Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 571

 

 

“Э з” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03828 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э з” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.И-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 16 380 000 төгрөг тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Э з” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Э.И-тай 21 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай нэг сарын 7 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор 16032401 тоот зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Мөн уг зээлийн гэрээтэй хамт 16032401-01 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Э.И-ын өмчлөлийн 58-83 УНЗ улсын дугаартай, ТХ-ийн гэрчилгээний дугаар 01177368, арлын дугаар WDC1648711A235675, хар өнгийн Benz GL-450 маркийн автомашиныг мөн 01-86 УНУ улсын дугаартай, ТХ-ийн 01181572 гэрчилгээний дугаартай, арлын WDXYR19E9X162717 дугаартай, хар саарал өнгийн Benz G500 маркийн автомашиныг тус тус барьцаалж автомашины гэрчилгээний нэрийг “Э з” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Э.И- нь гэрээний хугацаа дуусахад зээл авснаас хойш 2 сарын хүү болох 2 940 000 төгрөгийг төлсөн боловч 1 сарын хүү болох 1 470 000 төгрөг болон үндсэн зээлнээс нэг ч төгрөг төлөөгүй. Иймд гэрээний хугацааг 3 сараар сунгасан боловч мөн 3 сарын хүүгээ төлөөгүй юм. Улмаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээл болох 21 000 000 төгрөгийг л төлсөн боловч хүү алдангид нэг ч төгрөгийг төлөөгүй юм.

Иймд 2016 оны 5 дугаар сарын 24-ний 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх 4 сарын хүүнд 5 880 000 төгрөгийг мөн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш үндсэн зээл төлсөн хугацаа буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 128 хоногийн алданги болох 12 810 000 төгрөг нэхэмжилж байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангид 10 500 000 төгрөг, төлөөгүй 4 сарын хүү 5 880 000 төгрөг, нийт 16 380 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Мөн 16 380 000 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээтэй холбоотой асуудал, бичиг баримтын асуудал үүссэнээс болоод “Э з” ХХК нь Э.И-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж, хохирлыг бүрэн барагдуулсан. Энэ асуудлаар эрүүгийн хэрэг бүрэн шийдэврлэгдсэн. Тухайн үед энэ асуудлаар алдангийг нэхэн боломж байсан. Хариуцагч Э.И- их өндөр хүүтэй зээл авчихаад төлбөр төлөх чадваргүй болоод өөрөө алдангийг хасуулахаар тохиролцсон байдаг. Тийм учраас зээлийн гэрээний сунгалтын гарын үсгийг үнэн зөв эсэхийг шалгуулах хүсэлт гаргасан. Урьд нь ч авсан мөнгөний талаар нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Энэ асуудлаар урьд нь шийдвэрлэсэн прокурорын хүчин төгөлдөр тогтоол байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энд эрсдлийн хувийг тооцоод зээлийн гэрээний хүүг 7 хувиар байгуулсан. Мөн алдангийг их өндөр тооцсон. 21 сая төгрөг зээлсэн хүн үндсэн төлбөрөө төлөөд 16 сая төгрөгийн хүү төлсөн байгаа нь их өндөр байгаа. Зээлийн гэрээний сунгалт маргаантай байгаагаас болж нэхэмжлэлийн үнийн дүн, хүү, алдангийн тооцоо маш өндөр нэхэмжилж байна. Зээлийн үндсэн төлбөрийг төлж барагдуулсан, нэхэмжлэгч тал ямар ч хохиролгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 286 дүгээр зүйлийн 286.3, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Э.И-аас 9 105 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э з” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 274 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар, хариуцагч Э.И- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй буюу төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжпэгчийн хүсэлтийг үндэслэн 58-83 УНЗ улсын дугаартай, ТХ-ийн гэрчилгээний дугаар-01177368, арлын дугаар WDC1648711A235675, хар өнгийн Benz GL-450 маркийн автомашин, 01-86 УНУ улсын дугаартай, ТХ-ийн 01181572 гэрчилгээний дугаартай, арлын WDXYR19E9X162717 дугаартай, хар саарал өнгийн Benz G500 маркийн автомашинуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 310 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.И-аас улсын тэмдэгтийн хураамжид 230 840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э з” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03828 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Зээлийн гэрээний сунгалтыг анх гэрээг байгуулсан журмаар сунгах ёстой бөгөөд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний сунгалтыг бичгээр байгуулаагүй, хариуцагч гарын үсэг зураагүй. Иймд хариуцагчийн гарын үсэг мөн эсэхийг шинжээчээр шинжлүүлэх хүсэлт тавьсан боловч шүүх хүсэлтийг хангаагүй зөвхөн гэрээний сунгалтанд төлсөн 210 000 төгрөгийн баримтыг үндэслэн хүсэлтийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал асуудлыг анхааралгүй орхигдуулсанд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Э з” ХХК хариуцагч Э.И-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 380 000 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШЗ2017/15648 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг орхигдуулж, уг захирамжийг өөрчилж, залруулах ажиллагааг хийгээгүй нь талуудыг маргааны зүйлийн талаар бүрэн мэтгэлцүүлээгүй гэж үзнэ. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхийг зөрчсөн гэж үзнэ. /хэргийн 20 дугаар тал/

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.”, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж барьцааны болон фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг өөрөөр зохицуулжээ.

 

Талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 16032401 тоот 21 000 000 төгрөгийн зээлийн болон 16032401-01 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ба 58-83 УНЗ улсын дугаартай, ТХ-ийн гэрчилгээний дугаар-01177368, арлын дугаар WDC1648711A235675, хар өнгийн Benz GL-450 маркийн автомашин, 01-86 УНУ улсын дугаартай, ТХ-ийн 01181572 гэрчилгээний дугаартай, арлын WDXYR19E9X162717 дугаартай, хар саарал өнгийн Benz G500 маркийн автомашинуудыг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г тус тус байгуулсан байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн эд хөрөнгийн барьцааны эрхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг баримталсан нь буруу болно. /хэргийн 11-15 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, фидуцийн гэрээний зүйл нь хэний эзэмшилд байгаа болон нэхэмжлэгч дээрх хуульд заасны дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах шаардлага гаргаж буй эсэхийг тодруулаагүй байхад талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар маргаж буй зүйлийн үндэслэлийн талаар мэтгэлцсэн гэж үзэхгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүй, зарим шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй байхад энэ талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх арилгаж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03828 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.И-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 640 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                    С.ЭНХТӨР