| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0084/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/90 |
| Огноо | 2023-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Э.Н
улсын яллагч Б.А
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж
шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ж.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн оршин суудаг монгол гэрийн гадна Ө.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг өөрийг нь цохилоо гэх шалтгаанаар Ө.М-ыг баруун өгзөг хэсэгт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ж.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хохирогчтой тэр өдөр танилцсан. Айлд мал маллаж байсан. Бид 3 архи уугаагүй байсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Зуухны тагны бариулаас бариад намайг цохисон. Тэгээд уур хүрээд араас хутга барьж гарсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ө.М-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт айлын мал малладаг байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тэнд нутагладаг танил Б-нд очоод 10 литр нэрмэл архи байснаас нь бараг 5 литр шахууг нь хувааж уучихаад мөн тэр хавиар нутагладаг Б-н гэрт очоод Б-г дагуулан буцаж Б-н гэрт очсон. Б, Б нарын хамт бид 3 үлдсэн нэрмэл архийг хувааж уусан чинь Б согтчихсон, Б бид хоёр ч бас нэлээд халамцсан. Тэгтэл Б согтсондоо Б гэрийнх нь зуухны хажууд сууж байхдаа бөөлжсөн чинь Б, Б-д хандаж гал голомт руу бөөлжиж нулимлаа гээд уурлаад байхаар нь чи юун сүртэй юм, хүн бөөлжөө л биз, арчаад цэвэрлэчихэж болно шүү дээ гэж хэлсэн чинь Б надад хандаж чи муу юундаа энэ мууг өмөөрөөд байгаа юм, чаддаг юм бол одоо угааж цэвэрлээдэх, эсвэл одоо зайлцгаа гээд уурлаад эхлэхээр нь чи тэгвэл бид хоёрыг хүргэж өг гэсэн чинь явган зайлцгаа гээд далайгаад цохих гээд байсан. Тэгснээ Б-н хацар руу 2-3 удаа гараа зангидаж байгаад цохиж авчихаад намайг цохих гэхээр нь зуухны хажууд явж байхдаа тагыг нь бариулаас нь барьж аваад халуун ширмээр нь 1 удаа цохиод авчихаад буцааж тавиад гэрээс нь гараад урагшаа явган зугтчихсан. Тэгтэл миний араас Б алнаа чамайг” гэж хэлээд тууж байгаад миний бөгс рүү хатгах шиг болсон, би зугтаж байсан болохоор юу байсныг нь мэдээгүй. Тэгээд Б бид хоёр хоорондоо нэлээд зайтай зогсож хэрэлдэж байгаад учраа олчихоод буцаад хамт гэр рүү нь явцгаасан бөгөөд гэрт нь очиход миний өгзөгнөөс цус гарчихсан байсан чинь Б, Б хоёр хөвөн шатааж байгаад цусыг нь тогтоосон. Бид 3 тэгээд амарч байгаад би М-н гэрт Б-гээр хүргүүлсэн, Б замд өөрийнхөө гэртээ үлдсэн гэсэн мэдүүлэг,
-Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын нутаг дэвсгэр ... гэх газарт гэртээ хүүхдүүд болон ахынхаа хамт амарч байтал ойролцоогоор 20 цагийн орчимд манай нутгийн Ж.Б болон Ө.М нар ирсэн. Тэгээд Ж.Б, Ө.М нарын авчирсан 5 литр нэрмэл архийг Ж.Б, Ө.М нарын хамт хувааж уусан. Тал нэрмэл архийг нь уучихаад байж байгаад бид гурав Ж.Б-н гэр рүү очихоор болоод Б-н ард Ө.М бид хоёр сундлаад яваад Б-н гэрт очиж ахиж нэрмэл архи ууцгаасан. Тэгээд би Б-тэй зуух руу нь шүлсээ хаясан гээд маргалдаж байтал Б миний зүүн шанаа руу 1 удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгэхэд нь М намайг өмөөрөөд Б-тэй чи эмэгтэй хүн зодлоо гээд маргалдаад М босч очоод Б-ийн гэрийн зуухных нь тагийг аваад баруун хавирга орчимд нь түлхсэн, тэгээд М би явлаа гээд Б-ийн гэрээс явтал араас нь Б гарч гүйсэн. Тэрнээс өмнө болон дараа нь болсон асуудлын заримыг нь би санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/023 дугаартай дүгнэлтэнд:
1. Хохирогч Ө.М биед өгзөгний шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна /хх 33 ху/ гэсэн дүгнэлт,
-Яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримт /хх 34-36 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 53-55, 58-60 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62-83 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн оршин суудаг монгол гэрийн гадна Ө.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг өөрийг нь цохилоо гэх шалтгаанаар Ө.М-ны баруун өгзөг хэсэгт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ж.Б-ийн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хохирогчтой тэр өдөр танилцсан. Айлд мал маллаж байсан. Бид 3 архи уугаагүй байсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Зуухны тагны бариулаас бариад намайг цохисон. Тэгээд уур хүрээд араас хутга барьж гарсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ө.М-ны "...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тэнд нутагладаг танил Б-нд очоод 10 литр нэрмэл архи байснаас нь бараг 5 литр шахууг нь хувааж уучихаад мөн тэр хавиар нутагладаг Б гэрт очоод Б-г дагуулан буцаж Б-ийн гэрт очсон. Б, Б нарын хамт бид 3 үлдсэн нэрмэл архийг хувааж уусан чинь Б согтчихсон, Б бид хоёр ч бас нэлээд халамцсан. Тэгтэл Б согтсондоо Б-ийн гэрийнх нь зуухны хажууд сууж байхдаа бөөлжсөн чинь Б, Б-д хандаж гал голомт руу бөөлжиж нулимлаа гээд уурлаад байхаар нь чи юун сүртэй юм, хүн бөөлжөө л биз, арчаад цэвэрлэчихэж болно шүү дээ гэж хэлсэн чинь Б надад хандаж чи муу юундаа энэ мууг өмөөрөөд байгаа юм, чаддаг юм бол одоо угааж цэвэрлээдэх, эсвэл одоо зайлцгаа гээд уурлаад эхлэхээр нь чи тэгвэл бид хоёрыг хүргэж өг гэсэн чинь явган зайлцгаа гээд далайгаад цохих гээд байсан. Тэгснээ Б-ийн хацар руу 2-3 удаа гараа зангидаж байгаад цохиж авчихаад намайг цохих гэхээр нь зуухны хажууд явж байхдаа тагыг нь бариулаас нь барьж аваад халуун ширмээр нь 1 удаа цохиод авчихаад буцааж тавиад гэрээс нь гараад урагшаа явган зугтчихсан. Тэгтэл миний араас Б алнаа чамайг гэж хэлээд тууж байгаад миний бөгс рүү хатгах шиг болсон, ...бид хоёр хоорондоо нэлээд зайтай зогсож хэрэлдэж байгаад учраа олчихоод буцаад хамт гэр рүү нь явцгаасан бөгөөд гэрт нь очиход миний өгзөгнөөс цус гарчихсан байсан чинь Б, Б хоёр хөвөн шатааж байгаад цусыг нь тогтоосон” гэсэн, гэрч Д.Б-ийн “...Ж.Б, Ө.М нарын авчирсан 5 литр нэрмэл архийг Ж.Б, Ө.М нарын хамт хувааж уусан. Тал нэрмэл архийг нь уучихаад байж байгаад бид гурав Ж.Б-ийн гэр рүү очихоор болоод Б-ийн ард Ө.М бид хоёр сундлаад яваад Б-ийн гэрт очиж ахиж нэрмэл архи ууцгаасан. Тэгээд би зуух руу нь шүлсээ хаясан гээд Б-тэй маргалдаж байтал Б миний зүүн шанаа руу 1 удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгэхэд нь М намайг өмөөрөөд Б-тэй чи эмэгтэй хүн зодлоо гээд маргалдаад М босч очоод Б-ийн гэрийн зуухных нь тагийг аваад баруун хавирга орчимд нь түлхсэн, тэгээд М би явлаа гээд Б гэрээс явтал араас нь Б гарч гүйсэн. Тэрнээс өмнө болон дараа нь болсон асуудлын заримыг нь би санахгүй байна” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед өгзөгний шарх бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 02/023 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02/023 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ө.М-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч Ж.Б-ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзэв.
Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч Ж.Б нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн өгзөг хэсэгт хутгаар хатгасан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд хохирогч Ө.М нь хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Энэ удаад шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бнь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА