| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 125/2023/0011/З |
| Дугаар | 221/МА2025/0431 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2025/0431
Д.Гантулгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Д.Г*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Г*******
Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга
Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга
Гуравдагч этгээд Т.Б*******
Гуравдагч этгээд Р.Т*******
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжийн Т.Б*******т холбогдох хэсэг, аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дугаар захирамжийн Р.Т*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 125/ШШ2025/0014 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Г*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э*******
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 125/2023/0011/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Г*******ас Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга нарт холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжийн Т.Б*******т холбогдох хэсэг, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дугаар захирамжийн Р.Т*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 125/ШШ2025/0014 дүгээр шийдвэрээр:
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Д.Г******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1....Би 2007 онд Б.О******* гэх хүнээс 2.000.000 төгрөгөөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* байрлах 739 м.кв газрыг авсан. Энэ газар дээр 18 жил амьдарч байна. Б.О*******т энэ газрыг миний нэр дээр шилжүүлээд өгөөч гэхэд банкны барьцаанд тавьсан байгаа гэж хэлдэг байсан. Ховд аймгийн Газрын албанд өргөдлөө өгөхөд маргаантай гээд миний өргөдлийг хүлээж авдаггүй байсан. Уг газар дээр өмчлөх эрхийн гэрчилгээг Р.Т******* гэдэг хүн гаргуулж авсан байсан. Р.Т******* хэрхэн, яаж уг газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж авсныг би мэдэхгүй байна. Р.Т******* гэдэг хүн уг газар амьдардаггүй. Энэ хашаа, газрыг бараг мэдэхгүй.
Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн элжинд олж авах давуу эрхтэй, мөн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1-т худалдагч нь тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй гэж заасныг зөрчиж уг газарт огт амьдардаггүй, хашаа татаагүй Т.Б******* гэх хүнд газрыг өгч Ховд аймгийн Засаг дарга, Жаргалант сумын Засаг дарга нар маргаан бүхий захирамж гаргасан нь хууль зөрчсөн. Т.Б*******аас Т.Т******* шилжүүлж авсан байдаг.
Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 125/ШШ2025/0014 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Д.Г******* миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
1.Нэхэмжлэгчээс хугацааны хувьд 2017 оны А/94 дүгээр захирамжийн Р.Т*******д газар өмчлүүлсэн хэсгийг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2011 оны А/147 дугаар захирамжийн Т.Б*******аас Р.Т*******д газар эзэмших эрхийг шилжүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар чухам ямар шалтгаанаар 2023 оны 3 дугаар сараас эхлэн маргах болсныг, өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Р.Т*******аас нэхэмжлэл гаргах хугацаагаа алдсан гэсэн бичгийн тайлбар гаргасан байхад шийдвэрт энэ талаар огт дүгнэлт өгөөгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч талаас тодруулахад гуравдагч этгээд Р.Т******* иргэний шүүхэд газар чөлөөлөх нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор анх эдгээр захирамжууд гарсныг мэдсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, иймд холбогдох баримтыг цуглуулах нь нэхэмжлэгч 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл 18 орчим жил маргаан бүхий газар амьдарч байхад тухайн газрыг эзэмшигч, өмчлөгчийн хувьд Р.Т******* яагаад маргахгүй олон жил болсныг түүний иргэний шүүхэд гаргасан гэх нэхэмжлэл, хавсаргасан баримтаар харьцуулан үнэлэх, нөгөөтэйгүүр нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн эсэхэд дүгнэлт өгөхөд тус тус ач холбогдолтой байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.Г*******д газар зарсан гэх Б.О*******ын болон түүнд уг газрыг анх зарсан гэх Т.Т******* нарын гэрчийн мэдүүлэг илтэд зөрүүтэй байхад эдгээр мэдүүлгийн зөрүүг тодруулах ажиллагааг шүүхээс хийсэнгүй.
Тухайлбал гэрч Т.Т******* 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2005, 2006 оны үед мөнгөний хэрэгцээ гарсан тул би Б.О*******оос 2 сая төгрөг зээлж авсан. Тэгээд Б.О******* Сэлэнгэ аймаг руу шилжихээр боллоо мөнгөө авъя, өгч чадахгүй бол Мянгад суманд байгаа малыг чинь авна гэхээр нь би тэг гэсэн. Б.О******* 2 сая төгрөгт тохирох малаа аваад явсан, түүнээс хойш надтай яриагүй, бидний хоорондын мөнгөний асуудал ингээд дууссан Д.Г******* надтай уулзахаараа Б.О******* ах танаас 1 сая төгрөг аваарай гэсэн, мөнгөө өгвөл хашаа байшингаас гарлаа гэж хэлдэг. Д.Г******* манай дүүгийн байшинд хэдэн тавилга оруулж тавьсан болохоос тэр хашаанд бараг амьдардаггүй гэсэн,
-гэрч Б.О******* 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдөр тухайн хашаанд 2002 оноос амьдарч байсан, миний эзэмшлийн хашаа байгаа юм, Т.Т*******аас авч байсан, тэр дүүгийнхээ газрыг миний газар гэж худлаа хэлээд зарсан юм шиг байна лээ. Д.Г******* миний авга эгчийн хүүхэд, ах дүү учраас гэрээ байгуулалгүйгээр түүнд 2 сая төгрөгөөр зарсан..., Т.Т******* надаас мөнгө зээлсэн, зээлсэн мөнгөнийхөө оронд мал өгсөн зүйл огт байхгүй худал хэлж байна... газрын гэрчилгээг тухайн үед надад өгөөгүй, барьцаанд байгаа гэж хэлсэн, найз нөхдийн харилцаатай учраас итгээд явсан, газрын гэрчилгээг 2 сар болоод авч өгнө, чи байж бай л гэдэг байсан. 1.5 сая төгрөгийг өгөхдөө Т.Б******* гэдэг хүний хажууд өгсөн гэсэн,
-гэрч Т.Б******* 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 1990-иэд оны сүүлээр хаврын улирал байсан санагдаж байна. Б.О******* Мянгад суманд мал малладаг байж байгаад аймгийн төвд Т.Т*******аас одоогийн хашаа байшинг худалдаж авахаар тохирч мөнгө өгөх үед нь би хамт байсан. Чухам хэдээр худалдаж, хэдийг өгсөнийг мэдэхгүй байна гэсэн мэдүүлгийг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Г******* одоогийн маргаан бүхий хашаанд 2007 оноос хойш амьдарч байгаа болох нь багийн Засаг дарга М.Бат-Эрдэнэ, аймгийн Газар зохион байгуулалт, газрын өмчлөл хариуцсан ахлах мэргэжилтэн П.Б нарын гэрчийн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхний лавлагаа болон шүүхийн үзлэгээр тогтоогдож байгаа энэ тохиолдолд Д.О*******, Т.Т******* нарыг нүүрэлдүүлэх байдлаар нэхэмжлэлийн болон давж заалдах гомдлын гол үндэслэл болсон газар худалдсан, худалдаж авсан эсэхийг нэг мөр тогтоох шаардлагатай.
Тэр тусмаа гуравдагч этгээдэд газраа шилжүүлсэн Т.Б******* нь Т.Т*******ын төрсөн дүү, гуравдагч этгээд Р.Т******* нь тэдгээрийн төрсөн дүүгийн нөхөр буюу үндсэндээ төрөл садангийн холбоо хамааралтай хүмүүс байх тул дээрх нөхцөл байдлыг эцэслэн тодруулах нь хэрэгт шууд хамааралтай байна.
Гэтэл шийдвэрт хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтыг бүрэн цуглуулалгүйгээр зөвхөн газар эзэмшүүлж, өмчлүүлсэн захирамж болон Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.
2.Анхнаасаа нэхэмжлэгч Д.Г******* өөрт нь газар эзэмшүүлэх захирамж гарсан гараагүй гэж бус харин Д.О*******оос 2007 онд одоогийн газраа худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байхад маргаан бүхий захирамжуудаар гуравдагч этгээд Р.Т*******д уг газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхдээ хээрийн болон суурин судалгааг хийлгүйгээр олгосон гэж маргасан, мөн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 836 дугаар тогтоолд ч энэ талаар буюу Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлж өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ захиргааны байгууллага Газрын тухай хуульд заасан журмын дагуу тухайн газарт хээрийн болон суурин судалгааг хийж, координатжуулах, кадастрын зургийг үйлдэх зэрэг холбогдох ажиллагааг хийх замаар тухайн газар бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцалтай эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хүсэлт гаргагч этгээдэд тухайн газрыг эзэмшүүлж, өмчлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх журамтай болохыг дүгнэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 125/ШШ2025/0014 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН