Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/401

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305000000729 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, *** ХХК-д цахилгааны инженер, менежер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг *** хороо *** гудамж **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  ***.

 

Шүүгдэгч Ц.*** нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** ХХК-ны худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр *** ХХК-аас дахин буюу илүү шилжүүлсэн 6,013,120 төгрөгийг *** ХХК-ны нягтлан Я.***ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн найз Ууганжаргалын Хаан банкны *** дугаарын дансаар дамжуулан өөрийн 5219254000 дугаарын дансанд шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Уранчимэгийн “... Миний хариуцан үйл ажиллааг нь явуулдаг Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүсийн 51 гудамж 3 тоотод байрлах *** нэртэй компани нь гоо сайхны бараа бүтээгдэхүүн хийдэг. Хийсэн бараагаа зарж борлуулдаг юм. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Цэвээндоржийн *** гэх залууг томилсон. Түүний үүрэг бол бараа бүтээгдэхүүний захиалга авах, бараа захиалсан байгууллагад барааг хүргэх, барааны мөнгийг байгууллагын данс руу хийлгэх юм. Барааны мөнгийг өөрийн данс болон хувьдаа ашиглахыг хатуу хориглоно гэж гэрээн дээр заасан байгаа бөгөөд энэ талаар түүнд танилцуулж гарын үсгийг нь авсан юмаа.

2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр миний дугаар луу Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг *** ХХК-ны нягтлан залгаад надад хандаж 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр танай ажилтан Ц.***гийн хувийн данс руу нь 6,013,120 төгрөг хийсэн юмаа, тэр мөнгөө авах гэсэн буцааж өгөхгүй байна, мөнгөө авах гэсэн юмаа гэж хэлсэн. Би өөрийн нягтлан Я.***ыг дуудаад болсон хэргийн талаар асуух үед Ц.*** *** ХХК-ны мөнгийг өөрийн хувийн данс руугаа авсан байсан. Би түүнийг буцааж төл гэх үед өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнийг мөнгө хувьдаа авсан талаар нь мэдээд яасан талаар асуух үед мөнгийг хувьдаа авсан удахгүй төлж өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул Цагдаагийн байгууллагад хандаж байна.

... Иймд манай байгууллагад 6,013,120 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгийг Ц.***аас нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дахь тал/

 

Гэрч Я.***ын “... 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажилтан *** нь 6,013,120 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бараа хүргэж өгөхөөр Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг *** нэртэй компани руу явсан. Ц.*** нь бараа хүлээлгэж өгөөд мөнгийг нь өөрийн 5219254000 дугаартай данс руу авсан байсан. Би түүнд хандаж наад мөнгөө байгууллагын данс руу хий гэж хэлсэн чинь тэр 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөө байгууллагын *** дугаартай данс руу хийсэн. Хэдэн өдөр өнгөрсний дараа Ц.*** миний дугаар луу залгаад надад хандаж *** ХХК барааны мөнгийг 2 удаа шилжүүлсэн байна гэнээ, нэгийг нь буцаагаад авах гэсэн юм гээд над руу яриад байсан. Би данс явуулна тэгэхээр нь 6,013,120 төгрөг тухайн данс руу хийгээрэй гэж хэлсэн. Би тухайн үед байгууллагын дансыг шүүж үзэх үед *** ХХК нь ***д барааны мөнгө өгсний дараа байгууллагын данс руу дахин 6,013,120 төгрөг хийсэн байсан. Тэгээд би ***д хандаж тийм байна, 2 удаа хийсэн байна, ямар данс руу буцааж хийх юм гэж асуух үед *** /Энхжаргал/ гэсэн хүний данс өгсөн. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгууллагын *** дугаартай данснаас *** /Энхжаргал/ данс руу 6,013,120 төгрөг шилжүүлсэн.

2022 оны 11 дүгээр сарын сүүлээр *** ХХК-аас нягтлан нь залгаад танай руу илүү шилжүүлсэн мөнгийг буцааж өгөөчээ гэж хэлэхээр нь *** данс өгөөд тухайн данс руу шилжүүлсэн гэж хэлээд данс хуулга явуулах үед наад данс чинь манай байгууллагад хамаагүй данс байна гэж хэлсэн. Би гайхаад ***д болсон хэргийн талаар хэлэх үед ямар сонин юм бэ гэж хариулаад тоогоогүй.

Захирал Э.Уранчимэг ***аас мөнгө яасан талаар асуух үед мөнгийг хувьдаа ашигласан, буцаагаад өгнө гэж хэлсэн байсан.

*** /Энхжаргал/ гэсэн дансыг *** нь *** ХХК-ны данс гэж хэлээд надад өгсөн. Би тухайн дансыг *** ХХК-ны данс гэж бодоод мөнгө хийсэн боловч тухайн байгууллагын данс биш байсан. Тухайн байгууллагатай Ц.*** гэрээ хийсэн. Тэр өөрөө харьцдаг байгууллага байсан юмаа. Манай байгууллага *** ХХК-ны мөнгийг төлж барагдуулсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дахь тал/

 

Банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, депозит дансы дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 43-49 дэх тал/

Ц.***ы яллагдагчаар өгсөн “... Тухайн үед *** ХХК-аас захиалга ирээд барааг би хүргэж өгсөн. *** ХХК миний данс руу барааны мөнгийг хийгээд би тухайн мөнгийг байгууллагын данс руу хийсэн. Тухайн үед *** ХХК манай байгууллага руу 2 удаа мөнгө шилжүүлсэн талаар хэлсэн. Би ***од *** ХХК-ны дансыг өгөлгүй найзын дансыг өгөөд тухайн данс руу *** ХХК-ны илүү шилжүүлсэн мөнгийг аваад найз Ууганжаргалын данснаас өөрийн 521954000 дугаартай данс руу авсан. Тухайн мөнгийг хэрэглээндээ зарцуулсан. *** ХХК-д өгөөгүй. Тухайн дансыг *** ХХК-ны данс гэж бодоод нягтлан мөнгөө шилжүүлсэн. Тухайн данс нь *** ХХК-ны данс биш байгаа юмаа гэж мэдүүлсэн энэ мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй.

Манай найз одоо Бүгд Найрамдах Солонгос Улсад байгаа. Мөнгөнөөс тэр үрэлцсэн зүйл байхгүй. Би ганцаараа үрсэн. Найз мэдсэн зүйл байхгүй.

... 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хохирлын мөнгийг захирал Э.Уранчимэгт өгсөн. Хохирогчийг гомдолгүй болгосон. Миний бие нь өөрийн хийсэн зүйлд маш ихээр гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-29 дэх тал/зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Ц.***, *** ХХК нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу шүүгдэгч Ц.*** нь тус компанид худалдааны төлөөлөгчөөр ажилладаг байжээ.

Ийнхүү ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч Ц.*** нь өөрийн гүйцэтгэх ажил үүргийн дагуу *** ХХК-ны захиалсан бараа бүтээгдэхүүнийг Дорнод аймагт 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүргэн өгсөн ба мөн өдөр *** ХХК-ны төлсөн бараа бүтээгдэхүүний үнэ болох 6,013,120 төгрөгийг өөрийн Хаан банкны 5219254000 дугаарын данс руу шилжүүлэн авчээ.

Дээрх нөхцөл байдлыг мэдсэн *** ХХК-ны нягтлан бодогч Я.***ын шаардлагаар бараа бүтээгдэхүүний мөнгийг шүүгдэгч Ц.*** нь өөрийн 5219254000 дугаарын данснаас *** ХХК-ны *** данс руу шилжүүлжээ.

Үүний дараа *** ХХК-аас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дахин өмнө төлсөн бараа бүтээгдэхүүний 6,013,120 төгрөгийг *** ХХК-ны *** дугаарын данс руу шилжүүлжээ.

Энэ үед шүүгдэгч Ц.*** нь *** ХХК-аас бараа бүтээгдэхүүний үнийг дахин шилжүүлсэн болохыг мэдмэгцээ нягтлан бодогч Я.***од *** ХХК-ны данс гэж хууран Ууганжаргалын гэх хүний Хаан банкны *** дансаар дамжуулан өөрийн Хаан банкны 5219254000 дугаарын дансаар 6,013,120 төгрөгийг шилжүүлэн авчээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1.  Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ц.*** нь *** ХХК-аас *** ХХК-д илүү шилжүүлсэн 6,013,120 төгрөгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд нягтлан бодогч Я.***ыг төөрөгдүүлэн бусдын дансаар дамжуулан өөртөө авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.***ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгон эзэмшигчийн эд хөрнгийг шилжүүлэн авсангэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба мөрдөн шалгах ажиллагааны дууссаны дараа хавтаст хэрэгт танилцуулсан баримтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Уранчимэг нь “Миний бие хохирол мөнгөө бүрэн барагдуулж авсан тул гомдолгүй. ...” гэсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нэхэмжлэл бүрэн хангагдсан гэж үзэв.

Ийм учраас шүүгдэгч Ц.*** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.***ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.***ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.***ыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ