Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/392

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Ш.Анужин,

шүүгдэгч  Б.***,

шүүгдэгч Т.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205000002539 дугаартай хэргийг  2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймаг  Баянхонгор суманд төрсөн,  32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  *** ХХК-ны *** шөнийн цэнгээний газарт зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  ***.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймаг Галт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ХХК-ны *** шөнийн цэнгээний газарт хамгаалагч ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Сүхбаатар дүүрэг *** дугаар хороо ***  байр *** тоотод оршин суух, Хөвсгөл аймаг Галт сум *** баг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар  1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  ***.

 

Шүүгдэгч Б.*** нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** шөнийн цэнгээний газрын гадна Ж.***тай төлбөр тооцоо хийхтэй холбоотойгоор маргалдаж улмаар түүний нүүр болон биеийн бусад хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.***, Т.*** нар нь бүлэглэж 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** шөнийн цэнгээний газрын үүдэнд “танай шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байгаад хүнд доромжлууллаа, энэ асуудлыг шийдэж өгөхөөс нааш тооцоог чинь хийхгүй” гэж хэллээ гэсэн шалтгаанаар хохирогч Б***той маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь тус бүр нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*** мэдүүлэхдээ: “Тухайн өдөр тооцооны асуудлаас болоод маргалдсан. Доод давхарт сүлжээ болохгүй болохоор нь дээшээ гараад хий гэсэн. Цуг явсан найз нь тооцооноос болж маргаан үүсгэсэн. Хажуугаас хүмүүс орж ирээд бас маргалдсан. Түүнээс болоод ийм асуудал үүссэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*** мэдүүлэхдээ: “Тэр өдөр намайг дээр маргаан боллоо гээд дуусан. Тэгээд тооцоогоо хийх шаардлага тавихад хоёр эмэгтэй нь дайраад байсан. Тооцоон дээрээ гомдолтой байна гэхээр нь хажуугийн ширээн дээр суулгаад цагдаа дуудсан. Тэр хооронд эмэгтэй нь намайг хэл амаар доромжлоод байсан. Бид хуулийн байгууллагадаа ханд гэж хэлсэн. Дүрс бичлэгт бүгд бичигдсэн байгаа. Хохирогч миний нүүр рүү цохиод би түлхсэн. Олон удаа цохиж, гэмтэл учруулсан зүйл байхгүй” гэв.

 

Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 56 дахь тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Дэлгэцийн зүүн дээд буланд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01:00:03 цагийг зааж байна. Бичлэг эхлэхэд дэлгэцийн гол хэсэгт 5 эрэгтэй хүн зогсож байх ба гол хэсэг нь нуруун дээрээ дүрс бүхий хар өнгийн фудволктой, цагаан өнгийн гуталтай эрэгтэй, хар өнгийн фудволктой залуу хоёр өөд өөдөөсөө хараад зогсож байна.

Бичлэгийн 00:56 цагт хар өнгийн фудволктой залуу нуруун дээрээ зурагтай хар өнгийн фудволк цагаан өнгийн гуталтай залууг түлхэж байх ба  нуруун дээрээ зурагтай хар өнгийн фудволктой залуу хар өнгийн фудволктой залуу баруун гараараа хар өнгийн фудволктой залууг цохих үед хар өнгийн фудволк өмссөн залуу нуруун дээрээ зурагтай хар өнгийн фудволк цагаан гуталтай залуугийн нүүрний зүүн хэсэг рүү нэг удаа цохиж байгаа бичлэг байна.

Ханан талд зогсож байсан 3 эрэгтэй хүн салгах үед ханан талд зогсож байгаа хар өнгийн хүрэм өмссөн залуу нуруун дээрээ зурагтай хар өнгийн фудволк цагаан өнгийн гуталтай залуугийн зүүн талаас толгой хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиж байна.

... 2 дахь бичлэгийг тоглуулахад өмнөх камерын бичлэгийн эсрэг талаас бичсэн бичлэг байх ба бичлэгийн 00:53 цагт хар өнгийн фудволктой залуу нуруун дээрээ зурагтай хар өнгийн фудволктой цагаан өнгийн гуталтай залууг баруун гараараа цохиж байгаа нь харагдаж байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 124-126 дахь тал/

 

Хохирогч Ж.***ын “... 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх *** нэртэй караокед 3 найзын хамт орж үйлчлүүлж байгаад 04 цагийн орчим гарахаар болж тооцоо хийх гэж тухайн караокены подваль хэсэгт гар утсаараа интернэт банк ашиглах гэсэн боловч болж өгөхгүй байсан юм.

Тэгээд сүлжээ болохгүй байгаа юм байна, дээшээ гарч төлбөр тооцоогоо хийе гэж хэлээд гарч тооцоогоо хийх гэсэн боловч  болж өгөхгүй байсан. Энэ үед шөнийн цэнгээний газрын зохион байгуулагч хамгаалагч нартай маргалдаж зохион байгуулагч гэх шар залуу миний зүүн хацар хамар хэсэгт 2 удаа гараараа цохиж хамраас цус гарсан. Цусаа хараад миний уур хүрч дайрахад ахин миний хамар луу цохиж би газар унасан. Тэр үед нэлээд олон удаа өшиглөсөн. Хэн өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Надтай хамт явсан найзууд цагдаа дуудсан байсан. Тэгээд Цагдаагийн газар ирж байна.

Төлбөр тооцооны асуудлаас болж *** шөнийн цэнгээний газрын зохион байгуулагч гэх залуу миний нүүрэнд гараараа 3 удаа цохиж газар унагаж өшиглөж цохиж зодсон.

... Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дэх тал/

 

Хохирогч Б***ийн “Би 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хороололд төрсөн дүү ***тай хамт явж байгаад хоол идэхээр *** нэртэй ресторанд ороод хоол идээд задгай шар айраг уугаад сууж байтал бид хоёрын хажуу талд хоёр эмэгтэй сууж байсан. Согтуу эмэгтэй та хоёр гомо юм уу гээд хэл амаар доромжлоод байсан. Би зөөгчийг нь дуудаад зохицуулж өгөх хүсэлт тавьсан. Гэтэл тухайн хоёр эмэгтэйг бид хоёрын ширээнээс нь босгоод цаад талынх нь ширээ рүү суулгасан.

Нөгөө хоёр эмэгтэй дахиад хэл амаар доромжлоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Удалгүй хоёр цагдаа ирэхээр нь болсон асуудлын талаар хэлэхэд нөгөө хоёр эмэгтэйтэй уулзчихаад гараад явсан. Би зөөгчийг нь дуудаад би зүгээр танайд үйлчлүүлж байгаад хүнд доромжлууллаа, та нар арга хэмжээ авч өгсөнгүй, та нар миний бусдад доромжлуулсан асуудлыг хэрхэн шийдэх вэ, би шийдэж өгсний дараа тооцоогоо хийнэ гэдгээ хэлсэн. Тэгээд бид нарын хооронд маргаан үүссэн. Гэтэл хамгаалагч гэх залуу гараад ир гээд намайг дуудсан.

Намайг гадагшаа гарахад 4-5 залуу гадаа зогсож байсан. Намайг тооцоогоо хий гээд дүү бид хоёр луу дайраад бид хоёрын биед халдаад намайг боож газар унагаасан. Би нэг залуутай нь маргалдаад нэг удаа цохиход тухайн залуу миний нүүрэн тус газар цохисон. Гэтэл хажуу талд байсан залуучууд салгаад дүү бид хоёрыг зодоод байсан. Би гадаа шатан дээр сууж байхдаа цагдаад дуудлага өгсөн.

Би 9 дүгээр сарын 21-ний өдөр Гранд мед эмнэлэгт хэвтээд нүдний ухархай цөмөрсөн ясанд имплант суулгах болон хамрын яс тэгшлэх хагалгаанд орсон. Баримтууд нь гэрт байгаа гаргаж өгнө. Манай дүүгийн биед учирсан гэмтэл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 74-75 дахь тал/

“Хуулбарлаж авсан камерын бичлэгийг үзэхэд миний өөдөөс хараад зогсож байсан хар өнгийн фудволктой залуу эхлээд миний зүүн нүдний хэсэгт гараараа нэг удаа цохисон. Мөн хажуу талд нь байсан зохион байгуулагч гэх залуу мөн зүүн шанаа нүдний хэсэгт нэг удаа цохисон. Миний биед учирсан гэмтлийг хамгаалагч гэх хар өнгийн фудволктой залуу, зохион байгуулагч гэх залуу нар учруулсан. Ажлын байран дээрээ байхдаа үйлчлүүлэгчдээ гар хүрсэн хүмүүст хариуцлага тооцмоор байна.

Эмчилгээ хийлгэсэн баримтуудыг гаргаж өгсөн. Би айл нүүлгэлтийн компанид нүүлгэлтийн ажилчнаар ажилладаг. Ажлын хөлсийг дансаар болон бэлэн мөнгөөр авдаг бөгөөд айл нүүлгээд өдөр 150,000-200,000 төгрөгийн цалин авдаг. 27 хоногийн хугацаанд өвчтэй байсан болохоор 175,000 төгрөгийн цалин авахаар бодож 4,725,000 төгрөг нэхэмжилсэн.

Гэмтэл авснаас хойш зүүн нүднээс байнга нулимс гоожиж нүдний дусаагуур хэрэглэж байгаа. Мөн сэтгэл санааны хохиролтой байна. Би баримттай хохирлоо нэхэмжилж байгаа. Түүнээс гадна өөр мөнгө нэхэмжлэх бодолтой байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 78 дахь тал/

 

Гэрч Б.***гийн “... Шөнийн цэнгээний үүдэн дээр гарч ирээд гар утасны сүлжээтэй хэсэгт тооцоо хийх гэхэд 227,000 төгрөгийн тооцоо гарсан байтал 576,000 төгрөг нэхсэн гэсэн. Би тухайн үед хамт явсан нэг найзыгаа машинд хүргэж өгөөд ирэх үед хүмүүс шуугиад байсан. Намайг шөнийн цэнгээний газар очих үед шөнийн цэнгээний зохион байгуулагч гэх шар залуу манай найз ***ыг цохиж байсан. Шар залуутай хамт 4-5 хүн байсан. Манай хоёр найз хоёулаа газар унасан байдалтай байсан. Найзууд дээрээ очоод ***ыг босгож ирэх үед шөнийн цэнгээний газрын зохион байгуулагч гэх шар залуу ***ын шанаа хэсэгт гараараа цохисон. Би боль гэж хэлээд салгах гэхэд ахиж барилцаж авч миний үгэнд орохгүй байхаар нь би цагдаа дуудсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дахь тал/

 

Гэрч Б.***ын “... Ах *** 2 ширхэг шар айраг, 50 мл архи авч уусан сууж байхад хажуу ширээний хоёр эмэгтэй бид хоёрыг хэл амаар доромжилсон. Тухайн рестораны зөөгчид хандаж энэ асуудлыг зохицуулж өг гэж шаардлага тавихад нэг ширээний зайтай суулгасан. Тэр байдал намжаагүй биднийг гомо, нэг нэгнээ хайраа гэхээ боль гэх зэргээр доромжилж байсан. Болихгүй болохоор нь цагдаа дуудсан. Цагдаа ирээд зохицуулаагүй явсан. Тэгээд манай ах *** зохион байгуулагчаа дууд гэж зөөгчид нь хэлсэн. Тэгсэн чинь хамгаалагч нар гаднаас орж ирээд гараад ирээ гээд дуудаж гаргаж ирээд бүлэглэн зодсон. Тэгээд цагдаа дуудсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 64-65 дахь тал/

“... Гадаа гараад байж байгаад тухайн залуучууд манай ахыг цохиж гэмтэл учруулсан. Би яг хэн нь цохисон гэдгийг мэдэхгүй байна. Цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирж зохион байгуулагч гэх залуугийн хамт Цагдаагийн хэлтэс рүү авч явсан.

Баруун нүд бага зэрэг улайсан байж байгаад зүгээр болсон. Өөр бусдаар гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй болохоор би гомдол гаргаж шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 88-89 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14729 дугаартай:

“...1.Ж.***ын биед зүүн хоншоорын хөндийн гадна хажуу ханын хугарал, зүүн хацар ясны нумны зөрөөгүй хугарал, хамрын ясны зөрөөгүй хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны уг, зүүн дээд, доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 20-21 дэх тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12804 дугаартай:

“...1. Б***ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун мөр, хамар, эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шинэ гэмтэл байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 93-94 дэх тал/

 

Шинжээч Ө.***ийн “... Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... Гэмтлүүд нь олон тооны гэмтэл байсан учраас олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж бичсэн байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 100 дахь тал/

 

Б.***гийн яллагдагчаар өгсөн “... Би *** шөнийн цэнгээний газрын зохион байгуулагч ажил хийдэг юм. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө манай бааранд 4 залуу орж ирээд төлбөр тооцооны маргааны улмаас маргалдаж Ж.*** гэх залууг цохиж зодсон нь үнэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Ахиж ийм зүйл хийхгүй. Миний хийж байгаа ажил төрөлтэй холбоотой ийм асуудал үүслээ гэж би бодож байна. Их харамсаж байна. Би бүр ажлаасаа гардаг ч юм билүү гэж бодох болсон. Тухайн хүмүүсийн хохирлыг барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дахь тал/

“... Тэгээд цагдаа нар явтал нөгөө хоёр залуу дахиад манай ресторанд орж ирээд суугаад гомдолтой, тэр хоёр эмэгтэй бид хоёрыг гомо гэж хэлсэн учир тооцоогоо төлөхгүй гээд байсан. Тэр үед ойролцоогоор 200,000 гаран төгрөгийн төлбөр гарсан. Тэгээд тэр хоёр залуу намайг болон зохион байгуулагч Отгоо бид хоёртой маргаад байхаар нь ресторанаас гартал намайг нэг залуу нь миний цээж рүү түлхээд цохиод байхаар нь би тэр залууг нь нүүр хэсэг рүү уур хүрээд нэг удаа цохиод авсан. Тэгсэн тэр залуу одоогийн хохирогч *** байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 111 дэх тал/

 

Т.***гийн яллагдагчаар өгсөн “... Би тухайн хохирогч залууг цохиж зодоогүй. Тэр залуу намайг зүгээр байхад нүүр хэсэг рүү цохиод авахаар нь тухайн залуугийн нүүр хэсэг рүү нэг удаа мангасдаад түлхсэн. Харин Б.*** тэр залуугийн нүүр хэсэг рүү цохиж харагдсан. ... Иймд би тухайн хохирогч залууд гэмтэл учруулсан гэж бодохгүй байна. Тэр үед миний биед гэмтэл учраагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 120 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** ХХК-ны *** шөнийн цэнгээний газарт шүүгдэгч Б.*** нь зохион байгуулагчаар, шүүгдэгч Т.*** нь хамгаалагчаар ажиллаж байсан бөгөөд тус цэнгээний газраар 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө хохирогч Б*** нь өөрийн төрсөн дүү Б.***ын хамт үйлчлүүлжээ.

Энэ үед хохирогч Б***,  түүний төрсөн дүү Б.*** нарыг мөн шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан үл таних хоёр эмэгтэй хэл амаар доромжилсон шалтгаанаар Цагдаагийн байгууллагад болон шөнийн цэнгээний газарт гомдол гаргасан ба хохирогч Б*** нь шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн үйлчилгээний төлбөрөө бусдад доромжлуулсан тул төлөхгүй гэж хэлсний улмаас маргаан үүсчээ.

Ингээд уг маргаанаас үүдэлтэйгээр шөнийн цэнгээний газрын үүдэнд хохирогч Б***ийг шүүгдэгч Т.***, Б.*** нар нь бүлэглэн зодож түүний эрүүл мэндэд биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун мөр, хамар, эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулжээ.

Мөн шүүгдэгч Б.*** нь  өөрийн ажиллаж байсан шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан хохирогч Ж.***тай 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө үйлчилгээний төлбөрөөс болж маргалдан түүнийг цохиж биед зүүн хоншоорын хөндийн гадна хажуу ханын хугарал, зүүн хацар ясны нумны зөрөөгүй хугарал, хамрын ясны зөрөөгүй хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны уг, зүүн дээд, доод зовхинд зулгаралт гэмтэл учруулжээ. 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч  Б.***, Т.*** нар нь бүлэглэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хохирогч Б***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч нарын гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Б.***н нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хохирогч Ж.***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, түүний гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.***, Т.*** нар үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн,  шүүгдэгч Б.***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Ж.***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нэхэмжлэл бүрэн хангагдсан талаар “... Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-9 дэх тал/ өгчээ.

Ийм учраас шүүгдэгч Б.***гээс хохирогч Ж.***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Б*** нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал болон ажилгүй байсан хугацааны цалин, бусад зардалд 6,455,070 төгрөгийг /хэргийн 156-163 дахь тал/ нэхэмжилжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад хохирогч Б***ийн Гранд мед эмнэлэгт нүдний мэс засал, хамрын мэс засал хийлгэсэн өвчний түүх байхгүй тул эмнэлэгт  хэвтэн эмчлүүлсэн зардлыг тооцох боломжгүй болсон байна.

Мөн хохирогч Б***ийн ажилд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгал төлсөн хууль ёсны баримт байхгүй тул ажилгүй байсан хугацааны цалинг хор уршигт тооцох боломжгүй юм.

Харин хохирогч Б***ийн Гэмтэл согог судлал, Грандмед, Люксмед эмнэлгүүдээс эмнэлгийн тусламж буюу томографи, рентгены зураг авхуулсан, чих хамар, нүдний эмчид үзүүлсэн нийт 240,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэлээ.

Гэхдээ хохирогч Б*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Т.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.***, Т.*** нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор ургийн шинж чанар харгалзан шүүгдэгч Т.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000  төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг тогтоов.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн бөгөөд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.***, Т.*** нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

 ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

2.  Т.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Б.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.***г торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, Б.***г торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар   Т.***, Б.*** нарыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Т.*** Б.***, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, дурдаж, Ж.***ад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Т.***, Б.*** нараас тус бүр 120,000 төгрөг гаргуулж Б***т олгож, Б*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.***, Б.*** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ