Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 267

 

“Монкабель системс” ХХК-ний

итгэмжлэгдсэн төлөөлөгч

П.Баттулгын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0275 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0372 дугаар магадлалтай, “Монкабель системс” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулгын нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Монкабель системс” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулгын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0275 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 44 дүгээр зүйлийн 44.4, 56 дугаар зүйлийн 56.1, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг тус тус үндэслэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7517 тоот гомдол хянан үзсэн тухай шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий “Монкабель системс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0372 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Монкабель системс” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0275 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 0372 дугаар магадлалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хагуулах тухай.

Шүүхүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.4 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Анхан болон давж заалдах шатны: шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг “тендерийн урьдчилгаа төлбөр” шаардсан гэж дүгнэдэг ч шүүхүүдийн аль нь ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан “тендерийн урьдчилгаа төлбөр” гэдэг нь ямар төлбөрийг хэлж байгаа талаар огт дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэнгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “захиалагч ажлын бэлтгэл хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлж болно”, 44.2-т “захиалагч урьдчилгаа төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээтэй гүйцэтгэгчийн ирүүлсэн энэ хуулийн 20.2-т заасан баталгааг үндэслэн урьдчилгаа төлбөр төлнө”, 44.4-т “тендерийн баримт бичигт заагаагүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөр төлөхгүй” гэж тус тус заасан.

Тендерийн баримт бичигт захиалагч “урьдчилгаа төлбөр” олгохоор заагаагүй гэдэгтэй талууд маргахгүй байгаа тул маргааны гол зангилаа нь нэхэмжлэгч тендерт оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчиж захиалагчаас “урьдчилгаа төлбөр” шаардсан уу, үгүй юу гэдэг асуудал байгаа.

Тэгэхээр юун түрүүнд шүүхүүд “тендерийн урьдчилгаа төлбөр” гэдэг нь ямар төлбөрийг хэлж байгааг тодорхойлох ёстой байсан боловч шүүхүүдийн аль нь ч энэ талаар дүгнэлттээ тусгаагүй, тайлбарлаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-ийн “ажлын бэлтгэл хангахад зориулан” гэсэн нөхцлийн агуулгаас үзэхэд тендерийн урьдчилгаа төлбөр нь тендерийн ажил эхлэхээс өмнө нь ажлын бэлтгэл хангахад нь зориулж захиалагчаас гүйцэтгэгчид өгч байгаа төлбөрийг ойлгохоор байна. Тендерийн урьдчилгаа төлбөр нь ажил эхлэхээс өмнө гүйцэтгэгчид олгогддог нь тендерийн баримт бичиг, гэрээний ерөнхий нөхцлийн 48.2-т “гүйцэтгэгч урьдчилгаа төлбөрийг зөвхөн гэрээг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, байгууламж, материал болон ажил эхлүүлэхтэй холбогдсон зардалд зарцуулна. Гүйцэтгэгч урьдчилгаа төлбөрийг энэ зорилгод ашигласныг нотлохын тулд нэхэмжлэх болон бусад баримтын хувийг төслийн менежерт ирүүлнэ” гэж зааснаас тодорхой харагдаж байна.

Тендерийн урьдчилгаа төлбөр нь ажил эхлэхээс өмнө гүйцэтгэгчид олгогддог учраас хэрэв гүйцэтгэгч ажил эхлэхээс өмнө “урьдчилгаа төлбөр” авчихаад улмаар ажлаа гүйцэтгээгүйн улмаас захиалагч урьдчилгаа төлбөрөө авч чадахгүйд хүрэх эрсдлээс сэргийлж захиалагч гүйцэтгэгчээс “тендерийн урьдчилгаа төлбөрийн баталгаа”-г авдаг.

Харин ажлын тодорхой хэсгийг гүйцэтгэчихээд төлбөр авч байгаа тохиолдолд энэ нь “урьдчилгаа төлбөр” биш, гүйцэтгэлийн төлбөр болно гэж үзэж байна.

Нэхэмжлэгч “Монкабель системс” ХХК ажил эхлэхээс өмнө захиалагчаас төлбөр авна гэж үнийн саналдаа тусгасан уу?

Нэхэмжлэгч үнийн саналаа дараах байдлаар өгсөн:

 

Валютын нэр

Валютын дүн

(а) ажлын 40 хувийг гүйцэтгээд урьдчилгаа 30%

төгрөг

44 560 988

(б) ажлын 80 хувийг гүйцэтгээд нийт ажлын өртөгийн 50%

төгрөг

74 268 314

(в) ажлыг бүрэн дуусгаж актаар хүлээлгэж өгөөд нийт ажлын өртөгийн 20%

төгрөг

29 707 325

Нийт

 

148 536 627

 

Нэхэмжлэгчийн захиалагчид өгсөн дээрх үнийн саналаас харахад тэрээр тендерт оролцохдоо ажил эхлэхээс өмнө, ажлын бэлтгэл ажлыг хангахад зориулж захиалагчаас ямар нэгэн урьдчилгаа төлбөр шаардаагүй нь илэрхий байна.

Харин шүүхүүдийн дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгч тендерийн ажлыг бүрэн дуусгаагүй байхдаа буюу ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа захиалагчаас 30 хувь, 50 хувийн төлбөр авахаар үнийн саналдаа тусгасныг захиалагчаас “урьдчилгаа төлбөр” шаардсан гэж дүгнэж байгаа бололтой.

Тендерийн концессоос ялгаатай нь гүйцэтгэгч тухайн ажил, үйлчилгээг өөрийн хөрөнгөөр бус захиалагчийн хөрөнгөөр гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч өөрийнхөө хөрөнгөөр ажил гүйцэтгээд дараа нь төлбөрөө авах бол Концессын тухай хуульд заасан “барих-шилжүүлэх” концессын төрөл болохоор байна. Тийм учраас захиалагч болон гүйцэтгэгч хоёрын байгуулсан гэрээ хэрэгжих явцад тухай бүр гэрээт ажлын төлбөр хийгддэг. Энэ нь тендерийн баримт бичгийн зургаадугаар бүлэг, гэрээний ерөнхий нөхцлийн 39.1-д “гүйцэтгэгч нь хийгдсэн ажлын гүйцэтгэлийн тайланг сар бүр төслийн менежерт гаргаж өгөх бөгөөд түүнд нэхэмжилсэн дүн нь нийт гарсан зардлаас өмнө нэхэмжилсэн дүнг хассан хэмжээтэй байна”, 39.2-т “төслийн менежер гүйцэтгэгчийн ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг шалгаж, түүнд төлөх төлбөрийн дүнг тодорхойлж батална”, 39.3-т “гүйцэтгэсэн ажилд төлөх төлбөрийн дүнг тооцохдоо үе шатны ажлын хуваарьт заасан бүрэн хийж гүйцэтгэсэн үе шатны ажлын үнэд үндэслэнэ”, 40.1-т “... захиалагч нь төслийн менежерийн баталсан дүнг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд гүйцэтгэгчид төлнө” гэрээний тусгай нөхцлийн 40.0-д “төлбөр хийх хугацаа нь төлбөрийн мэдэгдэл гаргасан өдрөөс хойш 30 хоног байна” гэж зааснаас харагдаж байна.

Нэхэмжлэгч үнийн саналаа тодорхой хуваарьтайгаар өгсөн, мөн болгоомжгүй байдлаар алдаа гаргаж захиалагч урьдчилгаа төлбөр олгох тохиолдолд бөглөх ёстой маягтад үнийн саналаа бичсэн нь захиалагчаас “тендерийн урьдчилгаа төлбөр” шаардсан гэсэн утгыг шууд илэрхийлэхгүй, үнийн саналын агуулгаас үзэхэд урьдчилгаа төлбөр шаардаагүй нь илэрхий харагдаж байгаа бөгөөд эдгээр нь нэхэмжлэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр, тендерт оролцогч захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд нийцэх өөрчлөлтийг санал болгох эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн үнийн саналд бичсэн төлбөр авах хуваарь нь энэ байдлаар шууд гэрээнд тусгагдана гэсэн үг биш бөгөөд талуудын тохиролцсоны дагуу гүйцэтгэлийн төлбөр хийгдээд явах бүрэн боломжтой.

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллага дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж захиргааны акт гаргаагүй, зөвхөн нэхэмжлэгчийг “тендерийн урьдчилгаа төлбөр” шаардсан гэсэн үндэслэлээр буруутгаж захиргааны акт гаргасан тул шүүх зөвхөн энэ хүрээнд буюу захиргааны актын үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх бөгөөд захиргааны актын хүрээ (нэхэмжлэлийн шаардлагын хүрээ)-ээс хальж нэхэмжлэгчийн бусад үйлдэлд эрх зүйн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх нь захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилготой нийцэхгүй болоод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагч Үнэлгээний хороог хуульд заасан үндэслэл, журмыг баримталсан эсэхийг шалган тогтоох үүрэгтэй. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар татгалзах үндэслэл үүсэхгүй байгаа тендерээс татгалзах ёстой байсан гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч захиалагчид өгсөн “үнийн саналдаа захиалагчаас ажил эхлэхээс өмнө урьдчилгаа төлбөр авна гэх байдлаар тодорхой мөнгөн дүн огт бичээгүй” байхад шүүхүүд нэхэмжлэгчийг захиалагчаас урьдчилгаа төлбөр шаардсан гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай нийцэхгүй байна.

Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0275 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 0372 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан “урьдчилгаа төлбөр”-ийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг тайлбарлан хэрэглээгүй, маргааны үйл баримтуудад буруу дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

-... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглээгүй, маргааны үйл баримтуудад буруу дүгнэлт хийсэн талаар:

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн “Гомдол хянан үзсэн тухай” 5/7517 дугаар албан бичгээр “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг ... /үндэслэн хянаад/ ... “Монкабель системс” ХХК ... урьдчилгаа төлбөр шаардсан байгаа нь ... /хууль/-ийн 44.4 –т ... заасантай нийцэхгүй байх тул шаардлага хангасан тендер гэж үзэхгүй ... /тул/ дахин үнэлгээ хийх” талаар Булган аймгийн Засаг даргад мэдэгдсэн, нэхэмжлэгчээс “... манай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчөөгүй, ... шийдвэр хуульд нийцээгүй” гэж, хариуцагчаас “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7-д заасан ... бүрэн эрхийн хүрээнд хянан үзсэн, ... /нэхэмжлэгчийн/ ... ирүүлсэн тендер шаардлагад нийцэхгүй байгаа ... маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас “Тэшиг сумын Эгийн голын гүүрэн гарцуудад хяналтын камер суурилуулах” БХС-35/2016 дугаартай ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер зарласан, уг тендерт “Амикповер” ХХК, “Скай Си Эм Ди” ХХК, “Хасу энержи электроникс” ХХК, “Бүрэнсээр” ХХК, “Монкабель системс” ХХК зэрэг 5 аж ахуйн нэгж оролцсон, Булган аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/1188 дугаар “мэдэгдэл”-ээр “...“Монкабель системс” ХХК-ийн ирүүлсэн тендер ... хуулийн шаардлага хангасан тул гэрээ байгуулах боломжтой” талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, “Амикповер” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “... банкны тодорхойлолт ирүүлээгүй, ... борлуулалтыг орлогын ... /шаардлага/ хангаагүй, ... тайланг аудитын дүгнэлтээр баталгаажуулаагүй” гэх үндэслэлээр, “Скай Си Эм Ди” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “... зээлжих судалгаа хийлгээгүй, зээл авах эсэх нь тодорхой бус, ... техникийн тодорхойлолтын дэлгэрэнгүйг ирүүлээгүй” гэх үндэслэлээр, “Хасу энержи электроникс” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “...ажлын хуваарь ирүүлээгүй, ... ажлын гэрээ ирүүлээгүй” гэх үндэслэлээр, “Бүрэнсээр” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “... татварын өртэй” гэх үндэслэлээр захиалагч тус тус татгалзсан, тендерээс татгалзсан уг шийдвэрт  “Амикповер” ХХК, “Скай Си Эм Ди” ХХК-иудаас Сангийн яаманд гомдол гаргасан, Сангийн яамын төрийн нарийн бичгийн даргын маргаан бүхий 2016 оны 5/7517 дугаар албан бичгээр “... /гомдлыг хянаад/ захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж шийдвэрлэсэн талаар Булган аймгийн Засаг даргад мэдэгджээ.

Эдгээрээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч “Монкабель системс” ХХК-ийн тендер “шаардлага хангасан” гэж дүгнэсэн захиалагчийн шийдвэртэй гуравдагч этгээд “Амикповер” ХХК, “Скай Си Эм Ди” ХХК-иуд маргаагүй, энэ талаар Сангийн яаманд гомдол гаргаагүй, өөр үндэслэлээр буюу уг компаниудын тендерийг “шаардлага хангаагүй” гэж үзсэн захиалагчийн шийдвэрт гомдол гаргасан, гомдлын үндэслэл нь нэхэмжлэгч “Монкабель системс” ХХК-ийг “шалгаруулсан” захиалагчийн шийдвэрт хамааралгүй байсан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхээс “Амикповер” ХХК, “Скай Си Эм Ди” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулахаар шийдвэрлэсэн, эдгээр компаниудаас  “... эрх ашиг хөндөгдөхгүй тул ... гуравдагч этгээдээр ... /болон/ шүүх хуралдаанд оролцохгүй” гэж шүүхэд бичгээр мэдэгдсэн, уг баримтууд хэрэгт авагдсаныг дурдах нь зүйтэй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7-д “...тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг /төрийн захиргааны төв байгууллага/ хянан шийдвэрлэх”-ээр, 55 дугаар зүйлийн 55.2-т “төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх”-ээр заасан,  уг зохицуулалт нь тухайн тохиолдолд хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас нэхэмжлэгч “Монкабель системс” ХХК-нд холбогдуулж аливаа шийдвэр гаргах үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас дээрх хуулийн заалтуудыг үндэслэж, “Амикповер” ХХК, “Скай Си Эм Ди” ХХК-иас гаргасан гомдлын дагуу уг компаниудын “...тендерээс татгалзсан Булган аймгийн Засаг даргын шийдвэр үндэслэлтэй эсэх”-ийг хянан шалгаж, “гомдол үндэслэлгүй” талаар шийдвэр гаргасан, ингэхдээ маргаан бүхий актын 3 дахь заалтаар нэхэмжлэгч “Монкабель системс” ХХК-ийн тендер “шаардлага хангаагүй” гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “/захиргааны акт нь/ зорилгодоо нийцсэн байх” зарчмыг зөрчсөн, тендерт оролцогчдоос гомдол гаргаагүй асуудлаар “хянан шалгаж” шийдвэр гаргасан хариуцагчийн үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасантай нийцсэн гэж үзэхгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болгож тодорхойлсон хуулийн заалтыг маргааны үйл баримтуудад холбогдуулан тайлбарлаж хэрэглээгүй, маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, “...“Монкабель системс” ХХК-нд гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлснийг эс зөвшөөрч ... гомдол гаргасан” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.  

-... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан “урьдчилгаа төлбөр”-ийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:

Нэхэмжлэгч “Монкабель системс” ХХК-иас ирүүлсэн тендерийн бичиг баримтад “тендерийн ажлыг 148,536,627 төгрөгөөр гүйцэтгэх” үнийн санал ирүүлж, “ажлыг 40 хувь гүйцэтгээд урьдчилгаа 30 хувь, ажлын 80 хувийг гүйцэтгээд нийт ажлын өртгийн 50 хувь, ажлыг бүрэн дуусгаж, актаар хүлээлгэж өгөөд нийт ажлын өртгийн 20 хувь” гэх  хувиараар төлбөрийг авахаар санал ирүүлжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “... /бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээнд/ төлбөр хийх нөхцөл, хэлбэр, ... урьдчилгаа төлбөр хийх бол урьдчилгаа төлбөрийн баталгааны дүн, хэлбэр .../-ийг заавал тусгах/”-аар, 44 дүгээр зүйлийн 44.1-т “захиалагч ажлын бэлтгэл хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлж болох”-оор, 44.2-т “захиалагч урьдчилгаа төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээтэй ... баталгааг үндэслэн урьдчилгаа төлбөр төлөх”-өөр тус тус зааснаас үзэхэд “урьдчилгаа төлбөр” нь бэлтгэл ажил хангахад зориулагдсан буюу ажил эхлэхээс өмнө олгогдсон байх, төлбөрийг урьдчилан авахаар шаардсан тохиолдолд гэрээлэгч уг төлбөрийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний баталгаа гаргах тусгай нөхцлийг шаардсан,  “Монкабель системс” ХХК-иас ирүүлсэн төлбөр хийх нөхцлийн санал нь хуулийн эдгээр шаардлагыг хангаагүй, “ажлын 40 хувь гүйцэтгээд төлбөрийн 30 хувийг авах” гэрээний нөхцлийг “урьдчилгаа төлбөр” гэж үзэхгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл,  “Монкабель системс” ХХК –иас тендерт ирүүлсэн үнийн саналдаа “ажлын 40 хувийг гүйцэтгээд урьдчилгаа 30 хувь” гэж бичсэн боловч уг “30 хувь” нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан “урьдчилгаа төлбөр”-т хуулиар тусгайлан шаардсан нөхцөл, шинжийг агуулахгүй байх тул агуулгаараа “урьдчилгаа төлбөр” биш, харин захиалагчаас баталсан тендерийн “Гэрээний ерөнхий нөхцөл”-ийн 39 дүгээр зүйлд заасан “гүйцэтгэсэн ажилд төлөх төлбөр”-ийн агуулгатай,  захиалагч, гэрээлэгч нар тусгай нөхцлөөр гүйцэтгэлийн төлбөрийг хуваан төлөхөөр харилцан тохиролцох нь тус зүйлд заасан “ажлын гүйцэтгэлийн тайланг сар бүр ... төслийн менежерт гаргаж өгөх”, “... төслийн менежер гүйцэтгэгчийн ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг шалгаж, түүнд төлөх төлбөрийн дүнг тодорхойлж батлах”, “гүйцэтгэсэн ажилд төлөх төлбөрийн дүнг тооцохдоо үе шатны ажлын хуваарьт заасан бүрэн хийж гүйцэтгэсэн үе шатны ажлын үнэд үндэслэх” зэрэг зарчим, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 40.3.2-т “... /гэрээгээр/ төлбөр хийх нөхцөл, хэлбэр.../-ийг тохиролцох/”-оор заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд, хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн маргаан бүхий 5/7517 дугаар актаар нэхэмжлэгч “Монкабель системс” ХХК-ийг “... урьдчилгаа төлбөр шаардсан” гэх үндэслэлээр  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан “тендерийн баримт бичигт заагаагүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөр төлөхгүй ... /гэснийг зөрчсөн/ ...тул шаардлага хангасан тендер гэж үзэхгүй ... /тул/ дахин үнэлгээ хийх” гэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгч “Монкабель системс” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан “урьдчилгаа төлбөр”-ийн агуулгыг тодорхойлохдоо уг хуулийн 40, 44 дүгээр зүйлд заасан “ажил эхлэхээс өмнө олгогдсон байх”, “... зөвхөн баталгааны үндсэн дээр олгох” зэрэг тусгайлсан зохицуулалтуудыг анхаараагүй, хуулийн холбогдох зүйл заалтуудыг нэгдмэл байдлаар, уялдуудан тайлбарлаж хэрэглээгүй, захиалагчаас баталсан тендерийн “Гэрээний ерөнхий нөхцөл” хүчин төгөлдөр, уг Гэрээний ерөнхий нөхцлийн 39 дүгээр зүйлд зааснаар төлбөрийг “гүйцэтгэлийн сар бүрийн тайланд үндэслэж” олгож болохоор заасан буюу талууд гэрээгээр өөрөөр тохирсон байхад анхан шатны шүүх “... Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д ... гэрээгээр талууд өөрөөр тохиролцоогүй бол ... ажлыг бүрэн гүйцэтгэж, ... ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөх үүрэг хүлээдэг” гэх үндэслэл дурдаж “урьдчилгаа төлбөр шаардсан байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.2, 40.3.3, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.4, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг тус тус баримтлан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0275 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0372 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “Монкабель системс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7517 дугаар шийдвэрийн “Монкабель системс” ХХК-нд холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Монкабель системс” ХХК тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Х.БАТСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХТУЯА