Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 499

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суудаг, Е-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суудаг, О-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Е-гийн өмгөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 460000 төгрөгийн үнэтэй 4 настай байдас гүү гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б аймагт малын ченж буюу малын худалдааны чиглэлээр хувиараа үйл ажиллагаа явуулдаг. Миний төрсөн нагац ах болох О нь намайг мал авч худалддаг гэдгийг мэддэг бөгөөд 2018 оны 6 дугаар сарын үед мал өгнө гэж надаас зээлээр мөнгө авдаг байсан. Үүнээс гадна дэлгүүрт өгөх ёстой түүний зээлийг надаар төлүүлж нийтдээ 460000 төгрөгийг авсан. Энэхүү мөнгөний оронд Онь надад 4 настай байдас гүү өгөхөөр болж харилцан тохиролцсон билээ. Тэгээд надад О нь 2018 оны намар 4 настай байдас гүүгээ авчирч өгөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Түүнээс хэд хэдэн удаа шаардахад “өгнө, боломж гарахгүй байна, найдвартай хүргэж өгнө” гэж хэлдэг байсан. Сүүлд нь тэр надад “би чамд 4 настай байдас гүүг өгчихсөн чи өөрөө эзэн болоогүй” гэж худлаа шалтаг хэлдэг болсон бөгөөд сүүлдээ бүр утсаа хүртэл авдаггүй болсон байна. Хэрэв О үүргээ биелүүлж 4 настай гүүгээ надад өгсөн бол өдий унагатай байсан билээ. Гэтэл О хариуцлагагүй байдлаас болж би ихээр хохирч байна. Иймд О-гаас 4 настай байдас гүү гаргуулах талаар шийдвэр гаргаж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Е шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд: Миний бие О-д холбогдуулан 4 настай байдас гүү гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Энэхүү хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 10:30 минутад хийх болсон талаар утсаар мэдэгдсэн. Миний бие Улаанбаатар хотод ажлаа явж байгаа бөгөөд шүүх хурал болох өдөр хүртэл Б аймагт очиж чадахгүйд хүрч байна. Иймд миний сонгож авсан өмгөөлөгч Н-ийг оролцуулан миний эзгүйд нэхэмжлэлийг маань шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Е-гийн Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Нэхэмжлэгч Е хариуцагч О-гаас зээлээр бэлэн мөнгө өгөөд оронд нь 4 настай байдас гүүг худалдаж авсан байна. Гэтэл хариуцагч О энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг нь болох 4 настай байдас гүүг нэхэмжлэгч ТЕ-гийн эзэмшил болон өмчлөлд шилжүүлж өгөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг гардаж аваад шүүхэд энэхүү нэхэмжлэлийг үгүйсгэх нотлох баримт, тайлбараа ирүүлэх үүрэгтэй үүргээ биелүүлээгүй байна. Шүүхээс хариуцагчид энэ үүргийг нь тайлбарлаж өгсөн байна. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч тайлбар болон нотлох баримтаа ирүүлээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцээгүй, тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д зааснаар нэхэмжлэлийн нэг хувийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Ш.Орынбайд гардуулсан ба хариуцагч О нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Е өөрийн эзгүйд шүүх хуралдаанд хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул түүнийг өмгөөлөгчийг оролцуулан, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны товыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болох орон нутгийн радиогоор хариуцагч О-д мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан үүргээ хариуцагч О биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул хариуцагч О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон, хариуцагч О-гаас 460000 төгрөгний үнэтэй 4 настай байдас гүүг О-гаас гаргуулан нэхэмжлэгч Е-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14150 төгрөгийг улсын орлого болгох хариуцагч О-гаас 14150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч О-гаас 460000 төгрөгний үнэтэй 4 настай байдас гүүг гаргуулан нэхэмжлэгч Е-д олгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Е-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14150 (арван дөрвөн мянга нэг зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О-гаас 14150 (арван дөрвөн мянга нэг зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК