Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0542

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0542

Улаанбаатар хот

 “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давааням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 336 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Д.Ганбат, Ц.Энхнаран нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 336 дугаар шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9.в/, 21 дүгээр зүйлийн 21.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.9, 16 дугаар зүйлийн 16.1.2, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1,6, 74 дүгээр зүйлийн 74.1, 74,2, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн гаргасан Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210003884 дүгээр актын тогтоох хэсгийн 1.3, 1.4, 1.5-ын зарим хэсэг, 1.6, 3.2-т заасныг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус баримтлан “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийг 2014 оны 210003884 дүгээр актаар тогтоосон хариуцлага болох 148,449.200 төгрөгийн торгууль, алданги, хүүг төлөхөөс өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК давж заалдах гомдолдоо: ...1. Манай компани нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу 40 жилээр барилга байгууламжид элэгдэл тооцдог тул энэхүү актын тогтоох хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан 17,986.3 мянган төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймээс дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй. Харин анхан шатны шүүхээс энэ хэсэгт урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ авагдаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс хассан байна. Энэхүү зөрчлийн алданги, торгууль нь 7,017,200 төгрөг, үндсэн төлбөр нь 10,969100 төгрөг болно. Бид Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн захиргааны актын зөрчил тус бүрээр буюу захиргааны актыг бүхэлд нь урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ авагдсан байх ёстой биш, харин захиргааны акт гэсэн ерөнхий ойлголт байх тул маргааны аль ч шатанд гомдлыг өөрчлөх боломжтой бөгөөд бид урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж ойлгож байна.

  1. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг үл хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус   тус тодорхойлно” гэж заасан байдаг. Энэхүү заалтаас үзэхэд үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулах суурийг дээрх 3 нөхцлийг дараалуулан авч үзэхээр байхад шууд эцсийн шалгуураар тооцох нь буруу юм. Бид өнгөрсөн хугацаанд анх бүртгэлд бүртгүүлсэн үнээр тооцож, үл хөдлөх хөрөнгийн албан татвараа төлж байсан. Энэ хэсгийг мөн адил нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс хасаж шийдвэрлэсэн. Тухайн зөрчилтэй холбоотой 80,711,500 төгрөгийн үндсэн төлбөр, 52,636,200 төгрөгийн алданги торгууль байгаа.
  2. “Вагнер интернэшнл” ХХК нь “Майкрософт” ХХК-тай мастер гэрээ байгуулан өөрийн охин компаниудын нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн шийдлийг бүрэн хариуцдаг бөгөөд үүний төлбөрийг эхлээд өөрөө төлөөд дараа нь манай компаниас нэхэмжилдэг. Бид энэхүү төлбөрүүдийг одоогийн байдлаар төлөөгүй бөгөөд өөрийн толгой компанид өгөх өглөгөөр бүртгэсэн. Иймээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ”, мөн хуулийн 4.1.6-д “суутгагч” гэж албан  татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг” гэж тус тус заасан байдаг тул тухайн лицензийн төлбөрийг шилжүүлсэн (олгосон) үедээ холбогдох татварыг төлөхөөр байна.

Мөн шилжүүлсэн орлогыг Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “гэрээ, хэлцлийн үндсэн дээр хувь хүн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тухайн этгээдэд өөрт нь буюу түүний хүсэлтээр бусад этгээдэд бэлэн бусаар шилжүүлснийг” тодорхойлсон байна. Манай компани толгой компани болох “Вагнер интернэшнл” ХХК-д уул уурхайн тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэгийн төлбөрийг төлдөг бөгөөд энэхүү зөрчил хамаарах 2012 оны эхний байдлаар 200 тэрбум төгрөгийг өр төлбөртэй байсан. Иргэний хуульд зааснаар эхэлж үүсэн өр төлбөрийг түрүүлж төлөх зарчмаар явах тул тухайн онуудад (2012-2013) төлсөн төлбөрүүдийг Майкрософтын төлбөр гэж шууд үзэх үндэслэл байхгүй. Энэ бол өмнөх 200 тэрбумаас төлж буй төлбөр юм. Одоо ч өр төлбөр тасралтгүй өсөж 700 тэрбум орчим төгрөг болон өссөн байгаа. Үүнийг анхан шатны шүүхээс компани дээр хийсэн үзлэгээр тогтоогдсон гэдгийг хэлэх нь зүйтэй.

Тухайн Майкрософтын нэхэмжлэл нь анхан шатны баримтын шаардлага хангахгүй (нэр, дүн зөрүүтэй) бөгөөд төлбөрийг төлсөн гэх бусад нягтлан бодох бүртгэлийн баримт байхгүй, түүнийг анхан шатны шүүхээс хүлээн зөвшөөрсөн байдаг. Цаашид төлбөрийг шилжүүлсэн тухайн үедээ татварыг суутган авч төсөвт төлөх үүрэг нь дээрх хуулийн заалтуудын дагуу үүсэх учир тэр үед нь холбогдох татварыг суутган авч төлөх болно. Анхан шатны шүүхээс энэ хэсгийн алданги, торгуулийг Өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэсэн. “Вагнер интернэшнл” ХХК-ийн “МАК” ХХК-д тоног төхөөрөмж борлуулсан, тэд тухайн борлуулсан тоног төхөөрөмжид үйлдвэрийн баталгааг гаргаж, засвар үйлчилгээг хийхээр тохирсон байдаг. Бид “Вагнер интернэшнл” ХХК-ийн өмнөөс уг засварын ажлыг 2013 онд хийж гарсан зардлыг “Вагнер интернэшнл” ХХК-аас нэхэмжилсэн. Энэ нь АНУ-ын хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ байх тул Нэмэгдүүлсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт зааснаар 0 хувь хэмжээг хэрэглэх нь зүйтэй. Дашрамд дурдахад яг ижил засварын ажил дээр 0 хувь хэмжээг хэрэглэх талаар манай “Вагнер ази автомотив” ХХК дээр хяналтын шатны шүүхийн шийдвэр гарсан гэдгийг тэмдэглье.

Иймээс 17,946.4 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй. Урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ авагдаагүй учраас гэсэн үндэслэлээр актын зарим зөрчлийн алданги, торгууль болох 81,810,500 төгрөгийг өршөөлийн хуульд хамрагдахгүй байх хуулийн үндэслэл байхгүй гэж бид ойлгож байгаа тул бусад зөрчлийн нэгэн адил Өршөөлийн хуульд мөн хамруулж өгнө үү. Дээрх үндэслэлийг харгалзан үзэж, татварын улсын байцаагчийн 210003884 тоот актын зарим төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

             Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

            “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК нь “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210003884 тоот актын тогтоох хэсгийн 1.3, 1.4, 1.5-ын зарим хэсэг, 1.6, 3.2-т заасныг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар”, 17.2.9.г-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого”-д гэж, мөн орлогод 20 хувиар татвар ногдуулахаар заасан байх тул нэхэмжлэгч “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан суутгагчийн хувьд Монгол Улсад оршин суудаггүй этгээдээс гэрээний үндсэн дээр авсан програм ашигласан төлбөрийг анх ямар хэлбэрээр хэзээ, хэнээр дамжуулж хэрхэн төлсөн эсэхээс үл хамааран уг хуульд заасан татварыг суутган төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь зөв байна.

            Анхан шатны шүүх “нэхэмжлэгч “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийг АНУ-д бүртгэлтэй хуулийн этгээд болох “Майкрософт” компаниас үйлчилгээ авсны төлбөрт 2012 онд 266.718.292.00 төгрөг, 2013 онд 524.187.435.00 төгрөг, нийт 790.968.727.00 төгрөгийг төлөхдөө аж, ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4.9 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж, татварын улсын байцаагчийн 2014 оны 21003884 дүгээр актын тогтоох хэсгийн 1.3, 1.4 дэх заалтыг 237.290.618.10 төгрөгийн нөхөн татвар, 71.178.185.50 төгрөгийн торгууль, 51.978.691.90 төгрөгийн алданги, нийт 360.456.495.50 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

            Нэхэмжлэгч талаас “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн толгой компани болох “Вагнер интернэшнл” ХХК нь “Майкрософт” компанитай мастер гэрээ байгуулан өөрийн охин компаниудын нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн шийдлийг бүрэн хариуцдаг бөгөөд үүний төлбөрийг “Вагнер интернэшнл” ХХК төлөөд дараа нь манай компаниас нэхэмжилдэг бөгөөд өөрийн толгой компанид өгөх өглөгөөр бүртгэсэн” гэж тайлбарлаж байна.

            Гэтэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “ногдол ашгийн орлого” гэж заасан бөгөөд дээрх тайлбараар нэхэмжлэгч компани нь албан татвар ногдох орлогыг шилжүүлэхдээ албан татвар ногдуулж суутган авч төсөвт төлөөгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-д нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210003884 тоот актын тогтоох хэсгийн 1.3, 1.4 дэх заалт нь үндэслэл бүхий болжээ.

            Татварын улсын байцаагч нараас Англи Улсын “Маквери” банкнаас зээл авахад хуулийн үйлчилгээний төлбөр үзүүлсний төлбөрт 2012 онд 229.767.450 төгрөгийг хоорондын тооцоогоор олгохдоо аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар суутгаагүй” гэж үзэж Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210003884 тоот актын тогтоох хэсгийн 1.5 дахь заалтын зарим хэсэг, 1.6, 3.2-т зааснаар “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-д акт тогтоожээ.

            Харин нэхэмжлэгч хуулийн этгээдээс “Англи улсын “Маквери” банкнаас урт хугацааны зээл авсан бөгөөд үүнтэй холбоотой тус улсын гурван хуулийн этгээдээс эрх зүйн болон бусад үйлчилгээг тус улсын нутаг дэвсгэр дээрээс худалдан авсан, тиймээс Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, “Катерпилер” компаниас “Монгол алт” ХХК-д нийлүүлсэн тоног төхөөрөмжид баталгаат засварыг “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК нь хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү ажил үйлчилгээний төлбөрийг “Катерпилер” ХХК-аас худалдан авсан барааны үнээс суутган төлбөрийг төлдөг” гэж нэхэмжлэл болон давж заалдах гомдлын үндэслэлээ гарган маргаж байна.

            Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд  төлөх”, 18.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэж татвар төлөгчийн үүргийг тодорхойлжээ.

            Гэтэл нэхэмжлэгч “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-д хяналт шалгалт явуулж байхад Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчид 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210003884 тоот актын талаар Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргахдаа, мөн шүүхэд дээрх татварын байцаагчийн зөрчилд холбогдох татварын анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, тооцоо, мэдээтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй, энэ талаарх нотлох баримт байхгүй байна.

            Тиймээс нэгэнт татвар төлөгч өөрөө дээрх татварын зөрчилтэй холбоотой  санхүүгийн анхан шатны болон нягтлан болох бүртгэлийн баримтаа гаргаж өгч чадахгүй байгаа нь түүнийг татвараа үнэн зөв тодорхойлсон, тайлагнасан гэж үзэх боломжгүй юм.

            Иймд, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210003884 тоот актын тогтоох хэсгийн 1.5 дахь заалтын зарим хэсэг, 1.6, 3.2 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

            Мөн анхан шатны шүүх, актаар тогтоосон “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-д ногдуулсан 148.449.200 мянган төгрөгийн торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн нь зүйтэй болжээ.

            Харин “Урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ авагдаагүй учраас гэсэн үндэслэлээр актын зарим хэсгийн зөрчлийн алданги, торгууль болох 81.810.500 төгрөгийг Өршөөлийн хуульд хамрагдахгүй байх тул хуулийн үндэслэл байхгүй гэж бид ойлгож байгаа тул бусад зөрчлийн нэгэн адил өршөөлийн хуульд мөн хамруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг шүүх хангах үндэслэлгүй юм.

            Учир нь, нэхэмжлэгч нь 81.810.500 төгрөгийг Өршөөлийн хуульд хамааруулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нөгөөтэйгүүр Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч компани нь энэ талаарх хүсэлтийг Татварын ерөнхий газарт хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм.

            Тиймээс анхан шатны шүүх, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх хөндөөгүй талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзлээ.

            Иймд, нэхэмжлэгч “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                     

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР