| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2019/02193/И |
| Дугаар | 184/ШШ2019/02752 |
| Огноо | 2019-10-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2019/02752
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Н
Хариуцагч: Д.Н нарт холбогдох,
9,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагч, хариуцагч Д.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...“Б” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э.Ааас хорин сая төгрөгөөр Айро списс маркын 3810 УНХ улсын дугаартай, 45 хүний суудалтай автобус зээлээр худалдаж авах гэрээ байгуулсан боловч банкнаас зээл бүтээгүй тул Д.Н, Б.Н нарт 16,000,000 төгрөгөөр дамжуулан зээлээр худалдах хэлцэл байгуулсан. Хариуцагч нар гэр бүлийн хүмүүс бөгөөд тэд нийт төлбөрөөс арван сая төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлсөн. Үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөгийг төлнө гэсэн хэлцлийн үүргээ биелүүлэлгүй алга болсон. Тухайн үед Э.А нь Д.Н, Б.Н нараас автобусны үнийн үлдэгдэлийг байнга нэхэж сүүлдээ манай “Б” ХХК-г хариуцагчаар \бичгээр байгуулсан гэрээг үндэслэн нөгөө талаар Д.Н, Б.Н нар сураг тасарсан байдлаас болж татаж шүүх хэргийг хянан үзэж манай компанийг төлбөр төлөгчөөр тогтоож 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/02631 тоот шийдвэр гарсан. Манай компани нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Э.Ат төлбөрийг бүрэн төлж шүүхийн шийдвэрийг дуусгавар болгосон.
Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд манай компани нь 4,000,000 төгрөгийг иргэн М.О-оос сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлсэн. Одоогийн байдлаар хүүнд 3,400,000 төгрөг төлсөн. Хариуцагч нар “Б” ХХК-ийн өмч болох автобусанд байсан 300,000 төгрөгийн үнэтэй зурагтыг алга болгож, автобусны байршил тогтоогчийг ажиллагаагүй болгосон. Иймд хариуцагч нараас автобусны үнэ болох 6,000,000 төгрөг мөн зурагтын үнэ 300,000 төгрөг, шүүхийн шийдвэрт тушаасан 4,000,000 төгрөгийн хүү мөнгө болох 3,400,000 төгрөг нийт 9,700,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Одоо бусдад хүүнд төлсөн 3,400,000 төгрөгөөс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж автобусны үлдэгдэл 6,000,000 төгрөг, зурагтын үнэ 300,000 төгрөг, нийт 6,300,000 төгрөгийг нэхэмжилнэ. Энэ хугацаанд 23 рейс хийсэн нь үнэн, гэрээгээр нэг рейс 100,000 төгрөг гэж тохиролцсон. Манай дансанд орж ирсэн орлогоос Б.Нд 7,950,000 төгрөг өгсөн, түлшинд 3,872,560 төгрөг, засвар, үйлчилгээ гэх мэт бусад асуудлаар 1,657,000 төгрөг өгсөн, автобусны үнэд суутгах боломжгүй гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нгаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...2016 онд “Б” ХХК-ийн С гэгч захиралтай Драгон центр дээр тааралдаад хот хооронд явах шугаманд нь явах хүсэлтэйгээ хэлээд бид хоёрт автобус байхгүй гэтэл манай энэ шугамд автобус байгаа энэ автобусыг явцын дунд мөнгийг нь өгөөд явуулж болно гэж хэлсэн. Үүний тулд шугаманд орохын тулд 1,000,000 төгрөг төлөх ёстой гээд бид хоёроос 1,000,000 төгрөг авсан. Улаанбаатар хотоос Гурвантэс орох 1 рейсэндээ 100,000 төгрөг авахаар ярилцаж тохирсон. Бидэнд санал болгосон тус автобус нь 20,000,000 төгрөг гэсэн ба бид 10,000,000 төгрөгийг нь бэлнээр өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг нь бид хоёрын явсан рейс бүрийн мөнгийг бидэнд өгөлгүй өөртөө авч байсан. Үүний учир нь төлөөгүй үлдсэн автобусны үлдэгдэл мөнгө суутгаж байгаа гэж бидэнд тайлбарласан. Улаанбаатараас Гурвантэс хүртэл хүнийхээ тооноос шалтгаалан ирж очихын 3,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөг орчим олдог байсан.
Маш муу автобус байсан учир автобус эвдэрч 7,000,000 төгрөгийн зардал гарсан. Уг зардлыг бид өөрсдийн мөнгөөр төлж автобусаа зассан. Бид хоёрын төлсөн 10,000,000 төгрөгийг Э.Ат өгөөгүйн улмаас автобусны эзэн Э.А нь С-ийг шүүхэд дуудан мөнгөө нэхэмжилсэн. С нь маш эвдрэл гэмтэл ихтэй хуучин автобус худалдан авсандаа гомдолтой байна гэсэн учир автобусны үнэ болох 20,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөг хасах хүсэлт гаргаж, хүсэлтийн дагуу шийдвэрлэгдсэн.
Улаанбаатараас Гурвантэс явсан бүх рейсний мөнгийг автобусны үлдэгдэл суутгаж байгаа гээд бидэнд явалт бүрийн мөнгийг өгөөгүй /бид ч аль болох автобусны үлдэгдлээ аль болох хурдан төлж өрнөөс салах хүсэлтэй байсан тул мөнгө ерөөсөө аваагүй/. Бидний төлөх байсан 20,000,000 төгрөгөөс шүүхийн дагуу 4,000,000 төгрөгийг хассан мөн бид бэлэн 10,000,000 төлсөн рейсний явалт бүрийн мөнгөнөөс үлдэгдэл 6,000,000 төгрөгөө хасаад үлдэгдэл мөнгөө С-ээс авах гэсэн боловч оршин суугаа хаяг нь тодорхойгүй учир олдоогүй. Мөн бидний худалдаж авсан автобусны мотор нь цохиж Өмнөговь аймагт 1 жил орчим болсон /тухайн үед автобусны зурагтаа хулгайд алдсан/ автобусаа 1 сая төгрөгөөр Улаанбаатар хотруу чирүүлж ирсэн. Б компаний өмч гээд байгаа уг автобусанд С нь 1,000 төгрөгийн ч хувь нэмэр оруулж байгаагүй. Улсаас 18 гаруй сая төгрөг ашиг гэж авсан. Надад 6,926,500 төгрөг л өгсөн. Үлдэх мөнгөнөөс автобусны үнийн үлдэгдлийг, 23 рейсийн үнэ 2,300,000 төгрөгийг ч суутгаж авсан гэж боддог. Харин зөрүү авлагатай тооцоо гардаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Б.Н, Д.Н нарт холбогдуулан 9,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрт олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа 6,300,000 төгрөг болгон багасгажээ.
Зохигч буюу нэхэмжлэгч талаас ...Автобус худалдсаны үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөг, түр хэрэглүүлж байсан зурагтын үнэ 300,000 төгрөг, нийт 6,300,000 төгрөгийг шаардаж байгаа, АТҮТөвөөс манай дансанд шилжүүлсэн мөнгөнөөс хот хоорондын шугамд явж байсан хариуцагч нарт түлшний, засвар үйлчилгээний мөнгө, ашгийг дансаар өгсөн тул тухайн орлогоос автобусны үнэ суутгагдаагүй гэж, хариуцагч талаас ...Автобусны үнийг төлж дууссан гэж боддог. Хот хооронд яваад олсон ашгийг АТҮТ-өөс нэхэмжлэгчид шилжүүлсэн, тэр мөнгөнөөс багахан хэсгийг бид нарт өгсөн, бензин, засвар үйлчилгээг өөрсдөө хариуцдаг байсан. Тиймээс өргүй, харин ч авлагатай тооцоо гарч байгаа, зурагтын хувьд автобустайгаа цуг ирсэн, түр өглөө буцааж авна гэсэн тохиролцоо байхгүй гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.
Талуудын хооронд 2016 оны 3 сарын 25-ны өдөр БНСУ-д үйлдвэрлэсэн том оврын Aero Spess маркийн 38-10 улсын дугаартай автобусыг худалдах, худалдан авахаар амаар харилцан тохиролцож, автобусыг 16,000,000 төгрөгөөр үнэлж, 10,000,000 төгрөгийг өгсөн талаар маргадаггүй бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний харилцаа, үүрэг үүссэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээний гол нөхцөлөө тохирсон, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал буюу нэхэмжлэгч “Б” ХХК нь гэрээгээр хүлээсэн автобус шилжүүлэх үүргээ биелүүлсэн бөгөөд худалдан авагч буюу хариуцагч Д.Н, Б.Н нар нь эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй бол нэхэмжлэгч тал хариуцагчаас автобусны үнийг төлөх үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Шаардах эрхийн хүрээнд шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ хариуцагч талаас ...Зорчигч тээврийн үйлчилгээ ажиллуулах гэрээнд заасны дагуу “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр бид зорчигч тээвэрлэсэн. Ашиг, орлогыг бид авахаар, рейс тутамд 100,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон хэдий ч улсаас 18 гаруй сая төгрөгийн ашгийг нэхэмжлэгч буюу “Б” ХХК-д шилжүүлсэн байсан. Тэр ашгаас автобусны үнэ суутгагдсан гэж тайлбарлаж, худалдах худалдан авах гэрээ дуусгавар болсон гэх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Хот хоорондын зорчигч, шуудан тээврийн үйлчилгээнд ажиллуулах” тухай гэрээ байгуулагдсан, тухайн гэрээгээр Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн, 23 удаа чиглэлд явсан үйл баримт тогтоогддог, талууд ч маргадаггүй.
Нэхэмжлэгч болон хариуцагч талуудаас гаргасан банкны хуулга, гэрээ, тооцооны хуудас зэрэг бичмэл нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч тал 2016 оны 4 сарын 10, 2016 оны 4 сарын 17, 2016 оны 4 сарын 24, 2016 оны 5 сарын 01, 2016 оны 5 сарын 08, 2016 оны 5 сарын 15, 2016 оны 5 сарын 22, 2016 оны 5 сарын 29, 2016 оны 6 сарын 05, 2016 оны 6 сарын 12, 2016 оны 6 сарын 19, 2016 оны 6 сарын 26, 2016 оны 7 сарын 03, 2016 оны 7 сарын 17, 2016 оны 7 сарын 24, 2016 оны 7 сарын 31, 2016 оны 8 сарын 07, 2016 оны 8 сарын 14, 2016 оны 8 сарын 28, 2016 оны 9 сарын 04, 2016 оны 9 сарын 11, 2016 оны 9 сарын 18, 2016 оны 9 сарын 25-ны өдөр буюу нийт 23 удаа хот хооронд зорчигч тээвэрлэсэн үйлчилгээний хөлс буюу ашиг 18,049,480 төгрөгийг Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс ”Б” ХХК-ийн дансанд шилжүүлсэн, уг мөнгийг авсан талаар талууд маргаагүй хэдий ч тухайн ашгаас худалдах, худалдан авах гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнийг төлсөн, төлөөгүй гэх маргаан байдаг.
Дээрх ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгтэй хамааралтайгаар худалдах худалдан авах гэрээ дуусгавар болсон эсэх асуудал талуудын маргааны зүйлийн үндэслэл болж байна. Хариуцагч тал хот хооронд зорчигч тээвэрлэх, нэхэмжлэгч тал тээврийн үйлчилгээний ашиг орлогыг хариуцагч талд шилжүүлэх үүрэгтэй, нэхэмжлэгч нь өөрт оногдох ашиг буюу рейс тутмын 100,000 төгрөг, 23 рейсийн нийт 2,300,000 төгрөгийг хариуцагчаас авах, тухайн ашиг орлогоос тээврийн хэрэгслийн шатахууны үнийг төлөх гэж гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон.
Хариуцагч талаас бензин, түлшний мөнгийг бид өөрсдөө төлсөн, “Б ХХК-иас төлөөгүй, засвар үйлчилгээний төлбөр мөнгө бусдаар дамжуулж аваагүй гэх тайлбарыг гаргадаг ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй, татгалзлаа баримтаар нотлоогүй болно.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын банкны дансны хуулга, тайлбаруудаас дүгнэхэд хариуцагч Б.Нгийн дансанд ”Б” ХХК-иас 4 сарын 28-нд 276,000, 5 сарын 3-нд 435,000, 5 сарын 10-нд 400,000, 5 сарын 12-нд 160,000, 100,000, 5 сарын 17-нд 260,000, 6 сарын 28-нд 400,000, 7 сарын 19-нд 700,000, 7 сарын 26-нд 700,000, 8 сарын 9-нд 300,000, 8 сарын 30-нд 700,000, 9 сарын 6-нд 369,000, 9 сарын 20-нд 700,000, 9 сарын 26-нд 450,000 төгрөг, нийт 5,950,000 төгрөг, ”Б” ХХК-ийн захирал С.С-ийн ээж Б.А-гаас 4 сарын 28-нд 200,000, 5 сарын 20-нд 468,000, 5 сарын 22-нд 200,000, 5 сарын 24-нд 400,000 төгрөг, нийт 1,268,000 төгрөг орсон ба хариуцагч Б.Нгийн шүүх хуралдааны шатанд хүлээн зөвшөөрсөн тайлбар дахь Ж, Г нарын дансанд 5 сарын 30-нд 446,000, 6 сарын 8-нд 820,000 төгрөг, нийт 1,266,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч ”Б” ХХК-иас хариуцагч талд тээврийн үйлчилгээний ашиг, орлого 18,049,480 төгрөгөөс нийтдээ 8,484,000 төгрөгийг хариуцагч талд шилжүүлсэн гэж үзнэ.
Түүнчлэн ”Б” ХХК-иас “БМБХ” ХХК-тай байгуулсан 2016 оны 5 сарын 2-ны өдрийн 06 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 2016 оны 5 сарын 9-нд 671,560 төгрөгийг “БМБХ” ХХК-ийн нярав гэх Наранцэцэгийн дансанд, 5 сарын 16-нд 450,000, 5 сарын 24-нд 300,000, 6 сарын 5-нд 331,000, 6 сарын 7-нд 450,000, 6 сарын 21-нд 390,000, 7 сарын 26-нд 600,000, 8 сарын 16-нд 400,000 төгрөгийг “БМБХ” ХХК-ийн дансанд, нийт 3,592,560 төгрөгийг шатахуун түлшний үнэ гэж шилжүүлсэн байх бөгөөд ”Б” ХХК, Д.Н нарын хооронд байгуулагдсан “Хот хоорондын зорчигч, шуудан тээврийн үйлчилгээнд ажиллуулах” тухай гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д “Тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдал хангах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг жигд явуулахад шаардагдах сэлбэг, шатахуун бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагуудтай байнгын гэрээ байгуулж хамтран ажиллана” гэж заасан үүргээ хэрэгжүүлсэн байна. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8 /3.8/-д “Тухайн тээвэрлэлтэд шаардагдах шатахуун, тослох материалыг компани урьдчилан бэлтгэн гэрээгээр нийлүүлэх ба үнийг рейс тутамд тээврийн хөлснөөс суутган тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал нь тээвэрлэлтийн гэрээгээр олсон ашиг, орлого болох 18,049,480 төгрөгөөс түлш, шатахууны үнэ 3,592,560 төгрөгийг суутгах, мөн гэрээний 4.6-д заасны дагуу 23 рейсийн төлбөр хураамж гэх 2,300,000 төгрөгийг суутгах үндэслэлтэй байна.
Тухайн түлшийг хариуцагч нарын тээврийн хэрэгсэлд хийсэн, зарцуулсан нотлох баримт байхгүй гэж хариуцагч талаас тайлбар гаргадаг хэдий ч Автотээврийн газраас “Б” ХХК-д мөнгө шилжүүлж байгаа, тухайн мөнгөнөөс хариуцагч нарын болон шатахуун нийлүүлж буй компанийн дансанд шилжүүлж байгаа, Улаанбаатар, Өмнөговь Гурвантэс чиглэлд явсан ирсэн цаг хугацааны байдлаас үзэхэд дээрх чиглэлийн тээврийн хэрэгсэлд шатахууныг зарцуулсан шууд хамаарал бүхий үйл баримт гэж үзэв.
Дээрх тооцооллоос дүгнэхэд нэхэмжлэгч ”Б” ХХК нь тээвэрлэлтийн гэрээнээс олсон ашиг орлого болох 18,049,480 төгрөгөөс хариуцагч талд шилжүүлсэн 8,484,000 төгрөг, түлшинд төлсөн 3,592,560 төгрөг, үйлчилгээ үзүүлсний хураамж 2,300,000 төгрөг, нийт 14,376,560 төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл 3,672,920 төгрөг болох бөгөөд тухайн мөнгийг “Хот хоорондын зорчигч, шуудан тээврийн үйлчилгээнд ажиллуулах” тухай гэрээний 2 дугаар зүйлийн 2.11-д заасны дагуу Д.Нт олгохоор зохицуулжээ.
Хариуцагч талын авах байсан ашиг орлогоор худалдан авсан автобусны үнэ төлөгдсөн гэх тайлбарын хуулийн үндэслэл нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 “Биелүүлэх хугацаа нь болсон 2 этгээдийн хооронд ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж заасны дагуу байх ба талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний хувьд хариуцагч талаас 6,000,000 төгрөг төлөх, тээврийн үйлчилгээний гэрээний хувьд нэхэмжлэгч талаас 3,672,920 төгрөг төлөх үүрэгтэй байна. Дээрх үүргүүдийн зөрүү 2,372,080 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй, энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 238 дугаар зүйлийн 238.4-т заасантай нийцнэ.
Харин нэхэмжлэгч талын зурагтын үнэ 300,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд автобус худалдахдаа түр хэрэглүүлэхээр өгсөн тайлбараа нэхэмжлэгч тал нь баримтаар нотлоогүй, худалдах худалдан авах аман гэрээ байгуулагдсан үед хамт худалдагдсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй тул тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 6,300,000 төгрөгөөс үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 3,972,920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Н, Д.Н нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох автобусны үнийн үлдэгдэл 2,327,080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н, Д.Н нараас 2,327,080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,972,920 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н, Д.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 52,183 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ