| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2019/02897/И |
| Дугаар | 184/ШШ2019/02753 |
| Огноо | 2019-10-29 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2019/02753
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Х-д холбогдох,
2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.А, хариуцагч П.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би 2014 оны 7 дугаар сарын үеэр өөрийн хүү А.Э-т газар өмчилж авах зорилготой газар хайж Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Дунд наран хавиар явж байгаад Б гэдэг хүнтэй анх таарсан юм. Б нь өөрийн газраа ковш техникээр тэгшлүүлж байсан. Б ын газрын доод талд шон тойруулж хатгасан, тэгшлүүлсэн газар байсан. Түүний доод талд шонгоос цаана тэгшилж, янзлаагүй хүн аваагүй гэмээр газрыг асууж энэ газрыг авчихвал яадаг бол гэж хэлээд Б , ковшны жолооч хоёрыг гуйж тэр газрыг бага зэрэг хусуулаад орхисон. Ингэж тэмдэг тависан тул дараагийн хүн газрыг хүн авчихсан байна гэж бодоод өнгөрнө гэж санасан юм.
Энэ газраа 2015 оны 8 дугаар сард Гурвалжингийн зогсоолоос ковш техник авчирч уулын хажуугийн хазгай, өндөрлөг газрыг ухуулж, тэгшлүүлэн, гарц гарган машины зам гаргуулж засуулсан. Ингэж янзлуулсны хөлсөнд 1,500,000 төгрөгийг ковшны жолооч Г-т өгсөн. Миний авчирсан ковшоор ажил дууссаны дараа өдөр Л гэдэг хүний эхнэр Э газраа түрүүлсэн.
Би 2014 оны зунаас 2017 оны 09 дүгээр сар хүртэл энэ газрыг зуны дулааны цагт очиж янзалдаг байсан. Эзгүй газар хойно урд 2 талдаа гүн жалгатай учир хүмүүс хогоо хаячихна мөн үхсэн нохойны сэг зэм ихтэй байдаг тул дээрх хугацаанд байнга л очиж цэвэрлэж, хүрз жоотуугаар ухаж тэгшилж том чулуунуудыг зөөж хүч, хөлсөө дуслуулан ажиллаж 3-4 жил шахуу энэ газрыг янзлахад 1 ч хүн ирж миний, манай газар гэж хэлээгүй юм.
Мөн 2016 оноос 2017 онуудад ажиллаж байсан фото зураг, 2018 оны 04 дүгээр сарын 20-нд Газрын албанд өгсөн өргөдлүүд, хүлээн авсан тодорхойлолт байгаа билээ.
Миний янзлуулсан газрын дээд талд шон хатгасан айл нь 2016 онд нүүж ирсэн хашаагаа хатгахдаа миний гаргасан гарцыг шороогоор тагласан байв. Үүнийг нь тоосонгүй, танилцаж энэ эмээгийнх нь газар шүү өөр хүн ирвэл хэлээрэй гэж захьсан. Тэднийх ч танайх хэзээ нүүж ирэх вэ манай хашаанд ирээд буучих гэх ба П.Х-ийн хүү С нь “танайх доороосоо гарц гаргачих танайх руу машин орчхоод дээш гарч ирж чадахгүй байгаа” гэх зэргээр ярьж байв.
2018 оны 04 дүгээр сард өмчилж авахаар Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандаж газар зохион байгуулагч Одгэрэл, хорооны дарга Бадамцэцэг, хэсгийн ахлагч Дашсүрэн нартай хамт очиж газраа үзүүлсэн энэ үед миний янзалсан газар хэвээрээ байсан ч газар зохион байгуулагч Одгэрэл энэ газрыг хүн авсан гэж хэлэх ба танайх гарцгүй гэж өгмөөр ч юм шиг саармаг 2 утгатай зүйл яриад явсан. Учир нь манай гарцыг П.Х шороогоор бөглөсөн байсан. Үүнийг буухдаа дахин гарц гарганадаа гэж бодсоноос биш шаардаагүйдээ харамсаж байна.
Улмаар О нь 2014 онд Ц гэдэг айл авсан байна гэхээр нь ул мөрөөр хөөж очиход манай дээд талын айл П.Х байв. Хорлоо “манайх Ц-аас худалдаж авсан нотариат болон кадастр нь энэ байна” гэж бичиг харуулсан. Энэ газрыг хөлс хүчээ гаргаж янзалж байгааг нүүж ирснээсээ хойш мэдэж байгаа.
Газар зохион байгуулагч О-ийг зөвшөөрөл өгөх байх гэж 5-6 удаа очсон. 2018 оны 9 дүгээр сарын үед янзалсан газар дээрээ очиход П.Х-х өөрийнхөө өндөрт байсан хашаагаа нураагаад миний янзалсан газартай нийлүүлэн тэгшилсэн байсан. Хажуу айл болох П.Х-н хүү С-н гэрт ороход эхнэр нь “энэ газар манайх, гар гэж хөөгөөд газрын албаны хүн мэдэж байгаа манай газар” гэсэн.
П.Х-той ярих гэтэл утас нь холбогдох боломжгүй байсан тул С-тай ярьж “миний янзалсан газрыг яаж байгаа юм бэ, өөрийнхээ газартай нийлүүлээд тэгшлээд янзалчихсан байх юм” гэхэд “манайх хичнээн жил таныг харлаа, тог ч байхгүй гэрэлтэй болмоор байна” гэж утгагүй зүйл яриад байсан.
Миний янзалсан газар 2014 онд хүний өмчлөлд байсан гэх боловч ямар ч тэмдэгт объект байхгүй зэлүүд газар байсныг өөрийн өмчлөл болгох гэж санхүүгийн зардал, хөлс хүчээ гарган өөрийн гараар янзалсан боловч янзалж дууссаны дараа газрын эзэнд алдлаа. Гэхдээ энэ айлыг нүүж ирэхээс бараг 2 жилийн өмнө энэ газрыг янзалсан. Мөн нүүж ирснээс хойш хүртэл намайг өөрийнх нь өмчийн газрыг янзлаад байсныг мэдсээр байж болиулчихгүй харин ч янзлуулж дууссаны дараа манай өмчлөлийн газар гээд хашаагаа нурааж, дээр доор байсан 2 газрыг нийлүүлэн авсан. Намайг газраа янзалж байхад манай газрыг та яагаад янзлаад байгаа юм бэ гэж хэлж болно. Ингэж хүч хөдөлмөр гаргасны төлбөрөө нэхэмжлэх эрх нь надад байгаа гэж ойлгож байна. Өөрийн хөдөлмөрийн хөлсийг би 2014 оноос 2017 оны хооронд 3 жилийн хугацаанд 1,000,000 төгрөгөөр үнэлж байна. Ковшоор газар ухаж, тэгшлүүлсэн, гарц гаргаж, зам засуулсан 1,500,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг П.Хгоос нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 9 дүгээр гудамж, 255-Б тоот газрыг миний бие Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 14 дүгээр гудамж 432 хаягт оршин суух иргэн Ж.Ц-аас 2014 онд худалдан авч газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Одоо энэ газраа амьдарч байна. Миний амьдарч байгаа газар нь иргэн Д.А-ийн гомдол гаргаж байгаа газартай ямар ч хамааралгүй. Манайх Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зурганд заасан солбилцлын дагуух газартаа амьдарч байна. Нэхэмжлэгчийн янзалсан, зассан гэх газар руу нь манай газар жаахан орсон байж магад. Сүүлд кадастраа дахин тогтоолгосон юм. Гэхдээ Д.А гуайг тэнд ажилласан газар янзалж зассан талаар мэдэхгүй, бидний нүүж ирснээс хойш тийм зүйл болоогүй. Яагаад бусдын зөвшөөрөл бүхий газар ажил хийснийг ойлгохгүй байна. Тэрээр үндэслэлгүйгээр мөнгө төгрөг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд Д.Агийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч П.Хд холбогдуулан газар ухаж тэгшлэхэд зарцуулсан төлбөр, ажлын хөлс нийт 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч талаас ...хариуцагч нь бусдын газрыг засаж янзалж байна гэдгийг мэдсээр байж хэлээгүй тул газар янзалсан өөрийн хүч хөдөлмөрийг 1,000,000 төгрөгөөр үнэлж, ковшоор газар ухуулж, тэгшлүүлж зам гаргасны зардал 1,500,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж, хариуцагч талаас ...миний амьдарч байгаа газар нэхэмжлэгчийн гомдол гаргаж байгаа газартай хамааралгүй, нэхэмжлэгч манай газрыг засаж янзалсан гэж мэдэхгүй, эрх бүхий байгууллагаас лавлахад л бусдын газар гэдэг нь тодорхой болно, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг тус тус гарган мэтгэлцдэг.
Маргалдагч талуудын хооронд гэрээний харилцаа, үүрэг үүсээгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон үйл баримтаас үзэхэд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших асуудлаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн байж болно. Иргэний хуулийн 496 дүгээр зүйлийн 496.2-т “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.А нь хариуцагч П.Хгийн эд хөрөнгөнд буюу газар дээр тодорхой ажил гүйцэтгэсэн бол холбогдох зардлаа төлүүлэхээр шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь шаардах эрхийн хүрээнд өөрийн шаардлагыг нотолно гээд Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт, өргөдөл, бүртгэл хяналтын картын маягт, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17/1702 дугаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хариу албан бичиг, гэрэл зураг, иргэн Б.Г, Н.Н, Н нарын тодорхойлолт зэргийг нэхэмжлэлд хавсаргасан бөгөөд хариуцагч талаас хариу тайлбар, татгалзлаа нотолно гээд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Ж.Ц, П.Х нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2014 оны 11 сарын 14-нд Ж.Цд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Ж.Ц-ийн хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Зохигчийн гаргасан дээрх бичмэл баримтууд болон тайлбаруудаас үзэхэд маргаан бүхий газар нь 2014 онд Дүүргийн засаг даргын захирамжаар иргэн Ж.Ц-д эзэмших эрхийг олгосон, уг газрыг одоо хариуцагч П.Х эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгчээс тухайн газар бусдын эзэмшлийн газар байсныг 2018, 2019 онуудад Газрын албанд хандаж байж, тодруулбал өөрийн засаж янзалсан газарт зохих журмын дагуу эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт, өргөдөл өгөх явцад мэдсэн. Тиймээс бусдын газрыг тэгшилж зассан зардал, ажлын хөлсийг газар эзэмшигчээс нь шаардана гэдэг.
Нэхэмжлэгчээс эзэнгүй газрыг засаж янзалсан тул газрын зөвшөөрөл олгож өгнө үү гэх хүсэлтийг, удаах нь бусдын газрыг засаж янзалсан зардлаа гаргуулах тул газрын асуудлаар хөөцөлдөж байсан баримтыг гаргаж өгнө үү гэх хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Газар албанд өгч байсан үйл баримт нотлогдож байгаа, дээрх хүсэлтэд дурдсан газар бусдын газартай давхцаж байгаа тул газар эзэмших эрх олгох боломжгүй гэх албан бичгийг холбогдох байгууллагаас өгсөн зэрэг үндэслэлээр нэхэмжлэгч нь бусдын газарт андуурч зардал гаргасан гэж үзэхээр байна.
Гэвч шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагчид хуульд заасан зохигчийн эрх, үүргийг удаа дараа танилцуулсан, тайлбарласан хэдий ч нэхэмжлэгч Д.А нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болон тайлбараа баримтаар хангалттай нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул газар тэгшилж, янзалсан ажлын хөлсөд 1,000,000 төгрөг, ковш хөлсөлж ажилуулсны хөлс 1,500,000 төгрөгийн зардал гарсан нь нотлогдоогүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан Б.Г-ийн ...1,500,000 төгрөг ажлын хөлсөнд авсан гэх тодорхойлолт хэзээ үйлдсэн болох нь тодорхой бус, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу тухайн тодорхойлолтыг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж дүгнэх боломжгүй. Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэгч Д.Агээс хариуцагч П.Хд холбогдуулан гаргасан 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хариуцагч талаас ...Газрын албанд Ж.Ц-тай байгуулсан гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг эх хувиар өгөх учраас хэрэгт хавсаргах боломжгүй, нотариат Ж.Ц байхгүй учраас гэрчлэхгүй гэсэн, Ж.Ц-г бид олохгүй байгаа гэх тайлбарыг гарган тухайн баримтуудад үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийн баримтжуулсан бөгөөд дээрх эх хувь баримтуудыг шинжлэн судлаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3-т заасны дагуу хариуцагчид буцаан өгснийг тэмдэглэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Хд холбогдуулан гаргасан 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ