| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2023/0144/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/145 |
| Огноо | 2023-04-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0144/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт******* овогт*******ы*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318000000161 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт*******ы******* /РД:******* /,******* төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон амратурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт*******д оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр******* багт байрлах******* барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан иргэноос зээлээ хаагаад нэмж дахин зээл аваад өгье хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 2 удаагийн гүйлгээгээр 530,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлсэн “...Би тухайн үед төрөх гээдаас ирсэн. Тэгээд эмнэлэгт хэвтэхийн тулд ойр зуурын хэрэглээний мөнгө шаардлагатай болсон. Би гар утсаа ломбарданд барьцаалаад зээлийн апплекэйшинээс авсан зээлээ төлсний дараа эргүүлээд зээл аваад мөнгийг нь өгье гэж бодсон. Тэгсэн чинь зээлийн апплекэйшинээс мөнгө гараагүй учир энэ үйлдлийг хийсэн. Манай нөхрийн ажил энэ сард эхлэх учраас хохирлыг төлж барагдуулна. Миний буруу.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2318000000161 дугаартай хэргээс:
Хавтаст хэргээс улсын яллагч: Хохирогчын мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/, Хаан банкны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /4 дэх тал/, Хаан банкний *******ийн эзэмшлийн дугаартай дансны хуулга болон дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-10 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч *******т холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь Дархан сумын 4 дүгээр багт байрлах******* барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан иргэноос “зээлээ хаагаад нэмж дахин зээл аваад өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 2 удаагийн гүйлгээгээр нийт 530,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ гэмт хэргийг шунахайн сэдэлтийн улмаас гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирол хор уршиг зориуд учруулсан гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч *******ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр******* багт байрлах******* барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан иргэноос зээлээ хаагаад нэмж дахин зээл аваад өгье хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 2 удаагийн гүйлгээгээр 530,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
*******ийн эзэмшлийн Хаан банкний дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 7-9 дахь тал/,
Дансанд үзлэг хийсэн тухай “... *******ийн Хаан банкны тоот дансны хуулганд үзлэг хийв. Тус хуулганд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 137 гүйлгээ хийгдэж 4,104,000 төгрөгийн орлого зарлага хийгдсэн байна. Үүнээс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18 цаг 40 минутад Хаан банкны тоот данснаас 1 гэсэн утгатай 400,000 төгрөг орж ирсэн байх бөгөөд тус өдрөө 18 цаг 41 минутад тоот данс руу Sms135 гэсэн утгатай зарлага гарсан байв. Мөн тоот данснаас 19 цаг 02 минутад 130,000 төгрөг 1 гэсэн утгатай орж ирсэн байх ба 19 цаг 03 минутад тоот данс руу Sms135 гэсэн утгатай 30,000 төгрөгийн гүйлгээ тус тус хийгдсэн байна. Дансанд хийсэн үзлэгээр хохирогчын шилжүүлсэн гэх 530,000 төгрөг нь тоот данс руу шилжин орсон болох нь тогтоогдож байна.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Хохирогчын мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...Би Дархан сумын 4 дүгээр багт байрлах******* барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн мэргэжилтэн хийдэг. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ байж байтал 18 цагийн үед санагдаж байна 25-30 орчим насны үл таних том гэдэстэй эмэгтэй ирээд эгчээ та надад 400,000 төгрөг түр өгч байгаач. Би зээлээ хаагаад эргүүлж аваад өгье гэхээр нь итгээд тоот данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл хэсэг байж байгаад хүрэхгүй байна. Та дахин 130,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь дахин шилжүүлсэн. Тэгтэл миний зээл болохгүй байна гээд зогсоод байхаар нь утсыг нь үзтэл ямар ч цахим зээлийн цэс байхгүй болохоор нь чи худлаа хэлээд байгаа юм биш үү. Наана чинь зээлийн цэс алга байна гэхэд би худлаа хэлээгүй ээ. Нээрээ гээд байхаар нь холбоо барих утасны дугаарыг нь аваад явуулсан. Маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дугаар руу залгахад би эмнэлэгт төрөөд хэвтчихсэн байна. Гараад хүүхдийн мөнгө аваад өгнө. Хөдөө очоод мал гаргаад өгнө гэх мэтээр намайг хуурсаар байгаад нэг сар орчим болоод миний дугаарыг блок хийгээд алга болсон. Надаас хоёр удаагийн гүйлгээгээр нийт 530,000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
*******ийн яллагдагчаар 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...Би 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 9 сартай жирэмсэн байсан бөгөөд тэр өдөранд байж байтал миний бие өвдөөд эмнэлэгт үзүүлэхэд төрөх болчихсон 5 хуруу сав чинь нээгдсэн байна яаралтай Дархан явж эмнэлэгт хэвт гэж эмч хэлсэн. Тэр үед би нөхөртэйгөө муудалцаад салчихсан байсан бөгөөд хоёр хүүхэдтэйгээанд амьдарч байсан болохоор надад мөнгө байхгүй. Эмнэлэгт хэвтэж төрөхөд хэрэг болох зүйлсээ худалдаж авахад мөнгө хэрэг болоод байхаар нь тухайн үед Улаангил гэсэн муушиг тоглодог аппликейшнд бүртгүүлээд мөрийтэй тоглодог байсан тул дансаа холбосон хүмүүсийн 530,000 төгрөгөөр төрөхөд хэрэгтэй зүйлсээ бэлдчихсэн юм. Гэтэл тухайн аппликейшнаар муушиг тоглодог байсан хүмүүс цагдаад өргөдөл гаргана гээд байхаар нь айгаад тэр өдрийнхөө 18 цагийн үед******* багт үйл ажиллагаа явуулдаг******* ломбардад очиж Samsung S6 маркийн гар утсаа тавьж мөнгө авах зорилгоор яваад очтол миний гар утсыг авахгүй гэж тухайн ломбардад ажилладаг эмэгтэй хэлсэн. Би тэр үед тэгвэл надад мөнгө зээлчих. Би зээл.мн-ий зээлээ хаагаад нэмж зээл аваад буцаагаад төлье гэж хэлээд тэр эгчээс хоёр удаагийн үйлдлээр 530,000 төгрөг авсан. Эхлээд авсан 400,000 төгрөгөө Улаангил нэртэй муушиг тоглодог аппликейшны данс цэнэглэдэг Хаан банкны данс руу Sms135 гэсэн гүйлгээний утгаар шилжүүлж дансаа цэнэглэсэн. Дараа нь авсан 130,000 төгрөгөө 100,000 төгрөг, 30,000 төгрөгөөр дахин дансаа цэнэглэсэн. Би тухайн эгчид зээл хаах боломжгүй байна. Би маргааш тань руу буцаагаад мөнгийг чинь өгье гэж хуал хэлээд дараа нь ирж буцаагаад төлье гэж гуйж байгаад гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь 08 цагт эмнэлэгт хэвтээд 7 хоног эмчилгээ хийлгүүлсний дараа Дарханы нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржиж охинтой болсон. Тэгээд гэртээ харьсан бөгөөд ломбардын эгчийн мөнгийг төлж чадаагүй. Одоогоор надад ямар нэгэн цалингийн орлого байхгүй. Гурван хүүхдийнхээ мөнгийг авч хэрэгцээндээ зарцуулаад таардаг. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй хичээж амьдарна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бол үйлдлийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч ******* нь хохирогчыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 530,000 төгрөгийг шилжүүлэн авч түүнийг залилсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориулаад бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчод учруулсан 530,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул *******ээс 530,000 төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийнд оршин суух хаягтай овогтийн /РД: , утас /-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Дархан-Уул аймгийнаас 6 сарын хугацаагаар гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бага насны 2 хүүхэдтэй, жирэмсэн хувийн байдалтай байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгчийн бага насны хүүхэдтэй, жирэмсэн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй хувийн байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан,ын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт*******ы*******ийг хуурч, зохиомол байдлыг зориулаад бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан,ын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 530,000 төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийнд оршин суух хаягтай овогтийн /РД:, утас/-д олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР