Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/88

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         хохирогч Ц.Т,

         хохирогч Т.Б,

         хохирогч нарын өмгөөлөгч Ж.Чимэг,

         шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

         шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.А,

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.А нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Т, Т.Б-ын нарыг мал хаана байгааг хэлсэнгүй гэх зүйлээр шалтаглан зодож Т.Б-ын биед хамар ясны хугарал бүхий, Ц.Т-ын биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус харвалт бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Ц.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 01-нд хөдөө энэ 2 дээр очоод үхэр малаа асуусан. Тэгтэл Т.Б намайг “чи ер нь хачин байгаа шүү” гэсэн. Тэгээд бид 2 муудалцаад Т.Б-ын нүүр рүү нь цохисон. Тэгтэл Ц.Т дундуур нь орж ирэхээр нүүр рүү цохисон. Дараа нь дүүгээ дуудаад энэ хоёрыг авчирч 103-т үзүүлсэн. Би тэр өдөр архи уугаагүй, эрүүл байсан. Ер нь бол эдний үхэр манай үхэр хамт ижилсэн байсан юм. Хэргийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрнө. Хохирогчид 140.000 төгрөгийн эм тариа авч өгсөн. Хохирогчийн хохирол төлбөрийг төлнө, зөвшөөрнө. Би зүрхний өвчнөөр 55 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтаар группт байдаг. 2023 оны 03 дугаар сарын 06-нд ходоодоо бүрэн тайруулсан. Одоо химийн тарианд орно. Одоо хагалгааны оёдол бүрэн эдгээгүй байгаа гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Т.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хувьд тухайн үед хамрын хугарал гэмтэл тогтоогдсон. Хамраа тэгшлүүлээрэй гэсэн байгаа. Надад ямар нэгэн хохирол төлөөгүй. Мөнгө төгрөгөөс болоод хамраа тэгшлүүлж чадаагүй. Энэ мөнгөө нэхэмжилнэ. Тухайн үед гаднаас Ц.А орж ирсэн. Тэгээд манай үхэр танай үхэрт байгааг надад хэлсэнгүй гээд маргалдсан гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Ц.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед бид хоёр эгчийнд ирчихээд үхэртээ явахаар байж байтал Ц.А ирээд манай нөхөртэй гарсан. Би араас нь удаагүй гартал манай хүн газар уначихсан байсан. Би нөхрөө босгоод байж байтал араас баруун талын нүдний ойролцоо цохисон. Замын зардал, эмчилгээ, хоолны зардал нийлээд 608.900 төгрөг, цаашид хийгдэх эмчилгээний зардал 406.850 төгрөг, хотоос ирсэн зардал 26.400 төгрөг, нийт 1.042.150 төгрөгийг нэхэмжилж байгаа. Өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг нэмээд 1.542.150 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,  

          -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/059 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Ц.Т-ын биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

         3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

         4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

         5. Учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй /хх 32-33 ху/,

          - Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/058 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Т.Б-ын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

         3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

         4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх 22-23 ху/

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 62-63 ху/,

          -Эмнэлгийн баримт, гэрэл зураг /хх 34-54 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 82-86 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Ц.А нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Т, Т.Б нарыг мал хаана байгааг хэлсэнгүй гэр зүйлээр шалтаглан зодож, Т.Б-ын биед хамар ясны хугарал, Ц.Т-ын биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус харвалт бүхий хөнгөн хохирлуудыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ц.А-ын “...бид 2 муудалцаад Т.Б-ын нүүр рүү нь цохисон. Тэгтэл Ц.Т дундуур нь орж ирэхээр нүүр рүү цохисон. ... хэргийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрнө. ...хохирогчийн хохирол төлбөрийг төлнө, зөвшөөрнө” гэсэн, хохирогч Т.Б-ын “...Миний хувьд тухайн үед хамрын хугарал гэмтэл тогтоогдсон. ...Тухайн үед гаднаас Ц.А орж ирсэн. Тэгээд манай үхэр танай үхэрт байгааг надад хэлсэнгүй гээд маргалдсан” гэсэн, хохирогч Ц.Т-ын “...Ц.А ирээд манай нөхөртэй гарсан. Би араас нь удаагүй гартал манай хүн газар уначихсан байсан. Би нөхрөө босгоод байж байтал араас баруун талын нүдний ойролцоо цохисон” гэсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Т-ын биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, хохирогч Т.Б-ын биед хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон 02/058, 02/059 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, эмнэлгийн баримт, гэрэл зураг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Ц.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн болно.

         Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлбөр төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж  шийдвэрлэлээ.

         Хохирогч Ц.Т, Т.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Т нь замын зардал, эмчилгээ, хоолны зардал нийт 608.900 төгрөг, цаашид хийгдэх эмчилгээний зардал 406.850 төгрөг, хотоос ирсэн зардал 26.400 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, нийт 1.542.150 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд шүүгдэгч нь дээрхи хохирлыг нэхэмжилсэн хэмжээгээр нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

         Иймд гэм хорын нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байх бөгөөд дээрхи төлбөрөөс шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад төлсөн 300.000 төгрөгийг хасч тооцон үлдэх 1.242.150 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.  

         Хохирогч Т.Б-н хувьд  хамар ясны хугарал гэмтэл тогтоогдсон бөгөөд энэ гэмтэлтэй холбоотой мэс засалд орох шаардлагатай гэсэн тайлбарыг гаргаж байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.А-с 1.242.150 /нэг сая хоёр зуун дөчин хоёр мянга нэг зуун тавь/  төгрөгийг гаргуулж оршин суух хохирогч Ц.Т-д / / олгосугай.

         6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Т.Б нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА