| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 123/2025/0003/З |
| Дугаар | 221/МА2025/0412 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2025/0412
Г.Ч*******ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.А*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н*******
Нэхэмжлэгч: Г.Ч*******
Хариуцагч: Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Гуравдагч этгээд: Ш.А*******
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар Хурлын даргыг сонгож батлах тогтоолын төслийг хүчингүйд тооцох тухай тогтоол, 14 дугаар Тооллогын комисс томилсон тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоол, 16 дугаар Хурлын даргыг сонгох, батлах тухай тогтоол, 19 дугаар Г.Ч*******ийг ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2025/0029 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Ч*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Н*******
Гуравдагч этгээд Ш.А*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 123/2025/0003/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Ч*******ээс Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар Хурлын даргыг сонгож батлах тогтоолын төслийг хүчингүйд тооцох тухай тогтоол, 14 дугаар Тооллогын комисс томилсон тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоол, 16 дугаар Хурлын даргыг сонгох, батлах тухай тогтоол, 19 дугаар Г.Ч*******ийг ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах-аар маргасан.
2.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2025/0029 дүгээр шийдвэрээр:
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 53 дугаар зүйлийн 53.1, 53.3, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ч*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар Хурлын даргыг сонгож батлах тогтоолын төслийг хүчингүйд тооцох тухай тогтоол, 14 дугаар Тооллогын комисс томилсон тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоол, 16 дугаар Хурлын даргыг сонгох, батлах тухай тогтоол, 19 дугаар Г.Ч*******ийг ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, Г.Ч*******ийг Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны 1,755,000 (нэг сая долоон зуун тавин таван мянга) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.А******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1....Шийдвэрт "6 ... иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийт төлөөлөгчдийн олонх нь оролцсон хуралдаанаараа хамтын шийдвэр гаргадаг байгууллага тул 100 хувийн саналаар тооллогын комиссын гишүүдийг баталсан нь хууль зөрчөөгүй байна. Иймд Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр Тооллогын комисс томилсон тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ гэжээ.
Тогтоол хүчингүй болгосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь хэрэв хуульд нийцээгүй бол шүүх зөвхөн хуульд үндэслэн түүнийг хүчингүй болгох ёстой. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн зөрчлийг таслан зогсоохын тулд тогтоолыг хүчингүй болгоно. Гэвч хуулийн зүйл заалтыг огт эшлээгүй байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Уг тогтоол нь дотогшоо чиглэсэн акт тул шүүх өөрийн харьяаллын бус маргааныг хянан шийдвэрлэсэн байна.
3.2.Г.Ч******* нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас хойш иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг өөртөө авч ямар нэг бичиг баримтад тамга даруулалгүй төрийн үйл ажиллагaar гацааж 33 хоног болсон.
- Төрийн тамга тэмдгийг өгөөд гомдолтой байгаа бол шүүхээр шийдвэрлүүлэх эрх чинь нээлттэй байгаа гэж удаа дараа хэлсэн боловч Өгөхгүй, та нар чаддаг юм бол намайг алж байгаад аваарай гээд эсэргүүцэл үзүүлж хэл амаар олон удаа доромжилсон. Мөн төрийн тамгаар барьцаалж "Тэгвэл намайг сургуулийн захирал болгоод өг гэдэг шантааж хийсээр байгаад сургуулийн захирлаар хууль бусаар томилуулахаар болсон тул 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр надад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамга тэмдэг, албан ажлаа өөрийн биеэр албан ёсоор хүлээлгэн өгсөн.
- иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар нэг ч хоног ажиллаагүй байж нэмэгдүүлсэн нэхэмжлэлээр 1.750.000 төгрөг нэхэмжилсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна.
- Ажилласан хугацааныхаа буюу 10 дугаар сарын 31-ний өдрөөс 12 дугаар сарын 31-нийг дуусталх цалин хөлс, урамшуулал, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т заасан ээлжит сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад олгох тэтгэмжийг 100% авсан нь ажлаа өгөх болсноо хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
1. Уг тогтоол нь дотогшоо чиглэсэн акт тул шүүх өөрийн харьяаллын бус маргааныг хянан шийдвэрлэсэн байна.
4.2. Шийдвэрт 10. төлөөлөгч саналын хуудсанд нэрийг андуурч бөглөсөн нь хоёр дахь санал хураалт явуулах үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн тооллогын комиссын дүнгээр олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар шууд сонгогдсонд тооцох бөгөөд хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт нь Хурлын даргыг сонгохоос бусад асуудлыг шийдвэрлэх тохиолдолд тогтоолын төслийг батлах талаарх хуулийн зохицуулалт байна" гэжээ.
1.Хурлын төлөөлөгчийн хувьд горимын санал гаргах эрхтэй ба үүнийг хуралдааны дэгээр тогтоосон. Өөрөөр хэлбэл би андуураад дугуйлсан байна, иймд алдаагаа засах боломж олгож, дахин санал хураалт явуулж өгнө үү гэсэн хүсэлт нь дэгийн болон хуулийн аль ч заалтыг зөрчихгүй болно.
Тэгэхээр 2 дахь санал хураалт явуулах үндэслэлгүй" гэсэн нь буруу дүгнэлт юм.
2. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална гэж заасныг маргалдагч талууд болон шүүх өөр өөрөөр ойлгож хэрэглээд байгаад асуудлын гол нь байгаа.
Дээрх заалтаас үзвэл даргыг сонгосон л бол заавал тогтоолоор батлах ёстой бөгөөд хэрэв олонх тогтоолыг батлаагүй буюу тогтоол батлагдаагүй бол Хурлаас шийдвэр гараагүй л гэж үзнэ. Тэгэхээр даргыг сонгоход тогтоол батлах шаардлагагүй гэсэн шүүхийн дүгнэлт буруу юм.
4.2. Шийдвэрт 11 ...тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан байх бөгөөд хуралдаан даргалагч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж албажсан тогтоолыг тогтоолын төсөл гэж үзэж, хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр ... 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоол нь хууль бус байх тул түүнийг хүчингүй болгох нь зүйтэй байна. Ингэснээр 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04 дугаар "Хурлын даргыг сонгож, батлах тухай тогтоолыг хүчинтэй гэж үзнэ гэжээ.
1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр тогтоолыг хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон бөгөөд 14 дүгээр тогтоолд тэдгээр үндэслэлээ нэг бүрчлэн заасан байхад уг зөрчлүүдийг хэрхэн үгүйсгэж байгаагаа шүүхийн шийдвэрт заагаагүй нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.
2. 4 дүгээр тогтоолыг олонх батлаагүй байхад шүүхийн шийдвэрээр хүчинтэй болгож байгаа нь байгууллагын дотоод асуудал руу хууль зөрчин шүүх орж байгаа явдал болно.
4.3. Шийдвэрт "14. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан нь хуралдааны дэгийг зөрчин завсарлаж, үргэлжилж, мөн Г.Ч*******ийг Хурлын даргаар сонгосон шийдвэр хуулийн дагуу хүчинтэй байхад дахин Хурлын дарга сонгосон нь хууль бус байна. Иймээс ... 16 дугаар Хурлын даргыг сонгож, батлах тухай, 19 дугаар Г.Ч*******ийг ажлаас чөлөөлөх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна" гэжээ.
1.Нэхэмжлэлд хуралдааны дэгийг зөрчиж хуралдаан завсарласан хэмээн нэхэмжлэгч бичээгүй, талууд энэ талаар огт маргаагүй байхад шүүх дүгнэлт хийж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлтийг хийж, хууль зөрчиж байна.
2. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эхэлсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үргэлжилсэн ба энэ талаар талууд огт маргаагүй бөгөөд өмнө гаргасан гэх хэд хэдэн тогтоолыг энэ өдрийн хуралдаанаас хүчингүй болгосон. Тэгэхээр дарга сонгосон шийдвэр хүчинтэй байхад дахин дарга сонгосон тул уг тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн шүүхийн дүгнэлт нь буруу юм.
Түүнчлэн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил ба өмнөх хурлын төлөөлөгч байхдаа дарга байсан тул сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн Хурлын дарга байх нь хуульд нийцэхгүй буюу бүрэн эрхийн хугацаа нь дууссан гэсэн үндэслэлээр Г.Ч*******ийг чөлөөлсөн.
Гэтэл 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгохдоо аль хуулийн, ямар заалтыг үндэслэж байгаагаа шүүх тайлбарлахгүй байна.
4.5.Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой.
Маргаж буй албан тушаал дээр Г.Ч******* очвол өөрийн намын 9 төлөөлөгчийг хуралдаанд ирүүлж чадах ч нөгөө намын 11 төлөөлөгч буюу олонхыг хуралдаанд оролцуулж чадахгүй тул тэрээр Хурлын даргын үүргийг гүйцэтгэх боломжгүй юм. Тэгэхээр улс төрийн шийдвэрийг шүүх хянан хэлэлцэж, бодит байдал дээр биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална гэсэн зохицуулалт Хурлын даргыг сонгох харилцаанд хэрэглэгдэхгүй.
Учир нь уг хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно гэж заасан, иймд Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Анхдугаар хуралдаанаар шинээр сонгогдсон 21 төлөөлөгч Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, нэхэмжлэгч Г.Ч*******, мөн Ч.О******* нарыг нэр дэвшүүлж, нууц санал хураалтын дүнгээр Г.Ч******* 11, Ч.О******* 10 санал авснаар хуулийн дээрх заалтын дагуу Г.Ч*******ийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.
Түүнээс давж заалдах гомдолд дурдсанчилан Г.Ч*******ийг Хурлын даргаар сонгох тогтоолыг Хурлын төлөөлөгчид санал хураалтаар батлах тухай ойлголт байхгүй, мөн андуурч дугуйлсан гэх шалтгаан нь санал хураалтыг дахин явуулах үндэслэл болохгүй, энэ талаар шийдвэрт хангалттай зөв дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл Хурлын дарга сонгогдох эсэх нь нэр дэвшигчийн хувьд зөвхөн санал хураалтын дүнгээс хамаарахаас бус нэгэнт олонхийн санал авсан энэ тохиолдолд Г.Ч*******ийг сонгосон тухай тогтоолыг батлах эсэх талаар санал хураалт явуулах ёсгүй тухайлбал тогтоолыг олонхийн саналаар батлахгүй байх тохиолдолд үр дагаврын хувьд дахин Хурлын даргыг сонгох санал хураалт явуулах нөхцөл байдалд хүргэх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
Иймд шийдвэрийн хуулийн 48.1 дэх заалт нь Хурлын даргыг сонгохоос бусад асуудлыг шийдвэрлэх тохиолдолд хэлэлцэж буй асуудлын талаарх тогтоолын төслийг батлах зохицуулалт гэсэн дүгнэлт зөв, нэгэнт Хурлын дарга санал хураалтын дүнгээр сонгогдсон тул түүнийг батлах тогтоолд санал хураалт явагдах шаардлагагүй тул Г.Ч*******ийг сонгосон тогтоолыг хэлбэрийн хувьд тухайн хурлын даргалагч гарын үсэг зурж баталгаажуулсныг тогтоолын төсөл гэж дүгнэж болохгүй.
2.Харин хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Г.Ч******* МАН-аас нэр дэвшиж Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон, түүнчлэн Хурлын нийт 21 Төлөөлөгчийн 10 нь тус намаас нэр дэвшиж сонгогдсон нь бодит факт, гэвч сонгуулийн дүнгээс хамаарч Г.Ч******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа ирцийн хувьд бүрдүүлж чадах эсэх нь шүүхээс энэхүү маргааныг шийдвэрлэхэд харгалзан үзэх нөхцөл байдал биш болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн анхдугаар хуралдааны үеэр Хуралдааны дэгийн 7.5 дахь заалтыг зөрчиж байгуулагдсан тооллогын комиссын шийдвэрийг үндэслэн Хурлын даргыг батлах эсэх тогтоолын төслийг Төлөөлөгчдөөр хэлэлцүүлээгүй, мөн 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцүүлсэн боловч олонхи буюу 52.4%-ийн саналаар батлагдаагүй байхад Г.Ч*******ийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар батлагдсан гэж үзэж, гарын үсэг зурж, тамга дарсан тогтоолын төслийг хүчингүйд тооцсон нь холбогдох хуульд нийцсэн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг хянахаас бус улс төрийн шийдэл гаргах агуулгаар дүгнэлт өгөх эрхгүй.
Үндсэндээ Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж эхэлснээс хойш 11 дүгээр сарын 4, 16, 12 дугаар сарын 13-ны өдөр буюу нийтдээ 3 удаа завсарлаж, үргэлжлэн хуралдсан үйл баримт тогтоогдох бөгөөд энэ талаар шийдвэрийн үндэслэл хэсгийн 13, 14-т тус тус хийсэн дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан гэж үзэхгүй, хэдийгээр тооллогын комиссын бүрэлдэхүүнд зөвхөн Төлөөлөгчдөөс сонгож оруулахаар Хуралдааны дэгээ баталсан ч 2 төлөөлөгч, 1 хурлын ажлын албаны ажилтныг сонгохыг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн анхдугаар хуралдаанд оролцсон 21 төлөөлөгч 100 хувийн саналаар дэмжсэн, мөн тооллогын комиссын саналын хуудсыг тоолсонтой холбоотой ямар нэгэн маргаан гараагүй байхад дээрх байдлаар зөвхөн бүрэлдэхүүнд Төлөөлөгч ороогүй гэсэн үндэслэлээр өөрсдийн байгуулсан Тооллогын комиссыг тогтоолыг хүчингүй болгосон нь, мөн Төлөөлөгч бус гишүүн сонгосоны аль аль нь санал хураалтын дүнд нөлөөлөхгүй.
Угтаа нэгэнт явагдсан санал хураалтын дүнг Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон 11 төлөөлөгч эс зөвшөөрч ийнхүү хуулийг илтэд буруугаар тайлбарлан өөрсдийн байгуулсан Тооллогын комисс томилсон тогтоолоо, мөн өөрсдийн санал өгч сонгосон Хурлын даргыг баталсан тогтоолоо төсөл гэж үзэн тус тус хүчингүй болгож, улмаар дахин Хурлын даргыг сонгож, Г.Ч*******ийг хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцээгүй, хууль бус шийдвэрүүд болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2025/0029 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН