Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/354

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч М.Сумъяа, шүүгдэгч Н.***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310000000389 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 52 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 03 сарын хугацаагаар хорих ялаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********ийн *********** /РД: ***********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.***********  нь 2023 оны 03 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* хотхоны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “***********” гэх кофе шопын хаалганы түгжээг эвдэн орж, кассын машинаас 285,850 төгрөгийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Н.***********: “...Зайсанд явж байгаад хогноос нэг шил архи олж уусан, тэгээд согтсон байсан, архи уух гэж тухайн кофе шоп руу орсон. Тэгээд шүүгээний тэнд цагаан цаасан боосон байсан бэлэн мөнгө байхаар нь бүгдийг нь аваад гарсан, тэгээд мөн архи авч уусан, архи ууж байсан газраа хоносон, өглөө сэрэхэд үлдсэн мөнгө алга болсон байсан, хохирол төлөөгүй байгаа, төлөх боломж одоогоор байхгүй, төлбөрийг төлнө гэж бодож байгаа. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 03 дугаар сарын 21-ний өглөө ээлж дээр гарч байсан Номундарь гэх бариста охин манай ажлын групп чат дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *********** салбарын ********-д хулгай орсон байна гэж хэлээд зураг явуулсан бөгөөд тэр дор нь цагдаа дуудаад шалгуулсан. Тэгээд касст байсан 3 өдрийн орлого болох бэлэн 285,850 төгрөг алга болсон байсан, тухайн мөнгийг цаасан дээр тэмдэглээд нөгөө цаасаараа ороогоод касст хийсэн байсан нь алга болсон байсан. ...Хаалга эвдэрсэн байсан, гэхдээ ашиглаж болно, манайх тухайн хаалганы эвдрэлийг нэхэмжлэхгүй бөгөөд цоож хэсгийг нь  наагаад ашиглаж болохоор байсан...” /хавтас хэргийн 22-23 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Л.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 14 цаг 10 минутын орчим өөрийн ажилладаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *********** төвийн 1 давхарт байрлах ********-д ирсэн, ирчхээд ажлаа хийж байгаад 22 цаг 30 минутын орчимд ажил дээрээ хамгийн сүүлд үлдэж цэвэрлэгээ үйлчилгээгээ хийчхээд ажлаа хаачхаад гарсан. 2023 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг 30 минутын орчимд хамт ажилладаг бариста охин Номундарь над руу залгаад хаалга эвдэрчихсэн байна гэж хэлээд зураг явуулахаар нь харахад цоожны хэсэг нь салчихсан бараг л онгорхой байсан. ...Би ажлаасаа гарахдаа хаалгаа сайн түгжиж гарсан түлхүүрийг хаалганы хажууд байрлах шүүгээнд түлхүүрээ үлдээсэн...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 03 дугаар сарын 20-ны орой хогийн сав ухаж яваад бүтэн шил архи олсон, нөгөөхөө газар дээр нь уугаад ухаан алдчихсан, тэгээд нэг сэрээд ухаан орсон чинь би Зайсангийн гүүрэн дээр явж байсан, тэгээд халаасаа ухахад баахан бэлэн мөнгөтэй болсон байсан, тухайн үедээ тоолоогүй ойролцоогоор 200,000 төгрөг байсан...” /хавтас хэргийн 61-62 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 05/106 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Гарын мөр №1, 2 нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэх гарын мөр №1 нь ***********ийн ***********ын баруун гарын долоовор хуруугаар дарагдсан байна.

3. Харин шинжилгээнд тэнцэх гарын мөр №2 нь ***********ийн ***********ын гарын дардастай, санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардаснуудтай, эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” /хавтас хэргийн 32-33 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал /, 

- Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 5-10 дахь тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 11-14 дэх тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 42-45 дахь тал/,

- Шүүгдэгч Н.***********ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 75 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 80-97 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Н.***********  нь 2023 оны 03 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* хотхоны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “********” гэх кофе шопын хаалганы түгжээг эвдэн орж, кассын машинаас 285,850 төгрөгийг авч  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.***********ын: “...2023 оны 03 дугаар сарын 21-ний өглөөний ээлж дээр гарч байсан Номундарь гэх бариста охин манай ажлын групп чат дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *********** салбарын ********-д хулгай орсон байна гэж хэлээд зураг явуулсан бөгөөд тэр дор нь цагдаа дуудаад шалгуулсан. Тэгээд касст байсан 3 өдрийн орлого болох бэлэн 285,850 төгрөг алга болсон байсан...” /хавтас хэргийн 22-23 дахь тал/ гэсэн,

Гэрч Л.***********ийн: “...2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 14 цаг 10 минутын орчимд өөрийн ажилладаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *********** төвийн 1 давхарт байрлах “********”-д ирсэн, ирчхээд ажлаа хийж байгаад 22 цаг 30 минутын орчимд ажил дээрээ хамгийн сүүлд үлдэж цэвэрлэгээ үйлчилгээгээ хийчхээд ажлаа хаачхаад гарсан. 2023 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг 30 минутын орчимд хамт ажилладаг бариста охин Номундарь над руу залгаад хаалга эвдэрчихсэн байна гэж хэлээд зураг явуулахаар нь харахад цоожны хэсэг нь салчихсан, бараг л онгорхой байсан. ...Би ажлаасаа гарахдаа хаалгаа сайн түгжиж гарсан, түлхүүрийг хаалганы хажууд байрлах шүүгээнд түлхүүрээ үлдээсэн...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Н.***********ын: “...2023 оны 03 дугаар сарын 20-ны орой хогийн сав ухаж яваад хогийн цэгээс бүтэн шил архи олсон, нөгөөхөө газар дээр нь уугаад ухаан алдчихсан, тэгээд нэг сэрээд ухаан орсон чинь би Зайсангийн гүүрэн дээр явж байсан, тэгээд халаасаа ухахад баахан бэлэн мөнгөтэй болсон байсан, тухайн үедээ тоолоогүй ойролцоогоор 200,000 төгрөг байсан...” /хавтас хэргийн 61-62 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны өдрийн 05/106 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Гарын мөр №1, 2 нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх гарын мөр №1 нь ***********ийн ***********ын баруун гарын долоовор хуруугаар дарагдсан байна...” /хавтас хэргийн 32-33 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 5-10 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 11-14 дэх тал/ зэрэг хэрэг авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно. Энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.*********** нь 2023 оны 03 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалт бүхийн “Каппэ бене” кофе шопын цоожийг эвдэн нэвтэрч кассын машинд байсан бэлэн мөнгийг авсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Н.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Н.*********** гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Н.***********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.***********ын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч “*********** Монголиа” ХХК-ийн эд хөрөнгөд 285,850 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2310000000389 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.***********ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

   Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ***********ийн ***********ын 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.***********д шийтгэсэн 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.***********ын цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.***********аас 285,850 /хоёр зуун наян таван мянга найман зуун тавь/ төгрөг  гаргуулж, хохирогч “*********** Монголиа” ХХК /***********, ***********, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 18 дугаар хороо, Хүннү 2222, “*********** Монголиа”/-д олгосугай.

 

6. Эрүүгийн 2310000000389 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.***********ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.***********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.***********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР