| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 187/2017/0603/э |
| Дугаар | 2023/ШЦТ/653 |
| Огноо | 2023-05-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/653
2023 05 25 2023/ШЦТ/653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Ч.Б, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй Б.Длсан хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гагнуурын ажил хийдэг торгох ялаар шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар(яллах дүгнэлтэд дурдсанаар): Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гарын булчин, цээжин дээр дэвсэх, хацар руу нь алгадах, галын дэгээ төмрөөр нуруу руу цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн бугалга, тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тоотод хохирогч Р.Жын гарын булчин, цээжин дээр дэвсэх, хацар руу нь алгадах, галын дэгээ төмрөөр нуруу руу цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн бугалга, тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Р.Жын ”...2023 оны 04-р сарын 02-ны өдөр би Б.Д гэдэг найзындаа очсон ба Б.Дгийн найз гэх нэг өвгөн байсан. Бид гурав архи ууж байгаад Б.Дгийн гэрт хоносон. Өглөө 08 цаг 30 минутын үед хамт архи уудаг байсан хүн архи бариад орж ирсэн. Нэрийг нь санахгүй байна. Тухайн эрэгтэй гэрт орж ирээд шууд над руу дайраад миний зүүн гарын булчин, цээжин дээр нэг удаа дэвссэн. Миний хацар руу нэг удаа алгадсан. Дараа нь галын төмөр дэгээ аваад миний нуруу руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гэрээс гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 9 дүгээр хуудас),
- Гэрч Б.Дгийн “...2023 оны 04-р сарын 02-ны орой ажил дээрээ байж байхад багын найз Б.Днбаатар залгаж “бие муу байна, хүрээд ир, хоол ундгүй болчихлоо” гэхээр нь 21 цагийн үед гэрт нь очиход тэднийд тог байхгүй, Б.Днбаатар архи уучихсан согтуу байсан. Гэрийн баруун талд газар хүн унтаж байхаар нь асуухад “Р.Ж унтаж байна” гэж хэлсэн. Маргааш өглөө 08 цагийн үед сэрээд гэрийн гадаа мод хагалаад байж байтал зүс таних Ч.Б ирчихсэн. Р.Ж гэр дотор “хүүе яаж байна” гэж орилоод байсан. Ч.Б, Б.Д хоёр архи ууж байхаар нь загнаад гал түлээд сууж байтал Ч.Б Р.Жыг цээртэй үгээр хараагаад байсан. Р.Ж гарах гээд хувцастайгаа зогсож байтал Ч.Б Р.Жыг цохих гэж байгаа юм шиг ухасхийхээр нь би болиулсан. Р.Ж гэрээс дөнгөж гараад хаалга хаах үед Ч.Б араас нь гарсан. Хэсэг хугацааны дараа Р.Ж хоёр цагдаа дагуулан орж ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4567 дугаартай “хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр Р.Жын биед зүүн бугалга, тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй, дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч Ч.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, шүүгдэгч Ч.Б нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Р.Жын биед хөнгөн хохирол учруулжээ.
Шүүгдэгч Ч.Быг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.Жын биед хөнгөн хохирол учирсан ба тэрээр эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт(хавтаст хэргийн 66 дахь тал)-ийг гаргасан, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд нийт 161.000 төгрөг зарцуулсан(хавтаст хэргийн 56-57 дахь тал)-ыг шүүгдэгч Ч.Баас 2023 оны 05-р сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090020080 тоот дансанд төлж барагдуулсан(хавтаст хэргийн 69 дахь тал) байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч, өмгөөлөгч нар “хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй“ болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчмуудад нийцсэнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын саналын хүрээнд баталж, шүүгдэгч Ч.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Тиймээс шүүгдэгч Ч.Бад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бад зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.
4. Эрүүгийн дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР