Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/335

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Энх-Амгалан, шүүгдэгч Б.**********, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч М.**********, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********гийн **********, ********** овогт **********гийн ********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210026550009 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ********** дүүрэг, 22 дугаар хороо, ********** 3-40 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********гийн ********** /РД: **********/,

 

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “**********’’-д тогооч ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Улаанбаатар хотын ********** дүүргийн 18 дугаар хороо, 44-108 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, тэнсэнгийн хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 82 дугаар тогтоолоор дуусгавар болсон, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********гийн ********** /РД: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.********** нь 2022 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рөүд 68” гэх газарт бусадтай таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар хохирогч А.**********гийн эрүүл мэндэд зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн ташаанд цус хуралт, зүүн сарвууны ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.********** нь 2022 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рөүд 68” гэх газарт бусадтай таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар хохирогч Т.Гэрэлтсолонгын эрүүл мэндэд хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завжинд язрал, зүүн гуянд зулгаралт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Б.********** : “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой зардал гарвал нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулна...” гэв.

 

          Шүүгдэгч М.**********: “...Мэдүүлэг гаргахгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчид хохирлыг төлж барагдуулсан, миний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнсэнгийн хугацаа дууссан байгаа...” гэв.  

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Т.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хонгорзулын төрсөн өдөр болж байгаад гээд караоке ороод тэндээсээ гараад “Рөүд-68” нэртэй баар луу 01 цагийн орчимд орсон. Бааранд ороод ширээ захиалж суугаад орсон хүний тоогоор 1, 1 шил пиво авч уусан, ууж байх явцдаа эгчтэйгээ утсаар ярих шаардлага гараад бааран дотор чимээтэй байсан учраас баарны гадна талд гараад ярьсан. Ингээд ярьж байх явцад **********гийн орилох дуу гарахаар нь баар луу буцаж ороход ********** цохиулчихсан, нүдээ дарчихсан байхаар нь цохисон гэх залуучуудад хандаж “та нар чинь яаж байгаа юм бэ” гээд хэлэхэд миний өөдөөс хараад зогсож байсан залуу миний нүүрэнд 3-4 удаа цохисон. Намайг цохисон залуу шууд хувцасны өрөө рүү гүйж ороод дотор талаас нь барьчхаад хаалгаа онгойлгохгүй байсан бөгөөд дөрвөлжин цонх байхаар нь харсан чинь урдаас түлхэж унагаад босоод ирэхийн завдалгүй хойд талаас их хүчтэй мөрлөсөн...” /хавтаст хэргийн 22-24 дэх тал/ гэсэн,

 

Хохирогч А.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай танил эгч Хонгорзулын төрсөн өдөр 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр болж үйл ажиллагаа үргэлжилж явсаар байгаад хамгийн сүүлд Хан-Уул дүүрэгт байрлах “Рөуд 68” нэртэй бааранд шөнийн 01 цагийн үед орсон. Бааранд ороод ширээ захиалаад хэсэг сууж байтал **********гийн нөхөр Гантөр ирсэн, ингээд бид нар явахаар болоод бүжгийн талбай дээр зогсож байтал **********гийн бөгснөөс нэг залуу барьж аваад, илээд байсан. Энэ үед Гантөр уурлаад тухайн залуутай маргалдаж эхлэхэд ********** нөхөр Гантөрийг “боль” гэж хэлээд цааш нь аваад явсан. Тэгтэл **********гийн өгзгийг илсэн залуу **********, Гантөр нарын араас явах гээд байхаар нь боль гээд очсон чинь шууд миний зүүн нүд рүү гараараа 3-4 удаа цохиод авсан. Тэгээд би орилоод байж байтал Гэрэлт-Солонго гүйж ирээд намайг цохисон залуутай маргалдаж эхэлсэн. Удалгүй **********, Гантөр нар бас ирээд тухайн хэсэг залуучуудтай бөөн хэрүүл маргаан болж эхэлсэн. Ингээд маргаан болж байх явцад эхнэрүүд дээрээ ирсэн Гантөр, ********** нар нь баахан залуучуудад зодуулж байсан. Тэгээд хамгаалагч нар дундуур орж ирээд мөн Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Намайг цохисон залууг бол огт танихгүй. Намайг цохисон залуу кепка малгайтай, юүдэнтэй урдуураа цахилгаантай цамцтай, доогуураа даавуун өмдтэй, давхраатай нүдтэй, дунд зэргийн нуруутай, мах шөл нь таарсан хүн байсан...” /хавтас хэргийн 32-34 дэх тал/ гэсэн,

 

Гэрч П.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Доржоо гэх хүний төрсөн өдөрт уригдаж Зайсанд байрладаг “Ви лакшири каrаоке” нэртэй газарт ********** гэх найзын хамт 21 цагийн орчимд очсон. Намайг очиход төрсөн өдрийн эзэн Доржоо болон түүний 3 найз нар сууж байсан. Ингээд араас манай найз нар болох **********, **********, Төрболд нар ирээд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өнгөрчихсөн 07-ны өдрийг шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ”Рөүд-68” нэртэй бааранд орохоор болсон. Бид нар тус тусдаа машинтай явж байсан бөгөөд **********, **********, Төрболд, ********** бид 5 нэлээн хойно очсон. Бааран дотор ороход хувцас өлгөдөг газрын ойролцоо төрсөн өдрийн эзэн Дорж түүний найзууд өөр бусад хүмүүстэй маргалдаад зогсож байсан. Ингээд бид нар юуг нь ч сайн ойлгохгүй очоод 2 залуутай барьцалдаж аваад зогсож байхад баарны хамгаалагч нар ирээд салгасан. Бид нарын дунд ямар нэг зодоон зохион болоогүй. Удалгүй Цагдаагийн байгууллагын алба хаагч нар ирсэн. Бид нар тухайн үйл явдал болоход бааран дотор байгаагүй бөгөөд төрсөн өдрийн эзэн Дорж нь бид нарт хэлэхдээ “манай кепка малгай өмссөн байсан Нямаа гэх найз маань бүжгийн талбай дээр байсан эмэгтэй хүний өгзгийг базаад нүүрэн тус газарт нь цохиод дахиад нэг эмэгтэй хүн ирэхээр нь цохиод явсан” гэж хэлж ярьж байсан. Миний хувьд бол цохиж байхыг харсан зүйл байхгүй...” /хавтас хэргийн 62-63 дахь тал/ гэсэн,

 

Гэрч О.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Маргалдаж байгаа хүмүүсийг харахад Дорж болон түүний найз кепка малгай өмссөн ахтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэрүүл маргаан хийгээд зогсож байсан, болиулах гээд яваад очиход манай найзыг нэг нь цохиод авсан бөгөөд түүнээс болоод хэрүүл маргаан хийж эхэлсэн. Удаагүй байж байхад баарны хамгаалагч нар ирээд салгасан...” /хавтас хэргийн 46-47 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Д.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Үүдний хэсэгт хувцас өлгүүрийн ойролцоо хүмүүс хоорондоо маргалдаж байсан. Ингээд маргалдаж байгаа хүмүүсийг харахад Дорж болон түүний найз кепка малгай өмссөн ахтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэрүүл маргаан хийгээд зогсож байсан. ...Дорж ахын төрсөн өдөр дээр Нямаа гэдэг нэртэй нэг ах кепка малгай өмссөн байсан...” /хавтас хэргийн 56 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн нөхөртэй талбай дээр бүжиглэж байхад үл таних залуу миний өгзөгнөөс бариад өөр лүүгээ татах үед миний нөхөр Гантөр намайг өмөөрч тухайн залуутай маргах гээд байхаар нь би боль гээд нөхрөө дагуулаад явсан. Гантөр бид хоёр доошоо нэг давхар луу буугаад яг гарах гэж байхад ********** орилохоор нь дээшээ гартал манай найзууд хэсэг залуучуудтай маргалдаад зогсож байсан. Ингээд бөөн маргаан болоод баарны үүдний хэсэгт өлгүүрийн хажууд маргалдаад зогсож байхад кепка малгайтай залуу манай найз **********гийн нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон...” /хавтас хэргийн 61-62 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэрэлтсолонгыг жижиг биетэй залуу нүүрэнд гараараа цохиод авсан. ...цагдаа дээр ирэхэд ********** болон ********** нарын нүдний хэсэгт хөхөрчихсөн байдалтай байсан...” /хавтас хэргийн 67-68 дахь тал/ гэсэн,

Гэрч Л.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ...**********, **********, **********, **********, ********** нар танихгүй хүмүүстэй зодолдоод гараад ирсэн...” /хавтас хэргийн 70-71 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр танил ах Доржхандын төрсөн өдөр болоод ...манай найз **********, **********, ах **********, **********, Доржханд, түүний найз Нямаа зэрэг хүмүүс ирсэн байсан бөгөөд ...хоёр машинд хуваагдаж суугаад “Рөүд-68” нэртэй газар орохоор болсон. Би **********, **********, **********, Төрболд нарын хамт нэг машинд сууж байсан бөгөөд “Рөүд-68” нэртэй баарны гадаа очсон. ...баар руу орсны дараа ...хүмүүс маргалдаад байхаар нь харахад Нямаа гэх кепка малгайтай ах хэсэг хүмүүстэй хэрүүл маргаан хийж байсан. ...Дээшээ явсан шат руу гараад зогсож байхад нэг эмэгтэй хүрээд ирэхээр нь цааш түлхэж мангастсан...” /хавтаст хэргийн 102-103 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч М.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Бид хоёрыг орсны дараа Доржханд, ********** нар араас дүү нарынхаа хамт орж ирсэн ба шатан дээр хэсэг хүмүүстэй таараад маргалдаж байсан. Тэгтэл үл таних эмэгтэй намайг миний өгзөгт хүрлээ гэж дайраад дахин хэрүүл маргаан хийгээд нэг эмэгтэй хоёр залуу дагуулж ирээд бидний дунд хэрүүл маргаан зодоон үүссэн. Ингээд бөөн хэрүүл маргаан зодоон цохион үүсэхэд баарны хамгаалагч гэх залуу наад хүүхнүүд чинь хэрүүл маргаан хийгээд салахгүй юм байна та хоёр энэ арын хаалгаар гарчих гээд хувцас солих өрөөгөөр оруулаад хаалгаар гадагш гаргасан...”  /хавтас хэргийн 108-109 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №13824 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Т.**********-н биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завжинд язрал, зүүн гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.  

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” /хавтаст хэргийн 80-81 дэх тал/ гэсэн,  

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №13823 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. А.**********гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн ташаанд цус хуралт, зүүн сарвууны ядам хуруунд  зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 86-87 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 11 дэх тал/,

- Өргөдөл /хавтас хэргийн 13-15 дахь тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 17-18 дахь тал/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтас хэргийн 27-28 дахь тал/,

- Шүүгдэгч Б.**********, М.********** нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 115, 123 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 125 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 118, 126 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 114 дэх тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хавтаст хэргийн 33-26 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 119, 127 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /шүүхэд шинээр гаргаж өгсөн/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч М.********** нь 2022 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рөүд 68” гэх газарт бусадтай таарамжгүй харилцаа үүсгэж улмаар хохирогч А.**********гийн эрүүл мэндэд зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн ташаанд цус хуралт, зүүн сарвууны ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.********** нь 2022 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рөүд 68” гэх газарт бусадтай таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар хохирогч Т.Гэрэлтсолонгын эрүүл мэндэд хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завжинд язрал, зүүн гуянд зулгаралт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Т.Гэрэлтсолонгын: “...Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хонгорзулын төрсөн өдөр болж байгаад гээд караоке ороод тэндээсээ гараад “Рөүд-68” нэртэй баар луу 01 цагийн орчимд орсон. Бааранд ороод ширээ захиалж суугаад орсон хүний тоогоор 1, 1 шил пиво авч уусан, ууж байх явцдаа эгчтэйгээ утсаар ярих шаардлага гараад бааран дотор чимээтэй байсан учраас баарны гадна талд гараад ярьсан. Ингээд ярьж байх явцад **********гийн орилох дуу гарахаар нь баар луу буцаж ороход ********** цохиулчихсан, нүдээ дарчихсан байхаар нь цохисон гэх залуучуудад хандаж “та нар чинь яаж байгаа юм бэ” гээд хэлэхэд миний өөдөөс хараад зогсож байсан залуу миний нүүрэнд 3-4 удаа цохисон...” /хавтаст хэргийн 22-24 дэх тал/ гэсэн,

Хохирогч А.**********гийн: “...Манай танил эгч Хонгорзулын төрсөн өдөр 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр болж үйл ажиллагаа үргэлжилж явсаар байгаад хамгийн сүүлд Хан-Уул дүүрэгт байрлах “Рөүд 68” нэртэй бааранд шөнийн 01 цагийн үед орсон. Бааранд ороод ширээ захиалаад хэсэг сууж байтал **********гийн нөхөр Гантөр ирсэн, ингээд бид нар явахаар болоод бүжгийн талбай дээр зогсож байтал **********гийн бөгснөөс нэг залуу барьж аваад, илээд байсан. Энэ үед Гантөр уурлаад тухайн залуутай маргалдаж эхлэхэд ********** нөхөр Гантөрийг “боль” гэж хэлээд цааш нь аваад явсан. Тэгтэл **********гийн өгзгийг илсэн залуу **********, Гантөр нарын араас явах гээд байхаар нь боль гээд очсон чинь шууд миний зүүн нүд рүү гараараа 3-4 удаа цохиод авсан. Тэгээд би орилоод байж байтал ********** гүйж ирээд намайг цохисон залуутай маргалдаж эхэлсэн. ...Намайг цохисон залууг бол огт танихгүй. Намайг цохисон залуу кепка малгайтай, юүдэнтэй урдуураа цахилгаантай цамцтай, доогуураа даавуун өмдтэй, давхраатай нүдтэй, дунд зэргийн нуруутай, мах шөл нь таарсан хүн байсан...” /хавтас хэргийн 32-34 дэх тал/ гэсэн,

Гэрч П.**********ий: “...Бид нар тухайн үйл явдал болоход бааран дотор байгаагүй бөгөөд төрсөн өдрийн эзэн Дорж нь бид нарт хэлэхдээ “манай кепка малгай өмссөн байсан Нямаа гэх найз маань бүжгийн талбай дээр байсан эмэгтэй хүний өгзгийг базаад нүүрэн тус газарт нь цохиод дахиад нэг эмэгтэй хүн ирэхээр нь цохиод явсан” гэж хэлж ярьж байсан. Миний хувьд бол цохиж байхыг харсан зүйл байхгүй...” /хавтас хэргийн 62-63 дахь тал/ гэсэн,

Гэрч Б.**********гийн: “...********** орилохоор нь дээшээ гартал манай найзууд хэсэг залуучуудтай маргалдаад зогсож байсан. Ингээд бөөн маргаан болоод баарны үүдний хэсэгт өлгүүрийн хажууд маргалдаад зогсож байхад кепка малгайтай залуу манай найз **********гийн нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон...” /хавтас хэргийн 61-62 дахь тал/ гэсэн,

Гэрч Б.**********ийн: “...Гэрэлтсолонгыг жижиг биетэй залуу нүүрэнд гараараа цохиод авсан. ...цагдаа дээр ирэхэд ********** болон ********** нарын нүдний хэсэгт хөхөрчихсөн байдалтай байсан...” /хавтас хэргийн 67-68 дахь тал/ гэсэн,

Гэрч Л.Мөнх-Эрдэнийн: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ...**********, **********, **********, **********, ********** нар танихгүй хүмүүстэй зодолдоод гараад ирсэн...” /хавтас хэргийн 70-71 дэх тал/ гэсэн,

Шүүгдэгч Б.**********ий: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр танил ах Доржхандын төрсөн өдөр болоод ...манай найз **********, **********, ах **********, **********, Доржханд, түүний найз Нямаа зэрэг хүмүүс ирсэн байсан бөгөөд ...хоёр машинд хуваагдаж суугаад “Рөүд-68” нэртэй газар орохоор болсон. Би **********, **********, **********, Төрболд нарын хамт нэг машинд сууж байсан бөгөөд “Рөүд-68” нэртэй баарны гадаа очсон. ...баар руу орсны дараа ...хүмүүс маргалдаад байхаар нь харахад Нямаа гэх кепка малгайтай ах хэсэг хүмүүстэй хэрүүл маргаан хийж байсан. ...Дээшээ явсан шат руу гараад зогсож байхад нэг эмэгтэй хүрээд ирэхээр нь цааш түлхэж мангасдсан...” /хавтаст хэргийн 102-103 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч М.**********гийн: “...Бид хоёрыг орсны дараа Доржханд, ********** нар араас дүү нарынхаа хамт орж ирсэн ба шатан дээр хэсэг хүмүүстэй таараад маргалдаж байсан. Тэгтэл үл таних эмэгтэй намайг миний өгзөгт хүрлээ гэж дайраад дахин хэрүүл маргаан хийгээд нэг эмэгтэй хоёр залуу дагуулж ирээд бидний дунд хэрүүл маргаан зодоон үүссэн. Ингээд бөөн хэрүүл маргаан зодоон цохион үүсэхэд баарны хамгаалагч гэх залуу наад хүүхнүүд чинь хэрүүл маргаан хийгээд салахгүй юм байна та хоёр энэ арын хаалгаар гарчих гээд хувцас солих өрөөгөөр оруулаад хаалгаар гадагш гаргасан...”  /хавтас хэргийн 108-109 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №13824 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Т.**********-н биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завжинд язрал, зүүн гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 80-81 дэх тал/ гэсэн, 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №13823 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: А.**********гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн ташаанд цус хуралт, зүүн сарвууны ядам хуруунд  зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /хавтас хэргийн 86-87 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 17-18 дахь тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтас хэргийн 27-28 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч А.**********гийн эрүүл мэндэд учирсан “...зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн ташаанд цус хуралт, зүүн сарвууны ядам хуруунд  зулгаралт...” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч М.**********гийн түүнийг цохисон,

хохирогч Т.Гэрэлсолонгын эрүүл мэндэд учирсан хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завжинд язрал, зүүн гуянд зулгаралт, цус хуралт хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.**********гийн түүнийг цохисон санаатай, идэвхитэй үйлдлийн улмаас хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч М.**********, Б.********** нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.**********, Б.********** нарын хохирогч А.**********, Т.********** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус бүр бүрэн хангаж байна.  

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.**********, Б.********** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Б.********** гэмт хэргийн улмаас учирсан хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгч Б.********** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, тэдний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

 

Шүүгдэгч Б.**********, М.********** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.  

 

Шүүгдэгч Б.********** нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, тэнссэн хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 82 дугаар тогтоолоор дуусгавар болсон болох нь улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргаж өгсөн шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04-02/749 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.**********ий үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2022 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх тул  шүүгдэгч Б.**********г тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/258 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********гийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 05 /тав/ сар, 23 /хорин гурав/ хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, ялын хугацаанд шүүгдэгч Б.**********г ********** дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 05 /тав/ сар, 23 /хорин гурав/ зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч А.**********гийн эрүүл мэндэд “...зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн ташаанд цус хуралт, зүүн сарвууны ядам хуруунд  зулгаралт...” бүхий хөнгөн, хохирогч Т.Гэрэлсолонгын эрүүл мэндэд “...хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завжинд язрал, зүүн гуянд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн...” хохирол тус тус учирсан мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.********** хохирогч Т.**********д эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч А.********** шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолтой, цаашид баримтаа бүрдүүлж хохирол нэхэмжилнэ гэж шүүхэд мэдэгдсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй байна. Харин хохирогч А.********** өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2210026550009 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.********** нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.**********, М.********** нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч А.********** гомдолтой  гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт **********гийн **********, ********** овогт **********гийн ********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********гийн **********, **********гийн ********** нарыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/258 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********г 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********гийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 05 /тав/ сар, 23 /хорин гурав/ хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 05 /тав/ сар, 23 /хорин гурав/ зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч М.**********д шийтгэсэн 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.**********д шийтгэсэн 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, 05 /тав/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********д шийтгэсэн 05 /тав/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын ********** дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.**********, Б.********** нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, шүүгдэгч М.**********, Б.********** нар хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********** зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн 2210026550009 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.********** нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.**********, М.********** нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч А.********** гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

11. Хохирогч А.********** гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.**********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

14. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**********, М.********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР