Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 118/ШШ2021/0038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Эрдэнэцогийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Алдархаан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Алдархаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Эрдэнэцог, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга Ю.Дэлгэрнасан, хариуцагчийн өмгөөлөгч О.Мөнхболд, гуравдагч этгээд Төмөрхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Эрдэнэцог шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2020 оны 12 сарын 14-нд Алдархаан сумын Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ю. Дэлгэрнасан нь 2021 оны 04 сарын 07-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар намайг сумын Хурлын дахин сонгуулийг товлон зарлаж, зохион байгуулах үүргээ биелүүлээгүй... хэмээн төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулахаар хууль бус захирамж гаргасан... Миний бие 2016 оны орон нутгийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хорооны даргаар ажилласан. Энэ хугацаанд манай сумд орон нутгийн сонгуулийн дүн баталгаажсан боловч сумын Хурал анхдугаар хуралдаанаа хийж чадаагүй учраас тарсан. Энэ дагуу би 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар тогтоолыг гаргаад дахин сонгуулийг зарласан боловч уг тогтоол дээр Монгол Ардын намаас нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр яваад 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хяналтын шатны шүүхээс дахин сонгууль зарлах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Энэ хугацаанд би сонгуулийн хорооны даргаар ажиллаад, манай сонгуулийн хороог татан буулгаагүй ажиллаж байтал 2017 онд ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахтай холбоотойгоор миний хэрэглэж байсан Алдархаан сумын сонгуулийн хорооны бүх тамга, тэмдгийг аймгийн Иргэдийн Хурал хурааж авснаар манай сонгуулийн хорооны үйл ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон. Энэ үйл явдал нь манай сонгуулийн хороо тамга тэмдгээ хураалгаад, дараагийн сонгуулийн хороонд шилжүүлэн өгсөн, энэ сонгуулийн хороо нь бидэнд тамга тэмдгийг буцааж өгөлгүйгээр аймгийн Хуралд өгснөөр бидний үйл ажиллагаа алдагдсан. Ингээд байж байтал 2018 оны 4 сард Монгол Ардын намаас манай сонгуулийн хороог дахин сонгуулийг зарлахгүй байна гэдэг үндэслэлээр шүүхэд дахин маргаан үүсгэсэн. Энэ асуудал шүүхээр явсаар дахин сонгуулийг зарлах нь зүйтэй гэсэн шийдвэр 2019 оны 12 сард эцэслэн гарсан. Дахин сонгууль зарлах асуудлыг дан ганц Алдархаан сумын сонгуулийн хороонд даалгаагүй, Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн хариуцагчаар орж дахин сонгууль зарлахад шаардагдах төсөв мөнгийг баталж өгөх, дахин сонгуулийн товыг зарлах, бэлтгэл ажлыг хангуулах үүрэгтэй орсон. Манай сонгуулийн хороо сумын иргэдийн Хурал төсөв мөнгөө гаргаад өгсөн бол дахин сонгуулийг зарлах бүрэн боломжтой байсан... Миний тухайд мөн 2020 онд Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хорооны даргаар ажилласан. 2020 он гарснаар ээлжит сонгуулийн жил давхацсан учраас дахин сонгуулийг зарлах асуудал хууль эрх зүйн хувьд боломжгүй болсон. Энэ шалтгаан нөхцөл нь тухайн 2016 онд болсон үйл явдалтай уялдаад сумын Хурал өөрөө төсвөө батлаад, үүний үндсэн дээр бид дахин сонгуулийг зарлаж явуулах хууль эрх зүйн орчин мөрдөгдөж байгаад, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүчингүй болоод, шинэ хууль батлагдаад эрх зүйн орчин эргэлзээтэй байдалд орсон байдаг. 2019 онд Шийдвэр гүйцэтгэх газраас дахин сонгуулийг зарлахтай холбоотойгоор удаа дараа мэдэгдэл ирүүлж байсан. Бид тухай бүрд нь ийм ийм шалтгааны улмаас дахин сонгуулийг зарлах боломжгүй байна гэдэг талаараа Тамгын газрын даргын албан бичгээр хүргүүлж байсан... дахин сонгуулийг зарлаж явуулаагүй учраас зохих албан тушаалтанд хариуцлага тооцуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сонгуулийн ерөнхий хороо болон аймгийн Засаг даргад албан бичиг явуулж байсан юм байна лээ. Тухайн бичигт тухайн сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай бичиг байсан боловч энэ бичгийг үндэслээд тухайн үеийн сонгуулийн хорооны даргын үүргийг гүйцэтгэж байсан Тамгын газрын дарга над дээр хариуцлага тооцож 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-г үндэслээд төрийн албанд 3 жилийн хугацаанд орох эрхгүйгээр намайг ажлаас халсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичигт хариуцлага тооцох асуудлыг тухайн сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа нийт төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор байтал зөвхөн над дээр хариуцлага тооцсон. Сонгуулийн байгууллага гэдэг бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Сонгуулийн хорооны дарга бол хамтаараа шийдсэн шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулдаг хуультай. Хамтаараа гаргасан шийдвэрийг зөрчиж би гарын үсэг зурах ёсгүй. Үнэхээр хариуцлага тооцох байсан бол сонгуулийн хороонд ажилласан төрийн албан хаагч ...нарт бүгдэд нь тооцох ёстой боловч ямар нэг хариуцлага тооцоогүй. Ажлаа хийгээд явж байгаа. Тухайн сонгуулийн хороонд ажиллаж байсан алба хаагч нарт хариуцлага тооцох тухай албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас аймгийн Засаг дарга болон Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөлд 2020 оны 08 сард ирүүлснийг 09 сарын 22-нд аймгийн Засаг дарга Батсайхан сумын Засаг дарга Тойвгоод хүргүүлсэн байдаг. Тухайн үед сумын Засаг дарга Тойвгоо надад энэ бичгийг танилцуулж байсан. Би дахин сонгуулийг зарлан явуулах боломжгүй байсан учир шалтгааныг тайлбарлаад, 2018 онд 30,1 сая төгрөг, 2019 онд 40,2 сая төгрөгийн тооцоо гаргаж байсан тухайгаа хэлсэн. Мөн 2020 он бол орон нутгийн ээлжит сонгуулийн товыг зарласан байсан учраас сумын дахин сонгуулийг зарлах боломжгүй ийм нөхцөл байдалтай байна гэдэг байдлаар танилцуулсан. Тэгэхэд Засаг дарга Тойвгоо дахин сонгуулийг зарлах асуудал ганц Эрдэнэцог гэдэг хүнээс хамаараагүй юм байна гээд хариуцлага тооцоогүй. Төрийн албаны тухай хуульд зааснаар сахилгын шийтгэлийг үйл явдал болсноос хойш 12 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын дотор арга хэмжээ аваагүй бол тухайн зөрчилд нөхөн арга хэмжээ тооцох боломжгүй байгаа...Миний хувьд Төрийн албаны тухай хууль тогтоомжийг уландаа гишгэсэн, хүнд суртал гаргасан зүйл байхгүй. Тухайн үед зөвхөн Эрдэнэцог гэдэг хүнээс хамаарч дахин сонгуулийг зарлах үйл ажиллагаа хойшилсон гэж ойлговол өрөөсгөл болно... Манай Сонгуулийн хороо 2017 онд 2 удаа, 2018 онд 1 удаа хуралдсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 2019, 2020 онуудад тамга тэмдэг байхгүй учраас хуралдаан хийгээгүй... Сонгуулийн хорооны дарга бол сонгуулийн хорооноос гаргасан шийдвэрийг л баталгаажуулж гарын үсэг зурж, тамга дардаг үүрэгтэй. Тэгэхээр Дэлгэрнасан даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны шийдвэр үндэслэлгүй юм гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10-т зааснаар арга хэмжээ авсан байгаа. Энэ арга хэмжээг энэ хууль батлагдахаас өмнө гарсан зөрчил дээр арга хэмжээ авсан ноцтой зөрчил гаргасан байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хүчингүй болсон хуулийн үед үйлдэгдсэн зөрчлийг дараа нь мөрдөгдөж эхэлсэн хуулиар шийтгэл ногдуулсан байна гэж үзэж байгаа. Өмнөх сонгуулийн тухай хууль 2015 онд батлагдаж байсан. Харин 2020 оны 01 дүгээр сарын 31-нд мөрдөгдсөн сонгуулийн хууль нь өмнөх 2015 оны хуульд заагдсан 18 бүлгийг тасалж аваад тусад нь бие даасан хууль болгосон. Сонгуулийн жилийн өмнөх жил болгон сонгуулийн хууль өөрчлөгдөж байгаа ийм нөхцөл байдал харагдаж байгаа. Нэхэмжлэгчийг 3 жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсныг мөн үндэслэлгүй гэж үзэж байна. Ингэж сахилгын сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх боломжтой, мөн сахилгын шийтгэл ногдуулах журмын дагуу арга хэмжээ авах талаар Төрийн албаны тухай хуульд заасан байгаа. Тэгэхээр сахилгын шийтгэл ногдуулах журмаар бол эхлээд зөрчил мөн эсэхийг тогтооно, шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн хийсэн байх, тайлбар мэдүүлэг авсан, оролцогчид танилцуулсан байх ёстой. Мөн үндсэн агуулгын хувьд Төрийн албаны тухай хуулийн 34, 35, 76 дугаар зүйлд зааснаар уг сахилгын шийтгэлийг төрийн албанд орохдоо хуурамч нотлох баримт бүрдүүлсэн бол, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тохиолдолд Төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр шийтгэл ногдуулах боломжтой байгаа. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй гэдэг нь төрийн албан хаагч хүн ажилтныг чөлөөлөөд буцаагаад шүүхийн шийдвэрээр тухайн ажилтныг ажилд нь авахгүй байгаа, эсхүл үндэслэлгүйгээр удаа дараа тухайн ажилтныг чөлөөлж байгаа тохиолдолд Төрийн албаны зөвлөлөөс тухайн албан тушаалтныг томилсон албан тушаалтан руу Төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халахыг мэдэгдэх ийм хуулийн зохицуулалт байгаа. Энэ бол Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх асуудал. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс ямар нэг байдлаар Алдархаан сумын Засаг даргад ийм бичиг ирсэн зүйл байдаггүй. Хэдийгээр хэрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг байгаа боловч уг албан бичгээр Эрдэнэцогийг ажлаас нь чөлөөлөх боломжгүй. Өөрөөр хэлбэл энэ нь Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг ногдуулах уг журамд хамаарахгүй байна. Төрийн албан хаагчийн үндсэн баталгаа нь Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлийн дагуу чөлөөлөгдөхөөс бусад тохиолдолд чөлөөлөгдөхгүй гэдэг нийгмийн баталгаа байгаа. Үүнийг зөрчсөн...Хариуцагч талаас нэхэмжлэгчийг шинэ хуульд заагдсан зүйлүүдийг биелүүлэх ёстой гэж тайлбарлаж байна. Үүнийг боломжгүй гэж үзэж байна. Учир нь энэ сонгуулийн хороо хэзээ байгуулагдсан билээ, тухайн үед ямар хууль үйлчилж байсан билээ гэдэг нь хэрэгт ач холбогдолтой. 2015 оны хууль үйлчилж байхад 2016 оны сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор тус сонгуулийн хороо байгуулагдсан. Гэтэл дараагийн ээлжит сонгуулийн буюу 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн, батлагдсан хуулийн зүйл заалтаар энэ хүнд хариуцлага тооцох боломжгүй. Мөн хариуцагч тал 2021 оны 06 дугаар сарын 21-нд сонгуулийг явуулах ёстой байсан гэж байна. Тэгвэл сонгуулийг зарлан явуулахаас өмнө сонгуулийн төсвийн асуудлыг шийдсэн байх ёстой. Энэ асуудал нь өмнөх 2015 оны Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар бүлгийн 38 дугаар зүйлийн 38.1-д сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслээд Улсын Их хурал тухайн жил бүр батална, нөхөн сонгуультай холбоотой зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх буюу иргэдийн Хурал өөрөө санхүүжүүлэх заалттай байгаа. Харин шинэ хууль буюу 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон сонгуулийн хуулийн 10 дугаар зүйлд Улсын Их Хурлаас баталсан орон нутгийн ээлжит бус сонгууль, ээлжит болон нөхөн, дахин сонгуультай холбоотой гарах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана гэсэн заалттай. Тэгэхээр нэхэмжлэгчид шинэ хуулиар арга хэмжээ авсан. Гэтэл сонгууль зохион байгуулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргасан байж сонгуулиа зохион байгуулахаар байна. Үндсэндээ хүчингүй болсон хуулийн үед болсон үйл явдалд ирээдүйд бий болсон хуулиар арга хэмжээ тооцоод байна. Тэгээд Сонгуулийн хороо нь ч яагаад үүнийг анхаардаггүй юм. Шүүхийн шийдвэрээс ирсэн албан бичгийг тэр чигээр нь хуулаад Сонгуулийн ерөнхий хорооноос аймгийн Засаг даргад явуулсан ийм нөхцөл байдал харагдаж байна. Төрийн албаны хууль дээдлэх зарчмын шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сонгуулийн хорооноос ирж байгаа албан бичгийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа бол энэ хүнийг томилох эрх бүхий албан тушаалтны зүгээс нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоох, танилцуулж тайлбар авах, холбогдох ажиллагааг хийх ёстой байсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийн дагуу арга хэмжээ авсан боловч буцаад өөрт чинь үр дагавар үүсгэдэг учраас захиргааны байгууллага албан тушаалтны хувьд хуулийн зүйл заалтаа зөв барьж зөв шийдвэрлэх шаардлагатай. Нэхэмжлэл дээр бичсэнчлэн 2015 оны Сонгуулийн тухай хууль, 2020 оны сонгуулийн хуулийг харьцуулсан хүснэгтэд хуулийн үйлчлэх цаг хугацаа, журам, сонгууль товлон зарлах хугацаа, сонгуулийн төсөв мөнгө, санхүүжилт гээд бүх зүйл нь өөр байгаа. Өөр өөрөөр заасан байхад ингэж тайлбарлах боломжгүй. Миний бодлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ хэргийг хаах ёстой. Хууль нь хүчингүй болсон учраас шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэсэн ойлголт байхгүй... шинэ хууль гараад хэрэгжээд эхэлсэн байхад хуучин хуулиар сонгууль явуулбал шинэ хуулийн бүх зүйл заалтыг зөрчихөөр байна. Мөн сумд 2 сонгууль зэрэг явагдахаар байна. Тэгэхээр энэ нь үндэслэл бүхий нөхцөл байдал болох уу гэдэг нь эргэлзээтэй байна...гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Эрдэнэцогийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг үндэслэлтэй хуулийн дагуу гаргасан. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Сонгуулийн ерөнхий хорооны албан тоотод тодорхой тусгасан... Анхнаасаа энэ асуудал тодорхой зүйл байсан. Нэгдүгээрт, би шүүхийн шийдвэр биелүүлсэн. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг хоёр албан тушаалтны хоорондын асуудал биш. Энэ бол сумын ард иргэдийн сонгох, сонгогдох эрхийн тухай асуудал. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа зүйлүүдээс харахад хуулийг өөрт ашигтай байдлаар маш сайн судалж тайлбарлаж байна. Нөгөө талаар бусад хуулиудыг уландаа гишгэж тайлбарлах, өөрт ашигтай байдлаар тайлбарлах нь төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан хүний хувьд байж болшгүй зүйл юм. Дахин сонгуулийн асуудал маш удаан үргэлжилсэн. Шүүхээр маш олон удаа явсан гэдгийг бүгд сайн мэдэж байгаа. Би Эрдэнэцогд шууд арга хэмжээ авсан асуудал биш, арга хэмжээ авахаас өмнө олон удаа уулзаж ярилцсан. Мөн өөр боломж олгосон. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас та нар хоорондоо учраа олох боломж байхгүй юм уу гэж хэлж байсан учраас би Эрдэнэцогийг Тамгын газрын даргаар ажиллаж байх үед нь дотоод хяналтын ажилтны ажлын байранд ажиллах боломж байна, ажиллах уу гэхэд би хурлын нарийн бичгээр ажилламаар байна гэсэн. Гэтэл сумын Хурал гэдэг бол өөрөө тусдаа бие даасан статустай байгууллага учраас би Эрдэнэцогийг Хурлын нарийн бичгээр ажиллуулах боломжгүй байсан учраас тэр саналыг нь биелүүлэх боломжгүй байгааг тухайн үед Эрдэнэцогд хэлж байсан. Тэгээд өөр ажлын санал тавихаар би бодож байгаад хариу өгье гэдэг байсан. Дээр нь бүх зүйлийг харж байхад ийм асуудал зөвхөн өнөөдөр ч биш намайг сумын Засаг даргын ажлыг хийхээс өмнө намын ажлыг хийж байх үеэс өнөөдрийг хүртэл харж байхад манай сум хуулийг яаж гуйвуулж, ашиглаж болдгийг нэгд нэгэнгүй харуулсан. Хуулийг анхнаас нь санаатайгаар зөрчдөг, санаатайгаар зохион байгуулдаг, төр нам хоёр нь нэг болчихдог гэдгийг олон удаагийн үйлдэл харуулсан. Би эцсийн дүнд шүүхийн шийдвэр биелүүлсэн. Мөн Алдархаан сумд хуулийг хэрэгжүүлдэг байя гэдэг үүднээс ийм шийдвэр гаргасан. Төсөв мөнгөний тухайд Эрдэнэцогийн ойрын хамаатны хүн сумын иргэдийн Хурлын дарга хийж байсан. Ер нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргаж байгаа тайлбар, хандаж байгаа хандлага нь ч гэсэн санаатайгаар зөрчил үйлдсэн. Анхнаасаа нэр хүнд бүх юмаараа гутаан доромжлуулаад явж байгаа хүний хувьд би бүх зүйлийг мэдэж байна. Гэхдээ энэ асуудлыг яагаад ярихгүй байгааг хуулийн хүмүүс мэдэж байгаа байх. Энд Дэлгэрнасан, Эрдэнэцог гэх мэт 5, 10-н хүний асуудал яригдаагүй. Бүхэл бүтэн сумын иргэдийн асуудал яригддаг. Дээр нь маш ноцтой зүйл нь хуулийг зөрчиж болно, гуйвуулж болно гэдэг байдлаар зөрчил үйлддэг цөөн хэдэн хүн байна. Ийм зүйлүүд байгаа учраас би хуулийг хэрэгжүүлж хуулийн дагуу хуульд захирагдаж арга хэмжээ авсан. 3 шатны шүүхээр явж байхад давж заалдах шатны шүүх хурал дээр мөнгөний тухай асуудал ярихад шүүгч нар хариуцагч нараас ...танай сумд хүний эрхээс илүү давсан мөнгө эрх ашиг гэж байна уу? гэж маш тодорхой асуусан. Дээр нь та хоёр сумдаа хуулийг хэрэгжүүлэх хамгийн том субъект байна. Та хоёр хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжүүлэх, сурталчлах, танилцуулах ёстой гэж хэлж байсан. Хөрөнгө мөнгөний асуудал яригдахад тухайн онд манай сумд татварын орлогоос гадна жишээ нь агнуурын орлогоос 25 сая төгрөг орсон байдаг. Энэ байдал тухайн шүүх хурал дээр яригдаж байсан. Тэгэхээр сая нэхэмжлэгч үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Би нэхэмжлэгчтэй нэг байгууллагад, нэг хаалганы наана цаана сууж байгаа мөртлөө ойлголцохгүй байсан. Энэ асуудлыг ялих ялихгүй жижиг шалтгаан гаргаж ирж нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Гэхдээ ийм жижиг шалтгаан гаргаж асуудалд хандах юм уу Энэ нөхцөл байдлаас сум орон нутгийн иргэдэд хуулийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагагүй юм гэсэн хандлага төрж байгаа учраас хуулийг хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр ийм шийдвэр гаргасан... Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалаас харсан байх. Үүнийг энгийн хүн харсан ч ойлгохоор байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн нэг ажиллагаа дээр Эрдэнэцог болон тухайн үед сумын Хурлын даргаар ажиллаж байсан Ууганбаяр хоёр надтай тохиролцъё, бидний буруу юм гэхдээ нэгэнт ийм зүйл болсон учраас өнгөрөөгөөд өгөөч гэх ухааны утга агуулгатай хувийн чанартай зүйл ярьж байсан. Тухайн үед болон нэхэмжлэл гаргахаас өмнөх бүх цаг хугацаанд нэхэмжлэгч нь буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байсан олон үйлдлүүд байгаа. Мөн шинэ хуучин хуулийн тухайд зөрүүтэй тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа Засгийн газрын нөөц сангаас сонгуулийн зардал шийдвэрлэх асуудал огт хамаагүй. Учир нь нэхэмжлэгч тухайн сонгуулийг зөвхөн зарлах л үүрэгтэй байсан. Эрдэнэцогтой олон удаагийн үйл ажиллагаанд явж байхад нэхэмжлэгч нь намын үйл ажиллагааг маш сайн мэддэг хүн. Тэгэхээр санаатайгаар хийсэн зөрчсөн үйлдэл гэж харж байгаа... гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд Алдархаан сумын сонгуультай холбоотой маргаан дээр би хариуцагч Дэлгэрнасантай хамт ажиллаж байсан. Энэ маргааны гол үндэслэл нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолоор санал хураалтыг дүнг хүчингүй болгосон Алдархаан сумын сонгуулийн хорооны тогтоол байгаа. Энэ тогтоолын нэг дэх заалтаар 2016 оны ээлжит сонгуулийн дүнг бүхэлд нь хүчингүй болгосон. 2 дахь заалтаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох дахин сонгуулийг товлон зарлахыг Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар зарлахыг сумын сонгуулийн хорооны дарга Эрдэнэцогт даалгасан. Гэтэл энэ шийдвэрээ захиргааны байгууллага, сумын сонгуулийн хороо өөрөө биелүүлээгүй одоо 5 жил болж байна. Энэ асуудал шүүхээр яваад хяналтын шатны шүүхээс дахин сонгуулийг зарлах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Ийм учраас тогтоолын хоёр дахь хэсгийг биелүүлээсэй гэж 2017, 2018, 2019 онд харсан. Тэгээд болохгүй болохоор нь тогтоолынхоо хоёр дахь хэсгийг биелүүлээч, дахин сонгууль зарлаач гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэгээд 3 шатны шүүхээр шийдэгдээд дээд шүүхийн 2019 оны 308 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж гарсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д захиргааны хэргийн шүүхээс гаргасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Монгол Улсын иргэн, захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэг хүлээсэн. Энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй. Нэгэнт 2016 онд байгуулсан сумын сонгуулийн хороог татан буулгах шийдвэр гараагүй учраас Эрдэнэцогийн сонгуулийн хорооны дарга гэх үүрэг үргэлжилж байгаа. Сонгуулийн хорооны дарга дахин сонгуулийг зарлах үүргээ биелүүлээгүй учраас түүнд арга хэмжээ авсан нь хариуцагчийн зөв. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, хуулийг хэрэгжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас мөнгөний асуудал ярьж байна. Ер нь ядуу буурай орон ч бай эдийн засгийн хямралтай байгаа орон ч бай яагаад сонгуулиа хийдэг гэхээр ардчилсан тогтолцооны гол үнэт зүйл болох ард иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хамгаалахын тулд мөнгөтэй ч бай мөнгөгүй ч бай сонгуулиа хийдэг. Монгол Улсын хувьд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг заасан. Тухайлбал, 16 дугаар зүйлийн 16.9-д шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй, Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч Эрдэнэцог нь сумын сонгуулийн хорооны дарга мөртлөө Алдархаан сумын иргэдийн сонгох, сонгогдох эрхийг уландаа гишгэж шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй 4 жил болсон. Ингээд явж байтал 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөн. Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д орон нутгийн сонгуулийн нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 06 дугаар сарын 3 дахь 7 хоногийн ням гаригт нэгдсэн журмаар зохион байгуулж явуулна гэж заасан. Ээлжит сонгуулийн жилд дахин сонгууль явуулахыг хориглоно гэсэн заалт байхгүй. Тийм учраас 2020 онд ээлжит сонгууль явагдах байсан ч календарийн хоногоор 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Алдархаан сумын хэмжээнд дахин сонгуулийг сумын сонгуулийн хорооны дарга Эрдэнэцог явуулах ёстой байсан. Мөн дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10-д заасан зохицуулалтаар бол дахин сонгуулийг сонгууль явагдах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлах ёстой байсан. Тэгэхээр энэ 70 хоногийн хугацааг тооцож үзвэл 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин сонгуулийн товыг зарлах ёстой байсан байна. Гэтэл сумын сонгуулийн хороо энэ үүргээ биелүүлээгүй, энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Үүргээ биелүүлээгүй бол хариуцлагын асуудал яригдана. Тэгэхээр Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13-т 9.10-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т зааснаар төрийн албанаас хална гэж заасан. Хүлээлгэх хариуцлагыг хуулиар тодорхойлоод өгчихсөн. Нэхэмжлэгч Эрдэнэцог бол төрийн захиргааны албан хаагчаар олон жил ажилласан. Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн албан хаагчийн тангараг бол эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлнэ, тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ гэж заасан. Тэгэхээр үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн зөрчил гаргасан хугацааны талаар ярьж байна. Нэхэмжлэгчийн эс үйлдэхүй 2016 оны 17 дугаар тогтоолоос эхтэй ч гэсэн шүүхийн шатны эцсийн шийдвэр 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гарсан. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх хамгийн эцсийн хугацаа 2020 оны 06 сарын 21-ний өдөр байсан. Тэгэхээр энэ хугацаанаас тооцож үзэхэд 12 сарын хугацаа өнгөрөөгүй байна. Тийм учраас хариуцагч Засаг даргын захирамж нь өөрөө хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан гэж үзэж байна... Хуучин болон шинэ хуульд сумын сонгуулийн хороо сонгуулийн зардал, төсөв мөнгийг батлах ямар ч шаардлага байхгүй. Чиг үүрэг нь зөвхөн сонгуулийн тов зарлах ёстой байсан. Өмнөх хуулиар сонгуулийн зардлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар байгаа. Шинэ хуулийн 17 дугаар зүйлд Улсын Их Хурлаас баталсан орон нутгийн хурлын ээлжит, нөхөн, дахин сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана гэж заасан байгаа. Төсөв санхүү бол сумын сонгуулийн хороотой ямар ч хамааралгүй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байна... 2016 онд байгуулагдсан сумын сонгуулийн хороо 2020 оны сонгуулийн хуулийг баримтлахгүй гэх тайлбар ямар ч үндэслэлгүй. Улсын дээд шүүхийн 2019 оны 308 дугаар тогтоолыг барих ёстой. Хэдийгээр энэ тогтоолыг гарах үед 2015 оны хууль үйлчилж байсан боловч 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс сонгуулийн шинэ хууль мөрдөгдсөн. Үүнийг зайлшгүй баримтлах ёстой... Дахин сонгууль зарлахгүй байгаа нь өөрөө иргэдийн сонгох, сонгогдох эрх, ардчилсан ёс, хууль дээдлэх ёсыг ноцтой зөрчиж байна гэдгийг шүүх анхаарах, мөн дээрээс нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиудаар хамгаалагдсан иргэдийн сонгох, сонгогдох эрх, төрийн үйл ажиллагааны ардчилсан ёс, хууль ёсны байх зарчим нь илүү хамгаалагдах ёстой эрх зүйт төрийн үнэт зүйл болохыг Улсын дээд шүүх шийдвэртээ онцгойлон дурдсан байна. Гэтэл насаараа төрийн албанд ажилласан хүнийг шууд халсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Тэгвэл насаараа төрийн албанд ажиллачхаад нэхэмжлэгч хуулийг дээдэлж ажиллаагүй байна. Эрх зүйт төртэй ардчилсан орны хувьд иргэний сонгох, сонгогдох эрхийг заавал баталгаатай эдлүүлэх ёстой. Сумын сонгуулийн хороо өөрсдөө дахин сонгууль явуулах тухай 17 дугаар тогтоол гаргасан боловч өөрсдөө тогтоолоо биелүүлээгүй, Улсын Дээд Шүүхээс дахин сонгуулийг зарлан явуулах тогтоол гарсан байхад ч биелүүлээгүй... иргэд сонгогчдын сонгох, сонгогдох эрхийг уландаа гишгэсэн төрийн албан хаагчийг ажлаас нь халахаас өөр ямар арга зам байгаа юм бэ? Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол хариуцлагаа хүлээх ёстой. Үүнийг хэрэгжүүлсэн сумын Засаг даргыг буруутгах үндэслэл байхгүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн надад сахилгын шийтгэл ногдуулсан, сонгуулийн хорооны бусад гишүүдэд сахилгын ямар нэг арга хэмжээ аваагүй гэж байна. Тэгэхээр бусад албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулахгүй байгаа нь өөрөө маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс асуулт хариултын шатанд хэлэхдээ 2019, 2020 онд сумын сонгуулийн хороо тамга тэмдэг байхгүй учраас хуралдаагүй гэж хэлсэн. Гэтэл 2019, 2020 онд шүүхийн шийдвэр гарсан, түүнийг биелүүлэх ёстой байсан. Сумын сонгуулийн хорооны дарга гэдэг нь ямар албан тушаал вэ? гэхээр сонгуулийн хорооны дарга өөрөө гишүүдээ цуглуулаад, хурлаа хийгээд тэмдэглэл үйлдээд асуудлаа танилцуулаад гишүүдээр хэлэлцүүлэх ёстой байсан. Энэ ажиллагааг хийгээгүй ...Шүүхийн эцсийн шийдвэр 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гарсан. Үүнээс хойш 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 2015 оны хуулиар, үүнээс хойш шинэ хуулиар шийдвэрлэнэ. Шинэ хуульд юу гэж заасан гэхээр дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын 3 дахь 7 хоногийн ням гарагт зарлахаар байгаа. Тийм учраас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дахин сонгуулийг заавал зарлан явуулах ёстой байсан байна. Сонгуулийн товыг 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зарлах ёстой байсан байна. 2020 оны сонгуулийн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 9.9, 9.10-г зөрчсөн байна. Хуулиа зөрчсөн бол 9.13-д заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг сумын сонгуулийн хорооны бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед ажлаас халсан нь хууль бус байна гэсэн агуулгатай зүйл ярьж байна. 2020 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт сонгуулийн хорооны бүрэн эрх гэдэг зүйлийг тодорхойлж өгсөн. Тэр нь байгуулагдсан цагаасаа хойш сумын сонгуулийн хороо нь сонгуулиа явуулаад, сонгуулийн дүнгээ гаргаад, нийтэд мэдэгдэх хүртэл хугацаанд бүрэн эрх хэрэгжиж байна гэж үзэхээр байна. Дараа нь үүссэн маргаан дээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа зүйл биш. Энэ бол захиргааны байгууллага албан тушаалтан гаргасан шийдвэрээ хамгаалж байгаа асуудал. Тийм учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад нь ажлаас халсан байна гэх тайлбар үндэслэлгүй байна. Эцэст нь хэлэхэд энэ бол 2020 оны сонгуультай холбоотой асуудлаар биш, 2016 оны сонгуультай холбоотой гаргасан захиргааны актын маргаан юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д заасан хугацааны дотор актыг гаргасан. Эрдэнэцогд сахилгын шийтгэл ногдуулах эцсийн хугацаа өнгөрөөгүй учраас сахилгын шийтгэл ногдуулсан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй" 23,2-д заасан Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэсэн заалтын дагуу ажиллагаа хийгдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас томилох гэсэн заалтын дагуу томилох эрх бүхий албан тушаалтнаас тавьсан саналын дагуу тамгын газрын даргын албан тушаалын тавигдах шаардлагад нийцэж байсан тул тухайн саналыг хүлээн зөвшөөрч миний бие 2021 оны 4 сарын 8-аас эхлэн тухайн албан тушаалд тавигдаж ажиллаж байна. Иймд Монгол улсын нэрийн өмнөөс гаргасан шийдвэрийг биелүүлэх нь хүн бүрийн үүрэг учраас тухай бүр гарсан шийдвэрүүдэд итгэж тухайн ажилд орсон нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхол Эрдэнэцогийн эрхээр хязгаарлагдахгүй гэдэгт итгэж байна... Алдархаан сумын 2016 оны орон нутгийн сонгуулийг дахин явуулах шийдвэр бол аль эрт гараад 3 шатны шүүхээр яваад цэгцэрсэн гэж ойлгож байна. Тухайн 2015 онд мөрдөгдөж байсан Сонгуулийн тухай хууль болон 2020 оноос хэрэгжсэн сонгуулийн хуулиудад аль алинд нь сонгуулийн хуулийг зөрчсөн албан хаагчид сахилгын арга хэмжээ хүлээнэ гэж заасан байгаа. 2015 оны Сонгуулийн тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-т Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. 2020 оноос хэрэгжиж байгаа сонгуулийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д төрийн албанаас хална гэж орж ирсэн учраас маргах зүйл байхгүй юм шиг санагдаж байна. Мөн Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг иргэн бүр, албан тушаалтан бүр, хуулийн этгээд бүр биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг иргэн, албан тушаалтнаас гадна түүний эрх залгамжлагч заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.3-т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол оногдуулах арга хэмжээ болон хариуцлагын талаар заасан. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх газраас маш олон удаа албан бичгүүд ирсэн байна лээ. Мөн зарлан дуудах хуудас хүртэл ирүүлсэн байна лээ. Ингээд байхад яагаад тоохгүй яваад байсан юм бол гэж бодож байлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй захиргааны байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах, шүүхийн шийдвэрийг биелэлтийг хангах арга хэмжээ авахыг даалгасан мэдэгдэл хүргүүлнэ гэж заасны дагуу аймгийн Засаг дарга, Сонгуулийн ерөнхий хороо гэх мэт байгууллагуудад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хандсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д бүх шатны Засаг дарга захиргааны хариуцлагыг захиргааны хэргийн талаар шүүхийн шийдвэрийн биелэлтэд хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж заасны дагуу Засаг дарга энэ арга хэмжээг авсныг би зөв байсан гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс ирүүлсэн албан бичгүүдэд тухайн шийдвэрийг биелүүлээгүй бол хүлээлгэх хариуцлагыг сануулсан байсан. Энэ албан бичгүүдтэй нэхэмжлэгч тухай бүр нь танилцаж байсан байдаг. Тухайлбал, 2021 оны 03 дугаар сарын 03-нд шийдвэр гүйцэтгэгчтэй ярилцсан ярилцлага тайлбартаа ямар ч арга хэмжээ авсан хүлээж авахад бэлэн байна гэж хүлээн зөвшөөрсөн байсан. Тэгэхээр энэ асуудал 2016 оноос хойш 5 жил явсан, нэхэмжлэгч хариуцлага хүлээхээ мэдсээр байж олон мянган сонгогчдын эрх ашгийг зөрчиж хуулийг уландаа гишгэчхээд өнөөдөр зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодоод нэхэмжлэл гаргаад сууж байгаа нь төрийн албан хаагчийн хувьд ёс зүйгүй байна гэж үзэж байна... шүүхийн шийдвэрийг биелүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хангаж Засаг даргын гаргасан захиргааны актыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Гэрч Ч.Тойвгоо шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 16-ныг өдрийг дуустал сумын Засаг даргаар ажиллаж байсан... манай сумын тухайд 2016 оны орон нутгийн сонгуулиас хойш шүүхэд хандсан, шүүхийн маргаан нэлээд гарсан. Тэгээд тухайн үеийн орон нутгийн сонгуулийг дахин хийлгэх талаар шүүхийн шийдвэр гарсныг мэдэж байсан. Тухайн дахин сонгууль зарлахтай холбоотой асуудлаар намайг Засаг дарга болсноос хойш иргэдийн Хурлаар дамжаад шийдвэр гүйцэтгэх газраас нэлээд олон удаа албан бичиг ирсэн. Дээр нь намайг байх хугацаанд сумын иргэдийн Хурал 2-3 удаа ээлжит хуралдаан зарлаж хуралдсан. Тухайн хурлуудад Тамгын даргаар ажиллаж байсан Эрдэнэцог дахин сонгууль зарлах, төсөв мөнгийг шийдүүлэх талаар иргэдийн Хуралд асуулга тавьж байсан боловч тодорхой хариу өгөөгүй өдий хүрсэн юм байна лээ. Аймгийн Засаг даргаас ирсэн албан бичгийн тухайд надад уг албан бичгийг 2020 оны 09 сарын 20-доор аймгийн Тамгын газар дээр ажилтай явж байхад намайг дуудаж өгсөн. Тухайн үед нь уг бичигтэй танилцсан, танилцаад сумын Тамгын газрын бичиг хэргийн ажилтандаа өгсөн байх. Бичигтэй танилцахад сумын сонгуулийн хорооны дарга Эрдэнэцогд арга хэмжээ тооцно уу гэсэн утгатай надад хандсан бичиг байсан... Би энэ албан бичгийн хариуг 10-30 хоногийн дотор өгнө гэж ойлгож байсан. Тэгж байтал дараагийн ээлжит сонгууль явагдаад, улс төрийн албан хаагчийн хувьд би Засаг даргын ажлаас чөлөөлөгдөх байх гэсэн бодлоор хандсан... Намайг сумын Засаг даргаар ажиллах хугацаанд аймгийн Засаг даргаас өөрөөр Тамгын газрын даргад хариуцлага тооцуулах тухай албан бичиг ирж байгаагүй. Мөн хариуцлага тооцсон болон урамшуулал олгосон зүйл байхгүй. М.Эрдэнэцог ер нь ажил үүргээ ажил үүргийнхээ хуваарийн дагуу хийгээд явдаг байсан. Хамгийн сүүлд аймгийн Засаг даргаас 09 сард бичиг ирсэн. Зөвхөн ганц энэ хүнд нь хариуцлага тооцох нь тухайн хүний эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзсэн учраас хариуцлага тооцоогүй. Тэгээд хойшлогдоод явсан. Миний зүгээс уг асуудлыг юу гэж харсан гэхээр сонгуулийн хорооны тогтоолыг дан ганц албан тушаалтан дур мэдэж гаргадаггүй. 5 гишүүн хэлэлцээд тогтоол гаргасан учраас нийтээр шийдсэн асуудлыг нэг хүн дээр арга хэмжээ тооцох нь өрөөсгөл гэж үзсэн... 2020 оны сонгуулийн маргаан бас гарсан. М.Эрдэнэцогийг хариуцагчаар татаад 2020 оны орон нутгийн сонгуультай холбоотойгоор би гомдол гаргаж шүүхэд хандсан. Энэ хэргийг би дууссан гэж харахгүй байгаа. Учир нь 2020 оны орон нутгийн сонгуультай холбоотой шүүхэд гаргасан гомдлууд эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Эрдэнэцог нь Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Алдархаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбарт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Маргаан бүхий захиргааны акт болох Алдархаан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар[1] Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн дахин сонгуулийг товлон зарлаж, зохион байгуулах үүргээ зөрчсөн үндэслэлээр тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Эрдэнэцогд төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Дээрх Б/04 дүгээр захирамжид баримталсан хуулийн заалтуудыг тодруулж үзвэл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10-д Энэ хуулийн 9.9-д заасан хугацаанд тухайн шатны сонгуулийн хороо дахин сонгуулийг санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлах, нөхөн болон дахин сонгуулийг энэ хуульд нийцүүлэн зохион байгуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд уг үүргийг зөрчсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасны дагуу төрийн албанаас халах талаар 9.13 дахь хэсэгт, төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг 37 дугаар зүйлд, хориглох зүйлийн талаар 39 дүгээр зүйлд, уг заалтуудыг зөрчсөн тохиолдолд 48 дугаар зүйлийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг ногдуулахаар тус тус заасан бөгөөд 48.1.4-д төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийн төрлийг тусгажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй гэж заасныг мөн үндэслэжээ.

Нэхэмжлэгч нь ...дахин сонгуулийн төсвийг хуульд заасны дагуу сумын Хурлаас батлаагүй байхад дахин сонгуулийг товлон зарлаж, зохион байгуулах боломжгүй байсан нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө сонсох ажиллагаа хийгээгүй, зөрчлийн талаар шалгаж, баримтаар тогтоогоогүй, зөрчлийг илрүүлснээс хойш сахилгын арга хэмжээ ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хариуцлага ногдуулсан, хуулийг буруу хэрэглэсэн... хэмээн маргаж байна.

Хариуцагч ...Дахин сонгуулийг зарлаж, зохион байгуулах үүргээ биелүүлээгүй зөрчлийнх нь талаар тодорхой дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын болон Сонгуулийн ерөнхий хорооны албан бичгийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэстэй гэж тайлбарлаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын даргыг томилох болон түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлаар сумын Засаг дарга захирамж гаргах эрхтэй байх ба энэ эрхийн хүрээнд хариуцагч Алдархаан сумын Засаг даргаас гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн Б/04 дүгээр захирамж нь дараах үндэслэлээр хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийн 37.1.18 дахь хууль тогтоомжид заасан бусад үүрэг буюу Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10-д заасан Энэ хуулийн 9.9-д заасан хугацаанд тухайн шатны сонгуулийн хороо дахин сонгуулийг санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлах, нөхөн болон дахин сонгуулийг энэ хуульд нийцүүлэн зохион байгуулах үүргийг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч М.Эрдэнэцогд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг хариуцагч Алдархаан сумын Засаг дарга 2021 оны Б/04 дүгээр захирамжаар шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д заасан зөрчлийг илрүүлснээс хойших 6 сарын хугацаа-г зөрчсөн төдийгүй хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх талаар дээрх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хөндсөн байна гэж үзлээ.

1. Хэргийн үйл баримтын тухайд:

Нэхэмжлэгч М.Эрдэнэцог нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д заасан төрийн жинхэнэ албан тушаалд буюу Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан ба Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор[2] тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Алдархаан сумын Сонгуулийн хорооны даргаар томилогдон ажиллажээ.

Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар сумын Сонгуулийн хороо нь тухайн сумын Хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулах үүрэгтэй захиргааны байгууллага байна.

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 06 дугаар тогтоолоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтоосны дагуу сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль орон даяар зохион байгуулагдаж, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр санал хураалт явагджээ.

Энэ хүрээнд Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль явагдсан байх ба санал хураалт явагдсан өдрөөс хойш 50 хоногийн дотор тус сумын Хурлын анхдугаар хуралдаан хуралдаж чадаагүй тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-д Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж, Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна гэж заасныг үндэслэн Алдархаан сумын Сонгуулийн хороо 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 17 дугаар тогтоолоор[3] дээрх сонгуулийн дүнг хүчингүй болгохоор шийдвэрлэж, дахин сонгууль товлон зарлахыг өөртөө үүрэг болгосон байна.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2015 оны Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1, 163.2-д зааснаар сонгуулийн дүн гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гаргаж, зохион байгуулахаар заажээ.

Алдархаан сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 17 дугаар тогтоолыг гаргаснаар Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.13-д заасан ...дахин ...сонгууль зохион байгуулж явуулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах, 19 дүгээр зүйлийн 19.3-д заасан Орон нутгийн Хурлын дахин сонгуулийг тухайн ...сум,...ийн сонгуулийн байгууллага 30 хоногийн дотор зарлах үүргийг хүлээсэн байна.

Алдархаан сумын Сонгуулийн хороо дээрх хуульд заасан хугацааны дотор буюу 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдрийн дотор дахин сонгуулийг товлон зарлаж, зохион байгуулахаар байсан байх ба уг үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүй гаргасныг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн 221/МА2019/0335 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 308 дугаар тогтоолоор[4] тогтоож шийдвэрлэжээ.

Уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр Алдархаан сумын Сонгуулийн хороо нь өөрийн гаргасан тогтоолоо хэрэгжүүлээгүй, түүнийхээ шалтгааныг сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас сонгуулийн зардлыг шийдэж өгөөгүй хэмээн тайлбарлаж дахин сонгуулийг зарлаж явуулаагүйн улмаас бодит байдал дээр 2012 онд сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч нар шүүхийн шийдвэр гарах хүртэл үндсэндээ 7 жилийн хугацаанд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан тухайн сумын иргэдийн сонгох, сонгогдох эрхийг, мөн төрийн үйл ажиллагааны ардчилсан ёс, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин сонгуулийн зардлыг шийдвэрлээгүй гэх шалтгаан нь сумын Сонгуулийн хорооноос дахин санал хураалтыг товлон зарлаж, явуулах үүргээ хэрэгжүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан биш, уг үндэслэлээр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчих боломжгүй... талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3-д хяналтын шатны шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба уг тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байхаар заасан.

Үүний дагуу дээрх шүүхийн шийдвэр 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон боловч Алдархаан сумын Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд ажиллаж буй төрийн албан хаагчид шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, дахин сонгуулийг товлон зарлаж, зохион байгуулах хуульд заасан үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүйг үргэлжлүүлсэн гэж үзэх үндэстэй бөгөөд уг зөрчил нь шинээр батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийг 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдсөн хугацаанд ч бас үргэлжилсэн байна.

Энэ нь Алдархаан сумын Сонгуулийн хорооноос 2016 оны ээлжит сонгуулийн дахин сонгуулийг товлон зарлах талаар шийдвэр гаргаагүй эс үйлдэхүйгээр илэрч байх ба 2019, 2020 онуудад тус Сонгуулийн хороо огт хуралдаагүй, сонгуулийн зардал шийдвэрлэгдээгүй үндэслэлээр дахин сонгуулийг товлон зарлах талаар ямар нэгэн захиргааны акт гаргаагүй талаар шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч М.Эрдэнэцог тайлбарласан болно.

2. Нэхэмжлэгч М.Эрдэнэцогоос хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан эсэх тухайд:

Алдархаан сумын Сонгуулийн хороо нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин сонгууль товлон зарлах талаар шийдвэрлэж, 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 17 дугаар тогтоолыг гаргаснаар 2015 оны Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 34.1.13-д заасан дахин сонгууль товлох, зохион байгуулж явуулах үүрэг үүсжээ.

Уг үүргийг бий болгосон 2015 оны Сонгуулийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас хүчингүйд тооцсоноор уг үүрэг дуусгавар болсон тул хуульд заасан үүргээ зөрчсөн үндэслэлээр сонгуулийн шинэ хууль тогтоомжийн дагуу М.Эрдэнэцогд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэсгүй байна.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийг шинээр батлан гаргасан ба хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд дээрх хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс Сонгуулийн тухай хуулийн орон нутгийн Хурлын сонгуультай холбогдсон бүлэг, зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцжээ.

2015 оны Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг тийнхүү хүчингүйд тооцсоноор 2016 оны ээлжит сонгуулийн дахин сонгуулийг товлон зарлаж, зохион байгуулах талаарх Алдархаан сумын Сонгуулийн хорооны үүрэг дуусгавар болохгүй.

Орон нутгийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үед үйлчилж байсан 2015 оны Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасан Орон нутгийн Хурлын дахин сонгуулийг тухайн ...сум,...ийн сонгуулийн байгууллага 30 хоногийн дотор зарлах, 163 дугаар зүйлийн 163.2-д заасан Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулах үүрэг нь 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.7, 17.3.15, 9 дүгээр зүйлийн 9.10-т хадгалагдан үлдсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч М.Эрдэнэцогоос дээрх хуульд заасан дахин сонгуулийг товлон зарлаж, зохион байгуулж явуулах үүргийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/273, 1/274, Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1025, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1278, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1064, 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/273, 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/173 дугаар албан бичгүүд болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудаар[5] тогтоогдож байна.

Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2016 оны ээлжит сонгуулийн дахин сонгуулийг явуулж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчийг сонгох ажиллагааг бүрэн зохион байгуулж хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйн улмаас тухайн сумын сонгогчдын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, сонгох, сонгогдох эрхийг зөрчих төдийгүй, 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах хүртэлх хугацаанд 2016 оны ээлжит сонгуулийн үр дүн гараагүй, Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар тогтоосон 4 жилийн бүрэн эрхийн хугацааны тухайд тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн байна.

Сонгуулийн хорооны тамга, тэмдгийг хүлээлгэж өгсөн /энэ талаар гэрч Ц.Батхуяг мэдүүлсэн[6]/, дахин сонгуулийн зардал шийдвэрлэгдээгүй гэх шалтгааныг Алдархаан сумын иргэдийн хуулиар хамгаалагдсан сонгох, сонгогдох эрхээс илүүд үзэж, дахин сонгуулийг товлон зарлах талаар шийдвэр гаргахгүй орхигдуулах нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй болохыг өмнөх шүүхийн шийдвэрүүдээр[7] тогтоосон байгааг дахин дурдах нь зүйтэй.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10-д заасан дахин сонгууль товлон зарлах 70 хоногийн хугацааг 9.9-д заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гариг буюу 6 сарын 21-ний өдрөөс урагш тоолоход 04 дүгээр сарын 11-ний өдрийн дотор дахин сонгуулийг товлон зарлахаар байсан байх боловч энэ хугацаанд Алдархаан сумын Сонгуулийн хорооноос асуудлыг хэлэлцээгүй, 2020 оны ээлжит сонгуулийг эрх бүхий байгууллагаас зарлах хүртэлх хугацаанд ямар нэгэн захиргааны акт гаргаагүй, үүргээ биелүүлээгүй /эс үйлдэхүй/ зөрчил гаргасан тул хуулийн 9.13-т заасан Энэ хуулийн 9.10-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасны дагуу төрийн албанаас халах үндэслэл бүрдсэн байна.

Өөрөөр хэлбэл шинэ хуулийн зохицуулалтаар үргэлжилсэн үүргээ хуульд заасан хугацааны дотор биелүүлээгүй нэхэмжлэгчийн эс үйлдэхүйд хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хуульд заасан үндэслэл бий болсон байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04-р сарын 16-ны өдрийн 23-р тогтоол тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлүүлэхээр, санал хураалт авах өдрийг 10 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон байна. Ийнхүү эрх бүхий байгууллагаас дараагийн ээлжит 2020 оны сонгуулийг товлон зарласнаар өмнөх ээлжит 2016 оны сонгуулийн дахин сонгуулийг зохион байгуулах боломжгүй, ач холбогдолгүй нөхцөл байдал үүсжээ.

Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9, 9.10-д заасан дахин сонгууль товлон зарлаж явуулах хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хангагдах боломжгүй болсон байна.

Иймд Алдархаан сумын Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд томилогдон тус хорооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хуралдуулах үүрэгтэйгээр ажилласан төрийн жинхэнэ албан хаагч болох тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Эрдэнэцогоос дахин сонгуулийг товлон зарлаж, зохион байгуулах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан сүүлийн өдрийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэж үзэхээр байна.

Уг өдрөөс Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д заасан сахилгын шийтгэл гаргаснаас хойших 12 сарын хугацааг тоолоход уг хугацаа нэхэмжлэгч Г.Эрдэнэцогийн тухайд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болохоор байх тул хариуцагч Алдархаан сумын Засаг дарга нь маргаан бүхий 2021 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/04 дүгээр захирамжийг хуульд заасан 12 сарын хугацааны дотор гаргасан байна.

Харин дээрх зөрчлийг илрүүлснээс хойших 6 сарын хугацааг хариуцагчаас харгалзан үзэлгүйгээр дээрх Б/04 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус болжээ.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан... сахилгын шийтгэл ногдуулна, 48.4-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан.

Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/273 дугаар албан бичигт[8] заасан үндэслэлээр М.Эрдэнэцогд сахилгын арга хэмжээ авхуулах талаар Завхан аймгийн Засаг даргаас 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1025 дугаар албан бичгийг[9] тухайн үед Алдархаан сумын Засаг даргаар ажиллаж байсан Ч.Тойвгоод, мөн дээрх хариуцлага тооцох асуудлаар ирүүлсэн аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/173 дугаар албан бичигт[10] нэр заан тэмдэглэл хийж, сумын Засаг дарга Ю.Дэлгэрнасанд тус тус хүргүүлжээ.

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Алдархаан сумын Засаг даргаар Ч.Тойвгоо ажиллаж байсан бол, түүний дараа уг албан тушаалын бүрэн эрхийг Ю.Дэлгэрнасан хэрэгжүүлж ирсэн байна.

Хэрэгт авагдсан Завхан аймгийн Засаг даргын Тамгын Газрын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 4/944 дүгээр албан бичиг, түүнд хавсаргасан Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/273 дугаар албан бичиг, бүртгэлийн тэмдэглэл[11], гэрч Ч.Тойвгоогийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээс харахад М.Эрдэнэцогийн гаргасан зөрчлийн талаар Алдархаан сумын Засаг дарга 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдсэн байх ба уг хугацааг сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан зөрчлийг илрүүлсэн өдөр гэж үзнэ.

Сумын Засаг даргаар хэн томилогдсоноос үл хамаараад тухайн цаг үед тухайн албан тушаалд ажиллаж байсан этгээд зөрчлийн талаар анх мэдсэн хугацааг сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн хугацаа гэж үзнэ. Түүнээс сумын Засаг даргын албан тушаалд шинээр томилогдсон этгээдэд аймгийн Засаг даргаас зөрчлийн талаар дахин мэдэгдсэн хугацаанаас зөрчлийг илрүүлсэн хугацаа-г дахин шинээр тоолох үндэслэлгүй юм.

Дээрх бүгдээс үндэслээд М.Эрдэнэцогийн үйлдсэн зөрчлийг илрүүлсэн хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэж үзэх бөгөөд уг өдрөөс Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д заасан 6 сарын хугацааг тоолоход 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон байх тул хариуцагч Алдархаан сумын Засаг дарга нь М.Эрдэнэцогд дээрх өдрөөс өмнө сахилгын шийтгэл ногдуулах асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээтэй байсан байх ба уг хугацааг 15 хоногоор хэтрүүлж, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг гаргасан нь хууль бус байна.

3. Дахин сонгууль товлон зарлах, зохион байгуулах үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг М.Эрдэнэцогд ногдуулсан нь холбогдох журамд нийцээгүй гэх тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөл, Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36, 32 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам-ын 7.1-д Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан Төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг уг хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 76 дугаар зүйлийн 76.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр ногдуулахаар заасан байна.

Уг үндэслэлүүдийг тодруулж үзвэл төрийн жинхэнэ албаны шалгалт авах журам зөрчсөн тохиолдолд /35.1/, эсхүл төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас хууль бусаар чөлөөлсөн, халсан тохиолдолд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, төрийн албаны хаагчийг дахин халсан, чөлөөлсөн тохиолдолд /76.6/ дээрх төрлийн сахилгын шийтгэлийг ногдуулахаар заасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.18-д заасан хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэдэгт хамаарч буй сонгуулийн хууль тогтоомжийн дагуу дахин сонгуулийг товлон зарлаж, зохион байгуулах үүргээ төрийн жинхэнэ албан хаагч биелүүлээгүй тохиолдолд Төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг ногдуулах талаар дээрх журамд тусгаагүй боловч Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13-т энэ хуулийн 9.10-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасны дагуу төрийн албанаас хална гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл энэ талаар хуульд илүү нарийвчлан зохицуулсан байна.

Энэ зохицуулалтыг нэхэмжлэгч тал харгалзан үзэлгүйгээр дахин сонгуулийг товлон зарлаж, зохион байгуулах үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг хариуцагчаас ногдуулах огт үндэслэлгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

4. Хариуцагч нь Алдархаан сумын Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд томилогдон ажилласан төрийн албан хаагч нарт ялгамжтай хандаж, зөвхөн М.Эрдэнэцогд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус гэх тухайд:

Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй. Эрх бүхий албан тушаалтнаас төрийн албан хаагч нартай холбоотой шийдвэрийг гаргахдаа тэгш хандах, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шударга ёсны зарчмыг мөрдөх ёстой хэдий ч уг зарчмыг хэрэгжүүлээгүй нь бусад этгээдийг хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул тус сумын Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд ажилласан бусад гишүүдэд хариуцлага тооцоогүй нь М.Эрдэнэцогд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор[12] Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сумын Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд дарга М.Эрдэнэцогоос гадна М.Алтанжолоо /архив, бичиг хэргийн ажилтан/, А.Мягмаржав /багш/, Ц.Наранцэцэг /эмийн санч/, Д.Лхагважаргал /эрхлэгч эмч/ нар томилогдсон байх ба Д.Лхагважаргалаас бусад гишүүдэд сахилгын шийтгэл ногдуулах асуудал сумын Засаг даргад хамааралгүй, тэднийг томилох, сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг хууль тогтоомжуудаар өөр эрх бүхий албан тушаалтанд олгосон байна.

Харин Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д тухайн сумын эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг томилох эрх бүхий албан тушаалтан нь сумын Засаг дарга байхаар заасныг үндэслэн Д.Лхагважаргалд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг хариуцагч Алдархаан сумын Засаг даргаас шийдвэрлээгүй нь нэхэмжлэгч М.Эрдэнэцогтой холбоотой сахилгын зөрчлийг шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

5. Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сумын Сонгуулийн хорооны даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байх үед нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль бус эсэх тухайд:

Нэхэмжлэгч М.Эрдэнэцог нь 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Алдархаан сумын Сонгуулийн хорооны даргаар ажилласнаас гадна мөн Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор[13] 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Алдархаан сумын Сонгуулийн хорооны даргаар томилогдон ажиллажээ.

Ийнхүү сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь хариуцагч маргаан бүхий захиргааны актаар М.Эрдэнэцогийг ажлаас халсан нь Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.17-д Сонгуулийн хорооны ажилтныг энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, халах,...ийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Маргаан бүхий захиргааны акт болох 2021 оны Б/04 дүгээр захирамжийг гаргах үед М.Эрдэнэцогийн хувьд 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үүрэг нь дуусгавар болоогүй, Алдархаан сумын Сонгуулийн хороог төлөөлж шүүхэд хариуцагчаар оролцон бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан нь иргэн Б.Ууганбаяр нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлээд гаргасан тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 118/ШШ2021/0005 дугаар шийдвэр тухайн үед хүчин төгөлдөр болоогүй, хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй /198 дугаартай магадлал 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гарсан/ байсан үйл баримтаар[14] нотлогдоно гэж үндэслэлээ тайлбарлажээ.

Нэхэмжлэгч М.Эрдэнэцог нь 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнтэй холбогдуулан иргэдээс гаргасан нэхэмжлэлийн дагуу Алдархаан сумын сонгуулийн хороог төлөөлж захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд тийнхүү хариуцагчаар оролцсон нь 2020 оны ээлжит сонгуулийн тухайд гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг шүүхэд тайлбарлах хамгаалах ажиллагаа байх ба уг ажиллагааг сонгуулийг зохион байгуулах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж байсан гэж үзэхгүй, мөн уг үйл ажиллагаа нь 2016 оны ээлжит сонгуулийн дахин сонгуулийг товлох, зохион байгуулах үүрэгтэй хамааралгүй байх тул Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.17-д заасныг хариуцагч зөрчөөгүй, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэстэй байна.

Иймд маргаан бүхий захиргааны актыг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Хариуцагч Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулсан эсэх тухайд:

Хариуцагч маргаан бүхий Б/04 дүгээр захирамжийг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэгч тал маргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага...цуглуулна, 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт,...ыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж тус тус заажээ.

Хариуцагчийн гаргаж өгснөөр хэрэгт авагдсан 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэл-ээс[15] харахад сахилгын шийтгэл ногдуулах асуудлын талаар хариуцагч Алдархаан сумын Засаг даргаас М.Эрдэнэцогд танилцуулж, санал, тайлбарыг сонссон агуулга тусгагдаж, Засаг дарга Ю.Дэлгэрнасан болон архив бичиг, хэргийн ажилтан Г.Ганбат нарын гарын үсэг зурагдсан, харин М.Эрдэнэцогийн гарын үсэг зурагдаагүй байх тул уг баримтыг үнэн зөв гэж үзэх үнэлэх боломжгүй, харин тэмдэглэлд зарим зүйлийн талаар үнэн бодитой тусгагдаагүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаагаас харахад уг уулзалт явагдсаныг тэрээр үгүйсгэхгүй байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад сонсох ажиллагааны гол зорилго нь тухайн захиргааны актаар шийдвэрлэх асуудалд хамааралтай эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийн санал, тайлбарыг авах, сонсох явдал байх ба хариуцагч Алдархаан сумын Засаг даргаас гаргах гэж буй шийдвэрийнхээ талаар дээрх уулзалтын хүрээнд танилцуулж, М.Эрдэнэцогийн саналыг сонссон байна.

Харин уг уулзалтын маргааш буюу 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр маргаан бүхий Б/04 дүгээр захирамжийг гаргасан нь нэхэмжлэгч М.Эрдэнэцогоос тайлбар, баримт гаргаж өгөх, нотлох баримт цуглуулах ажиллагааг хугацааны хувьд хязгаарласан байна.

Гэвч хариуцагчаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж болох хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нэгэнт тогтоогдсон тул сахилгын шийтгэл ногдуулах асуудлаар сонсох ажиллагааг хариуцагчаар дахин хийлгүүлж, хэрэгжүүлэх нь энэ маргаанд ач холбогдолгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:

Маргаан бүхий Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дүгээр захирамж нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дугаар зүйлд заасан төрийн захиргааны албан тушаалд эгүүлэн томилж байгаа тул уг хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх... олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Эрдэнэцогд ажилгүй байсан хугацааны олговрыг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх 131 хоногоор тооцож олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан М.Эрдэнэцогийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, цалингийн тодорхойлолт зэргийг[16] үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2021 оны 1, 2, 3 дугаар саруудын дундаж цалин хөлс /1 472 011 төгрөг/-нөөс нэг хоногийн хөлс /68 466 төгрөг/-ийг тооцон, ажилгүй байсан 131 хоногийг дээрх нэг хоногийн хөлсөөр үржүүлэн тооцоход М.Эрдэнэцог-д 8 969 046 төгрөгийн олговор олгогдохоор байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчид олгох дээрх 8 969 046 төгрөгийн олговрыг Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ийн 1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар ажилтнууд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.1-д заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөхөөр байх ба ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ дээрх хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхээр тус тус зохицуулсан байна.

Иймд М.Эрдэнэцогийн ажилгүй байсан хугацааны 8 969 046 төгрөгийн олговроос уг ажилгүй байсан хугацаанд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу зохих дансанд шилжүүлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгэхийг хариуцагч Алдархаан сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

Дахин сонгууль товлон зарлахыг даалгах талаар гарсан шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч М.Эрдэнэцогоос биелүүлээгүй гэх үйл баримттай холбогдуулан гуравдагч этгээд Д.Төмөрхүүгээс тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хариуцагч нарын хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай 118/ШЗ2019/0169 дугаар захирамжийг [17]гаргаж өгсөн байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаар тогтоолоор[18] уг захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг нотолгооны ач холбогдолгүй баримтыг шүүхээс үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.18, 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.4, 48.9, 62 дугаар зүйлийн 62.1.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9.9, 9.10, 9.13, 17 дугаар зүйлийн 17.3.7, 17.3.15 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч М.Эрдэнэцогийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, М.Эрдэнэцогийг Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ийн 1, 15 дугаар зүйлийн 15.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч М.Эрдэнэцогийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 8 969 046 төгрөгийг Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Эрдэнэцогд олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 

 

 


[1] Хавтаст хэргийн 23-р хуудсанд

[2] Хавтаст хэргийн 187-р хуудсанд

[3] Хавтаст хэргийн 186-р хуудсанд

[4] Хавтаст хэргийн 68-87-р хуудсанд

[5] хэргийн 1-р хавтасны 59, 64-67, 208-249, 2-р хавтасны 85-р хуудсанд

[6] Хэргийн 2-р хавтасны 5-р хуудсанд

[7] Хэргийн 1-р хавтасны 78-р хуудсанд

[8] Хавтаст хэргийн 65-р хуудсанд

[9] Хавтаст хэргийн 208-р хуудсанд

[10] Хавтаст хэргийн 212-р хуудсанд

[11] Хавтаст хэргийн 205-207-р хуудсанд

[12] Хавтаст хэргийн 187-р хуудсанд

[13] Хавтаст хэргийн 15-р хуудсанд

[14] Хэргийн 2-р хавтасны 53, 78-р хуудсанд

[15] Хэргийн 1-р хавтасны 95-р хуудсанд

[16] Хавтаст хэргийн 198-200-р хуудсанд

[17] Хэргийн 2-р хавтасны 88-р хуудсанд

[18] Хэргийн 1-р хавтасны 88-р хуудсанд