Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 118/ШШ2021/0039

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын дарга Г.*******

Хариуцагч: Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Б., улсын байцаагч Т.

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Б., улсын байцаагч Т. нарын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 16, 17, 18 дугаартай нөхөн ногдуулалтын актуудыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Б., Т., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2016 оноос хойш санхүү болон аудитын шалгалтуудад зөрчилгүй санал дүгнэлтийг авч ажилласан. 2021 оны 01 сарын 11-ний өдөр Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны төлөвлөгөөт шалгалт удирдамжийн дагуу явагдаж 02 дугаар сарын 21-ний үед шалгалтын байцаагчаас манай шалгалт юу болж байна гэхэд 2019 он дууссан, танай баримт их сайжирсан байна гэсэн хариултыг өгсөн. Үүний дараахан байцаагч Б. намайг дуудаж тодруулах зүйл гарлаа, аймгийн Засаг дарга дээр танай байгууллага Улаанбаатар хотоос хүмүүс ажиллуулдаг гэсэн иргэний гомдол ирсэн байна. Тэрний дагуу хэдэн хүмүүсийн талаар шалгах шаардлагатай боллоо гээд шаардлагын дагуу баримтыг бүрдүүлж өгч шалгуулсан бөгөөд эх сурвалж гомдлыг мэдэх шаардлагатай байна, ядаж би өөрт чинь цохолт хийж өгсөн бичгийг харж болох уу гэсэн боловч одоо болтол гомдлыг гаргаж өгөлгүйгээр шалгалтыг дуусгасан. Шалгалтын явцад Санхүү хяналт, аудитын албаны дарга Л.******* 3 сарын 10-ны өдөр яаралтай хурал хийх шаардлагатай байна гэж дуудан хурал болсон бөгөөд бас л аймгийн Засаг дарга яаруулаад байна. Хотоос хүн ажиллуулдаг, сахилгын шийтгэлтэй байж урамшуулал өгсөн байна, төлбөр үүсгэх шаардлагатай боллоо гэх хурлыг хийж би гомдлоо авъя эх сурвалжийг танилцуул төлөвлөгөөт шалгалт дуусах болоогүй байна гэж хэлээд өрөөнд нь цаг гаран суугаад иргэний гомдлыг танилцуулаагүй нь эргэлзээтэй санагдсан. ...2019 он, 2020 онд Төрийн аудитын шалгалт орж зөрчилгүй санал дүгнэлт гаргасан байхад аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас зөрчил гаргах гэж яараад байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж байсан. Ингээд ...Хөгжимт жүжгийн театрын 2019-2020 оны санхүү, төсвийн гүйцэтгэлд хяналт шалгалт хийгээд гаргасан 16,142,775 төгрөгийн нөхөн төлбөр тогтоож төлүүлэх тухай 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 16, 373,047 төгрөгийн нөхөн төлбөр тогтоож төлүүлэх тухай 17, 8,178,992 төгрөгийн нөхөн төлбөр тогтоож төлүүлэх тухай 18 дугаар үндэслэлгүй актуудыг гаргасан... Ингээд тус актуудыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд холбогдох хуулийн дагуу Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Л.*******д гомдол гаргасан ба гомдлыг хангахгүй тухай хариуг 5 сарын 24-нд манай ажил дээр гардуулж, танилцуулсан. Улсын ахлах байцаагчийн ...16 дугаар акт үндэслэлгүй тухайд: Байгууллагаараа шийдвэрлэсэн ба шийдвэрийг үндэслэн ажиллагсдын улирал, жилийн ажлыг дүгнэн, хийсэн ажлын амжилт бүтээл, үр дүнг харгалзан 13 дугаар сарын цалин гэх урамшууллыг хэмнэсэн цалин хөлс болон нэмэгдэл урамшууллын зардлаас Монгол Улсын Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2 дахь заалт, байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.10-ийн F дугаар заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дугаар заалтын урамшуулал олгох зохицуулалтын дагуу олгосон. Тухайлбал, манай байгууллага 2019 онд Улсын төсөвт нийт 43,135.2 мянган төгрөгийг төвлөрүүлснээс цалин хөлсний зардлаас 32,458.3 төгрөгийг төвлөрүүлж төсөвт хохиролгүй хэмнэлт гарган үр дүнтэй ажилласан... 18 дугаар актын тухайд: ...З.*******тай хуулийн дагуу байгуулсан гэрээний үндсэн дээр түүнийг Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын менежерээр томилон ажиллуулж, гэрээг цаг тухайд нь дүгнэж ирсэн. З.*******д үндэслэлгүйгээр цалин хөлс олгосон гэж шийдвэрлэж 8,178,992 төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон... 18 дугаар акт тавьж байгаа нь огт үндэслэлгүй юм. Улсын драмын эрдмийн театртай манай байгууллага хамтран ажиллах гэрээ байгуулан ур чадвартай мэргэжилтэн солилцох, урьж ажиллуулах, урьж ажиллуулсан тохиолдолд тухайн ажилтны цалин хөлсийг урьсан байгууллага өгөхөөр тохиролцсон ба Хөдөлмөрийн тухай хуульд өөрийн байгууллагадаа болон өөр байгууллагад хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулах нь тухайн хүний эрхийн асуудал, уг ажилтныг ажиллуулснаар манай байгууллагын соёлын бүтээгдэхүүн үйлчилгээнд эрс шинэчлэлт хийж олон жүжиг бий болгон Завхан аймаг өмнө авч байгаагүй шагналыг Улаанбаатар хотын болон бусад аймгийн уран бүтээлчидтэй өрсөлдөн шилдгээр шалгарсан... 17 дугаар актын тухайд: Хөгжимт жүжгийн театрын дарга Г.******* надад олгосон 373 047 төгрөгийн урамшууллыг Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/303 тоот захирамжаар олгосон болохоос би өөртөө тушаал, шийдвэр гаргаж олгосон зүйл огт байхгүй байхад өөрөө өөртөө захирамж гаргасан мэтээр ямар ч үндэслэлгүй акт тавьсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм... 13 дахь сарын цалин гэнэт дансанд ороод ирсэн. Би цагийн балансаа гаргаж өгөөд Яагаад ингээд надад мөнгө орчхов гэсэн чинь манай нягтлан автоматаар татагдчихжээ. Одоо буцааж оруулахад хэцүү гэсэн. Бүгдэд нь бодсон таных цуг орчихсон байна гээд тэрийгээ анзааралгүй явуулчхаж гэж хэлсэн. Би өөрөө ч 13 дахь сарын цалин орно гэж бодоогүй. Буцааж татуулъя уу гэсэнд нягтлан бодогч буцаахад хэцүү гэхээр нь хэрэглэчихсэн... *******ын тухайд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ хийсэн гээд Т. байцаагчийн тайлбарласнаар бол Нийтийн албан тушаалтан болгоод, шийдвэр гаргадаг түвшний хүн болгоод, бусад төрлийн гэрээ байгуулчихсан гээд байх юм. Наад ажил гүйцэтгэх гэрээ чинь манай байгууллагын гэрээ би өөрөө баталж, *******аар тэр гэрээг хариуцуулан хийлгэхээр хийгдсэн гэрээ болохоос *******ын албан тушаалтай холбоотой гэрээ биш. Видео реклам хийлгэнэ гэдэг гэрээ, ******* тэр ажлыг хийлгэнэ гээд би өөрөө хариуцуулан хийлгэнэ гээд баталсан манай байгууллагын гэрээ. Хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэсэн гэрээг холиод нийтийн албан тушаалтан болгож тайлбарлаад ойлгомжгүй байдал үүсгээд байна гэдгийг л хэлье. Хөдөлмөрийн гэрээгээ бичгээр байгуулчихсан, байнгын ажлын байран дээр давхар гэрээ хийгээгүй... 13 дахь сарын цалинг Төрийн аудит шалгаад ямар ч зөрчилгүй гэсэн дүгнэлт гарчихсан байгаа... Иймд дээрх 3 актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндсэн агуулга нь 13 дахь сарын цалин гэсэн нэртэй театрын ажилчдад урамшуулал олгосон асуудал байгаа. Энэ нь ямар учиртай гэхээр 12 сард цалингийн хэмнэлт гарсан. Тийм учраас удирдлагын зөвлөлийн хурлаараа хэлэлцээд ажилчдад урамшуулал олгох эсэх асуудлаа шийдсэн байдаг. Ингэхдээ өмнөх 2 улирлын ажлаа дүгнэсэн боловч урамшуулал өгөөгүй гэсэн ажилчдын санал, хүсэлт гараад түүний дагуу 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгосон байдаг. Хоёрдугаарт, аймгийн Засаг даргын захирамжаар урамшуулал олгосон асуудал байна. Үүн дээр эрх бүхий албан тушаалтан нь хэн бэ гэдэг асуудал яригдана. Нэхэмжлэгч өөрөө өөртөө урамшуулал олгосон бол нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа. Гэтэл нэхэмжлэгчийг томилох эрх бүхий албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын захирамжийн дагуу урамшуулал олгогдсон. Өөрөөр хэлбэл урамшуулал олгох тухай аймгийн Засаг даргын захирамжид 2019 оны наадмыг чанартай зохион байгуулсан баяр наадмын комисст ажилласан бүх ажилтнуудад урамшуулал олгосон. Хэдийгээр нэхэмжлэгч тухайн үед сахилгын шийтгэлтэй байсан боловч үүнийг нь Засаг дарга, түүний ажлын алба хянах үүргээ биелүүлэлгүй урамшуулал олгосон байдаг. Үүн дээр нэхэмжлэгчийг шууд буруутгаж акт тавих боломжгүй. Тухайн актыг нэхэмжлэгч өөрөө гаргаагүй, өөр албан тушаалтан гаргасан. Өөрөө акт гаргаагүй байж өөр албан тушаалтны өмнөөс нэхэмжлэгч хариуцлага хүлээх боломжгүй. Гуравдугаарт, *******ын тухайд мэргэжлийн урлагийн хоёр байгууллага хоорондоо гэрээ байгуулаад, ур чадвартай ажилтныг хоорондоо солилцох, мэргэжлийн ур чадварыг түгээх, шинэлэг уран бүтээл гаргах тохиролцоогоор хоёр байгууллага хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажилласан байна. Энэ гэрээний дагуу тухайн байгууллагад ажиллаж байсан хүнийг театр менежерээр авч ажиллуулсан байна. Тэгэхээр театрт өөр менежерийн орон тоо байхгүй юм байна лээ. Хэрвээ менежерийн орон тоон дээр хүн ажиллаж байхад давхар *******ыг менежерээр ажиллуулсан бол энэ нь акт тавигдах үндэслэл болно. Гэтэл зохион байгуулалт болон ажил үүргийн тодорхойлолтоор давхардаагүй учраас *******ыг менежерээр ажиллуулсан байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бүтэц зохион байгуулалтын тушаал шийдвэрээс харагдана. Акт тавигдсан үндэслэлийг харахад *******ыг 2 байгууллагад адил орон тоонд ажилласан гэж акт тавьсан байна гэж харсан. Ийм зүйл байхгүй. Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд 2 байгууллагын хоорондын гэрээгээр сэлгэн ажиллуулах зохицуулалт байдаг. Хөдөлмөрийн тухай хуулиар тухайн байгууллага дотроо давхар ажиллахыг зөвшөөрсөн байдаг. Мөн өөр байгууллагад давхар хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжтой. Энэ зохицуулалтын хүрээнд ажилласан байна. Өөр байгууллагад ажиллахад тавигдах ганц шаардлага нь өөр байгууллага нь тухайн чиглэлийн байгууллага байх юм бол заавал зөвшөөрөл авах ёстой. Энэ зөвшөөрөл нь 3 жилийн хугацаагаар байгуулсан ажилтан солилцох хамтын ажиллагааны гэрээгээр харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлд хэд хэдэн ажил үүргийг зэрэг гүйцэтгэх боломжтой гэсэн заалт байгаа. Дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн болон бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил албан тушаал хавсран, өөрийн байгууллагад өөр ажил албан тушаалыг хослон гүйцэтгэх, ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно гэж зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болохыг зааж өгсөн байна. Энэ бол төрийн жинхэнэ албан хаагч буюу нийтийн албан тушаалтантай хамааралтай биш. Зөвхөн төрийн үйлчилгээний буюу Хөдөлмөрийн тухай хуулиар ажиллаж байгаа ажилтан, ажил олгогчийн хоорондын гэрээ гэж харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д 28 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд ажилтан хэд хэдэн ажил олгогчтой хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулж ажиллаж болно гэсэн заалт байгаа. Ерөнхийдөө хуулиар нээлттэй байгаа учраас магадгүй өөр газар ажиллах боломжтой байна... Хариуцагч хууль зүйн үндэслэлээ 3-н байдлаар тайлбарлаж сан байна. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах заалтыг зөрчсөн, Хоёрдугаарт, Хөдөлмөрийн гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэдгийг зөрчсөн, Гуравдугаарт, Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээг байгуулахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэжээ. Үүнийг тайлбарлахдаа эхний хоёр актад тайлбар хэлээд ямар нэгэн байдлаар тайлбарласангүй. Гэрээгээ ажилтанд өгсөн юм уу өгөөгүй юм уу гэдэг дээр шалгалт хийгдээгүй гэж би ойлголоо. Гэхдээ хавтаст хэрэгт хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулчихсан, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээг байгуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна гэх боловч захиргааны акттай холбоотой болон хувийн хэрэг, бусад баримтуудаар тогтоогдохгүй байгаа учраас хэлэлцүүлгийн шатанд л хариуцагч нараас тодруулж асуух замаар тодорхойллоо. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ******* гэдэг төрийн үйлчилгээний албан тушаалтныг ажил үүрэгтэй нь холбоотой театрын менежерийн хувьд бусад байгууллагатай холбоотой гэрээ байгуулах эрхгүй тэр хүн эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж эрх мэдэлд халдсан байна гэдэг байдлаар тайлбарлаж байна. Үүнийг бас мөн адил хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ажил үүргийн хувьд бол ямар ч байгууллагатай харьцана. Нэг байгууллага худалдагч авлаа гэхэд бусад байгууллагатай гэрээ байгуулж гарын үсэг зурах нь нээлттэй. Ямар нэгэн байдлаар хориглохгүй. Эд хөрөнгө захиран зарцуулахтай холбогдуулан тайлбарлаж байна. Ийм учраас төлбөр тавьсан гэж тайлбарлаад байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т бол эд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан өөр газар, өөр албан тушаал дээр буюу тухайн чиглэлийн албан тушаал дээр ажил эрхлэх боломжгүй гэсэн хязгаарлалт байгаа болохоос ******* гэдэг хүнийг өөр газар ажиллахыг хориглосон заалт Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй байна. Яагаад Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй байна гэхээр тэр хүн төрийн үйлчилгээний ажилтан учраас бүх хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар явагдана. Түүнээс биш Төрийн албаны тухай хуулиар явахгүй. Мөн нийтийн албан тушаалтны ашиг сонирхол зөрчлийн тухай хуулиар явахгүй, энэ нь ашиг сонирхол зөрчлийн тухай хуульд заагдсан эрх бүхий албан тушаалтан байхын тулд нийтийн албан тушаалтан байх ёстой. Нийтийн албан тушаалтан гэдэг тодорхойлолт бол тухайн хууль болон Засгийн газрын жагсаалтад ерөнхийдөө албан тушаалын нэр нь байхгүй. Ийм учраас эрх бүхий албан тушаалтан гэж үзэх боломжгүй. Өмнө ажиллаж байсан цалин хөлс 8178992 төгрөгт нь акт тавьсан юм байна. Энэ нь ямар ч үндэслэлгүй болчхоод байна. Тэр хүн ажиллачихсан, ажил үүргээ гүйцэтгэчихсэн, ажлын тайлангаа тавьчихсан, тайланг нь үндэслээд цалин хөлсийг нь олгоод явчихсан. Хэлэлцүүлгийн шатанд өөр байгууллага буюу Улсын Драмын эрдмийн театрт давхар ажиллаж байсан учраас акт тавьсан юм гэдэг байдлаар тайлбарласан. Аль нэг байгууллагад нь ажиллах ёстой гэсэн. Гэхдээ энэ актын агуулга болон хууль зүйн үндэслэл дээр харагдахгүй байна. Хууль зүйн үндэслэл нь хөдөлмөрийн гэрээ байгуулах зохицуулалтыг оруулсан. Давхар ажил эрхлэлттэй холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дахь заалтыг зөрчсөн гээд байгаа боловч тэр нь энэ актад ер тусгагдаагүй байна. Захиргааны акт өөрөө тодорхой нотлох баримтад үндэслэж гарах ёстой. Энэ бүх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна... *******ын тооцооллын тухайд бид маргаагүй. Зөвхөн захиргааны акт тавигдсан хууль зүйн үндэслэл гарсан эсэх дээр маргаж байна... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2021 оны дотоод аудитын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу албаны даргын баталсан 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр удирдамжаар Хөгжимт жүжгийн театрын 2019, 2020 оны санхүү, үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б. ахлан, Дотоод аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Т. бид нар хийж гүйцэтгэсэн. Улсын ахлах байцаагчийн 16 142 775 төгрөгийн нөхөн төлбөр тогтоож төлүүлэх тухай 16 дугаар актын тухайд: Хөгжимт жүжгийн театрын даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар ажиллагсдад 13 дахь сарын цалин гэж үр дүнгийн урамшуулал олгосон Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна" мөн хуулийн 2.7 дахь заалт хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй бол тухайн төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгохгүй, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 төсвийг үр ашигтай хэмнэлтэй байхаар төлөвлөж зарцуулах гэсэн заалтуудыг зөрчсөн... 8 178 992 төгрөгийн нөхөн төлбөр тогтоож төлүүлэх тухай 17 дугаар актын тухайд: Улаанбаатар хотын иргэн, Улсын драмын эрдмийн театрт менежер үндсэн орон тоон дээр ажилладаг З.*******ыг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/111 дугаартай Хөгжимт жүжгийн театрын даргын тушаалаар менежерийн албан тушаалд томилж, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл түр гэрээгээр ажиллаж, 2017 оны 12 сарын 04-ны өдрөөс түр хугацаагаар дахин сунган ажиллуулсан, 2020 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд гэрээт ажилтнаар ажиллуулах тушаал гаргасан, 2017 оны 07 сарын 03 өдрөөс 9 сарын 30 хүртэл менежерээр давхардуулан томилж цалин олгосон тул Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 дэх ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. Улсын ахлах байцаагчийн 373 047 төгрөгийн нөхөн төлбөр тогтоож төлүүлэх тухай 2021 оны 03 сарын 19-ны өдрийн 17 дугаар актын тухайд: Дарга Г.******* нь аймгийн Засаг даргын 2020 оны Б/07, Б/08 дугаар захирамжуудаар сахилгын шийтгэл хүлээсэн мөртлөө 2020 оны 07 сарын 20-ны өдрийн А/303 захирамжаар урамшуулал авсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6, Засгийн газрын 2012 оны 05 дугаар тогтоолын 2.7 дахь Сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй бол төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгохгүй гэсэн заалтыг зөрчсөнд 373 047 төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон болно. Шалгалтын үр дүнд нийтдээ 24 694 814 төгрөгийн төлбөрийн нөхөн төлбөр тогтоосон нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна... гэжээ.

Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ахлах байцаагч гарын үсэг зураад байгаа учир нь театрын 2019-2020 оны баримтыг эхнээс нь нэг бүрчлэн өөрийн нүдээр үздэггүй. Би өөрөө өөр газарт шалгалт хийх хуваарьтай. Энэ байцаагчийн шалгалтын эцсийн үр дүн үнэн бодитой байна уу, хууль зүйд нийцэж байна уу гэдгийг хянаад гарын үсэг зурдаг байгаа. Түүнээс театрын 2019-2020 оны баримтыг би эргүүлээгүй. Өмнө нь шалгалт хийж байгаа тухайн байцаагчаа гарын үсэг зурдаг байсан бол сүүлд ахлах байцаагч давхар хянаж гарын үсгээ зурдаг болсон. Хоёрдугаарт, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар бид ямар ч баримтыг гаргуулж авах бүрэн эрхтэй. Гэхдээ би ямар гарын алгандаа хараад зөрчлийг илрүүлж байгаа биш, ******* ажиллаж байсан гэдгийг би урьдчилаад харах биш, бүх акт эцсийн байдлаар гарч ирэхээр нь тодорхой баримтуудыг шаарддаг. Энэ бол өнөөдрийн ажлыг өнөөдөр шалгаж байгаа асуудал биш. 2 жилийн өмнөх ажлыг өнөөдөр шалгаж байгаа асуудал. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар 2 жил тутамд 1 удаа шалгалт хийдэг. Шаардлагатай бол төлөвлөгөөт бус шалгалтыг өргөдөл, гомдлын дагуу хийдэг. Гуравдугаарт, 16,0 сая төгрөгийн актыг багасгах ямар боломж байна гэхээр эхний 4 улиралд ажлыг нь дүгнэсэн байна. 2, 4 дүгээр улиралд урамшуулал олгосон байна. Ингэхдээ 4 дүгээр улиралд 100 хувиар олгосон байна. Үүнээс Засгийн газрын тогтоолыг үндэслээд 40 хувийг нь хөнгөлөөд, 60 хувьд нь төлбөр тавьсан. Олгогдоогүй улирлын урамшууллыг олгох заалт байна уу гэхээр байхгүй байна. Сахилгын шийтгэлийн тухайд Засаг даргын арга хэмжээ авсан захирамж байгаа, урамшуулал олгосон захирамж ч байгаа. Урамшууллыг өөрөө авсан уу, авсан. *******ын тухайд тэнд ч энд ч үндсэн ажилтан байсан. Хэрэв гэрээгээр ажиллаж байсан бол өөр байх байсан... Хуульд 13 дахь сар гэж байхгүй улирлын үр дүнгийн урамшуулал байгаа. Үүн дээрээс харахад ажлыг нь 4 улирлаар дүгнээд хүн тус бүрээр жагсаалт гаргасан байгаа боловч хагас, жил бүтэн жилээр олгосон,... улирал бүр ажлаа дүгнэсэн байна. Байгууллагын дарга шийдвэр гаргасан байна. Ингээд тухайн сард цалин мөнгө санхүүжилтгүйгээс олгогдоогүй тохиолдол байгаа бол нөхөөд олгосон гээд хөнгөлөх боломж байна гэж харж байгаа. Дараагийн асуудал нь аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчид 2 сар дараалан цалингийн арга хэмжээ авсан байсан. Тэгснээ дараа нь урамшуулал олгосон байсан. Энэ бол яах аргагүй Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 2.7-д заасны дагуу сахилгын шийтгэлтэй хүнд урамшуулал олгохгүй гэсэн заалтыг зөрчөөд байгаа юм. ******* Улсын драмын эрдмийн театрт менежерийн үндсэн ажилтай. Энд ирээд мөн үндсэн ажилтан менежер хийсэн. *******о дарга Эрдмийн театрын дарга нарын байгуулсан 2017 оноос 3 жилийн хугацаатай гэсэн гэрээ байна лээ. Би ойлгохдоо энэ театртай холбоотой гэрээний асуудлыг ******* гэдэг хүн зохицуулах юм байна гэж ойлгосон...гэв.

Хариуцагч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн гаргасан тайлбарын дарааллын дагуу тайлбарлая. Нэгдүгээрт, 13 дахь сарын цалин гэсэн үг хэллэг хуульд байхгүй. Хоёрдугаарт, Үр дүнгийн урамшууллыг 40 хувь хүртэл олгоно гэж байгаа. Мөн 2 улиралд нь урамшуулал олгоогүй гэж байна. Тэгвэл олгоогүй улирлуудад урамшууллыг нөхөж олгоно гэсэн заалт хуульд мөн байхгүй. Тэгэхээр 4 дүгээр улиралд дээд хэмжээ нь 40 хувь олгох ёстой байтал театр 100 хувь олгосон байсан учраас 100-аас 40 хувийг нь хасаад илүү олгосон 60 хувийг зөрчил гэж үзээд акт тавьсан. Мөн энэ байгууллагын хөдөлмөрийн дотоод журам нь зөрчилтэй байгаа учраас хүчингүй болгуулах саналтай байна. Учир нь энэ байгууллагын дотоод журам нэгдүгээрт, хуульд нийцээгүй, хоёрдугаарт, хөдөлмөрийн дотоод журмынх нь 8.1.10-f-д 13 дахь сарын цалин олгоно гээд хуульд байдаггүй заалт оруулсан. Үүгээрээ 4 дүгээр улиралд төсвийн хэмнэлттэй ажилласан учраас урамшууллыг 100 хувь үндсэн цалингаар нь олгосон байсан. Дараагийн актын тухайд *******о даргын 373 047 төгрөгийн урамшууллын асуудал байна. Үүн дээр сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан байгаа. Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан байсан ч тухайн хүн өөрөө Төсвийн тухай хуулиараа татгалзах ёстой байсан. Мөн театрын нягтлан чиг үүргийнхээ хувьд даргадаа зөвлөх эрхтэй. Дараагийн актын тухайд Улсын драмын театрын борлуулалтын менежер ******* гэдэг хүн 2013 оноос хойш энд үндсэн орон тоон дээр ажиллаж байгаа гэж өөрөө ярьсан. Тэгэхээр яг нэг чиглэлээр 2 газар үндсэн тоонд ажиллах боломжгүй. Тийм учраас зөрчил гэж авсан. Зөрчил нь нэлээд хэдэн хуулийг давхар зөрчиж байгаа. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно гээд ямар ямар ажлуудыг давхар эрхэлж болохыг зохицуулсан байгаа. Энэ нь багшлах, газар тариалан эрхлэх, эрдэм шинжилгээний ажил эрхлэх гэх мэт энэ чиглэлийн хуулиудаар бол ажиллаж болно гээд зөвшөөрчихсөн. Үүнээс бусад хуулиар давхар ажил эрхлэхийг хориглоно гэж байгаа. Мөн дээрх хуулийн 19 дүгээр зүйлд давхар ажил эрхлэхийг хориглосон. Тухайлбал, 19.1-д Албан тушаалтан нийтийн албанд орох үед хуулиар зөвшөөрөөгүй өөр ажил, үүрэг, гэрээ гүйцэтгэж, эрх эдэлж байгаа бол энэ тухай дээд шатны албан тушаалтанд бичгээр танилцуулах үүрэгтэй гэж заасан. Тэгэхээр 2 газар үндсэн ажилтнаар ажиллана гэдэг нь нэг чиг үүргийг давхардуулаад байгаа юм. Би цалингийн шимтгэлийг нь яаж төлөөд байгаа юм бэ? гээд баримтыг гаргуулах хүсэлтийг шүүхэд тавьсан. Нийгмийн даатгалын шимтгэл үндсэн орон тоо 01 гээд кодоор төлөгддөг. Тэгэхээр 2 газар үндсэн ажилтан байхаар 01 код давхарддаг. Тэгэхээр нийгмийн даатгалын программ хүлээж авахгүй гэсэн үг. 03 код бол гэрээгээр ажиллаж байгаа ажилтны код. Театр *******ын 03 кодоор шимтгэлээ төлсөн байсан. 01 кодоор төлөхөөр программ нь хүлээж авахгүй учраас *******ын шимтгэлийг 03 кодоор төлсөн байдаг. Тэгэхээр *******ын тухайд төрийн үйлчилгээний албан хаагч учраас үндсэн орон тоо биш, гэрээгээр ажлаа гүйцэтгүүлээд явсан бол болно. Гэтэл гэрээгээр биш 2 газар үндсэн орон тоонд ажилласан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.3-д заасныг давхар зөрчсөн байсан... *******ын тухайд нэгдүгээрт, менежер өөрөө удирдлагын багт ордог. Хоёрдугаарт, *******о даргыг төлөөлөөд ******* Улаанбаатар хотод 2020 оны 03 дугаар сарын 13-нд ажил гүйцэтгэх гэрээг Б.Энхбаяр гэдэг хүнтэй Жангар хүүхдийн жүжгийн 3D дүрсний ажлыг 5,0 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ хийсэн байна. Тэгэхээр *******д мөнгө захиран зарцуулах эрх нь байна. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийг үндэслэлтэй гэж үзэж байна... Өөр төрлийн гэрээ байгуулна гэдэг нь *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл ******* өөр газартай гэрээ байгуулсан байна. Ийм хэд хэдэн гэрээ байсан. Тухайлбал, Миний сая уншиж өгсөн Жангар хүүхдийн жүжгийн 3D дүрсний ажлыг 5,0 сая төгрөгөөр гүйцэтгэхээр байгуулсан гэрээ байгаа... Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 гэдэг маань төсвийн ерөнхийлөн захирагч өөрөө төсвийг үр дүнтэй нь үр ашигтай хэмнэлттэй байх тал дээр нийт байгууллагынхаа зардлыг зохицуулж ажиллах ёстой, үүрэгтэй учраас энэ хуулийн зүйл, заалтыг оруулж ирсэн. Энэ байгууллага Соёлын тухай хуульдаа урамшуулал олгоно гэсэн заалт байгаа. Би урамшууллын талаар хоёр хуулийн заалт оруулсан. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлд Урамшуулал олгож болно гэсэн заалт байгаа, Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолыг бас оруулсан. Тэгэхээр би урамшууллын талаар хангалттай хуулийн заалтуудыг оруулсан гэж үзэж байна. хуулийн заалтыг хангалтгүй гэсэн учраас би тодотгож байгаа юм. 17 дугаар актын тухайд, *******о даргын сахилгын шийтгэлтэй байх хугацаа Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 2.7-д тодорхой заачихсан байгаа учраас сахилгын шийтгэлтэй байх хугацаанд нь урамшуулал олгосон гэдгээр оруулж ирсэн. 18 дугаар актын тухайд, Менежер *******тай холбоотой цалин 8178992 төгрөгт төлбөр тавьсан. Төрийн үйлчилгээний ажилтан хоёр газар давхар ажиллаж болно. Гэхдээ хоёр газар үндсэн ажилтнаар ажиллах эрх нь байхгүй. Би өөрөө *******тай холбоо барихад Би 2013 оноос өнөөдрийг хүртэл Дуу бүжгийн Эрдмийн театрт борлуулалтын менежерээр албан ёсны орон тоон дээр ажиллаж байгаа гэдгээ хэлсэн. Дараа нь бид нар шүүхэд хүсэлт гаргаад Дуу бүжгийн Эрдмийн театраас тодруулга авсан. *******ыг давхар ажилд томилж ажиллуулсан учраас 8178992 төгрөгийн зөрчлийг илрүүлсэн. Энэ зөрчлийг илрүүлэхэд *******д олгосон цалингийн задаргааг шалгалтын явцад хүснэгтлээд сар сараар нь авсан цалингийн дүнг нь гаргаад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажил гйүцэтгэх гэрээний дагуу 420000 төгрөгийн цалин авсныг гаргаад 8178992 төгрөгийг 4 сарын 420000 төгрөгөөр хассан дүнгээр гарч байгаа юм...гэв.

Гэрч Б.******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Менежер ******* нь манай аж ахуйн ангид хамаарагддаг. Би тэд нарыг хариуцан ажиллаж өдөр тутмын дуудлагаар ажлаа зохицуулж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ******* маань Улаанбаатар хотод оршин суудаг бөгөөд цахимаар ажлаа гүйцэтгэдэг, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Шинэ уран бүтээл хийх үед буюу маркетингийн дотоод зохион байгуулалтыг хариуцан ажиллах үедээ ирдэг. ******* над руу гүйцэтгэлийн тайлангаа чатаар явуулаад би ажлыг нь дүгнээд тайланг нь даргад танилцуулдаг байсан. Энэ хүн миний хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээний нэг хувийг надад өгөөгүй гэсэн гомдол гаргаж байгаагүй...Манай байгууллага улирал улирлаар ажлаа дүгнэж явдаг. 2019 онд 2 дугаар улиралд ажлаа дүгнүүлээд урамшуулал цалин авч байсан. Жилийн эцэст бид нар бөөнөөрөө нэлээд урамшуулал цалин авч байсан. Тэр үед бөөнөөрөө нэг их баяжсан юм, 2020 онд бол урамшуулал цалин аваагүй гэв.

Гэрч Д.******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Манай байгууллага 2019 оны 2 дугаар улиралд урамшуулал өгөөд, 1, 3 дугаар улиралд урамшуулал өгөөгүй гээд 2019 оны эцэст 13 дахь сарын цалин урамшууллыг авсан, тухайн оны баримтаа харж байгаад хэлэхгүй бол санахгүй байна... *******аас өөр менежер авч ажиллуулсан зүйл байхгүй. Тушаал гаргаад тэр үеэс гэрээ байгуулж хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллуулсан. 2020 оны 10 сараас ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байгаа. Би 2017 оны 12 сард ажилд орсон. Намайг ажилд орохоос өмнө *******ын тушаал гарсан байсан. Намайг ажилд орохоос өмнө Өндөр гэгээн жүжиг эхэлсэн байсан. Тэгэхэд ******* ажиллаж байсан. Шаардлагатай үед ирж ажилладаг байсан. Гэхдээ тэдэн өдөр ирсэн, тэдэн өдөр хотод ажилласан гэж нарийн тоо хэлж чадахгүй байна. Гэхдээ цахимаар ажиллаж байсан ч сар бүр ажлын тайлангаа өгч байсан... 13 дахь сарын цалинг нийтээрээ ярьж байгаад алба хаагчдын ажлаа дүгнээд, хурлаараа хэлэлцээд, бүгд саналаа хэлээд, эцсийн байдлаар над дээр шивэгдээд гардаг. Хурлаараа хэлэлцээд эцсийн шийдвэр гарангуут хүснэгтлээд би гарын үсэг зурдаг...

Гэрч Б:******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: ...******* гэж Улсын драмын эрдмийн театрын менежер хийдэг манай аймгийн харьяат залуу байдаг. Манай Завхан аймгийн театрт маркетингийн менежер гэсэн албан тушаал байхгүй. Уг албан тушаалыг хашиж байсан ******* театрын дарга болоод орон тоогүй болсон тул *******ыг авч ажиллуулах шаардлага гарсан. Гаднаас маркетинг менежерээр хүн авч ажиллуулах гэхээр танайд ажиллаад тэдэн төгрөг олсны тэдэн хувийг авна гэсэн гэрээ контракт хийх болдог. Гэтэл ******* манай нутгийн залуу учраас өөрөө ажиллая гэсэн. Бид үндсэн цалингаар нь цалинжуулаад ашигласан. Сүүлийн 4 жилийн хугацаанд ******* манай театрын менежерээр ажилласнаар энэ театрт ямар өөрчлөлт гарсныг ард иргэд нүдээрээ үзсэн, харсан. Энэ 2 жүжиг нь хоёулаа Гэгээн Музагаас шагнал авсан. Хөгжимт жүжгийн театрын уран сайхны зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөл нь нэгдүгээрт, театрын уран бүтээлийн бодлогыг ярилцана. Хоёрдугаарт, уран бүтээлчдийн хийж байгаа уран бүтээл дээр хяналт тавьж ажиллана. Гуравдугаарт, уран бүтээлчдэд цалин хөлс, урамшуулал олгох асуудлыг ярилцдаг 5 хүний бүрэлдэхүүнтэй баг байдаг. 2019 оны эцэст 13 дахь сарын цалинг яагаад өгсөн гэхээр 2019 оны 12 дугаар сарын 21-нд театрын уран сайхны зөвлөл хуралдаад ярилцахад манай нягтлан цалингийн сан нь байна, он дуусахаар эргээд татагдана гэсэн. Бид нар 1, 3 дугаар улирлын ур чадварыг өгч амжаагүй байсан. Учир нь цалин 22-нд буудаг бол тухайн үед уран сайхны удирдаач байсан талийгаач Энхтайван ах хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирээгүй учраас тухайн өдөр хэлэлцсэн материал өрөөнд нь түгжээтэй, хэн дээр хэдэн хувиар урамшуулал бодогдсон нь тодорхойгүй, нягтлан өгч амжаагүй учраас цалин бодогдоод өнгөрсөн. Нэгэнт бодогдоод явсан цалингийн араас дахиад бид ингэсэн байсан гээд өгөх эрх байхгүй. Ингээд 2 улирал өнгөрөнгүүт оны эцэс дээр шинэ жил болох гэж байна, цалин бага байна, цалингийн сан хүрэлцээтэй байна, ажилчдадаа 13 дахь сарын цалин өгье судлаад үзээч гэхэд нягтлан болохоор юм байна гэсэн. Тэгээд бид нар 13 дахь сарын цалин өгье гэж ярилцсан. Би ерөнхий найруулагчийн хувьд энэ жил шинэ жил болохгүй, явган өр их байна, тийм учраас энэ мөнгөө зүгээр татуулж байхаар уран бүтээлчдэдээ хуулийн үндэслэлээр нь өгсөн нь зөв байх гэж хэлсэн. Тэгээд бид бөөнөөрөө ярилцаж байгаад өгсөн. Түүнээс дарга ганцаараа энэ шийдвэрийг гаргаагүй. Уран сайхны зөвлөл, Удирдлагын зөвлөл хоорондоо хэлэлцээд гаргасан шийдвэр. Миний тухайд 2019 онд мөнгөн урамшуулал 2, 3 удаа авсан байх, сайн санахгүй байна. 2019 оны 04 дүгээр улиралд 80 хувиар байх урамшуулал авсан, үндсэн алин 834 000 төгрөг байдаг, 2020 онд ковид их байсан учраас бид дандаа онлайнаар ажиллаад хийсэн ажлын үр дүнгээр бол авсан байх. Дэвтрээ харахгүй болохоор санахгүй байна гэв.

Гэрч А.******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Г.******* манайд Өндөр гэгээн жүжгээс хойш ажиллаж байгаа. *******ыг ажиллаж эхэлснээс хойш манай байгууллагын маркетингийн үйл ажиллагаа эрс сайжирсан. *******аас өөр менежер давхар ажиллаж байгаагүй, ганцаараа менежерээр ажиллаж байсан. Ерөнхийдөө онлайнаар ажиллаж, шаардлагатай үед ирж ажиллаж байсан... Би 2019 онд урамшууллаас гадна 13 дахь сарын цалин гэж авсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргаар ажиллаж буй Г.******* нь тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Нөхөн төлбөр тогтоож төлүүлэх тухай 16, 17, 18 дугаартай актуудыг хүчингүй болгуулах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчдын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16, 17, 18 дугаар актуудаар нийт 24 694 814 төгрөгийн нөхөн төлбөр[1]ийг тогтоож, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.*******, нягтлан бодогч М.******* нараар төлүүлэхээр хариуцуулсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг:

1. Хамт олны хурлын шийдвэрийн дагуу 2019 оны цалингийн хэмнэгдсэн төсвөөс ажилтнуудад мөнгөн урамшуулал, 13 дахь сарын цалин олгосон нь холбогдох хуулиудад нийцсэн байхад 16 дугаартай актаар 16 142 775 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хууль бус,

2. 373 047 төгрөгийн урамшууллыг надад олгох талаар эрх бүхий албан тушаалтан болох Завхан аймгийн Засаг даргаас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/303 тоот захирамжаар шийдвэрлэсэн байхад намайг хууль зөрчиж, өөртөө шийдвэр гаргасан хэмээн үзэж, 17 дугаартай актаар 373 047 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хууль бус,

3. Улсын драмын эрдмийн театртай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр ур чадвартай мэргэжилтэн солилцох, энэ тохиолдолд тухайн ажилтны цалин хөлсийг урьсан байгууллага өгөхөөр тохиролцсоны дагуу Г.*******ыг менежерээр томилж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж, цалин хөлс, урамшуулал олгосон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байхад 18 дугаартай актаар 8 178 992 төгрөгийн төлбөр тогтоосон нь хууль бус хэмээн тус тус тайлбарлажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 онд хийгдэх аудит, санхүүгийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөнд аймгийн Хөгжимт жүжгийн театрын 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр 2021 оны 1, 2 дугаар сард төлөвлөгдсөн байх ба тус албаны дотоод, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б., улсын байцаагч Т. нар тус албаны даргын баталсан 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр удирдамжийн дагуу уг төлөвлөгөөт шалгалтыг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн явуулж, дээрх маргаан бүхий захиргааны актуудыг гаргажээ.

Хариуцагч нар Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх гэж заасан эрхийн хүрээнд гаргасан дээрх актуудынхаа үндэслэлийг Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа болон эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр Хөгжимт жүжгийн театрын дарга Г.******* өөртөө мөнгөн урамшуулал авсан, ажилтнуудад мөнгөн урамшуулал олгохдоо хууль, журмаар тогтоосон хэмжээг хэтрүүлсэн, адил чиглэлийн өөр байгууллагад ажилладаг менежер Г.*******ыг ажилд давхардуулан томилж, үндэслэлгүйгээр цалин хөлс олгосон зөрчилд төлбөр тогтоосон нь хуульд нийцсэн хэмээн тайлбарлаж байна.

Нэг. Маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Нөхөн төлбөр ногдуулж төлүүлэх тухай 16 дугаартай актын тухайд:

Уг актаар[2] Эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр өөртөө мөнгөн урамшуулал авсан, илт хууль бус шийдвэрээр ажилтнуудад 13 дахь сарын цалин олгохдоо хуулиар тогтоосон мөнгөн урамшууллын хувь хэмжээг илүү тооцон олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4 улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох, Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 2.7 хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй бол тухайн төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгохгүй гэх заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж, 16 142 775 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төсвийн орлогын дансанд шилжүүлж, төсвийг хохиролгүй болгохыг Хөгжимт жүжгийн театрын дарга Г.*******, нягтлан бодогч М.******* нарт хариуцуулсан байна.

Тодруулбал, Хөгжимт жүжгийн театрын даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/149 дүгээр тушаалтай холбогдуулан төлбөр тогтоожээ.

Хөгжимт жүжгийн театрын удирдлагын зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлын шийдвэр болон Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д Соёлын ажилтан нь дараах нийгмийн баталгаагаар хангагдана: ...2/ хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн онцлогийг харгалзан нэмэгдэл цалин, урамшил, эрдмийн зэрэг, цолны болон ур чадварын нэмэгдэл хөлс олгоно гэж заасныг үндэслэн ...өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган, хариуцсан ажил, албан үүргээ тогтмол сайн чанартай биелүүлж, авьяас хөрвөх чадвараараа бусдыгаа манлайлан ажилласан хэмээн нэр бүхий ажилтнуудад мөнгөн урамшуулал, 13 дахь сарын цалин олгох асуудлаар тус театрын даргаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б/148, Б/149 дугаартай хоёр тушаал гаргасан байна.

Дээрх тушаалуудын дагуу Хөгжимт жүжгийн театрын ажилтнууд мөнгөн урамшууллыг хүлээн авсан эсэх талаар нэхэмжлэгч, хариуцагч талууд маргаагүй, харин Б/149 дүгээр тушаалаар ажилтнуудад 13 дахь сарын цалин олгох эрх зүйн үндэслэлтэй эсэх, мөнгөн урамшууллын хувь хэмжээг хуульд зааснаас хэтрүүлэн тогтоосон эсэх талаар маргажээ.

Хөгжимт жүжгийн театрын даргын эхний тушаал болох Урамшуулал олгох тухай 2019 оны Б/148 дугаар тушаалаар[3] Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 2.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасныг баримтлан хавсралтад заасан нэр бүхий 41 ажилтанд үндсэн цалингийн 40 хүртэл хувиар мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-д ...мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална гэж заасны дагуу Засгийн газраас 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.2-д Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна гэж заасантай нийцсэн тул Б/148 дугаар тушаалаар олгогдсон мөнгөн урамшууллын тухайд төлбөр тогтоогоогүй гэдгийг хариуцагч нар тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч тал мөн энэ талаар маргаагүй.

Харин Хөгжимт жүжгийн театрын даргын Б/149 дүгээр тушаалын дагуу 2019 оны 12 дугаар сард ажилтнуудад олгогдсон болон дарга Г. өөртөө хүлээн авсан мөнгөн урамшуулалтай холбоотой зөрчилд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар акт /цаашид 16 дугаар акт гэх/-аар төлбөр тогтоожээ.

Б/149 дүгээр тушаалаар[4] Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, Байгууллагын дотоод журмын 8.1.10-ын F заалтыг үндэслэн хавсралтад заасан нэр бүхий 45 ажилтанд сарын цалингийн 100 хүртэл хувиар мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэж, уг тушаалын дагуу ажилтнуудад мөнгөн урамшуулал олгосон нь дээрх тушаал болон цалингийн баримт, гэрч Б.*******, Б.*******, А.*******, Д.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Маргаан бүхий 16 дугаар актад дурдсан эрх зүйн үндэслэл болон хариуцагч нарын тайлбараас харахад уг актаар тогтоосон нийт 16 142 775 төгрөгийн төлбөрийг хоёр хэсэг зөрчилд ногдуулсан байх ба 2019 оны 12 дугаар сард Хөгжимт жүжгийн театрын дарга Г.******* нь эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 13 дахь сарын цалин гэх нэрээр өөртөө мөнгөн урамшуулал авсан гэх зөрчилд 863 534 төгрөгийн төлбөрийг, ажилтнуудад мөнгөн урамшууллыг олгохдоо албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрүүлж олгосон гэх зөрчилд үлдсэн 15 279 241 төгрөгийн төлбөрийг ногдуулсан байна.

Шүүх дараах дүгнэлтээр 16 дугаар актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

1. Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 1.2 дахь заалтаас харахад төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгохоор байх бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч харьяа байгууллагын төсвийн шууд захирагчид, харин төсвийн шууд захирагч байгууллагынхаа албан хаагчид мөнгөн урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17, 16 дугаар зүйлийн 16.4.18-д заасны дагуу Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргад мөнгөн урамшуулал олгох асуудлаар төсвийн ерөнхийлөн захирагч болох тус аймгийн Засаг дарга, харин театрын ажилтнуудад мөнгөн урамшуулал олгох асуудлаар төсвийн шууд захирагч болох тухайн театрын дарга шийдвэр гаргах эрх хэмжээтэй байна.

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.******* нь дээрх журмын 1.2-д заасныг зөрчиж эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг даргын шийдвэргүйгээр өөртөө 863 534 төгрөгийн мөнгөн урамшууллыг хүлээн авсан нь хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын цалингийн баримтаар[5] тогтоогдож байгаа төдийгүй нэхэмжлэгч өөрөө энэ талаар хүлээн зөвшөөрч аймгийн Засаг даргаас надад 2019 оны 12 сард урамшуулал олгох талаар шийдвэр гараагүй, тухайн сарын цалингийн программд 13 дахь сарын цалин автоматаар бодогдон миний дансанд орсон байсан, уг мөнгийг буцааж суутгуулаагүй хэмээн тайлбарлаж байна.

Иймд маргаан бүхий актаар төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхээр сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байж гэмээ нь шүүхээр хамгаалагдах, шүүх уг зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох учиртай.

Иймд нэхэмжлэгч Г.*******д 863 534 төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох талаар аймгийн Засаг даргаас шийдвэр гараагүй байх тул уг урамшууллыг хүлээн авах эрх нэхэмжлэгчид хуулийн дагуу үүсээгүй бөгөөд дээрх зөрчилд төлбөр тогтоосон нь түүний цалин хөлс авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

2. Нэхэмжлэгч Хөгжимт жүжгийн театрын дарга Г. тухайд 2019 оны 12 дугаар сарын байдлаар ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээгээгүй байсан байхад Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.7-д заасан ...сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй бол ... мөнгөн урамшуулал олгохгүй гэх заалтыг маргаан бүхий 16 дугаар актад баримталсан нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэстэй.

Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргыг томилох, түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь аймгийн Засаг дарга байна.

863 534 төгрөгийн мөнгөн урамшууллыг өөртөө хүлээж авах үед буюу 2019 оны 12 дугаар сард Хөгжимт жүжгийн театрын дарга Г.*******д түүнийг томилох эрх бүхий албан тушаалтнаас сахилгын шийтгэл оногдуулаагүй байжээ.

Харин дээрх мөнгөн урамшууллыг олгогдсоноос хойш буюу 2020 оны 02 дугаар сарын 05, 14-ний өдрүүдэд Завхан аймгийн Засаг даргын Б/07, Б/08 дугаар захирамжуудаар[6] Г.*******д сахилгын шийтгэл ногдуулсан байх тул түүнийг Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.7 дахь заалтыг зөрчиж 863 534 төгрөгийн урамшууллыг өөртөө хүлээж авсан гэж үзэх үндэслэлгүй тул уг заалтыг маргаан бүхий 16 дугаар актад үндэслэсэн нь буруу байна.

Иймд хариуцагч улсын байцаагч нар нь Хөгжимт жүжгийн театрын дарга Г.******* 2019 оны 12 дугаар сард эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 863534 төгрөгийг хүлээж авсан гэж төлбөр тогтоосон нь үндэслэлтэй, харин сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа уг мөнгөн урамшууллыг авсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь маргаан бүхий 16 дугаар актад Г.*******д олгогдсон 863 534 төгрөгийн мөнгөн урамшуулалд төлбөр тавигдсан гэх агуулга байхгүй, энэ талаар тодорхой тусгаагүй, захиргааны шийдвэр утга агуулгын хувьд тодорхой байх шаардлагыг хангаагүй гэж мөн маргасан.

Маргаан бүхий 16 дугаар актад илт хууль бус шийдвэрээр ажилтнуудад 13 дахь сарын цалинг олгохдоо хувь хэмжээг илүү тооцон олгосон, ажилд томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр урамшуулал авсан гэх зөрчлүүдийг нэрлэж, нийт төлбөрийн хэмжээг 16 142 775 төгрөг гэж тогтоосон боловч дээрх зөрчил нэг бүрээр төлбөрийг ялгаж заагаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэстэй.

Гэвч хариуцагч нараас тайлбарынхаа үндэслэл болгон тодруулж хийсэн тооцоолол болон Хөгжимт жүжгийн театрын 2019 оны 12 дугаар сарын цалингийн баримтаас харахад дарга Г. нэрийн ард 13 дахь сарын цалин гэх баганад түүний үндсэн цалингийн 100 хувиар буюу 863 534 төгрөгийн мөнгөн урамшуулал олгогдсон агуулга байх ба уг дүн нь бусад ажилтнуудад илүү олгосон гэх дүн /16 142 775 төгрөг/-д багтаж байна.

Иймд Г.*******д үндэслэлгүйгээр олгогдсон гэх 863 534 төгрөгийн зөрчил, төлбөрийг 16 дугаар актаар тогтоосон нийт төлбөрийн дүн болох 16 142 775 төгрөгт багтаан нэгтгэн тусгасан гэх хариуцагч нарын тайлбар үндэслэлтэй байх тул 863 534 төгрөгийн төлбөрийг 16 дугаар актаар тогтоосон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хариуцагч улсын байцаагч нар дарга Г.******* 863 534 төгрөгийн урамшууллыг огт авах үндэслэлгүй гэж үзэж уг хэсэгт бүхэлд нь төлбөр ногдуулсан бол дарга Г.*******ос бусад ажилтнуудад Б/149 дүгээр тушаалаар 13 дахь сарын цалин хэмээн олгосон мөнгөн урамшууллын 40 хүртэлх хувийг хуульд нийцсэн гэж үзэж үлдэх хувьд төлбөр ногдуулж, уг хоёр зөрчлийн нийлбэр дүнгээр 16 142 775 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

16 дугаар актаар тогтоосон нийт төлбөрийн зөвхөн ажилтнуудад олгосон мөнгөн урамшуулалтай хамааралтай 15 279 241 төгрөгийн /16 142 775 - 863 534/ төлбөрийг Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.2-д заасныг зөрчиж албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрүүлж ажилтанд мөнгөн урамшуулал олгосон гэх үндэслэлээр ногдуулсныг буруутгах боломжгүй байна.

Учир нь төрийн албан хаагч нарт 13 дахь сарын цалин гэх урамшуулалт цалин хөлс олгох талаар Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй бөгөөд Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.2-д зааснаас өөрөөр үндсэн цалингийн 100 хүртэл хувиар мөнгөн урамшуулал олгох эрх зүйн зохицуулалт байхгүй байна.

Түүнчлэн 2019 оны эцсийн улирлын ажлын дүнгээр тус театрын ажилтнуудад мөнгөн урамшуулал олгох асуудлыг Хөгжимт жүжгийн театрын даргаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б/148 дугаар тушаалаар шийдвэрлэсэн байхад мөн өдөр Б/149 дүгээр тушаалыг гаргаж дахин урамшуулалт цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэсэнтэй нийцээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.2-д заасан агуулгаас харахад улирлын ажлын үр дүнг үндэслэн мөнгөн урамшууллыг дээд тал нь 40 хувиар олгохоор байхад Хөгжимт жүжгийн театрын даргаас 2019 оны 12 дугаар сард эцсийн улирлын мөнгөн урамшууллын талаар хоёр дахь удаа буюу дахин захиргааны акт /Б/149/ гаргаж, мөнгөн урамшууллын хэмжээг хууль тогтоомжид зааснаас хэтрүүлсэн байна.

Хариуцагч нар Б/149 дүгээр тушаалаар ажилтнуудад 13 дахь сарын цалин гэх нэршлээр ажилтнуудад олгогдсон мөнгөн урамшууллыг бүхэлд нь зөрчилд тооцоогүй, харин хуулиар тогтоосон цалин хөлсний бүрэлдэхүүнд 13 дахь сарын цалин гэх нэршил, тодорхойлолт, зохицуулалт байхгүй тул уг тушаалаар ажилтнуудад мөнгөн урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж, Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.2-д заасан мөнгөн урамшууллын хэмжээг хэтрүүлсэн гэх үндэслэлээр төлбөр тавьсныг буруутгах боломжгүй.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4-д зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг уг хуулиар тогтоох байх ба уг хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулахаар байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно, 50.2-д Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно, 50.3-д Нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцон тогтооно 51 дүгээр зүйлийн 51.1-д Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгох-оор, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараах хэлбэрээр шагнаж, урамшуулна: 51.1.4 төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох, 51.2-д мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батлах-аар тус тус заажээ.

Дээрх зохицуулалтуудаас харахад төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар, мөнгөн урамшуулал олгох асуудлыг Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

Гэтэл нэхэмжлэгч Хөгжимт жүжгийн театрын даргын Б/149 дүгээр тушаалд 13 дахь сарын цалин, нэмэгдэл цалин урамшуулал гэх зэргээр шийдвэрлэж буй асуудлаа эргэлзээтэй байдлаар томьёолсон тул уг тушаал нь нэмэгдэл хөлс, мөнгөн урамшуулал олгох аль агуулгаар гарсан нь шууд ойлгомжгүй байх боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Г. зүгээс цалингийн төсөв хэмнэгдсэн хүрэлцээтэй байсан учраас Б/149 дүгээр тушаалаар 13 дахь сарын цалинг мөнгөн урамшууллын хэлбэрээр олгосон гэж тодруулан тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, Хөгжимт жүжгийн театрын даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/148, Б/149 дүгээр тушаалуудын аль аль нь мөнгөн урамшуулал олгох агуулгаар гарсан байна гэж үзэхээр байна.

Төрийн албан хаагчид олгох нэмэгдэл, нэмэгдэл хөлс, мөнгөн урамшуулал гэх нэр томьёонууд нь өөр өөр утга, агуулгыг илэрхийлэхээс гадна, тэдгээрийг олгох үндэслэл, хэмжээний талаар дээрх хууль тогтоомжуудаар ялгамжтай байдлаар зохицуулсан, мөн 13 дахь сарын цалин гэх цалин хөлсний бүрэлдэхүүнийг хуулиар тогтоогоогүй байгааг дээрх тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч Хөгжимт жүжгийн театрын дарга анхаараагүйгээс уг төлбөр үүсэх үндэслэл болсон байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагч улсын байцаагч нар Б/149 дүгээр тушаалыг нэмэгдэл хөлс олгох асуудлаар гарсан гэж үзээгүй, учир нь дээрх тушаалд нэмэгдэл хөлс олгохтой холбоотой эрх зүйн үндэслэл тусгагдаагүй.

Хэрэв уг тушаалыг нэмэгдэл хөлс олгох асуудлаар гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу байгуулсан хамтын гэрээг үндэслэхээр байна.

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын тухайд ажил олгогч, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийн хооронд 2012-2013 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээнээс[7] өөрөөр байгуулсан гэрээ байхгүй байх энэ гэрээний 9 болон 10 дахь хэсэгт бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж, мэргэжлийн өндөр ур чадвар гаргасан ажилтанд үндсэн цалингийн 25 хүртэл хувиар, ажил албан тушаал хавсран гүйцэтгэсэн ажилтанд үндсэн цалингийн 40 хүртэл хувиар нэмэгдэл хөлс олгохоор зааснаас харахад Хөгжимт жүжгийн театрын даргаас ажилтанд нэмэгдэл хөлс, мөнгөн урамшууллын аль алиныг нь үндсэн цалингийн 40 хувиас хэтрүүлж 100 хүртэл хувиар тооцон олгох, 13 дахь сарын цалин гэх урамшуулалт цалин олгох эрх хэмжээ хууль, тогтоомжоор олгогдоогүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч улсын байцаагч нараас Хөгжимт жүжгийн театрын даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/09 дүгээр тушаал болон театрын хамт олны хурлаас хамтран баталсан Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын дотоод журам[8]-ын 13 дахь сарын цалин олгох талаар заасан 8.1.10 дахь F хэсгийн заалт буюу хуулиар тогтоогоогүй, хуулийн зохицуулалтаас давсан уг заалтыг үндэслэж гаргасан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/149 дүгээр захирамжаар ажилтнуудад мөнгөн урамшуулал олгосныг хууль бус гэж үзэж, үндсэн цалингийн 40-өөс дээш хувиар олгогдсон хэсэгт 16 дугаар актаар төлбөр ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2019 оны 12 дугаар сард 13 дахь сарын цалин олгох асуудлыг хамт олны хурлаар нэг бүрчлэн хэлэлцэж, хамтын шийдвэрээр тогтоосон гэх боловч Хөгжимт жүжгийн театрын удирдлага, уран сайхны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлээс[9] харахад зөвхөн төсөв хэмнэгдсэн, тухайн онд улирлын урамшуулал олгогдоогүй гэх үндэслэлээр 13 дахь сарын цалин олгох тухай саналууд тусгагдсан бол уг урамшууллыг ямар эрх зүйн үндэслэлээр хэдэн хувиар олгож болох талаар хүн нэг бүрээр хэлэлцсэн агуулга байхгүй байна.

Хүний нөөцийн ажилтан Д.*******гийн гарын үсгээр баталгаажуулсан Ажилтнуудын 1-4 дүгээр улирлын ажлын гүйцэтгэл-ийг дүгнэсэн гэх баримтыг [10] нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон шүүхэд гаргаж өгсөн ба улирлын ажлын гүйцэтгэлийн талаар Удирдлага, уран сайхны зөвлөлийн хуралд танилцуулагдсан агуулга дээрх тэмдэглэлд тусгагдаагүй бөгөөд уг баримтуудад урамшуулал олгох хувийг 40 хүртэл хувиар тусгасан байгаа тул 13 дахь сарын цалин-г 100 хүртэл хувиар олгох асуудлаар гарсан Хөгжимт жүжгийн театрын даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/149 дүгээр тушаалын үндэслэлд хамаарах баримт гэж үзэхээргүй байна.

Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 1.2.2-д зааснаар мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг төсвийн шууд захирагч бие дааж шийдвэрлэхээр заасан тул хамт олны хурлаас шийдвэрлэсэн гэх нөхцөл Хөгжимт жүжгийн театрын даргыг төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын дотоод журам[11] нь хамт олны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэн, тус театрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актаар тогтоосон төлбөрийн үндэслэл болсон 13 дахь сарын цалин олгох асуудлаар гарсан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/149 дүгээр тушаалд хамааралгүй, уг тушаалыг гаргаснаас хойш батлагдсан уг баримт нь энэ хэрэгт ач холбогдолгүй тул түүнийг шүүхээс үнэлээгүй болно.

Хоёр. Маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Нөхөн төлбөр тогтоож төлүүлэх тухай 17 дугаар актын[12] тухайд:

Дээрх актаар сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа урамшуулалт цалин авсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 2.7 Хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй бол тухайн төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгохгүй гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 373 047 төгрөгийг Хөгжимт жүжгийн театрын дарга Г.*******ор төлүүлж, төсвийг хохиролгүй болгохыг дарга, нягтлан бодогч нарт үүрэг хариуцуулжээ.

Аймгийн баяр наадмын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан үндэслэлээр харьяа байгууллагын дарга, ажилтнуудад мөнгөн урамшууллыг олгох асуудлыг шийдвэрлэсэн Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 07 сарын 20-ны өдрийн А/303 захирамжийн хавсралтад[13] Хөгжимт жүжгийн театрын дарга Г.*******д урамшуулал олгохоор тусгагдсан байх бөгөөд захирамжийн дагуу 373 047 төгрөгийн мөнгөн урамшууллыг хүлээн авсан нь 2020 оны 7 сарын цалингийн баримтаар[14] тогтоогдож байна.

Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам-ын 2.7-д Хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй бол тухайн төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгохгүй гэж заажээ.

Нэхэмжлэгч Г.******* нь дээрх мөнгөн урамшууллыг олгохоос өмнө буюу 2020 оны 2 дугаар сард 2 удаа сахилгын шийтгэл хүлээсэн байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад түүнд 373 047 төгрөгийн мөнгөн урамшуулал олгогдсон нь Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/07, 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаар захирамжууд[15], 2020 оны 7 дугаар сарын цалингийн баримтаар тогтоогдож байна.

Хэдийгээр хуульд заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад мөнгөн урамшуулал олгох асуудлыг Г.******* өөрөө биш эрх бүхий албан тушаалтнаас шийдвэрлэсэн хэдий ч уг шийдвэр нь хуульд нийцэхгүйг төрийн үйлчилгээний удирдах албан тушаал эрхэлдэг төсвийн шууд захирагч болохынхоо хувьд Г.******* мэдэх боломжтой байсан төдийгүй удирдлагаас гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хууль дээдлэх зарчимд нийцнэ.

Тиймээс сахилгын шийтгэл хүлээж, сахилгын шийтгэлгүйд тооцогдох хуульд заасан хугацаа нь дуусгавар болоогүй байхад мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн Завхан аймгийн Засаг даргын хуульд нийцээгүй захирамжийн дагуу 373 047 төгрөгийн мөнгөн урамшууллыг хүлээн авах эрх нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу үүсээгүй тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

Маргаан бүхий захиргааны акт хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх 2 үндэслэлийн аль аль нь тогтоогдсон тохиолдолд тухайн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болдог. Энэ маргааны тухайд нэхэмжлэгчийн хувьд 373 047 төгрөгийн мөнгөн урамшуулал авах эрх, ашиг сонирхол нь шүүхээс зайлшгүй сэргээн тогтоох хууль ёсны эрх, ашиг сонирхол биш байх тул хариуцагч улсын байцаагчдын 2021 оны 17 дугаар актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхээр сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байж гэмээ нь шүүхээр хамгаалагдах, шүүх уг зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох учиртай гэдгийг дахин дурдах нь зүйтэй.

3. Маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 18 дугаар актын[16] тухайд:

Дээрх актаар Улсын Драмын эрдмийн театрын менежер З.*******ыг менежерийн албан тушаалд давхардуулан томилж цалин олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 8 178 992 төгрөгийг Хөгжимт жүжгийн театрын дарга Г.*******, нягтлан бодогч нараар төлүүлж, төсвийг хохиролгүй болгохыг тэдэнд хариуцуулжээ.

Тодруулбал, менежер З.*******ыг адил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төсвийн 2 байгууллагад давхардуулан томилж ажиллуулснаар төсвийг үр ашиггүй төлөвлөж зарцуулсан гэж үзэж дээрх төлбөрийг ногдуулсан байна.

1. Хөдөө орон нутгийн театрын уран бүтээлчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч уран бүтээлийн чанарыг сайжруулах, уран бүтээлчдийн хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийн болон үзэгчдийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Хөгжимт жүжгийн театр болон Улсын Драмын эрдмийн театрын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хамтран ажиллах гэрээ[17] байгуулсан байх ба гэрээний 2.1-д талууд харилцан тохиролцож, уран бүтээлчдийг солилцох, урьж ажиллуулах-аар заасныг үндэслэн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын сул гарсан менежерийн орон тоон дээр Улсын Драмын эрдмийн театрын ажилтан З.*******ыг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/111 дүгээр тушаалаар[18] томилон ажиллуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд ажилтантай тохиролцсоноор гэрээг хугацаатай байгуулж болохоор заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хөгжимт жүжгийн театрын дарга, З.******* нарын хооронд хөдөлмөрийн гэрээ[19] байгуулагдаж, уг гэрээг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс сунгаж баталгаажуулсан байна. /Сунгагдсан хугацааны талаар гэрээнд тусгаагүй./

Үүнээс өмнө З.******* нь Улсын Драмын эрдмийн театрын захирлын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаар тушаалаар[20] маркетинг олон нийттэй харилцах хэлтсийн менежерийн албан тушаалд мөн томилогдон ажиллаж байсан байх ба дээрх төсвийн байгууллагуудын нэг ижил албан тушаалд 2017 оны 07 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээгээр нэгэн зэрэг ажилласан байна.

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/02, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/16 дугаар тушаалуудын хавсралтаас[21] харахад менежерийн 1 орон тоо батлагдсан байгаа тул уг албан тушаалын орон тоог байнгын ажлын байр гэж үзэх ба уг ажлын байранд ажилтныг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахаар байна.

Менежерийн албан тушаалд ажиллаж байсан Г.******* театрын даргын албан тушаалд дэвшин томилогдож, уг орон тоо сул гарснаар Г.*******ыг томилон ажиллуулсан, менежерийн ганцхан орон тоотой, түүн дээр 2 хүн томилж, давхардуулан ажиллуулаагүй хэмээн гэрч Б.*******, Б.*******, А.*******, Д.******* нар нотлон мэдүүлж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26.1-д Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно, 26.2-д Энэ хуулийн 28 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд ажилтан хэд хэдэн ажил олгогчтой хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллаж болно, 28 дугаар зүйлийн 28.1-д Хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд ажилладаг ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил, албан тушаалтайгаа ижил, эсхүл удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулахыг хориглоно гэж тус тус заажээ.

Дээрх зохицуулалтаас харахад төсвийг төлөвлөх, зарцуулах эрх бүхий удирдах албан тушаалтан /төсвийн захирагч/-ны тухайд адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өөр өөр байгууллагад ижил албан тушаалд зэрэгцэн ажиллахыг хориглосон бол бусад ажилтны тухайд хуулиар хориглоогүй байна.

Иймд энэ маргааны тухайд төсвийн талаар шийдвэр гаргах эрх хэмжээгүй менежерийн албан тушаалд ажиллаж байгаа З.*******ын тухайд хэд хэдэн байгууллагад зэрэгцэн ажиллаж болохгүй гэх хориглолт хамаарахгүй байна.

2. Хариуцагч нар маргаан бүхий 18 дугаар актад тусгаагүй, актын үндэслэлд хамаарахгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.5-д заасныг мөн тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Дээрх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно, 18.5.1.хууль тогтоомж, олон улсын гэрээгээр болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн ажил; 18.5.2.багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил; 18.5.3.ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг гэж заасан боловч 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч гэхчлэн зааснаас харахад төрийн үйлчилгээний бусад ажилтнууд дээрх хуулиудын үйлчлэлд хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний ажилтан З.*******ын тухайд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан хориглолт хамаарахгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д заасан төрийн үйлчилгээний албан тушаал болох менежерийн ажлын байранд З.*******ыг хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээгээр ажиллуулсан нь дээрх хуулиудад заасныг зөрчөөгүй бөгөөд уг үйл баримт нь Улсын Драмын эрдмийн театрын захирлын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний 104 дүгээр албан бичиг, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаар тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн тэмдэглэл, Завхан Хөгжимт жүжгийн театрын даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/111 дүгээр тушаал, мөн өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 248, 09 дүгээр сарын 20-ны өдрийн 279 дүгээр албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудаар[22] тогтоогдож байх тул маргаан бүхий 2021 оны 18 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй байна.

3. Хариуцагч нар маргаан бүхий 18 дугаар актад Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримталсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл уг заалтыг хариуцагч нар буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргаас З.*******ыг менежерийн албан тушаал /байнгын ажлын байр/-д томилж, түүнтэй 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан нь хуульд нийцсэн.

Дээрх зохицуулалтаар зөвхөн байнгын ажлын байранд ажилтныг томилохдоо заавал хөдөлмөрийн гэрээ байгуулна, бусад өөр төрлийн гэрээ байгуулж болохгүй гэдгийг тогтоосон. Түүнээс тухайн ажил, албан тушаалд томилогдсоноос хойш ажилтан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа бусад этгээдтэй иргэний эрх зүйн гэрээ байгуулж ажилласныг Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Иймд Хөгжимт жүжгийн театрын менежерийн албан тушаалд томилогдон ажилласан З.*******ын зүгээс үүрэгт ажлаа хийж гүйцэтгэх явцдаа бусдаар ажил гүйцэтгүүлэх, ажлын гүйцэтгэлд хөлс олгохоор тохиролцож гэрээ байгуулсан нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-д нийцээгүй гэж үзэж хариуцагч нараас 18 дугаар актаар төлбөр тогтоох нэг үндэслэл болгосныг зөвтгөх үндэслэлгүй байна.

Хариуцагч Т.ын тайлбарт дурдсан буюу менежер З.*******аас жүжгийн уран бүтээл найруулах явцдаа ажил гүйцэтгүүлэх талаар бусад этгээдтэй байгуулсан гэх гэрээний талаар тодруулах, уг үйл баримтыг тогтоох, нотлох баримт цуглуулах нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж шүүх үзсэн болно.

Түүнчлэн З.*******д 2019-2020 онуудад олгосон цалин хөлсний тооцооллын[23] талаар нэхэмжлэгч тал маргаагүй, энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодруулан тайлбарласан тул уг цалин хөлсний тооцоололтой холбоотой баримтыг шүүхээс цуглуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

4. Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар[24] З.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгохоор шийдвэрлэсэн тул уг хугацаанаас хойш ажил гүйцэтгэх гэрээний дагуу З.*******д олгогдсон цалин хөлсөнд төлбөр тавигдаагүй байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Өөрөөр хэлбэл, З.*******ыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл менежерийн албан тушаалд зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажилласан гэж нэхэмжлэгч, хариуцагч талуудын хэн аль нь үзсэн болно.

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан Хөгжимт жүжгийн театрын нягтлан бодогч М.******* нь нэхэмжлэгч Г. хамт маргаан бүхий 2019 оны 16, 17, 18 дугаар актаар тогтоосон төлбөрийг хамтран хариуцаж төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн этгээд байх тул түүний мэдүүлгийг шүүх үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсгүүдэд заасан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг хийгээгүй, аудитын байгууллагаас зөрчилгүй гэх дүгнэлтийг өгснийг хариуцагч нараас анхаарч үзээгүй гэх тухайд:

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.2, 5.7, 52 дугаар зүйлийн 52.3-д зааснаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжид заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэхээр байна.

Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр удирдамжийн 6-д уг төлөвлөгөөт шалгалтыг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс ажлын 28 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр заасан байна.

Хариуцагч улсын байцаагч нараас маргаан бүхий 16, 17, 18 дугаар актуудыг гаргасан 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг шалгалт явуулж дууссан эцсийн өдөр гэж үзвэл дээрх 28 хоногийн хугацааг 01 дүгээр сарын 11-ний өдрөөс тоолоход 02 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болохоор байсан боловч хариуцагч нар 20 хоногоор хэтрүүлсэн байгаа тул шалгалтыг удаашруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэстэй.

Түүнчлэн иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлоор хяналт шалгалтыг явуулах шаардлагатай тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасны дагуу төлөвлөгөөт бус шалгалтын хүрээнд хийх боловч Хөгжимт жүжгийн театрт Улаанбаатар хотоос хууль бусаар ажилтан ажиллуулж байгаа талаар иргэн, хуулийн этгээдийн /аймгийн Засаг даргын/ гомдол хүлээж аваагүй, зөвхөн уг асуудлыг тодруулж шалгахыг Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаас анхааруулсан талаар хариуцагч нар хүлээн тайлбарлаж байгаа бөгөөд албаны даргаас тодруулж шалгах чиглэл өгсөн Улаанбаатар хотоос өөр байгууллагын ажилтан давхардуулан ажиллуулсан гэх асуудал нь тус байгууллагын 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой, шалгалтын удирдамжид заасан нийтлэг үндэслэл, зорилго, хамрах хүрээний дотор байгаа тул иргэний гомдлоор нэмж шалгах гэсэн шалтгаан үүсгэж ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Завхан аймаг дахь Төрийн Аудитын газраас олгосон 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 235 дугаартай Аудитын гэрчилгээ-ээр[25] санхүүгийн зөрчилгүй гэж дүгнэгдсэн, мөн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Шалгалт хийсэн дүнгийн тухай 03 дугаар тэмдэглэлээс[26] харахад маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16, 17, 18 дугаар актуудад заасан зөрчил өмнөх 2019 оны хяналт шалгалтаар тогтоогдож байгаагүй гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээж авах боломжгүй.

Урьд хийгдсэн хяналт шалгалтаар зөрчлийг илрүүлээгүй нөхцөл байдал нь дараагийн хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9, 5.16-д зааснаар улсын байцаагч нар шалгалтын тэмдэглэл, дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэхээр заасан байхад хариуцагч улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын акт, түүний хавсралтаас бусад баримтыг хуульд заасан стандарт баримт биш гэх тайлбараар шүүхэд гаргаж өгөөгүй болно. Хариуцагч өөрт байгаа баримтыг гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасныг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамж хуваарилах талаар:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-д Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нараас 35 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгох үндэстэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.7, 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, 51.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Г. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б., улсын байцаагч Т. нарын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай актыг бүхэлд нь хүчингүй болгож, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16, 17 дугаартай актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б., улсын байцаагч Т. нараас 35 100 төгрөгийг тэнцүү хуваарилан гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 

 


[1] Хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудсанд

[2] Хавтаст хэргийн 7-р хуудсанд

[3] Хавтаст хэргийн 42-р хуудсанд

[4] Хавтаст хэргийн 5, 41-р хуудсанд

[5] Хавтаст хэргийн 44-р хуудсанд

[6] Хавтаст хэргийн 47, 48-р хуудсанд

[7] Хавтаст хэргийн 207-р хуудсанд

[8] Хавтаст хэргийн 43-р хуудсанд

[9] Хавтаст хэргийн 122-р хуудсанд

[10] Хавтаст хэргийн 155-158-р хуудсанд

[11] Хавтаст хэргийн 215-р хуудсанд

[12] Хавтаст хэргийн 8-р хуудсанд

[13] Хавтаст хэргийн 45, 129-р хуудсанд

[14] Хавтаст хэргийн 46-р хуудсанд

[15] Хавтаст хэргийн 47, 48-р хуудсанд

[16] Хавтаст хэргийн 9-р хуудсанд

[17] Хавтаст хэргийн 96-р хуудсанд

[18] Хавтаст хэргийн 31, 109-р хуудсанд

[19] Хавтаст хэргийн 56, 117-р хуудсанд

[20] Хавтаст хэргийн 99-р хуудсанд

[21] Хавтаст хэргийн 105, 115-р хуудсанд

[22] Хавтаст хэргийн 95, 99, 100, 31, 57,67, 91-р хуудсанд

[23] Хавтаст хэргийн 137-р хуудсанд

[24] Хавтаст хэргийн 40, 108-р хуудсанд

[25] Хавтаст хэргийн 143-р хуудсанд

[26] Хавтаст хэргийн 203-р хуудсанд