэрээний дагуу гүйцэтгэж байсан шатны урсгалын ажилтай хамааралгүй зүйл харагдаад байгаа. Мөн энд гэрээ байгуулсан гэж үзэж байгаа боловч гэрээнийхээ төлбөрт хэдэн төгрөг төлсөн гэсэн баримт хавсаргаж ирүүлээгүй байгаа учир энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

 

Хариуцагч “О” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “2017 оны 06-р сарын 07-ны өдөр Т01/10 тоот “High Apart” төслийн шатны бэлдэц бэлтгэн нийлүүлэлт, угсралт суулгалтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “ЭХБУТрест” ХХК-иар ажил гүйцэтгүүлсэн билээ. “ЭХБУТрест” ХХК нь уг ажлыг гэрээгээр тогтоосон хугацаанд гүйцэтгээгүйгээс гадна чанаргүй гүйцэтгэсэн тул манай компани уг ажлыг өөр компаниар гүйцэтгүүлж, нэмэлт зардал гаргасан болно.

Иймд манай компани 2017 оны 10-р сарын 05-ны өдөр “Сүнчир хайрхан” ХХК-тай АГГ01/35 тоот “High Apart” төслийн баруун, зүүн талын шилэн холлын төмөр хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 4 булангийн металл шатны дам нуруу бэхлэх /5,8 м-тэй швеллэр гагнах/, 4 булангийн металл шатны дам нуруу бэхлэх /2,8 м-тэй швеллэр гагнах/, Дээврийн дам нуруу хийх, Металл саравч хийх ажлын гүйцэтгэлд нийт 4,560,000 төгрөг төлсөн.

Мөн 2017 оны 11-р сарын 01-ний өдөр “Өндөр бар” ХХК-тай АГГ01/44 тоот “High Apart” төслийн шатны хайс угсарч, будах, модон дуб суурилуулах, смарт зогсоолын 8 ширхэг деталь, 4 ширхэг төмөр шат /веранд №5/ суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 4 ширхэг төмөр шат суурилуулах ажпын гүйцэтгэлд 200 000 төгрөг төлсөн.

Иймд өөр компаниар гүйцэтгүүлсэн зардал болох 4 760 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч “О” ХХК-д холбогдуулан үлдэгдэл төлбөр 49 281 647/дөчин есөн сая хоёр зуун наян нэгэн мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөгийг, нэмэлт ажлын хөлс 4 472 757/дөрвөн сая дөрвөн зуун далан хоёр мянга долоон зуун тавин долоо/ төгрөгийг, нийт 53 754 381/тавин гурван сая долоон зуун тавин дөрвөн мянга гурван зуун наян нэг/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч “О” ХХК нэхэмжлэгч “Э” ХХК-д холбогдуулан 4 760 000/дөрвөн сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “О” ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч хариуцагч нь тус шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь гэрээ байгуулсан гэж үзэж байгаа боловч гэрээнийхээ төлбөрт хэдэн төгрөг төлсөн гэсэн баримт хавсаргаж ирүүлээгүй гэж маргасан.

 

2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнханд, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярхүү нарт 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнханд, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярхүү нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнханд, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярхүү нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “Хай Апарт/High Apart/ төслийн шатны бэлдэц бэлтгэн нийлүүлэлт, угсралт суулгалтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан болох нь тус гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Тус гэрээний 1-ийн 1.1-т зааснаар нэхэмжлэгч нь “Хай Апарт/High Apart/” төслийн барилгын шатны угсралтын ажлыг тохиролцсон хугацаанд чанар стандартын дагуу гүйцэтгэх, хариуцагч нь төлбөр тооцоог хийх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээний 2-ын 2.1, 2.2-т зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэх шатны бэлдэц бэлтгэн нийлүүлэх, угсралт суулгалтын ажлын нийт хөлсийг 98 563 249/ерэн найман сая таван зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин ес/ төгрөгөөр, нийт ажлын хөлсний 50/тавь/ хувийг Гэрээ батлагдмагц, 50/тавь/ хувийг барилгын материалаар төлөхөөр, ажлыг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл гүйцэтгэхээр харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь ажлын байр буюу ажил гүйцэтгэх барилгын талбайг нэхэмжлэгчид зохих ёсоор шилжүүлж өгөөгүйн улмаас Гэрээнд заасан ажил гүйцэтгэж эхлэх хугацаа хэтэрсэн байх боловч нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сар хүртэл нийт 98 563 249.40/ерэн найман сая таван зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин есөн төгрөг дөчин мөнгө/ төгрөгийн төсөвт шатны бэлдэц бэлтгэн нийлүүлэх, угсралт суулгалтын ажил гүйцэтгэсэн болох нь О ХХК-ийн “Хай Апарт/High apart/” төслийн шатны ажлын материал нийлүүлэх болон барилга угсралтын ажлын гүйцэтгэл, Авлага өглөгийн дансны бүртгэл, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн № 1/086 болон 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн № 156 албан бичгийн хуулбаруудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь ажлын хөлсөд нэхэмжлэгчид нийт 49 281 625/дөчин есөн сая хоёр зуун наян нэгэн мянга зургаан хорин тав/ төгрөгийг төлсөн болох нь О ХХК-ийн “Хай Апарт/High apart/” төслийн шатны ажлын материал нийлүүлэх болон барилга угсралтын ажлын гүйцэтгэл, Авлага өглөгийн дансны бүртгэл, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх Кассын орлогын ордерын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлаас гадна 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 4 472 757.78/дөрвөн сая дөрвөн зуун далан хоёр мянга долоон зуун тавин долоон төгрөг далан найман мөнгө/ төгрөгийн төсөвт ажил гүйцэтгэсэн болох нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээт ажлын нэмэгдэл ажлуудын тооцооны хуулбар, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн № 1/086 болон 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн № 156 албан бичгийн хуулбар, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн № 01 Төмөр бүтээцийг угсарч гагнасан актын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлсөд нийт 49 281 625/дөчин есөн сая хоёр зуун наян нэгэн мянга зургаан хорин тав/ төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл хөлс болох нийт 53 754 381/тавин гурван сая долоон зуун тавин дөрвөн мянга гурван зуун наян нэг/ төгрөгийг төлөөгүй болох нь О ХХК-ийн “Хай Апарт/High apart/” төслийн шатны ажлын материал нийлүүлэх болон барилга угсралтын ажлын гүйцэтгэл, Авлага өглөгийн дансны бүртгэл, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх Кассын орлогын ордерын хуулбар, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн № 1/086 болон 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн № 156 албан бичгийн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээт ажлын нэмэгдэл ажлуудын тооцооны хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн ... нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Хариуцагч нь Гэрээний 2-ын 2.2 дахь хэсэгт заасан ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн байх тул Гэрээний үүргээ ноцтой зөрсөн гэж үзэх ба нэхэмжлэгч нь хариуцагчид Гэрээний үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон болох нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн № 1/086 болон 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн № 156 албан бичгийн хуулбар, 218 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 190 дугаар албан бичгийн хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/213 албан бичгийн болон 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн № 1/230 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд 53 754 381/тавин гурван сая долоон зуун тавин дөрвөн мянга гурван зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 4 760 000/дөрвөн сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбаатар нь шүүх хуралдаанд “... хийгээгүй ажилд үлдээсэн” гэх тайлбар гаргасан.

 

Хариуцагч нь “Сүнчир Хайрхан” ХХК болон “Өндөр бар” ХХК-иар нийт 4 760 000/дөрвөн сая долоон зуун жаран мянга/ төгрөгийн ажил гүйцэтгүүлсэн гэж маргасан.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь шатны угсралт суулгалтын ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсан хийгээгүй үлдээсэн ажил нь “Сүнчир Хайрхан” ХХК-ийн гүйцэтгэсэн дөрвөн булангийн металл шатны дам нурууг бэхлэх ажил гэж үзэх үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна. 

 

“Сүнчир Хайрхан” ХХК нь Хай апарт төслийн орон сууцны барилгын дөрвөн булангийн металл шатны дам нурууг бэхлэх ажлыг 2 000 000/1440000+560000=2000000/ /хоёр сая/ төгрөгөөр гүйцэтгэсэн болох нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Хай апарт-1/High Apart-1/ төслийн баруун, зүүн талын шилэн холлын төмөр хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь “Сүнчир Хайрхан” ХХК болон “Өндөр бар” ХХК-иар гүйцэтгүүлсэн гэх үлдсэн 2 760 000/4760000-2000000=2760000/ /хоёр сая долоон зуун жаран мянга/ төгрөгийн ажил нь Гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэх үүрэг хүлээсэн ажил болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгүйгээс хариуцагч нь уг ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлж, хариуцагчид 2 000 000/1440000+560000=2000000/ /хоёр сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Хай апарт-1/High Apart-1/ төслийн баруун, зүүн талын шилэн холлын төмөр хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.”, 352 дугаар зүйлийн 352.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ... үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2 000 000/хоёр сая/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, үлдсэн 2 760 000/4760000-2000000=2760000/ /хоёр сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

          Шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-иас нийт 53 754 381/тавин гурван сая долоон зуун тавин дөрвөн мянга гурван зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас 2 000 000/хоёр сая/ төгрөгийг гаргуулан хариуцагч “О” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-иас нийт 53 754 381/тавин гурван сая долоон зуун тавин дөрвөн мянга гурван зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас 2 000 000/хоёр сая/ төгрөгийг гаргуулан хариуцагч “О” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 426 722 төгрөгийг, хариуцагч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111 910 төгрөгөөс 91 110 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 426 722 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөгийг, улсын орлогоос 20 800 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч “О” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ