Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/387

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Ш.Анужин,

шүүгдэгч Б.***,

хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205032860390 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, *** ХХК-д электроникийн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг *** хороо *** таун *** тоотод оршин суух, Дархан-Уул аймаг Дархан сум *** баг *** хороолол *** байр *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,  ***.

 

Шүүгдэгч Б.*** нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Stella шөнийн цэнгээний газарт хохирогч ***ыг гараараа түлхэх, хөлөөрөө дэгээдэх зэргээр санаатайгаар түлхэж унагаан түүний биед тархи доргилт, баруун шуунд зулгаралт, орчны эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*** мэдүүлэхдээ: “Тухайн өдөр гэр бүлийн хүнээ авах гээд очсон. Тэнд маргаан үүсэж хоёр найзыгаа салгах гээд очсон. Гэтэл хохирогч гарч ирээд 380,000 төгрөгийг төлж өг гэсэн. Би юу яриад байгаа юм бэ камерын бичлэг шүүлгэе гэсэн. Тэгээд камерын бичлэг шүүж үзэхэд ямар нэгэн хохирогчийн хэлж байгаа шиг зүйл болоогүй байсан. Хохирогч үг хэлээр харааж, доромжлоод байсан. Би гарах гэсэн чинь наад гуйлгачингаа битгий гаргаарай гэсэн. Хохирогч маш их ууртай, бухимдсан байсан. Бид нарын маргааны шалтгаан болсон архи нь түүний найзын өврөөс гарч ирсэн байгаа. Дараа нь тэр архийг нь гурван залуу уусан гэж хэлсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** мэдүүлэхдээ: “Тухайн өдөр найзуудтайгаа тэр шөнийн цэнгээний газар ороод 300,000 төгрөгийн үнэ бүхий зүйл захиалсан. Бүжиглэж байх хооронд манай ширээн дээрх зүйлийг хажуу ширээний залуучууд хоорондоо шидэлцэж байсан. Тэгээд тэдгээр залуус дээр очиж төлж өг гэсэн шаардлага тавьсан. Тэгэхэд төлөхгүй гээд маргаан үүссэн. Намайг камерын бичлэг шүүгээд тэр өрөөнөөс гарч ирэхэд гэнэт цохиж, савж унагаасан. Үүнээс болж тархи доргисон. Чих шуугидаг болсон. Хохирол төлбөрт 1,153,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тогтоол. /хэргийн 12 дахь тал/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... Бичлэгийн цагаар 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо Stella шөнийн цэнгээний газар доторх үүдний ертөнцийн зүгээр зүүн тал руу харсан хяналтын камерын бичлэг байх ба Stella шөнийн цэнгээний газар гаднах хаалга 2 давхар луу гардаг шат руу харсан байдалтай байв. Хяналтын камер дээр шатаар нэг эрэгтэй хүн болох *** гар утсаа барьсан байдалтай бууж ирээд шөнийн цэнгээний газрын гадна хаалга руу явахад өмнөөс нь цагаан өнгийн ханцуйтай хар өнгийн куртиктэй Б.*** гарч ирээд ***ы өөдөөс баруун хөлөөрөө ***ы хөлийг дэгээ ороож гараараа толгойн тус газраас нь түлхэж газар унагаж байв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 13-14 дэх тал/

 

Хохирогч ***ы “... 2022 оны 10 дугаар сарны 18-ны өдөр 00 цаг өнгөрч байх үед найз ***, ***, *** нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Stella шөнийн цэнгээний газар ороод 700 грамм хэмжээ бүхий нэг шил виски, шар айраг, ундаа захиалсан. Захиалсан зүйлээ бид 4 хуваагаад ууж идээд байж байсан чинь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөр шилжих шөнө 01 цагийн үед найз Тамир явсан. *** архи уугаад нэлээд муудаад ширээ дэрлээд унтаад өгсөн. Найз *** бид 2 бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байгаад өөрийн сууж байсан ширээ рүү эргээд харсан чинь хажууд байх ширээн дээр сууж байсан үл таних хүмүүс хоорондоо маргаад манай ширээн дээр байх эд зүйлийг нэг рүүгээ шидэж байсан. Энэ үед хамгаалагч нар нь хүрч ирээд салгаж байсан. Би ширээн дээрээ очоод үл таних хүмүүст хандаж та нар зодоон хийгээд миний ширээн дээр байсан идэж уух зүйлийг шидсэн байна, төлж өг гэж хэлсэн.

Тэр хүмүүс надад хандаж камер шүүж үзэх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь 2 давхарт байх камерын өрөө рүү найз ***, үл таних 2 залуугийн хамт дөрвүүлээ ороод бичлэг шүүж үзэх үед манай ширээн дээр байх зүйлийг тэр хүмүүс аваад шидэж байсан. Үл таних 2 залуу надад хандаж тийм байна гэсэн хариу хэлсэн. Тэгээд би үл таних 2 залууд хандаж захиалсан зүйлийн нэр болон мөнгөн дүнг хэлээд төлөөд өгөө гэсэн. Бид 4 камерын өрөөнд байж байсан чинь хамгаалагч орж ирээд 2 хүн үлдээд хоёр нь гараад байж бай гэж хэлсэн. Найз ***, үл таних 1 залуугийн хамт камерын өрөөнд үлдсэн.

Би үл таних залуугийн хамт нэг давхарт буух үед үл таних залуу /Б.***/ барьж аваад намайг шидсэн. Тэгээд ухаан алдаад сэрсэн чинь цагдаагийн алба хаагч болон түргэн тусламж ирсэн байсан. Дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч камер шүүж үзээд *** гэх залуу руу заагаад энэ залуу өргөж шидсэн байна гэж хэлээд түүнийг дагуулаад явсан. Тэгээд миний эрүүл мэндэд *** гэх хүн халдсан талаар мэдэж авсан.

Би *** гэх хүнтэй хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Миний эрүүл мэндэд ямар шалтгаанаар халдсан талаар мэдэхгүй байна. Тухайн хүнд авч шидсэн зүйлээ төл гэсэн шаардлага тавьсан чинь тэр хүн уурласан байх гэж бодож байна.

...Би одоогоор 1,000,000 гаран төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байгаа. Энэ талаар баримт надад байна. Би цаашид гарах зардлаа гэм буруутай хүнээр гаргуулах хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-23 дахь тал/

 

Гэрч ***ийн “... Бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байхад манай ширээний хажууд хүмүүс хоорондын зодоон болсон. *** ширээн дээрээ үлдсэн байсан. *** бид 2 ширээн дээрээ буцаад очиход манай ширээн дээр байсан архи, шар айраг бүгдийг нь унагааж хагалсан байсан.

*** бид 2 шөнийн цэнгээний газрын менежертэй очиж уулзаад бид нарын авсан юмыг хэн төлөх юм бэ гэж асуусан чинь менежер бид нар сайн мэдэхгүй байна, хяналтын камер шүүж үзэж байгаад асгасан хүмүүсээр нь төлүүлнэ гэж хэлсэн. Тэгээд *** бид 2 хяналтын камер шүүж үзэх гээд дээшээ 2 давхарт гараад камер үзэхэд бид нарын урд талд сууж байсан 3 залуу, нэг эмэгтэй нар хүмүүстэй маргаж зодоон хийж байгаад манай ширээг нурааж дээр нь байсан архи, шар айргийг асгасан байсан. *** бид хоёрын араас ширээ нураасан гэх ***, ***, *** гэх 3 залуу орж ирж бид 2 маргасан. Харин баарны хамгаалагч тэр гурвыг түрүүлээд камерын өрөөнөөс гаргасан.

*** бид хоёр камераа үзчихээд *** түрүүлж камерын өрөөнөөс гараад доошоо буусан. Би камерын өрөөнд бичлэгийг үзчихээд доошоо буусан чинь *** шөнийн цэнгээний газрын үүдний өрөөний шалан дээр ухаан алдаад унасан байсан. Би ***ыг сэрээх гэсэн сэрэхгүй байхаар нь түргэн, цагдаа дуудсан. Харин шөнийн цэнгээний газрын өлгүүрийн эгч танай найзыг наад залуучууд чинь унагасан гэж ***, ***, *** нарыг заасан.

... *** цагаан өнгийн ханцуйтай, хар өнгийн богино куртиктэй, намхан биетэй, бор царайтай залуу байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-34 дэх тал/

 

Гэрч Т.***ы “... Хяналтын камерын бичлэг дээр байгаа 5 залуугийн хоёрыг нь танина. Гурван залууг нь танихгүй. Намхан биетэй, хоёр ханцуй нь цагаан, хар өнгийн бомбер куртик өмссөн хүнд дэгээ хийгээд түлхэж унагааж байгаа залуу нь бол манай найз *** байна. Харин салгаж байгаа нэг залуу нь манай найз *** байна. Газар унаж байгаа залуу нь бид нараас вискиний мөнгө нэхээд байсан залуу мөн байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39-41 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14446 дугаартай:

“...1. ***ы биед тархи доргилт, баруун шуунд зулгаралт, орчны эдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 47-48 дахь тал/

 

Б.***ын яллагдагчаар өгсөн “... Хэрэг болох үед согтоогүй, халамцуу л байсан. *** хэл амаар доромжлоод араас салахгүй байсан. Би шөнийн цэнгээний газрын үүдэнд ***г барьж аваад нэг удаа түлхэж унагаасан. Түүнээс цохиж зодсон зүйл байхгүй, *** газар унасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 80-81 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Stella шөнийн цэнгээний газраар хохирогч *** нь өөрийн найз ***, ***, *** нарын хамтаар үйлчлүүлжээ.

Тухайн үед шүүгдэгч Б.*** нь тус шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан бөгөөд хохирогч ***, гэрч Т.*** нарын ширээн дээр байсан согтууруулах ундааны зүйлийг унагааж асгалаа гэсэн шалтгаанаар шүүгдэгч Б.*** болон түүний найз болох гэрч Т.***, *** нартай маргаан үүсгэжээ.

Дээрх маргаанаас үүдэн шүүгдэгч Б.*** нь хохирогч ***ыг шатнаас бууж ирэх үед нь түлхэж унагаан түүний биед тархи доргилт, баруун шуунд зулгаралт, орчны эдэд цус хуралт бүхий гэмтэл учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.*** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хохирогч ***ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, түүний гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх бөгөөд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт баримтаар /хэргийн 69-73 дахь тал/ 1,153,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14446 дугаартай дүгнэлтээр хохирогч ***гийн биед “тархи доргилт, баруун шуунд зулгаралт, орчны эдэд цус хуралт” бүхий гэмтэл тогтоогдсон байна.

Гэтэл хохирогч *** нь “Комьпютер томограф зураг /хүзүү, толгой/ Лазер мед эмнэлэг 240,000 төгрөг, Комьпютер томограф зураг /бүсэлхий нуруу/ Мед трамва эмнэлэг 140,000 төгрөг, чихний үзлэг ЭМЖЖ эмнэлэг 40,000 төгрөг, сонсголын бичлэг ЭМЖЖ эмнэлэг 30,000 төгрөг, Мамба дацан эмчийн үзлэг 45,000 төгрөг, Мамба дацан шинжилгээ /шээс, цус, АЛАТ, АСАТ/ 34,000 төгрөг, Мамба дацан хэвтэн эмчилгээ 5 хоног 529,000 төгрөг, Мамба дацан ковид шинжилгээ 28,000 төгрөг, Мэдрэл үзлэг /Жамъянгийн Дуламжав хүний их эмч/ 30,000 төгрөг, Такси зардал 29,000 төгрөг, Шүүх эмнэлэг үзлэг 8,000 төгрөг,  нийт эрүүл мэндийн үйлчилгээ авсан 1,153,000 төгрөгийн зардал гарсан байна.

Үүнээс шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоход төлсөн 8,000 төгрөг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт хамаарч байх бөгөөд харин бусад эрүүл мэндийн үйлчилгээний 1,145,000 төгрөгийн зардал нь хохирогчид учирсан “тархи доргилт, баруун шуунд зулгаралт, орчны эдэд цус хуралт” гэсэн хөнгөн гэмтэлтэй ямар холбоотой болох нь тодорхойгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэх боломжгүй тул хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.***аас хохирогч ***ы Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд гэмтлийн зэрэг тогтоолгохоор төлсөн 8000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Гэхдээ хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор ургийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ын цагдан хоригдсон 4 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 60,000 төгрөгийг эдлэх ялаас хасав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.***ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.***ын цагдан хоригдсон 4 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 60,000 төгрөгийг эдлэх ялаас хасаж, 440,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.***ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.***ыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Б.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.***аас 8000 төгрөг гаргуулж ***д олгож, *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ